Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00136

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, Дунднаран 00 дүгээр гудамж, 0000 тоотод оршин суух Улаан соёо овогтой ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай, Жимстэй гудамжинд оршин суух Сампилноров овогт ******* *******-т холбогдох байр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би 2013 оны 08-р сарын 04-ны өдөр Сампилноров гэдэг хүнд байраа зараад урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг авсан. Сампилноров  нь үлдэгдэл 17.000.000 төгрөгийг өгөөгүй тул бид шүүхэд хандаж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр мөнгө авсан өгсөн тухай баримтан дээр зурсан гарын үсгийг шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинжлээд Сампилноров гуайн гарын үсэг мөн болохыг тогтоосон. 2014 оны 03 сарын 28-нд үлдэгдэл 27.000.000 төгрөгөө яаж авах талаар нотариат дээр очоод баталгаажуулж гэрээ хийсэн. Сампилноров гуай өмнөх хурлууд дээр үлдэгдэл 10.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлээд байдаг. Гэтэл энэ хүн надад байрны гэрчилгээ гарсны дараа байраа барьцаанд тавьж байгаад мөнгийг  чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнд итгээд аваагүй мөнгөө  авсан гэж гэрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг мөртлөө одоо болтол мөнгөө өгөөгүй л байгаа. Үлдэгдэл гэж ярихаар өмнө нь надад тодорхой хэмжээний мөнгө өгсөн болж таараад байгаа. Гэтэл энэ хүн надад нэг ч төгрөг өгсөн гэсэн нотолгоо байхгүй. Хэрэг дотор 2016 оны 11 сарын 02-ны 26 тоот шүүхийн шийдвэр болон 2014 оны 03 сарын 28-ны шүүхийн шийдвэр, 2014 оны 08 сарын 04-ны үлдэгдэл төлбөр төлсөн тухай  баримтанд “урьдчилгаа” гэснээс  өөр мөнгө өгөөгүй гэдгээ нотолдог. Сампилноров гуай “энэ байр 10.000.000 төгрөгний өртөгтэй байр биш байх. Энэ илүү үнэтэй байр” гэдгээ мөн хэлсэн байдаг. Засаг захиргааны байгууллагаас бидний өгсөн хүсэлтийн дагуу мкв-ыг 750-850.000 төгрөгөөр жишиг үнэ тогтоож өгсөн баримт хавтаст хэрэг дотор байгаа. Түүнийг Сампилноров гуайд өгсөн байрны мкв-р үржүүлэхэд 49.000.000 төгрөг болж байгаа. Тэгэхээр энэ хүн үлдэгдэл мөнгөө өгөөгүй, ийм үнэ ханштай байр гэдгийг мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг аашилж байгаа. Сампилноров гуай “бид хамтарч ажилласан” гэж яриад байдаг. Би Сампилноров гуайтай хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй. Би энэ барилгыг үйлдвэрийн хөрөнгөөр бариагүй. Цэвэр өөрийнхөө мөнгөөр барьсан барилга байгаа юм. Үйлдвэрээс материал хүлээж авдаг байсан ч гэсэн тэрийгээ буцаагаад төлдөг байсан. Хэн нэгнээс бид материал авдаг тэрийгээ төлдөг тийм л жишгээр бид ажиллаж байсан. Үйлдвэр Сампилноров гуайд цалин өгч байсан. Бид өөрсдөө мэргэшсэн инженерүүд учраас Сампилноров гуайгаар ажлаа заалгах хүмүүс биш. Барилгын салбарт 16 жил компани эрхлээд явж байгаа хүмүүс. Сампилноров гуай үлдэгдэл мөнгөө өгөхгүй байх арга залийг шүүх хурал болгон дээр ярьдаг. Сампилноров гуай өөрөө манай компани дээр ажил хийж байсан. Тэгээд хөлсөндөө энэ байрыг авсан гэж ярьж байсан. Бид хоёрын хооронд тохирч цалин мөнгө өгч авалцсан юм байдаггүй. Ажиллаж байгаагүй учраас байдаггүй юм. Энэ хэрэг дотор “надад байшин барьж өгөөд ав гэж хэлсэн” гэсэн өгүүлбэр байна. Хүний юмыг өөрийнхөө эрх ашгийн тулд хүчээр тулган шаардаж барьцаалж, өгөх ёстой төлбөрөө өгөхгүй байна гэдэг нь хууль зөрчсөн байна гэдгийг та бүхэн сайн хараарай. Бид энэ хүнд 6х6 харьцаатай байшин барьж өгнө гэсэн гэрээ хэлэлцээр байдаггүй. Энэ хүн өөрийнхөө санаа бодлыг л тулгаж байгаа. Хүний юмыг барьцаалаад өгөхгүй байгаа нь эрүүгийн хэрэг болов уу? гэж би үзэж байна. Хяналтын шатны шүүх ч мөн энэ хүн 27.000.000 төгрөгөөр энэ байрыг худалдаж авсан гэдгийг нотолсон байхад өнөөдрийг хүртэл миний байрны мөнгийг өгөхгүй байгаа. Энэ хүн өөрөө 10.000.000 төгрөгөөс илүү мөнгө өгөөгүй гэдгээ ч хэлсэн байгаа. Тиймээс би өөрийнхөө байрыг зарсан үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнээс нь ярихгүй бол олон тоо яриад толгой эргээд байна. Ямар учиртай юм болоод байгааг ярихыг хичээе. “Ар баян шанд” гэдэг компанийн Дэлгэрмаа, Эрдэнэшанд захирал, ерөнхий инженер нар нь Хөтөлийн анхдагч нар юм. Хөтөлийг анх байгуулахад ирж ажиллаж байсан залуучууд юм. Тэгээд сүүлдээ барилга барьдаг болоод аймагтаа очоод барилгын мэргэжилтэй болсон. Тэр үеэр аймгаасаа хотод орж ажилласан байдаг.  