Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                   Даргалагч,

                                   Ерөнхий шүүгч         Б.Батзориг

                                   Шүүгчид                    С.Оюунцэцэг

                                                                     Г.Давааренчин

                   

                          Оролцогчид:

                                   Нэхэмжлэгч             С.Дэлгэрмаа

                                   Түүний өмгөөлөгч   Л.Цуурай

                                   Хариуцагч                Ц.Сампилноров

                                   Түүний өмгөөлөгч    П.Буманзаяа

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нарыг оролцуулан,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй Ц.Сампилноровт холбогдох “Байр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

       

         Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “..Би 2013 оны 08 сарын 04-ний өдөр Сампилноров гэдэг хүнд байраа зараад урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг авсан. Сампилноров нь үлдэгдэл 17.000.000 төгрөгийг өгөөгүй тул би шүүхэд хандаж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр мөнгө авсан өгсөн тухай баримтан дээр зурсан гарын үсгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжлээд Сампилноров гуайн гарын үсэг мөн болохыг тогтоосон. 2014 оны 03 сарын 28-нд үлдэгдэл 27.000.000 төгрөгөө яаж авах талаар нотариат дээр очоод баталгаажуулж гэрээ хийсэн. Сампилноров гуай өмнөх хурлууд дээр үлдэгдэл 10.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлээд байдаг. Гэтэл энэ хүн надад байрны гэрчилгээ гарсны дараа байраа барьцаанд тавьж байгаад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнд итгээд аваагүй мөнгөө авсан гэж гэрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг мөртлөө одоо болтол мөнгөө өгөөгүй л байгаа. Үлдэгдэл гэж ярихаар өмнө нь надад тодорхой хэмжээний мөнгө өгсөн болж таараад байгаа. Гэтэл энэ хүн надад нэг ч төгрөг өгсөн гэсэн нотолгоо байхгүй. Хэрэг дотор 2016 оны 11 сарын 02-ны 26 тоот шүүхийн шийдвэр болон 2014 оны 03 сарын 28-ны шүүхийн шийдвэр, 2014 оны 08 сарын       04-ний үлдэгдэл төлбөр төлсөн тухай баримтанд “урьдчилгаа” гэснээс өөр мөнгө өгөөгүй гэдгээ нотолдог. Сампилноров гуай “энэ байр 10.000.000 төгрөгний өртөгтэй байр биш байх. Энэ илүү үнэтэй байр” гэдгээ мөн хэлсэн байдаг. Засаг захиргааны байгууллагаас бидний өгсөн хүсэлтийн дагуу мкв-ыг 750-850.000 төгрөгөөр жишиг үнэ тогтоож өгсөн баримт хавтаст хэрэг дотор байгаа. Түүнийг Сампилноров гуайд өгсөн байрны мкв-ыг үржүүлэхэд 49.000.000 төгрөг болж байгаа. Тэгэхээр энэ хүн үлдэгдэл мөнгөө өгөөгүй, ийм үнэ ханштай байр гэдгийг мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг аашилж байгаа. Сампилноров гуай “бид хамтарч ажилласан” гэж яриад байдаг. Би Сампилноров гуайтай хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй. Би энэ барилгыг үйлдвэрийн хөрөнгөөр бариагүй. Цэвэр өөрийнхөө мөнгөөр барьсан барилга байгаа юм. …Хяналтын шатны шүүх ч мөн энэ хүн 27.000.000 төгрөгөөр энэ байрыг худалдаж авсан гэдгийг нотолсон байхад өнөөдрийг хүртэл миний байрны мөнгийг өгөхгүй байгаа. Энэ хүн өөрөө 10.000.000 төгрөгөөс илүү мөнгө өгөөгүй гэдгээ ч хэлсэн байгаа. Тиймээс би өөрийнхөө байрыг зарсан үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

