Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0592

 

Т.Агваандугарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Т.Агваандугар, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, иргэн Т.Агваандугарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогт илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Агваандугарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн М.Энх-Амгаланд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргад Газрын тухай хуульд заасны дагуу 700 м.кв талбайд эзэмшүүлэхийг даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Т.Агваандугар нь Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ 2009 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргасан байх бөгөөд иргэн Т.Агваандугарын хүсэлтийг огт шийдвэрлээгүй болох нь Баянзүрх дүүргийн газрын албаны өргөдөл, гомдол хүлээн авах дэвтрээр нотлогдож байна. Хэдийгээр хамтран хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн Т.Агваандугар нь 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан ба 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 969 тоот албан бичгээр газар эзэмшүүлэх боломжгүй гэдэг хариу өгсөн гэж тайлбарладаг ч хэдийд ямар хэлбэрээр, хэнд уг албан бичгийг гардуулсан гэдэг нь нотлогдохгүй байна...” гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан ба үүнээс үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны акт нь нэгдүгээрт хууль бус үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны акт нь нэгдүгээрт хууль бус захиргааны акт байх, хоёрдугаарт нэхэмжлэгчийн хууль ёсны зөрчигдсөн байхыг ойлгож байна. Маргаан бүхий актын хувьд нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг зөрчигдсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэсэнгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2000 оноос хойш өдийг хүртэл төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн байхад шүүхээс энэ байдлыг анхаарч үзсэнгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн амьдарч буй маргаан бүхий газар нь иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх газар бөгөөд нэхэмжлэгч нь 2000 оноос хойш тухайн газарт амьдарч, газар эзэмших тухай хүсэлтээ олон удаа гаргаж байсан гэж тайлбарладаг боловч 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт нь л бүртгэгдсэн байх бөгөөд уг хүсэлтэд албан ёсоор хариуг нь өгсөн байхад нэхэмжлэгчийн “... хариу өгөлгүй 16 жил болсон..., анхан шатны шүүхийн “...хэдийд ямар хэлбэрээр, хэнд уг албан бичгийг гардуулсан гэдэг нь нотлогдохгүй байна...” гэж дүгнэж буй нь хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр давж заалдах гомдолдоо: “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн М.Энх-Амгаланд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулбал:

  1. МУҮХ-ийн 16-р зүйлийн 16.14-д “...хууль зүйн туслалцаа авах...” эрх нь иргэн, түүний төлөөлөгчид хэдийд ч нээлттэй байдаг бөгөөд хуулиар ямар нэгэн хугацаа заасан, хориглолт үгүй болно. Ийнхүү тус шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм.
  2. Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн М.Энх-Амгаланд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Үүнд:
  • Анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маахуур толгойд үйлчилгээний барилгын зориулалтаар М.Энх-Амгаланд 0,73 га газрыг эзэмшүүлсэн;
  • Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжаар дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн 12416 м.кв газар болгон М.Энх-Амгаланд эзэмшүүлсэн;
  • Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 203 дугаар захирамжаар дээрх 12416 м.кв газрыг иргэн Т.Ариунболдод шилжүүлж, үлдсэн 10000 м.кв газрыг М.Энх-Амгаланд эзэшүүлсэн байдаг.

Харин Т.Агваандугар нь маргаан бүхий газартаа 2000 оноос хойш амьдарч байсан гэдэг боловч Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ анх 2009 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргасан байдаг. Тус газрын албанаас хүсэлт гаргагчийн газар нь бусдын эзэмшлийн газартай бүхэлдээ давхцалтай тус 2009 оны 9 дугаар сарын 23-ны өдөр 969 тоот албан бичгээр газар эзэмшүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжийн дагуу эзэмших болсон газрыг Т.Агваандугар нь 2009, 2010 онд тус тус хүсэлт гаргаад эзэмших боломжгүй юм. Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн судлаагүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