Яг энэ үед Хөтөл “ЦШК” ХК ажилчиддаа зориулж орон сууц бариулъя гээд надад энэ ажлыг хариуцуулж өгсөн байсан. Би эдэнтэй Улаанбаатар хотод тааралдаад ихэд олзуурхаж барилга барих бололцоо байна гэж хэлээд үйлдвэрийнхээ удирдлагад танилцуулсан. Гэтэл нэг ч барилга барьж үзээгүй, техникгүй, хүч муутай газрыг сонгосон гээд дургүйцсэн. Гэсэн ч гэрээ байгуулаад ажилдаа орсон. Гэрээг Дэлгэрмаа бид 2 байгуулсан. Би аль болох “Ар баян шанд” ХХК-д боломжтой, ашигтай байхаар гэрээ байгуулж байсан. Энэ хугацаанд хамтарч ажилласан. Та л их тус боллоо гээд өдөр болгон л ярьдаг байсан. Гэтэл одоо огт өөр юм яриад байна. Би Дэлгэрмаагаас сууц авна гэж огт ярьж байгаагүй. Би өөртөө зориулж байшин барих гээд 6х6 хэмжээтэй хундаам цутгасан байсан. Үүнийг барихад минь туслаарай гэхэд тэгэлгүй яахав бид бариад өгье гэж надад амласан. Түүнээс хойш 10 жил болох гэж байна. Би өдөр болгон нэг тоосго тавиад байсан бол аль эрт дуусах л байсан. Эднийг энэ ногоон байшинг барьж дуусах хугацаанд нэг тоосго ч тавиагүй. Харин энэ байрыг ашиглалтанд ороход таны тус их байлаа гэж надад нэг байр өгсөн. Би үүнийг  миний оролцоог үнэлж урамшуулж байна гэж ойлгож байсан. Надад мөнгө төл гэж хэлж байгаагүй. Надад тусална гэж хэлээд тусалж чадаагүй болохоор зүгээр өглөө гэж ойлгосон. Нэг өрөө байр нь миний бариулах гэж байсан байшингаас арай том байсан л даа. Тэгэхээр нь би шударга ёсыг бодож зүгээр авч чадахгүй нь гээд 10.000.000 төгрөгийг Дэлгэрмаад өгсөн. Байрны “үлдэгдэл” үнэ гэж нэр өөрсдөө зохиогоод баримт үйлдсэн. Энэ нь /2013 оны 08 сарын 04-ны  өдөр/ “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ногоон байшингын 8 тоот орон сууцны үлдэгдэл үнэ болох 10.000.000 төгрөгийг Сампилноровоос байрны эзэн Дэлгэрмаад төлж барагдуулав. Энэ байр нь түр хугацаагаар банкны барьцаанд байгааг харгалзан үзэж 09 сарын 25-ны дотор банкны барьцаанаас чөлөөлж худалдан авагчид бүх бичиг баримтыг шилжүүлэхээр болж тохиролцов” гэсэн бичиг байгаа. Үлдэгдэл үнэ гэдэг нь ямар учиртай юм бэ? гэж ярьж цуг сууж байгаад бичсэн. Дэлгэрмаа надад 10.000.000 төгрөг авсан гэсэн кассын орлогын баримт бичиж өгөөд өөртөө мөн бичиж авсан. Тэр хоёр бичиг тэнгэр газар 2 шиг өөр байдаг. Тийм байх ёсгүй гэж бодож байгаа. 2013 оны 08 сарын 04-ны өдөр тамга тэмдэг дараад гарын үсэг зураад байрны тооцоо дууссан. “Байрны үлдэгдэл тооцоог хийсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн байрны эзэн Дэлгэрмаа” гэж гарын үсэг зурсан. 2014 оны 03 сарын 28-ны өдөр орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх болсон. Тэр үед орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж байж үл хөдлөх хөрөнгийн газар гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Урьд нь ямар нэгэн гэрээ байхгүй байж байгаад сүүлд байр худалдан авах гэрээг 03 сарын 28-нд гэрчилгээг шилжүүлэхийн тулд л хийсэн зүйл байгаа юм. Урьд нь гэрээ гэж юм байгаагүй. Энэ гэрээг байгуулж байхад бидний хооронд ямар нэгэн маргаан зөрчил байгаагүй. Бүх зүйл шийдэгдсэн гэж бодож байсан. Гэвч сүүлдээ 2,3 жилийн дараа ийм хэрүүл маргаан болоод ерөөсөө энэ байрны үнийг төлөөгүй юм байна, дутуугаа гүйцээж авна гэсэн асуудал гараад янз бүрийн тоо хэлээд гүжирдлэгийн байдалтай юм болж байгаа. Эцэстээ намайг луйварчин болгох гээд байгаа юм. Сүүлдээ байрыг зээлээр худалдан авах гэрээ байгуулсан гээд нэг гэрээ бариад яваад байсан. Тэр нь хуурамч гэдэг нь нотлогдсон. Тэр мөнгө хүлээж авсан тухай баримтууд 2 өөр байдаг. Дэлгэрмаагийн баримт миний баримт ижил байх ёстой юм. Гэтэл өөр утга агуулгатай байдаг. Надад өгсөн байрны хэмжээг 59 мкв гэсэн байгаа. Үнэндээ  59 мкв талбайтай байр биш шүү дээ. Одоо жинхэнэ ном журмын дагуу хэмжвэл 40 мкв хавьцаа л байгаа. Худлаа ярьж худлаа хэлж мөнгө гаргуулж авах гэсэн санаа л байгаа юм болов уу? гэж бодогдож байгаа. Миний хэлж байгаа дотор худал зүйл нэг ч байхгүй. Ийм л юм болсон юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар зэргээс дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би 2013 оны 08-р сарын 04-ны өдөр Сампилноров гэдэг хүнд байраа 27 сая төгрөгөнд зараад урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг авсан. Гэтэл энэ хүн надад байрны гэрчилгээ гарсны дараа байраа барьцаанд тавьж байгаад үлдэгдэл мөнгийг  чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнд итгээд аваагүй мөнгөө  авсан гэж гэрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг мөртлөө одоо болтол мөнгөө өгөөгүй л байгаа. Иймд үлдэгдэл 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж... тайлбарлаж байна.

