Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 412

 

Т.Агваандугарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Агваандугар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0592 дугаар магадлалтай, Т.Агваандугарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад  холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Агваандугарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн М.Энх-Амгаланд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргад Газрын тухай хуульд заасны дагуу 700 м.кв талбайд газар эзэмшүүлэхийг даалгаж,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 1975335 төгрөгийн 987,667 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас, 987,667 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Т.Агваандугарт олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0592 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 гэснийг нэмж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлыг хэлэлцсэнгүй. Тус маргаан нь 2 хариуцагчтай байхад хариуцагч тус бүрийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж чадсангүй. Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн дагуу ямар газарт хэн эзэмших эрх олгох тухай нарийвчилсан хуулийн зохицуулалт байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн. Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд 2008 онд газар эзэмшүүлсэн байхад нэхэмжлэгчийн хувьд хандах ёсгүй этгээдэд газар хүссэн өргөдлийг 2009 онд гаргасныг дүүргийн Газрын албанаас 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 969 тоот албан бичгээр өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүүргийн Засаг даргыг гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн мэт дүгнэж  буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг анхнаасаа Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэхээр байхад нэхэмжлэгч дүүргийн Засаг даргад хандаж, хандсан үед нь дүүргийн Засаг дарга боломжгүй хариуг иргэнд өгсөн нь баримтаар тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэн маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргад эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн тус маргааны хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шинжээч томилогдсын дараа хэрэгт оролцсон байдаг. Дүүргийн Засаг дарга иргэний хариуг өгсөөр байтал даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэм буруугүй атлаа шинжээчийн төлбөр 987000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр хяналтын гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар хүн бүр “... хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй. Ийнхүү тус шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм.

2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн М.Энх-Амгаланд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудтай зөрчилдөж байна.

Т.Агваандугар нь маргаан бүхий газартаа 2000 оноос хойш амьдарч байсан гэдэг боловч Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ анх 2009 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргасан байдаг. Тус газрын албанаас хүсэлт гаргагчийн газар нь бусдын эзэмшлийн газартай бүхэлдээ давхцалтай тул 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 969 дүгээр албан бичгээр газар эзэмшүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжийн дагуу эзэмших болсон газрыг Т.Агваандугар нь 2009, 2010 онд тус тус хүсэлт гаргаад эзэмших боломжгүй юм. Мөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамж нь газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх захирамж болохоос газар эзэмшүүлэх захирамж биш тул энэ захирамжийг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Агваандугарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүхийн шийдвэр магадлал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Агваандугар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын 23 тоотод 2000 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа, 2009, 2010 онуудад газар эзэмших хүсэлтээ албан ёсоор хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагад гаргаж байсан, газрын кадастрын мэдээллийн санд 2006 онд түүний амьдарч байсан газрын хэмжээ нь 730 м.кв хэмжээтэйгээр 18646311194641 нэгж талбарын дугаарт бүртгэгдэж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 13 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн оршин сууж байсан байршилд үйлчилгээний барилгын зориулалтаар иргэн М.Энх-Амгаланд 0.73 м.кв газрыг эзэмшүүлэхээр, 2008 оны 463 дугаар захирамжаар газрын хэмжээг 12416 м.кв болгон нэмэгдүүлж,  2010 оны 203 дугаар захирамжаар дээрх 12416 м.кв газраас иргэн Т.Ариунболдод 2416 м.кв, М.Энх-Амгаланд 10000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр нэхэмжлэгч Т.Агваандугарын амьдарч байсан газар нь М.Энх-Амгалангийн эзэмшиж байгаа 10000 м.кв газартай тодорхой хэмжээгээр давхцсанаас маргаан үүссэн байна.

Гуравдагч этгээд М.Энх-Амгалангийн эзэмших газрын хэмжээ  нь 12416 м.кв болж нэмэгдсэнээр нэхэмжлэгчийн 18646311194641 нэгж талбарын дугаартай 730 м.кв талбайтай 642 м.кв-аар давхцсан, 2010 оны нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд  18646311194641 нэгж талбарын дугаартай 730 м.кв газар нь устгагдсан байгааг хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтэд дурджээ.

Хэргийн оролцогчид давхцал нь зөвхөн М.Энх-Амгалангийн эзэмшиж байгаа 10000 м.кв газарт хамааралтай талаар маргаагүй бөгөөд түүнд 730 м.кв газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн 12416 м.кв болгосноор нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, нэхэмжлэгч нь 2008 оны 463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь М.Энх-Амгаланд 10000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2010 оны 203 дугаар захирамжтай маргах эрхийг нь хязгаарлахгүйг магадлалд тодорхой зөв дүгнэсэн байна.

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгч Т.Агваандугарын амьдарч байсан газар нь 2006 онд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан гэх үйл баримт нь түүнийг Газрын тухай хуульд зааан журмын дагуу газар эзэмших эрхтэйг нотлох гол баримт гэж үзнэ.

Гэтэл захиргааны байгууллага нь 2009 онд газар эзэмших тухай түүний гаргасан хүсэлтэд “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан давхцалгүй байх шаардлагатай зөрчилдөж байна...” гэж хариу өгсөн байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчжээ.

Мөн гуравдагч этгээдэд газрыг нэмэгдүүлэн олгохдоо нэхэмжлэгчийн амьдарч байгаа, эзэмших эрхтэй газартай давхцуулан газар олгосон захиргааны байгууллагын шийдвэр нь дээрх хуулиас гадна “ ...давхцалгүй...” байх шаардлагын тодорхойлсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, Газрын тухай хуульд зааснаар 700 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь зөв болно.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул үүнийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 1975335 төгрөгийг хариуцагч Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг даргаас хувааж гаргуулан Т.Агваандугарт олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Иймээс “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ... хоёр хариуцагчийг нэг этгээд мэтээр дүгнэсэн..., тус бүрийнх нь тухайд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй..., дүүргийн Засаг дарга иргэний хариуг өгсөн, буруугүй байтлаа шинжээчийн зардал төлөхөөр болж байгаа нь үндэслэлгүй...” гэх хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн,

“...гуравдагч этгээдийн 2008 оноос эзэмших болсон газрыг Т.Агваандугар 2009, 2010 онд хүсэлт гаргаснаар эзэмших боломжгүй....” гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нь шүүх хуралдаанд “... оролцогчийн эрхийг хангаагүй..., хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх хяналтын гомдолд дурдсан үндэслэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0592 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Л. АТАРЦЭЦЭГ