Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1598

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Санал болгох комиссын хурлын шийдвэр, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уранбайгаль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2310 тоот шийдвэрээр Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 75 831 610 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо, 6 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023846 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв хувийн сууц, УБД-Ү2201024909-тай 122 м.кв талбайтай үйлчилгээ, гараашийн зориулалттай барилга, Баганаран 31 гудамжны 07 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай УБД-Г2201012871-тай газар, 140.56 м.кв талбайтай УБД-Ү2201023846-тай хувийн сууц, гараашийн хамт тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг хууль зүйн үндэслэлтэй байгуулж зээл авсан. Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу барьцааны хөрөнгөөр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэйг заасан. Гэтэл тус албанаас ирсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдэл нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлд, төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцно гэж заасан. Банкны барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдааны комиссын хурлын шийдвэрээр банкинд зээлийн өр төлбөрт тооцон өгч байгаа үйл ажиллагаа нь хөрөнгөөр төлбөрийн хэлбэрийг биелүүлж байгаа нэгэн хэлбэр учраас бусдад төлөх 42 834 240 төгрөгийг төлснөөр барьцааны хөрөнгийг шилжүүлэн авах тухай мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй буюу тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэл хангуулах банкны эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд банкны эрх ашиг хөндөгдөж, Иргэний хуулийн 165, 169, 170 дугаар зүйлүүдэд зааснаар тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн зүйл заалт зөрчигдсөн гэж үзэж байгаа. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 831 610 төгрөгийн төлбөрт хураагдаж дуудлага худалдаанд борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг, бусдад төлөх 42 834 240 төгрөгийг төлж, төлбөрт тооцон авахыг санал болгосон хурлын шийдвэр мэдэгдлийг зөвшөөрөхгүй. Албан ёсоор 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр банк мэдэгдлийг хүлээж аваад ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоолоор биш албан тоотоор буюу мэдэгдлээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3/08 тоот хариу өгсөн. Уг хэрэгтэй танилцаж байх хугацаанд албадан дуудлага худалдаанд тус банкийг төлөөлж Д.Батцэнгэл гэж хүн оролцсон байдаг. Энэ хүн банкийг төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авч орсон. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд Х.Оюунгэрэлд холбогдох иргэний хэрэгт оролцуулж, Б.Баттөгс гэж хүн итгэмжлэл олгосон. Б.Баттөгс гэж хүн банкийг төлөөлж, шүүх болон хууль, цагдаагийн байгууллагад төлөөлөх эрхийг олгодоггүй. Д.Батцэнгэл нь зээлийн ахлах мэргэжилтэн. Харин түүнд итгэмжлэл олгосон хүн нь Зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Б.Баттөгс. Одоо бол Тусгай активын хэлтсийн захирлаас бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа. Харин тухайн үед хэрэгжиж байсан захирлын тушаал нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/516 дугаартай тоот гүйцэтгэх захирлын зарим эрхийг шилжүүлэх тухай тушаал нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй, мөрдөгдөж байсан тушаал юм. Үүнд иргэн болон захиргаа, хуулийн этгээдийн байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох ажилтанд итгэмжлэл олгох эрхийг Хуулийн хэлтсийн захиралд, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдвол Үйл ажиллагаа эрхэлсэн захиралд тус тус энэ эрхийг олгосон байдаг. Тиймээс энэ нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд энэ талаар тодорхой заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн байгаа учир энэ ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс албадан дуудлага худалдааны протокол буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эхний болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэхдээ би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс татгалзаж байна. Хас банкны захирлын А/515 тоот тушаалаар Салбарын захирал Ж.Байгалмаа 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Хас банкны мэргэжилтэн Н.Эрдэнэбаатар банкийг төлөөлөн оролцох гэсэн итгэмжлэл олгосон нь зөв юм. Хас банкны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 56/426 тоот албан бичигт Хас банкны тооцооны төвийн захирал н.Пүрэвцэнгэл гэж хүн 160 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн мэдэгдлийг ирүүлсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4Ё5185 дугаартай Зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсийн захирал Б.Баттөгс нь ахлах мэргэжилтэн Д.Батцэнгэл, С.Энхбаярт олгосон итгэмжлэл хууль бус. Эд нар бүгд эдийн засагч нар.

Би 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тус албаны комиссын хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2310 дугаар шийдвэрээр Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 75 831 610 төгрөг гаргуулж Хас банкинд олгож шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэн явуулсан. Төлбөр төлөгч Х.Оюунгэрэлийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 23 гудамжны 3/А тоотод байрлах үйлчилгээ, гараажийн зориулалттай хэсэг, 700 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий газар, Х.Баярсайханы өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 31 дүгээр гудамжны 7 тоот хаягт байрлах 140.56 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай 2 ширхэг барилга, 700 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тус албаны комиссын хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 зүйлийн 54.2 дахь хэсэгт заасны дагуу бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулан, барьцаа хөрөнгийг төлбөрт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01243 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг дараах байдлаар буруу хэрэглэсэн байна. Үүнд:

1. Тус алба 2 дахь албадан дуудлага худалдааны 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/116 дугаар тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/22788 дугаар мэдэгдлийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлбөр төлөгч Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ, өмчлөгч Х.Баярсайхан нарт гардуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “хураагдсан хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулна” гэж, 39.4-т “Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна” гэж заасан. Төлбөр барагдуулах зорилгоор албадан дуудлага худалдаанд оруулсан хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө тул Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13-т заасан зохицуулалтад хамаарахгүй юм.

2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь дуудлага худалдаа явагдсан боловч санал ирээгүй тухай протокол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.14-т заасныг зөрчсөн гэж дүгнэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь албадан дуудлага худалдааны 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн протокол нь албадан дуудлага худалдааны явцыг хөтөлсөн тэмдэглэл тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

3. Төлбөр авагч Хас банк нь ажилтан Д.Батцэнгэл, С.Энхбаяр нарт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4ё/5185 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон. Төлбөр авагч Хас банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/515 тоот тушаал нь Хас банкийг шүүхэд төлөөлөх эрхийг зарим албан тушаалтанд олгосон тушаал бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон бичиг баримт биш юм. Иймд санал болгох хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, С.Энхбаяр нарыг оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцэж байна.

4. Тус албаны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох хурлаар төлбөр төлөгч Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 6 гудамжны 1 тоот хувийн сууц, үйлчилгээний гаражийн зориулалттай барилга, газар, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганнарангийн 31-7 тоот хувийн сууц гарааш, газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкинд шилжүүлэх шийдвэр гарсан.

5. Төлбөр авагч Хас банк нь санал болгох хурлын шийдвэрийг эс зөвшөөрч 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус тус гомдол гаргасан бөгөөд тус алба 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/171, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3/489 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хариу хүргүүлсэн.

Хас банкинд санал болгох хурлын шийдвэрийн талаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/36945 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр авагч Хас банкнаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/08 дугаар мэдэгдэх хуудсаар хариу хүргүүлсэн нь гомдлыг шийдвэрлэсэн тогтоол биш юм. Тус алба нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3/489 тогтоолоор Хас банкны гомдлыг шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тус албаны комиссын хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2310 дугаар шийдвэрээр Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 45 094 88 ам.доллар буюу 75 297 175, 88 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 23 дугаар гудамжны 3А тоот 58 м.кв талбайтай хувийн сууц, 122 м.кв талбайтай үйлчилгээ, гараашийн зориулалттай хэсэг, 700 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий газар, Х.Баярсайханы өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 31-07 тоот 140.56 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай 2 ширхэг барилга, 700 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хураасан байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүрэг гүйцэтгэгч болон төлбөр төлөгч, өмчлөгч нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болон газрын үнийн санал авахад 160 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “Хасбанк” ХХК зөвшөөрчээ. /хэргийн 63-66 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт оруулахаар 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 8/188 тоот тогтоол гаргасныг төлбөр төлөгчид хүргүүлээгүй гэх үндэслэлээр 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 12 тоот улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцсон тул 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9/195 тоот тогтоолоор мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3/19754, 3/19755 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Баярсайхан нарт тус тус гардуулан өгсөн ба дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 59, 95 дугаар тал/

 

Улмаар 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10/116 тоот тогтоолоор мөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 118 280 850 төгрөгөөр үнэлж оруулахаар шийдвэрлэсэн ба хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй тухай протокол үйлджээ. Албадан дуудлага худалдааны явцын талаар хөтлөсөн тэмдэглэлгүй, оролцогч нарт танилцуулсан баримтгүй байна. /хэргийн 111-113 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагч болох банкийг төлөөлөх эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгогдоогүй этгээдүүдийг санал болгох комиссын хуралд оролцуулсан нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 11 дугаартай протокол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/36945 тоот мэдэгдлүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна.” гэж заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэл болох талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүхийн 2013 оны 2310 дугаар шийдвэрээр Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нараас 45 094 88 ам.доллар буюу 75 297 175,88 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, улмаар маргааны зүйл болох дээрх үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ төлбөр төлөгч Х.Оюунгэрэл, Ж.Пүрвээ нарын шүүхийн өөр шийдвэрүүдээр бусдад төлөх 42 834 540 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 23 дугаар гудамжны 3А тоот 58 м.кв талбайтай хувийн сууц, 122 м.кв талбайтай үйлчилгээ, гараашийн зориулалттай хэсэг, 700 м.кв талбайтай өмчлөх эрх бүхий газар, Х.Баярсайханы өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 31-07 тоот 140.56 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай 2 ширхэг барилга, 700 м.кв талбайтай газруудаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн төлбөрөөс өөр этгээдийн төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэр гараагүй буюу уг үл хөдлөх эд хөрөнгүүд өөр этгээдэд барьцаалагдаагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар тэргүүн ээлжинд өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй юм.

 

Гэтэл хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулан, барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь төлбөр төлөгч нарын бусдад төлөх төлбөрийг төлөх үүрэггүй бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр өөрийн төлбөрийг тэргүүн ээлжинд барагдуулахыг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                      ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

 

                                                                                     С.ЭНХТӨР