            Харин хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...2014 оны 03 сарын 28-ны өдөр орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх болсон. Тэр үед орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж байж үл хөдлөх хөрөнгийн газар гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Тэгэхэд л гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийн тулд гэрээг хийсэн. Дэлгэрмаа бид хоёрын дунд байрны гэрчилгээг шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгө төгрөг өгч, авалцана гэсэн зүйл огт байхгүй. Би байрны үлдэгдэл мөнгө гэж 10.000.000 төгрөг Дэлгэрмаад шилжүүлж төлбөр тооцоо дууссан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцэж байна.

            Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг Гоё байшингийн 8 тоот байрыг *******т 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан болох нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Орон сууц худалдах,  худалдан авах гэрээний 3-т “орон сууцыг худалдагч тал худалан авагч талд 27.000.000  төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгасан байна. Төлбөрийг төгрөгөөр төлж барагдуулсан”, 6-т “нэмэлт нөхцөл байхгүй” гэж бичигдсэн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу өмчлөх эрх *******т шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр талууд байрны төлбөрт 10.000.000 төгрөг өгсөн, авсан талаар маргаагүй.

Харин хариуцагч  нь байрны үлдэлдэл 17.000.000 төгрөг төлөх төлбөртэй, энэ мөнгийг хэзээ төлөх талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч *******гийн ...байрны үлдэгдэл тооцоог хэдийд өгч, авалцахаа тохиролцсон баримт байхгүй... гэх тайлбар зэргээр нэхэмжлэгчийн “Сампилноров гуай байрны гэрчилгээ гарсны дараа байраа барьцаанд тавьж байгаад үлдэгдэл мөнгийг  чинь өгнө гэж хэлсэн” гэдэг байдал үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хариуцагч ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ 17.000.000 сая төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Талуудын шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтыг нэхэмжлэгч ******* “Сампилноров гуай бид хоёр нэг өдөр, нэг дор сууж байгаад хоёр хувь бичээд нэг, нэг хувиар нь авсан” гэж тайлбарлаж байх бөгөөд уг хоёр баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэж дүгнэх боломжгүй байна. Учир нь уг хоёр баримт утга агуулга болон бичилтийн хувьд зөрөөтэй бөгөөд нэг баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 249.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.            

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлгүй тул *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 249.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй    

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН