Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1243

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 05 сарын 04 өдөр

   Дугаар 181/ШШ2017/01243

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ны

хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг  2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн төлөөлөгч Л.Уранбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

   Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 сарын 06-ны өдрийн 2310 шийдвэрээр Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 75 831 610 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нар нь Сонгинохайрхан дүүргийн 26 хороо, Мандал Овоо, 6 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023846 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв хувийн сууц, УБД- Ү2201024909-тай 122 м.кв талбайтай үйлчилгээ, гаражийн зориулалттай барилга, Баганаран 31 гудамжны 07 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай УБД-Г2201012871-тай газар, 140.56 м.кв талбайтай УБД-Ү2201023846-тай хувийн сууц, гаражийн хамт тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг хууль зүйн үндэслэлтэй байгуулж зээл авсан. Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу барьцааны хөрөнгөөр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэйг заасан. Гэтэл тус албанаас ирсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдэл нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлд, төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцно гэж заасан. Банкны барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдааны комиссын хурлын шийдвэрээр банкинд зээлийн өр төлбөрт тооцон өгч байгаа үйл ажиллагаа нь хөрөнгөөр төлбөрийн хэлбэрийг биелүүлж байгаа нэгэн хэлбэр учраас бусдад төлөх 42 834 240 төгрөгийг төлснөөр барьцааны хөрөнгийг шилжүүлэн авах тухай мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй буюу тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэл хангуулах банкны эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд банкны эрх ашиг хөндөгдөж, Иргэний хуулийн 165, 169,170 дугаар зүйлүүдэд зааснаар тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн зүйл заалт зөрчигдсөн гэж үзэж байгаа. 2015 оны 02 сарын 04-ний өдрийн 75 831 610 төгрөгийн төлбөрт хураагдаж дуудлага худалдаанд борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг, бусдад төлөх 42 834 240 төгрөгийг төлж, төлбөрт тооцон авахыг санал болгосон хурлын шийдвэр мэдэгдлийг зөвшөөрөхгүй. Үүнийг үл хүлээн зөвшөөрч гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Албан ёсоор 2016 оны 11 сарын 28-ны өдөр банк мэдэгдлийг хүлээж аваад ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоолоор биш албан тоотоор буюу мэдэгдлээр 2017 оны 01 сарын 04-ний өдөр 3/08 тоот хариу өгсөн. Иргэний хэргийн хавтаст хэрэгт танилцаж байх хугацаанд албадан дуудлага худалдаанд Хас банкийг төлөөлж Д.Батцэнгэл гэж хүн оролцсон байдаг. Энэ хүн банкийг төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авч орсон. 2014 оны 11 сарын 04-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд Оюунгэрэлд холбогдох иргэний хэрэгт оролцуулж, Баттөгс гэж хүн итгэмжлэл олгосон. Баттөгс гэж хүн банкийг төлөөлж, шүүх болон хууль, цагдаагийн байгууллагад төлөөлөх эрхийг олгодоггүй. Батцэнгэл нь Зээлийн ахлах мэргэжилтэн. Харин түүнд итгэмжлэл олгосон хүн нь Зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Баттөгс. Одоо бол Тусгай активын хэлтсийн захирлаас бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа. Харин тухайн үед хэрэгжиж байсан захирлын тушаал нь 2013 оны 04 сарын 30-ны өдрийн А/516 дугаартай тоот гүйцэтгэх захирлын зарим эрхийг шилжүүлэх тухай тушаал нь 2013 оны 04 сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй, мөрдөгдөж байсан тушаал юм. Үүнд иргэн болон захиргаа, хуулийн этгээдийн байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох ажилтанд итгэмжлэл олгох эрхийг Хуулийн хэлтсийн захиралд, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдвол Үйл ажиллагаа эрхэлсэн  захиралд тус тус энэ эрхийг олгосон байдаг. Тиймээс энэ нь ИХШХШТХ-ийн 62-р зүйлийн 62.2-т заасныг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27-р зүйлд энэ талаар тодорхой заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн байгаа учир энэ ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс албадан дуудлага худалдааны протокол буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эхний болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэхдээ би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс татгалзаж байна. Хас банкны захирлын А/515 тоот тушаалаар Салбарын захирал Байгалмаа 2014 оны 01 сарын 15-ны өдөр, Хас банкны мэргэжилтэн Н.Эрдэнэбаатар банкийг төлөөлөн оролцох гэсэн итгэмжлэл олгосон нь зөв юм. Хас банкны 2014 оны 08 сарын 08-ны өдрийн 56/426 тоот албан бичигт Хас банкны тооцооны төвийн захирал Пүрэвцэнгэл гэж хүн 160 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн мэдэгдлийг ирүүлсэн байдаг. 2014 оны 11 сарын 17-ны өдрийн 4Ё5185 дугаартай Зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Баттөгс нь ахлах мэргэжилтэн Батцэнгэл, Энхбаярт олгосон итгэмжлэл хууль бус. Эд нар 3-лаа эдийн засагч нар.

Би 2015 оны 02 сарын 04-ний өдрийн тус албаны комиссийн хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 сарын 06-ны өдрийн 2310 дугаар шийдвэрээр Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 75 831 610 төгрөг гаргуулж Хас банкинд олгож шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 01 сарын 13-ны өдөр үүсгэн явуулсан. Төлбөр төлөгч Х.Оюунгэрэлийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Их нарангийн 23 гудамжны 3/А тоотод байрлах үйлчилгээ, гараажийн зориулалттай хэсэг, 700 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий газар, Х.Баярсайханы өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 3 хороо, Баганарангийн 31 гудамжны 7 тоот хаягт байрлах 140.56 м.кв талбайтай хувийн сууц гаражийн зориулалттай 2 ширхэг барилга, 700 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. 2015 оны 02 сарын 04-ний өдрийн тус албаны комиссийн хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 зүйлийн 54.2 дахь хэсэгт заасны дагуу бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулан, барьцаа хөрөнгийг төлбөрт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2015 оны 02 сарын 04-ний өдрийн тус албаны комиссийн хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 сарын 06-ны өдрийн 2310 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1, 453 зүйлийн 453.1-д зааснаар Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 45 094 88 ам доллар буюу 75 297 175, 88 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 158 дугаар зүйлийн 158.1., 174 дүгээр зүйлийн 174.1.-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 23 дугаар гудамжны 3А тоот 58 м.кв талбайтай хувийн сууц, 122 мкв талбайтай үйлчилгээ, гараажийн зориулалттай хэсэг, 700 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий газар, Х.Баярсайханы өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар  хороо Баганарангийн 31-07 тоот 140,56 м.кв талбайтай хувийн сууц гараажийн зориулалттай 2 ширхэг барилга, 700 м.кв талбайтай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж шийдвэрлэснийг тус шүүхийн 2013 оны 12 сарын 16-ны өдөр 7830 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, уг захирамжийн дагуу 2013 оны 12 сарын 23-ны өдөр 1864 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 01 сарын 13-ны өдөр банк2014/130 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар  хороо Баганарангийн 31-07 тоот хашаа байшин гараажийн хамт 140,56 м.кв талбайтай хувийн сууц гараажийн зориулалттай 2 ширхэг барилга, 700 м.кв талбайтай газрыг битүүмжлэн 2014 оны 05 сарын 06-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэх 14/10 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгч 18 000 000 төгрөг, төлбөр төлөгчөөс үнэлснээр 160 000 000 төгрөгөөр тус тус үнэлж дээрх битүүмжилсэн эд хөрөнгийг тэмдэглэл хөтлөн хурааж 2014 оны 05 сарын 13-ны өдөр эд хөрөнгө хураасан 14/15 дугаар тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 36.2. дах заалтад нийцсэн байна. 

2014 оны 08 сарын 08-ны өдөр төлбөр авагчаас 56/423 тоот албан бичгээр дээрх хураагдсан эд хөрөнгийг 160 000 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахыг банкны зүгээс зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн, 2014 оны 08 сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч албаны дуудлага худалдааны комисст анхны албадан дуудлага худалдаанд 160 000 000 төгрөгөөр үнэлж оруулах санал гаргаж, төлбөр төлөгч нарт 2014 оны 08 сарын 12-ны өдөр Монгол шуудан компаний баталгаат үйлчилгээгээр үнэлгээг хүргүүлж, 2014 оны 08 сарын 13-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 08 сарын 29-ний өдрийн 10 цагт оруулах тухай 8/188 тоот тогтоол гаргасныг 8/188 тоот тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй үндэслэлээр 2014 оны 09 сарын 10-ны өдрийн 12 тоот улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцжээ.

 

Тус алба 2014 оны 09 сарын 12-ны өдөр 9/195 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарган, төлбөр төлөгч нарт 9/195 тоот тогтоол, 2014 оны 09 сарын 12-ны өдрийн 3/19754 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2014 оны 08 сарын 12, 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн тус тус төлбөр төлөгч нарт хүргүүлсэн,  2014 оны 09 сарын 26-ны өдөр , 15-ны өдрүүдэд  тус албаны анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.”Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ... хүргүүлнэ.”гэж зааснаар тогтоол хүргүүлсэн тэмдэглэл үйлдэгдээгүй, баримтгүй байна.

 

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 ”Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд түүнд ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгана. Гэрээний зүйл нь гэрээ байгуулах эрх бол гэрээ байгуулах хугацааг заана.” гэж зохицуулсан ба зарыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар гаргасан ямар нэг баримтгүй байна.

 

2014 оны 10 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч албаны дуудлага худалдааны комисст анхны албадан дуудлага худалдаанд орсон боловч санал ирээгүй тул 2 дахь дуудлага худалдаанд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар  хороо Баганарангийн 31-07 тоот 700 м.кв талбайтай газар, 140,56 м.кв талбайтай хувийн сууц гараажийн хамт 118 280 850 төгрөгөөр үнэлж оруулах санал гаргаж, 2014 оны 10 сарын 08-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, үл хөдлөх хөрөнгийг 2 дох албадан дуудлага худалдаанд 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 10 цагт оруулах тухай 10/116 тоот тогтоол гарган, 10/116 тоот тогтоол, 2014 оны 10 сарын 13-ны өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч нарт, зарын сонинг 2014 оны 10 сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Оюунгэрэлд түүний зөвшөөрлөөр нөхөр Ж.Пүрвээгээр нь хүргүүлэн, 15-ны өдөр Х.Баярсайханд гардуулан өгсөн нь мөн Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13-т заасан зарыг ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд түүнд ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгахыг зөрчсөн байна.

2014 оны 10 сарын 24-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2 дахь дуудлага худалдаа явагдсан боловч санал ирээгүй тухай протокол үйлджээ. Албадан дуудлага худалдааны явцын талаар хөтлөсөн тэмдэглэл байхгүй, оролцогч нарт танилцуулсан баримтгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.14.”Албадан дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурна. Албадан дуудлага худалдааны оролцогч тэмдэглэлтэй танилцаж санал гаргах эрх эдэлнэ.” гэж заасныг зөрчсөн.

 

2014 оны 12 сарын 17-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба мөн өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг Хас банкинд мэдэгдсэний дагуу Хас банкийг төлөөлж Д.Батцэнгэл, С.Энхбаяр нар ирж оролцжээ. Мөн өдөр банкны зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Б.Баттөгс барьцаа хөрөнгийг шилжүүлж авах талаар 4ё/5670 албан бичиг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлжээ. 2014 оны 11 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд банкийг төлөөлүүлэн ямар нэг итгэмжлэлгүй Ундармааг оролцуулсан байна.

 

Маргаж буй 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  санал болгох комиссийн хурлын 11 дугаартай протокол үйлдэгдэхэд банкийг төлөөлөн Д.Батцэнгэл, Л.Сосорбарам нар оролцсон байх ба Хас банкийг бусад төлбөр авагчид төлөх өр 42 834 240 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг банкны төлбөрт нь шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэснийг банк гомдол гаргаж, 2015 оны 4 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 3/171, 2015 оны 8 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 3/489 тоот тогтоолууд, тус албаны 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/08 тоот хариу мэдэгдэх хуудас тус тус гарчээ.

 

Хас банкны 2013 оны 04 сарын 30-ны өдрийн тухайн үеийн банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очирын батласан А/515 тоот тушаалын 1-д, Хас банкны нийт салбар, тооцооны төв, бизнесийн үйлчилгээний төв болон бичил зээлийн төвийн захиралд тухайн салбар төвтэй байгуулсан зээл, барьцаа, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах, тухайн нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байх ба 2014 оны 11 сарын 17-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд Х.Оюунгэрэлд холбогдох иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар банкийг төлөөлж зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батцэнгэл, газар дээрх хяналтын мэргэжилтэн С.Энхбаяр нарыг оролцуулахаар зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Б.Баттөгс 4ё/5185 тоот албан бичгээр итгэмжлэл олгосон нь банкийг төлөөлөх эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгогдоогүй этгээд төлөөлөгч томилсон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.”Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.”, хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1.”итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”гэж заасныг зөрчсөн, хууль бус байна.

Хас банкны тооцооны 56 дугаар төийн захирал Ж.Байгалмаа 2014 оны 01 сарын 15-ны өдөр 56/27 тоот албан бичгээр, Хас банкны мэргэжилтэн Н.Эрдэнэбаатарт,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 сарын 06-ны өдрийн 2310 дугаар шийдвэрээр Х.Оюунгэрэлээс төлбөр гаргуулах шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд Хас банкийг төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх бүхий этгээдийг оролцуулалгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно., 27.2.Итгэмжлэл Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.”гэж зааснаар төлбөр авагч Хас банкны төлөөлөх эрх бүхий этгээдтэй харилцах үүрэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба маргаж буй 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  санал болгох комиссийн хурал явагдсанаас хойш 2015 оны 4 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 3/171, 2015 оны 8 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 3/489 тоот тогтоолууд, тус албаны 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/08 тоот хариу мэдэгдэх хуудас гаргасан, нэхэмжлэл 2017 оны 01 сарын 12-ны өдөр анх шүүхэд ирүүлсэн байгаа нь төлбөр авагч банк буюу нэхэмжлэгчийг  буруутгах үндэсгүй.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2. “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна.” гэж заасантай нийцээгүй  эрх бүхий этгээдийг оролцуулалгүй, хууль бус явагдсан ажиллагаа болох албадан дуудлага худалдааны 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  санал болгох комиссийн хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5.-д заасныг баримтлан 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  санал болгох комиссийн хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Д.УРАНЧИМЭГ