         Хариуцагч Сампилноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнээс ярихгүй бол олон тоо яриад толгой эргээд байна. Ямар учиртай юм болоод байгааг ярихыг хичээе. “Ар баян шанд” гэдэг компанийн Дэлгэрмаа, Эрдэнэшанд захирал, ерөнхий  инженер нөр нь Хөтөлийн анхдагч нар юм. Хөтөлийг анх байгуулахад ирж ажиллаж байсан залуучууд юм. Тэгээд сүүлдээ барилга барьдаг болоод аймагтаа очоод барилгын мэргэжилтэй болсон. Тэр үеэр аймгаасаа хотод орж ажилласан байдаг. Яг энэ үед Хөтөл “ЦШК” ХК ажилчиддаа зориулж орон сууц бариулъя гээд надад энэ ажлыг хариуцуулж өгсөн байсан. Би эдэнтэй Улаанбаатар хотод тааралдаад ихэд олзуурхаж барилга барих бололцоо байна гэж хэлээд үйлдвэрийнхээ удирдлагад танилцуулсан. Гэтэл нэг ч барилга барьж үзээгүй, техникгүй, хүч муутай газрыг сонгосон гээд дургүйцсэн. Гэсэн ч гэрээ байгуулаад ажилдаа орсон. Гэрээг  Дэлгэрмаа бид 2 байгуулсан. Би аль болох “Ар баян шанд” ХХК-д боломжтой, ашигтай байхаар гэрээ байгуулж байсан. Энэ хугацаанд хамтарч ажилласан. Та л их тус боллоо гээд өдөр болгон л ярьдаг байсан. Гэтэл одоо огт өөр юм яриад байна. Би Дэлгэрмаагаас сууц авна гэж огт ярьж байгаагүй. Би өөртөө зориулж байшин барих гээд 6*6 хэмжээтэй хундаам цутгасан байсан. Үүнийг барихад минь туслаарай гэхэд тэгэлгүй яахав бид бариад өгье гэж надад амласан. Түүнээс хойш 10 жил болох гэж байна. Би өдөр болгон нэг тоосго тавиад байсан бол аль хэдийн дуусах л байсан. Эднийг энэ ногоон байшинг барьж дуусах хугацаанд нэг ч тоосго тавиагүй. Харин энэ байрыг ашиглалтанд ороход таны тус их байлаа гэж надад нэг байр өгсөн.  Би үүнийг миний оролцоог үнэлж урамшуулж байна гэж ойлгож байсан. Надад мөнгө төл гэж хэлж байгаагүй. Надад туслана гэж хэлээд тусалж чадаагүй болохоор зүгээр өглөө гэж ойлгосон. Нэг өрөө байр нь миний бариулах гэж байсан байшингаас арай том байсан л даа. Тэгэхээр нь би шудрага ёсыг бодож зүгээр авч чадахгүй нь гээд 10.000.000 төгрөгийг Дэлгэрмаад өгсөн. Байрны “үлдэгдэл” үнэ гэж нэр өөрсдөө зохиогоод баримт үйлдсэн. Энэ нь /2013 оны 08 сарын 04-ний өдөр/ “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ногоон