  1. Нэхэмжлэгч Т.Агваандугар нь 2000 оноос Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурын 23 тоот хаягтай 700 м.кв газарт амьдарч байгаа болох нь хорооны засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байх бөгөөд тухайн оршин сууж байгаа газраа эзэмших тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын албанд 2009 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргаж байсан нь Баянзүрх дүүргийн газрын албаны өргөдөл гомдол хүлээн авах дэвтрээр нотлогдсон байна. Түүнчлэн 2006 онд нэхэмжлэгчийн оршин сууж байсан газар түүний нэрээр кадастрын бүртгэлд тусгагдсан боловч устгагдсан тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
  2. Гуравдагч этгээд М.Энх-Амгаланд Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр 2006 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгой хэсэгт 0,73 га газрыг дуудлага худалдааныы журмаар эзэмшүүлсэн бөгөөд энэ газарт нь нэхэмжлэгч Т.Агваандугарын газар ороогүй харин Нийслэлийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг 12416 м.кв болгон 5116 м.кв-аар нэмэгдүүлэх үед (мөн 2010 оны 203 дугаар захирамжаар 2416 м.кв газрыг иргэн Т.Ариунболдод шилжүүлж, үлдэх 10000 м.кв газар М.Энх-Амгаланд үлдсэн)  нэхэмжлэгч Т.Агваандугарын оршин сууж байгаа газартай давхцуулсан байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмшүүлээд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 463, 2010 оны 203 дугаар захирамжуудаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохдоо нэхэмжлэгч Т.Агваандугарын амьдарч буй газартаа давхцуулан олгосон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэн М.Энх-Амгалангийн “газрын хэмжээ 12416,1 м.кв бөгөөд /кадастрын зургийг хавсаргав/ кадастрын зургийг үндэслэж дээрх газрын хэмжээг 12416 м.кв-аар баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтээр газрыг 5116 м.кв-аар нэмэгдүүлж олгосон нь Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасанд нийцээгүй байна. Учир нь үйлчилгээний зориулалттай 5116 м.кв газрыг эзэмшүүлэхээр бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу шаардлага хангуулан, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэх ёстой байна. Гэтэл зөвхөн хүсэлтийг үндэслэж дээрх газрыг шууд 5116 м.кв-аар нэмэгдүүлэн олгож, ингэхдээ тухайн газарт оршин сууж ирсэн иргэний газрыг хамруулан олгосон нь хуулийн дээр зохицуулалтад нийцээгүй, шударга бус шийдвэр юм. Өөрөөр хэлбэл М.Энх-Амгаланд 5116 м.кв-аар нэмэгдүүлсэн шийдвэр нь өөрөө хууль, журмын дагуу гараагүй учир түүний 5116 м.кв газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч Т.Агваандугарын 700 м.кв газартай холбогдох гуравдагч этгээд М.Энх-Амгалангийн хууль ёсны эрх зөрчигдөхгүй.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хариуцагчаас гуравдагч этгээд М.Энх-Амгаланд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 463, 2010 оны 203 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр эзэмшүүлэхээр байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Агваандугар нь 2000 оноос эхлэн амьдарч буй газраа эзэмших хүсэлтээ 2009, 2010 онуудад тухайн дүүргийн газрын албанд гаргасан байхад хариуцагчаас ямар нэг хариу, өгөөгүй түүний хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2008 болон 2010 онуудад түүний эзэмшлийн газрыг оролцуулан гуравдагч этгээдэд хуульд заасан журмыг зөрчиж газар нэмж эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.

2008 оны захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир 2010 оны захирамжийн талаар маргах эрхгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь 2008, 2010 оны захирамж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн хэмээн маргасан. 2010 оны захирамж гарснаар 2008 оны захирамжийн үйлчлэл дуусгавар болсон уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдал нь нэхэмжлэгчийн эрхэд сөрөг хүчин өтгөлдөр, үйлчлэл бүхий 2010 оны захирамжтай маргах эрхийг нь хязгаарлахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3” гэснийг нэмж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