Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 130/2018/00456/И |
Дугаар | 001/ХТ2019/00491 |
Огноо | 2019-04-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00491
А.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00635 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2018/00124 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: А.Б-
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: К.Е-
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Эрдэм” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг
Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б-, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэм цогцолбор сургуулийн захирлаар 2014 онд томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл аймгийн Засаг дарга 2018-5-14-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4-ийг тус тус баримталсан бөгөөд уг хуулийн 131-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэлбэр, 40-т хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг тусгасан байна. Эдгээр заалтуудыг ажил олгогч давхар баримталсан нь хуульд нийцээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т зааснаар сонсох ажиллагааг хийх үүрэгтэй ба сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах байсан. Өлгий сумын 3-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Гүлжазира нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд тус сургуулийн захирал К.Е-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан. Тэрээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Е-ийг ажилтай болгох зорилгоор түүнийг Эрдэм цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилж, намайг улс төрийн золиос болгосон нь харамсалтай. Иймд намайг Эрдэм цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2018 оны А/160 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар Өлгий сумын Эрдэм цогцолбор сургуулийн захирал А.Б- нь дээд шатны байгууллагын шийдвэргүйгээр өөрөө өөртөө тушаал гарган үр дүнгийн урамшууллыг удаа дараа авсан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 18/03-67 дугаар акт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 18-07/35 дугаар актаар тогтоогдно. 2018 оны 9 дүгээр тушаалаар багш ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тушаал гаргаж хавсралтаар батлахдаа өөрийн нэрийг оролцуулалгүйгээр мөн адил урамшуулал авсан, багш ажилчдын үр дүнгийн урамшууллыг хугацаанд нь өгөөгүй, илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төрийн аудитын шалгалтаар өглөгтэй гэсэн зөрчил илэрсэн. Эрдэм цогцолбор цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг батлаагүй Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон Боловсролын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, сургуулийн халаалтыг хувийн компани, аж ахуйн нэгж байгууллагад түрээсэлж болохгүй гэж аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.9 дэх заалтыг зөрчиж, Төсвийн тухай хуулийн 30.1.1, УИХ-ын 2002 оны 56-р тогтоол, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 03-р тогтоолыг үндэслэл болгож Эрчим хүчээр хангах тухай хуулийн 3.1.16, 3.1.18, 11.3.1, 12.1.7 дахь заалтыг зөрчиж “Нурхымыз” ХХК-тай сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Ахдастархан “ХХК-тай гэрээ байгуулж, уг компанид өөрийн төрсөн дүүг ажилд оруулан хөндлөнгөөс нөлөөлж, НАНБХАСЗАСЗУСТХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн.Удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалж, уг тасалсан хоногт эмчийн акт авчирсан атлаа нийгмийн даатгалын байгууллагаас авах ёстой хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагаасаа гаргаж авсан зөрчлүүдийг гаргасан. Эдгээр зөрчил нь шалгалтаар болон төрийн аудитын шалгалтаар тус тус тогтоогдсон тул МУЗЗНДНТУТХ-ийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8, 24.4, 41.2.2, 70.1, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 7.1.1, 8.1.2, НАНБХАСЗАСЗУСТХ-ийн 3.1.5, 4.1.2, 11.1, Боловсролын тухай хуулийн 11.4, 30.1.15, 42.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5, 6.1, 10.3, 15.1, 11.2.6, 11.2.9, 12.8.6, Засгийн газрын 2017 оны 34-р тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 4.9, 6.2, 6.6, 6.7 дахь хэсгийг тус тус баримтлан А.Б-г үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан. Иймд А.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Е- тайлбартаа: Би аймгийн Засаг даргын 2018-05-14-ний өдрийн Б/25 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдож ажиллаж байна. Гэтэл надаас өмнө тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Б- нь аймгийн Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн байна... А.Б- нь санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. “Нурхымыз” ХХК-тай ямар ч сонгон шалгаруулалтгүй 2017-08-28-ны өдөр халаалт түгээх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ажилласан, сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Ахдастархан” ХХК-тай гэрээ байгуулж, уг компанид өөрийн төрсөн дүүг ажиллуулсан. 2018-04, 05-р сард 11 хоног ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00635 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Б-г Өлгий сумын Эрдэм цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2018/00124 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аймгийн Засаг даргын 2018 оны А/160 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийхэд дараах зөрчлүүд илрэв. Үүнд: 1. Өлгий сумын “Эрдэм” цогцолбор сургуулийн захирал А.Б- нь дээд шатны байгууллагын шийдвэргүйгээр өөрөө өөртөө тушаал гарган үр дүнгийн урамшууллыг удаа дараа авсан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 18/03-67 дугаар акт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 18-07/35 дугаар актаар тогтоогдсон байна. Үүнийг А.Б- нь өөрөө хүлээн зөвшөөрч тухайн үед гарын үсгээ зурж байсан байна. 2. 2018 оны 09 дүгээр тушаалаар багш ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тушаал гаргаж хавсралтаар батлахад өөрийн нэрийг оруулалгүйгээр мөн адил үр дүнгийн урамшуулал авсан, багш ажилчдын үр дүнгийн урамшууллыг хугацаанд нь өгөөгүй, илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төрийн аудитын шалгалтаар өглөгтэй гэсэн зөрчил илэрсэн, “Эрдэм” цогцолбор цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг батлаагүй, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон Боловсролын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. 3.Аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны эрх үүрэг болох 4.9-дэх заалтад сургуулийн хичээлийн байрны халаалт болон дотуур байрны бүр үйлчилгээг гэрээ түрээсээр гүйцэтгүүлэхгүй байх, мөн Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, мөн зүйлийн 3.1.18-д “эрчим хүчний зохицуулалтгүй хангалт" гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг, 11.3.1-д энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 12.1.7-д “дулаан түгээх” гэсэн заалтуудыг зөрчиж Төсвийн тухай хуулийн 30.1.1-д “Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх”, УИХ-ын 2002 оны 56-р тогтоолоор баталсан “Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл”, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 03-р тогтоолыг үндэслэл болгож “Нурхымыз” ХХК-тай сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж эрх мэдлээ урвуулан ашигласан мөн Аймгийн Төрийн аудитын газар нь тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайлан баталгаажуулах аудит хийх үед А.Б- нь 2017-10-р сараас сургуулийн халаалтын төсвийг “Нурхымыз” ХХК-тай шууд гэрээ байгуулж хэрэгжүүлсэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 24.4-д “төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 7.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 7.1.1-нээлттэй тендер шалгаруулалтын журам, 8.1.2-д шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар, Засгийн газрын 2013 оны 68-р тогтоолын хавсралт ТБОНӨХБАҮХА ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ” шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар/ажил/ 10 сая төгрөг гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж Аудитын тайланд тусгаж, хариуцлага тооцуулах санал оруулахад сургуулийн захирал, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан нь мөн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. 4. Сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Ахдастархан” ХХК-тай гэрээ байгуулж уг компанид өөрийн төрсөн дүүг ажилд оруулан хөндлөнгөөс нөлөөлж НАНБХАСЗАСЗУСТХ-ийн 3.1.5, 3.1.6, 4.1.2, 11.1, 12.1 дэх заалтыг зөрчсөн. 5. Мөн удирдах дээд байгууллагад мэдэгдэлгүйгээр 11 хоног ажил тасалж, уг тасалсан хоногт эмчийн акт авчирсан мөртлөө нийгмийн даатгалын байгууллагаас авах ёстой хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагаасаа гаргаж авсан нь шалгалтын үеэр тус тус тогтоогдсон тул МУЗЗНДНТУТХ-ийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8, 24.4, 41.2.2, 70.1, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 7.1.1, 8.1.2, НАНБХАСЗАСЗУСТХ-ийн 3.1.5, 4.1.2, 11.1, Боловсролын тухай хуулийн 11.4, 30.1.15, 42.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5, 6.1, 10.3, 15.1, 11.2.6, 11.2.9, 12.8.6, Засгийн газрын 2013 оны 295-р тогтоолын 11.1.18, Засгийн газрын 2011 оны 311-р тогтоол, 2013 оны 68-р тогтоол, 2017 оны 34-р тогтоол, 2017 оны 346-р тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 4.9, 6.2, 6.6, 6-г үндэслэл болгож А.Б-г үүрэгт ажлаас нь халах тухай шийдвэр гаргасан юм. 6. А.Б-гийн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2-д ажилтантай байгуулсан гэрээг энэхүү гэрээний 4-д заасан үүрийг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-д заасны дагуу арга хэмжээ авна гэж заасан ба А.Б- нь хөдөлмөрийн гэрээний 4-г зөрчиж “Нурхымыз” ХХК-тай гэрээ байгуулж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн зөрчил гаргасан юм. 7. Анхан шатны шүүх ноцтой зөрчил биш гэснийг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн гэрээний 6-д хөдөлмөрийн харилцаг шууд зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцох заалтуудыг тодорхой зааж өгсөн ба уг заалтын 6.6, 6.7-г А.Б- зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хоёр шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хөдөлмөрийн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн буюу алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. А.Б-г ажлаас халахдаа хууль зүйн үндэслэлээ тодорхой заасан хууль ёсны эрхийн акт гаргасан гэж үзэж байна. А.Б- нь 2018-04-20-наас 05-04-ний өдөр хүртэл ажлын 11 хоног ажил тасалсан нь тус сургуулийн цаг бүртгэгч Х.Толганайн үйлдсэн цагийн бүртгэлийн бичиг баримтууд, 2018-04, 05 дугаар сарын байгууллагын санхүүгээс цалин хөлс олгосон санхүүгийн бичиг баримтаар нотлогдож байгаа юм. А.Б-гын энэхүү зөрчлийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 40.1.4, 131.1.3-г зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2018-04-20-с 05-04-ний хооронд рашаан сувилалд явсан гэж байгаа боловч тухайн үед томилох эрх бүхий этгээд буюу тус аймгийн Засаг даргад албан ёсоор хүсэлт гаргаагүй, мэдэгдээгүй, рашаан сувилалд явсан гэх материалыг ажлаас халагдсаны дараа шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. А.Б- нь “Нурхымыз” ХХК-тай 2017-08-28-ны өдөр “Халаалт түгээх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан явдал нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 7.1.1, 8.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16, 3.1.88, 11.3.1, 12.1.7,, Төсвийн тухай хуулийн 24.4, 30.1.1-г тус тус ноцтой зөрчсөнийг тус аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд баталгаажуулалт хийсэн аудитын дүгнэлт, 2018-05-07-ны өдрийн танилцуулгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байгааг анхаарч үзээгүй байна. А.Б- нь сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Ахдастархан” ХХК-тай гэрээ байгуулж уг компанид өөрийн төрсөн дүүг ажилд оруулж хөндлөнгөөс оролцсон нь НАНБХАСЗАСЗУСТХ-ийн 3.1.5, 3.1.6, 4.1.2, 11.1, 12.1-д заасныг ноцтой зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. А.Б- нь дээд шатны байгууллагын шийдвэр, тушаалгүйгээр өөртөө өөрөө тушаал гаргаж, өөрөө үр дүнгийн гэрээгээр хангалттай ажилласан гэж дүгнэж, улирлын урамшууллын мөнгийг удаа дараа хувьдаа авсан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 18-03/-67 дугаартай акт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 18-07\35 дугаартай акт, тус аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2018-05-07-ны өдрийн танилцуулгаар зэрэг нотлогдож байгаа юм. А.Б-гын дээрх үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8, 24.4, 41.2.2, 70.1 дэх заалтыг зөрчсөн болохыг анхаарч үзээгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны эхэлж байгаа үед гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьездээс нэхэмжлэгч А.Б-гын төсөв хэтрүүлэн илүү орон тоонд А.Тансулуг тус цэцэрлэгийн туслах тогоочоор ажиллуулсан буюу Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагааг нотлох зорилгоор өгсөн “Сиди” дүрс бичлэгийг өгснийг шүүх хүлээн авсан юм. Шүүх “Сиди” дүрс бүхий бичлэгийг шүүх хуралдааны нотлох баримт шинжлүүлэх үед судлахаар хариу өгсөн боловч “Сиди” дүрс бичлэгийг бүрэн гүйцэд судлаагүй, уг нотлох баримтад ач холбогдол өгөөгүй нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2, 45.1, 108.1, 110.1-г тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Бидний гаргаж өгсөн Сиди дүрс бичлэгийг анхан шатны шүүхээс бүрэн гүйцэд судлаагүй нь ИХШХШТХ-ийн 167.5-д заасан үндэслэлийг бий болгож байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсвэл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
А.Б- 2018-06-11-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, мөн аймгийн Өлгий сумын “Эрдэм” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байна.
Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2018-05-14-ний өдөр Б/24 дугаартай захирамж гаргаж, А.Б-г “...тушаалд нэр ороогүй байхад урамшуулал авсан, урамшууллыг хугацаанд нь өгөөгүй, илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төрийн аудитын шалгалтаар өглөгтэй гарсан, хөдөлмөрийн дотоод журмаа батлаагүй “Нурхымыз” ХХК болон “Ахдастархан” ХХК-тай сонгон шалгаруулалтгүй гэрээ байгуулсан, өөрийн төрсөн дүүг ажилд оруулсан, 11 хоног ажил тасалсан, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг байгууллагаасаа авсан...” гэж ажлаас нь халсан байна.
Ажил олгогч тушаал гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8, 24.4, 41.2.2, 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.1, 8.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 4.1.2, 11.1, Боловсролын тухай хуулийн 11.4, 30.1.15, 42.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5, 6.1, 10.3, 15.1, 11.2.6, 11.2.9, 12.8.6, хөдөлмөрийн гэрээний 4.9, 6.2, 6.6, 6.7-г үндэслэжээ.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлаж болно.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6-д ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд эдгээрийн аль нэгийг тушаалд заагаагүй байх тул ажил олгогч гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан нь буруу гэж хоёр шатны шүүх үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцжээ.
Багш ажилчдын урамшууллыг хугацаанд нь өгөөгүй, илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, аудитын шалгалтаар өглөгтэй гарсан зэрэг зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 6 дахь хэсгийн аль үндэслэлд хамаарч буй нь тодорхойгүй тул уг нөхцөл байдлыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчилд хамааруулах боломжгүй юм. Түүнчлэн, А.Б- өөртөө тушаал гаргаж урамшуулал авсан, “үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 2016 оны 18/03-67 дугаар акт болон “Нурхымыз” ХХК-тай гэрээ байгуулсан үйл баримтаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчинө.
Хэрэгт, Өлгий сумын Ерөнхий боловсролын Эрдэм цогцолборын дотоод журам авагдсан байх тул “...байгууллагын дотоод журмыг батлаагүй...” гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй болжээ.
А.Б- эмнэлгийн 2018-04-19-ний өдрийн магадалгаагаар 2018-04-20-ны өдрөөс 2018-05-04-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлөгдсөн, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул хариуцагч тушаалынхаа үндэслэлийг нотлоогүй гэж үзнэ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00635 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2018/00124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5.-т зааснаар хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