байшингийн 8 тоот орон сууцны үлдэгдэл үнэ болох 10.000.000 төгрөгийг Сампилноровоос байрны эзэн Дэлгэрмаад төлж барагдуулав. Энэ байр нь түр хугацаагаар банкны барьцаанд байгааг харгалзан үзэж 09 сарын 25-ны дотор банкны барьцаанаас чөлөөлж худалдан авагчид бүх бичиг баримтыг шилжүүлэхээр болж тохиролцов” гэсэн бичиг байгаа. Үлдэгдэл үнэ гэдэг нь ямар учиртай юм бэ? гэж ярьж цуг сууж байгаад бичсэн. Дэлгэрмаа надад 10.000.000 төгрөг авсан гэсэн кассын орлого баримт бичиж өгөөд өөртөө мөн бичиж авсан. Тэр хоёр бичиг  тэнгэр газар 2 шиг өөр байдаг. Тийм байх ёсгүй гэж бодож байгаа. 2013 оны 08 сарын 04-ний өдөр тамга ьэмдэг дараад гарын үсэг зураад байрны тооцоо дууссан. “Байрны үлдэгдэл тооцоог хийсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн байрны эзэн Дэлгэрмаа” гэж гарын үсэг зурсан. 2014 оны 03 сарын 28-ны өдөр орон суужцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх болсон. Тэр үед орон сууж худалдах худалдан авах гэрээ байгуулж байж үл хөдлөх хөрөнгийн газар гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Урьд нь гэрээ гэж юм байгаагүй. Энэ гэрээг байгуулж байхад бидний хооронд ямар нэгэн маргаан зөрчил байгаагүй. Бүх зүйл шийдэгдсэн гэж бодож байсан. Гэвч сүүлдээ 2, 3 жилийн дараа ийм хэрүүл маргаан болоод ерөөсөө энэ байрны үнийг төлөөгүй юм байна, дутуугаа гүйцээж авна гэсэн асуудал гараад янз бүрийн тоо хэлээд гүжирдлэгийн байдалтай юм болж байгаа. Эцэстээ намайг луйварчин болгох гээд байгаа юм. Сүүлдээ байрыг зээлээр худалдан авах гэрээ байгуулсан гээд нэг гэрээ бариад яваад байсан. Тэр нь хуурамч гэдэг нь нотлогдсон. Тэр мөнгө хүлээж авсан тухай баримтууд 2 өөр байдаг. Дэлгэрмаагийн баримт миний баримт ижил байх ёстой юм. Гэтэл өөр утга агуулгатай байдаг. Надад өгсөн байрны хэмжээг 59мкв гэсэн байгаа. Үнэндээ 59мкв талбайтай байр биш шүү дээ. Одоо жинхэнэ ном журмын дагуу хэмжвэл 40мкв хавьцаа л байгаа. Худлаа ярьж худлаа хэлж мөнгө гаргуулж авах гэсэн санаа л байгаа юм болов уу? гэж бодогдож байгаа. Миний хэлж байгаа дотор худал зүйл нэг ч байхгүй. Ийм л юм болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.    

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 136 дугаартай шийдвэрээр:

         -Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлгүй тул С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Ц.Сампилноровт холбогдох орон сууж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдан шатны шүүх хэралдаанд гаргасан тайлбартаа:

         “...нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн өмч болох Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ногоон байшингийн 8 тоот орон сууцыг 2014 оны 03 сарын 28-ны өдөр “орон сууц худалдах худалдан авах гэрээ” хийж 27.000.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээгээр тохиролцож Ц.Сампилноров авчээ. Хариуцагч Ц.Сампилноров нь 2013 оны 08 сарын 04-нд 10.000.000 төгрөгийг төлсөн нь үнэн боловч, байрны гэрчилгээгээ нэр дээрээ гаргуулсны дараа зээл авч байж үлдэгдэл мөнгөө өгье гэж аман хэлцэл хийсний дагуу, Дэлгэрмаа нь гэрээн дээрээ гэрчилгээг Ц.Сампилноровын нэр дээр гаргуулахын тулд төлбөр бэлнээр “төлөгдсөн мэтээр бичиж тусгаж” нэмэлт нөхцөл байхгүй гэж бичжээ. Үүнээс хойш Ц.Сампилноров нь үлдэгдэл мөнгөө ч өгөхгүй, харин ч бүр ажилд нь тусалж байгаад авсан, мөн 6*6 хэмжээтэй байшин барьж өгнө гээд амлалтаа биелүүлээгүйгээс болж өгсөн, тус компанид /Дэлгэрмаагийн Ар Баян Шанд ХХК/ өчнөөн тусалж байсан хөлсөндөө авсан мэтээр ярих болсон тул С.Дэлгэрмаа “байраа буцааж авахаар” шүүхээр нэхэмжилсэн боловч шат, шатны шүүх “орон сууж худалдах, худалдан авах гэрээг” цуцлах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул үлдэгдэл 17.000.000 төгрөгөө нэхэмжлэн шүүхэд нэхэмжилсэн юм. Уг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Сайхан сум дахь Иргэний хэргийн  анхан шатны шүүх гол нотлох баримт болох 2014 оны 03 сарын 28-ны өдрийн “орон сууц худалдах худалдан авах гэрээг” дутуу үнэлж, зөвхөн хариуцагч Ц.Сампилноровын амраа ярьсан тайлбарыг үндэслэж, өөрөөр хэлбэл хариуцагчийн талыг хэт барин шийдвэрлэсэнд гомдолтой байна. С.Дэлгэрмаа Ц.Сампилноровтой гэрээ хийхдээ  уг гэрээний 3-т: орон сууцыг худалдагч тал худалдан авагч талд 27.000.000 төгрөгөөр худалдах... гэсэн заалтанд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ч мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэгтээ ч асуулт хариултын шатанд С.Дэлгэрмаад 10.000.000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй гэдгээ удаа дараа ярьсан. Түүнчлэн С.Дэлгэрмаагаас орон сууц авна гэж огт ярьж байгаагүй, ... надад туслана гэж хэлээд тусалж чадаагүй болохоор зүгээр өглөө гэж ойлгосон, би шударга ёсыг бодож зүгээр авч чадахгүй гээд 10.000.000 төгрөгийг Дэлгэрмаад өгсөн гэж ярьжээ. Гэтэл 2014 оны 03 сарын 28-ны гэрээгээр 27.000.000 төгрөгөөр байр худалдах үнээ тохирсноор барахгүй энэ гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үнэлж дүгнэсэн. Шүүх нотлох баримт болох гэрээг үнэлэхдээ нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тохиролцсон үнэ болох 27.000.000 төгрөгийг юу гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, гагцхүү гэрчилгээг гаргуулахын тулд “төлбөрийг төгрөгөөр төлж барагдуулсан” гэсэн хэсгийг үнэлж оролцогч нар 10.000.000 төгрөгөөс өөр мөнгө өгч авалцаагүй гэсээр байхад үнийн зөрүү 17.000.000 төгрөгийг яагаад гаргаж өгөх үндэслэлгүй гэдгээ тодорхойлоогүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн эцэст нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагаа нотолж чадаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

          2014 оны 03 сарын 28-ны гэрээн дээр 2 тал худалдах үнээ 27 саяар тохирч хоёулаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хариуцагч Ц.Сампилноров, С.Дэлгэрмаад 10.000.000 төгрөгнөөс өөр мөнгө өгөөгүй, төлбөр барагдуулсан гэж бичсэн нь гэрчилгээ гаргуулж авахын тулд бичсэн гэдгээ шүүх дээр ярьдаг. Үүнээс илүү нотолгоо гэж байхгүй байхад шүүх зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулан 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

          Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           …Энэ байр бол 27.000.000, 37.000.000 төгрөгөөр үнэлэгдэх байшин биш, 40 гаран сая төгрөгөөр зарагдаж байсан байшин юм. Би Сампилноров гуайд хямдруулж өгье гэж байсан. Сампилноров гуай цалингийн урамшуулалд өгсөн гэж байвал анх ашиглалтанд ороход нь өгөхгүй яасан юм бэ? гэтэл би журам, тогтоол гаргаад бүгдийг нь Хөтлийн Цемент шохоын компанид хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл нь 100 хувь миний байр болсон. Урьдчилгаа өгсөн бүх хүний байрыг шилжүүлж өгсөн. Тийм учраас Сампилноровт байр өгөх ямар ч үндэслэл байхгүй. Гэрээний нөхцөл гэдгийг хоёулаа ярьж байгаад “...таньд шилжүүлж өгөөд мөнгөө сүүлд нь гэрчилгээгээ гарахаар барьцаанд тавьхаад өгнө үү яана уу та мөнгөө өгөөрэй...” гээд итгээд өгөнгүүт энэ хүн одоо хурал болгон дээр өөр өөр зүйл ярьж байна. Гэрчилгээг энэ хүнээс мөнгөө авахын тулд шилжүүлсэн асуудал юм гэв.

 

         Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

         Би үндэслэлээ анхан шатны шүүх дээр гаргаж тодорхой ярьсан. …Худлаа байр зээлээр авсан гэрээ гээд огт мэдэхгүй зүйл санаанаасаа зохиогоод байсан. Худлаа юм байна гэдэг нь экспертизийн шинжилгээгээр илэрсэн гэв.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2013 оны 08 сарын 04-ний өдөр энэ хоёр хүний хооронд 10.000.000 төгрөг өгсөн гэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. 2014 оны 03 сарын 28-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г бүтэн 7 сарын дараа байгуулсан. Урьд өмнө гэрээ огт байгаагүй. Шудрага ёсыг бодож 10.000.000 төгрөг өгсөн. Байр 27.000.000 төгрөгөөр үнэлэгдэж гэрчилгээн дээр тавигдсан байсан. Авсан өгсөн гээд байж байтал 2-3 жилийн дараа эхлээд 37.000.000 төгрөг, дараа нь 27.000.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 136 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

     Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь хариуцагч Ц.Сампилноровд холбогдуулан  орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багт байрлах “Гоё” байшингийн 8 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр  эсэх болон хөрөнгө шилжүүлсэн талаар маргаагүй, харин  гэрээний үнийн талаар  буюу орон сууцны үнийн талаар  маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Сампилноровт 27.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлж, байрны үнэд 10.000.000 төгрөг авсан  тул байрны үлдэгдэл 17.000.000 төгрөгийг гаргуулах  гэж тайлбарладаг.

 

 Харин хариуцагч Ц.Сампилноров нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа С.Дэлгэрмаа надад  хоорондын тохиролцооны дагуу орон сууцыг өгсөн. Орон сууцыг миний нэр дээр шилжүүлэхийн тулд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Орон сууцыг 27.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах талаар огт тохиролцож байгаагүй. С.Дэлгэрмаад 10.000.000 төгрөг өгснөөр тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  

Хэрэгт авагдсан  2013 оны 08 сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-28б тал/,  зохигчдын хооронд 2013 оны 08 сарын 04-ний өдөр үйлдэгдсэн “Худалдан авсан байрны үлдэгдэл тооцоо хийсэн тухай”  хэлцэлд  /хх-29/ “... 08 тоот сууцны үлдэгдэл үнэ болох 10.0 сая төгрөгийг иргэн Ц.Сампилноровоос байрны эзэн С.Дэлгэрмаад төлж барагдуулав..., байрны үлдэгдэл тооцоо хийсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн” гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримт, талуудын хооронд  2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан  худалдах худалдан авах гэрээний 3-д  “орон сууцыг 27.000.000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2014 оны 03 сарын 28-ны өдөр төлж дуусгасан... төлбөрийг төгрөгөөр  төлж барагдуулсан...” гэж тэмдэглэсэн / хх-7/ зэрэг нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууц худалдах үнийг 27.000.000 төгрөг гэж бичсэн боловч бодит байдал дээрээ уг байрны үнэнд 10.000.000 төгрөг төлөгдсөнөөр гэрээний үүрэг биелэгдэж өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба орон сууцны үнийг талууд  10.000.000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар болон гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар урьд шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болохыг мөн дурьдах нь зүйтэй.

Иймд  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх боломжтой байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан дахь сум дундын  шүүхийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 136 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар  С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Ц.Сампилноровт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  100.000 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 150 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамж гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                     Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН