Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 788

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, З.Ү-ын нэхэмжлэлтэй, ХХҮЕГ-т холбогдох захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б[1], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,[2], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч З.Ү нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[3]: “... З.Ү миний бие Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амаржиж, хүү төрүүлсэн.

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/3* тоот тушаалаар Хүүхэд асрах чөлеө авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д: ”Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно...” гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөг сунгуулах тухай хүсэлтийг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргад гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т: “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж заасны дагуу 2018 оны 09 дүгээр сард ажилдаа орох тухай өргөдлийг Худөлмөр , Нийгмийн хамгааллын яаманд гаргасан боловч яам өргөдлийг хянаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Е.Н-д холбогдох хууль журмын дагуу түүгээрээ шийд гэсэн хариуг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25* тоот албан бичгээр өгсөн.

Өргөдлөө яаманд гаргасны учир нь Хөдөлмөр, Халамж гэсэн 2 байгууллага нэгдсэнтэй холбогдуулан харьяалах дээд байгууллага болох Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд гаргасан болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар асуудлыг шийдэж байна гэж сар гаруй хугацаанд хүлээлгэсний эцэст 2018 оны 10 дугаар сарын 16- ны өдөр 1/119* дүгээр албан бичгээр “ ...ажлын байраар хангах талаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандана уу.” гэсэн хариу өгсөн.

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 1/252* тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэхь хэсэгт “...жирэмсэний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол ... ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэх заалтуудын хүрээнд албан тушаалын зэрэглэл бууруулахгүйгээр мэргэжилтний сул орон тоонд ажиллуулах боломжтойг уламжилж байна” гэсэн хариу өгсөн.

Гэтэл сул орон тоо гарахгүй байна гэсээр өнөөдрийг хүртэл ямарч арга хэмжээ аваагүй. Ямар нэгэн ажлын байрны санал өгсөнгүй.

Хедөлмөрийн тухай хуулинд Хүүхэд төрүүлээд жирэмсэний болон хүүхэд асрах чөлөөгөө эдэлсэн эх чөлөөгөө дуусгаад эсхүл дуусахаас өмнө эх өөрөө хүсвэл түүнийг эрхэлж байсан ажилд нь ургэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байтал нялх нойтон хүүхэдтэй намайг Төрийн байгууллага /Яам, агентлаг, дүүрэгт/ ажиллаж буй албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу асуудлыг шийдвэрлэх байтал бие бие рүү бичиг цаас шидэн, намайг бүтэн жилээр хохироож байна.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т: “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т: "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжпүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд томилон ажиллуулах ёстой.

Гэтэл хуульд заасан энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг тогтоож өгнө үү.

2. Хүүхэд асрах чөлөө эдлэхээс өмнө хашиж байсан Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах,

3. Хүү маань 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 нас хүрсэн. Би хүүг 3 нас хүрэхээс 7 сарын өмнө буюу 2018 оны 08 дугаар сараас ажилдаа орох тухай өргөдөл гагаж шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах,

4. Ажилгүй байсан хугацаа болох /2019.03.15/-наас хойш нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх, Ажил олгогч 2019 оны 01 дүгээр сар хүртэл шимтгэл төснийг лавлагаагаар авсан болно.

5. Ажилгүй байсан хугацаа болох /2019.03.15/-наас хойш нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн талаарх бичилтийг нөхөн бичилт хийхийг даалгах зэрэг болно” гэжээ.

1.2. Нэхэмжлэгч З.Ү нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа[4]: “Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг хүссэний дагуу дор дурдсан байдлаар тодруулга хийсэн.

Нэгдүгээрт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох,

Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах,

Гуравдугаарт, Ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах,

Дөрөвдүгээрт, Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах зэрэг болно... ” гэжээ.

1.3. Нэхэмжлэгч З.Ү нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа[5]: “.... Нэхэмжлэгч З.Ү би ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дараахь байдлаар тодруулж байна. Үүнд:

Би 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хүүхэд асрах чөлөө авсан тул Дундаж цалин хөлсийг тооцох тухай Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5* дугаар тушаалаар батлагдсан журманд зааснаар сүүлийн 3 сарын буюу 2016 оны 01-р сард төгрөг, 2-р сард 1.136.795 төгрөг, 3-р сард 1 778.743 төгрөгийн цалин авсан ба эдгээриийг нэмж гуравт хуваан дундаж цалинг тооцов. /7.578.631+136.795+1.778.7431= 3.673.401:3=1 224 467 төгрөг

1 224 467 дундаж цалинг: ажлын 22.5 хоногт 54 421 төгрөг нэг өдрийн цалин

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хоног 267 хоног болж байна.

267 хоног х 54 421 төгрөг 14 530 407 төгрөг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны олговорт 14 530 407 /Арван дөрвөн сая таван зуун гучин дөрвөн зуун долоон төгрөг/-ийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

            2.1. Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[6]: “....Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0* дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яамны дэргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн тохируулах чиг үүрэгтэй Засгийн газрын агентлаг байгуулагдсан. Ингээд өөрт олгогдсон чиг үүргийн дагуу Нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг Хөдөлмөрийн хэлтсүүдтэй нийлүүлэн өөрчлөн зохион байгуулах ажлын хүрээнд орон тоо нь байхгүй болсон ажилтнуудыг ажлаас чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан хэлтэсд шилжүүлсэн болно.

            Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/65* дугаартай захирамжаар дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн байгуулсан, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын орон тоо албан тушаал байхгүй болсон тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах болохыг удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.3-т зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргыг томилох тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Манай агентлагийн зүгээс зөвхөн бүтэц, орон тоог баталдаг болно.

            Тус агентлагийн зүгээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад удаа дараа нэхэмжлэгчийг ажилд томилохыг мэдэгдэж албан бичиг гаргуулж ирсэн болно.

            Иймд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг уг хэрэгт хамтран хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            2.2. Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[7]: “Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/65* дугаартай захирамжаар дүүргүүдий Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөр хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн байгуулсан.

            Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.3-т заасны дагуу дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг агентлагийн дарга томилох журамтай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.3-т заасны дагуу дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг сайд томилдог. Ингээд өөрчлөн байгуулагдсан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг томилох эрхийг сайд, бүтэц зохион байгуулалтыг тогтоох эрхийг Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга  тус тус эдлэхээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/12* дүгээр тушаал гарсан.

            Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/18* дугаартай тушаал, А/9* дугааратй тушаал гарч зарим дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга тухайн үед томилсон. Зөвхөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар зарим дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг томилсон бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.3 дахь хэсэгт 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг Нийслэлийн нйигмийн халамж үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилохоор болсон. Иймд нэхэмжлэгч З.Үын нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг Төрийн албаны зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28* дугаартай албан бичгээр шийдвэрлэсэн байх бөгөөд үүгээр Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга Т.О-т үүрэг өгч хариу ирүүлэхийг даалгасан байдаг.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагыг хариуцагч гэх тул нэхэмжлэгчийг ажилд авахгүй байгаа, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа томилох эрх бүхий этгээдийг хариуцагчаар татаж тайлбар авах нь хуульд нийцэж бйана.

            Манай агентлагийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/82 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг өөрчлөн байгуулагдсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байсан учир ажилд шууд томилох боломжгүй байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сард ажилд орох хүсэлтээ гаргах Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт орсон байжээ.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хариуцагч байх томилох эрх бүхий этгээдийг оролцуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            3. Гуравдагч этгээд Л.Ц 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[8]: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч З.Ү-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19 -ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар үүрэгт эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн байх бөгөөд тухайн үед нэхэмжпэгч хүүхэд асрах чөлөөтэй байсан.

            Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т заасны дагуу ажил, албан тушаалыг хэвээр хадгалах бөгөөд 36.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаал цомхотгогдсон тохиолдолд адил чанарын өөр албан тушаалд ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээх юм, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар, сарын 13-ны өдрийн 28* дугаартай албан тоотод энэ тухай тодорхой дурьдсан байгаа.

            Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-7 бөгөөд албан тушаалын ангилал нь ахлах түшмэл байна. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл, ангилалын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдзл баталгаагаар хангагдах ёстой атал Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга буюу албан тушаалын зэрэглэл ТЗ-8, албан тушаалын ангилал дэс түшмэл гэсэн ажпын байранд шууд томилуулахаар нэхэмжпэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Уг албан тушаалд миний бие зохих сонгон шалгаруулалтад орж тэнцэн томилогдсон болно.

            Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын зэрэглэл бууруулахгүйгээр зохих албан тушаалд буюу Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн албаны дарга гэсэн орон тоонд томилон ажиллуулах боломжтой болохыг мэдэгдэж байна.

            Энэ талаар нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр 1/2528 дугаартай албан тоотоор мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэлд ажил, албан тушаалд томилогдох шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2, 36.2 дахь хэсгийг үндэслэж тайлбарлаж байгаа боловч урьд эрхэлж байгаагүй, албан тушаалын зэрэглэ, ангилалд таарахгүй, сонгон шалгаруулалтаар томилогддог албан тушаалд томилуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч З.Ү-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах[9]-аар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс Нэгдүгээрт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах, Гуравдугаарт, Ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, Дөрөвдүгээрт, Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах зэрэг болно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна[10].

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар тушаал[11]-аар нэхэмжлэгч З.Ү-ыг ТЗ-7 зэрэглэлд хамруулж, Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс томилжээ.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай Б/37 дугаар тушаал[12]-аар Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга З.Ү ад 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/65* дугаар захирамж[13]-аар дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулжээ.

Уг шийдвэрийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/1* дүгээр тушаал[14]-аар шинээр нийлэх замаар өөрчлөгдсөн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/8* дугаар тушаал[15]-аар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулсантай холбоотой нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга З.Ү-ыг хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/9* дүгээр тушаал[16]-аар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар Л.Ц-ийг томилжээ.

Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд гаргахад тус яамнаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад З.Ү ын хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу судалж хариуг мэдэгдэхийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25* дугаар албан бичиг[17]-ээр мэдэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/119* дүгээр Өргөдлийн хариу хүргүүлэх тухай, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын Б/8* тушаалаар З.Ү-ыг тус хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн болно. Иймд ажлын байраар хангах талаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандана уу. гэсэн агуулга бүхий албан бичгийг[18] нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгчээс төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, хүүхдээ асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа үргэлжлэн ажиллах хүсэлтийг шийдвэрлэхгүй, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж маргасан.

Түүнчлэн хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч төрийн албан хаагчийн цалин хөлс авах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хэсгийг төлдөг баталгааг эдлэх боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэгч үзжээ.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажиллаж байсан нийгмийн халамжийн хэлтэс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтэстэй нэгтгэгдэж, орон тоо хасагдсан учир нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн хөдөлмөр, нийгэм халамжийн хэлтэст шилжүүлсэн, иймээс нэхэмжлэгчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа маргаан бидэнд хамааралгүй гэж маргажээ.

Гуравдагч этгээдээс зохих сонгон шалгаруулалтын дагуу шалгалт өгч албан тушаалд томилогдсон, нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь ТЗ-7, ахлах түшмэлийн ангилал, зэрэглэлд хамаарна, харин маргаж байгаа албан тушаал нь ТЗ-8, дэс түшмэлийн албан тушаалд хамаарах учир ялгаатай тул шууд томилуулах үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо, бүтэц өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон үед хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийг шүүх хэрэглэх нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан 27 дугаар зүйл зэргээс үзэхэд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцөлүүдийг заасан. Энэ нь төрийн захиргааны албан хаагчид олгогдож байгаа эрх юм.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг заасан хэм хэмжээг баримтална.

Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэлт баталгаагаар хангагдана: 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; гэжээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага ..., өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ..., эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан орон тоо цөөрүүлэх, 27.2.4-д заасан орон тоо хасагдсан гэдгийг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д ...орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино..., 15.1.2-т ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тайлбарласан зарчмаар ойлгох нь зүйтэй байна.

Тодруулбал, Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д Энэ хэсэгт заасан ...орон тоо цөөрсөн..., мөн зүйлийн 27.2.4-т заасан ...орон тоо хасагдсан ... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно. гэж заажээ.

Маргааны үйл баримтаас Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн даргын албан тушаал тус тусдаа 1 орон тоо байсан, нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эдгээр хэлтсүүд нийлэх замаар өөрчлөгдөн нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь өөрчлөгдөхөөс өмнөх болон одоогийн ажлын байрны тодорхойлолтуудыг[19] харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байрны зорилт, чиг үүрэгт өмнө нь эрхэлж байсан нийгмийн халамжийн асуудал дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн асуудал шинээр нэмэгдсэн байна.

Тухайлан хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын (хэлтсийн даргын) 2 орон тооноос нэг орон тоо хасагдаж 1 орон тоо болж цөөрсөн байна.

Маргаан бүхий тохиолдлын хувьд Төрийн албаны тухай 27.2.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо цөөрсөн байгаа бодит нөхцөлд байдал байгаа учир энэ хуулийн заалтын дагуу хариуцагчаас уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар зохицуулжээ.

Түүнчлэн Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан ...шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлэхээр заажээ.

Маргааны тохиолдлын хувьд нийлэх замаар өөрчлөгдсөн Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд гуравдагч этгээд Л.Ц-ийг томилохдоо Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн ирүүлсэн, Л.Ц нь зохих сонгон шалгаруулалтад орж томилогдсон гэдэг нь ажилд томилсон тушаал[20], гуравдагч этгээдийн тайлбар[21], хариуцагчаас шүүх хуралдааны явцад Л.Ц-ийг томилсон тушаал дээр Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг дурдсан, уг тогтоол сонгон шалгаруулалт явуулсан гэдгийг нотолно гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч талд энэхүү сонгон шалгаруулалт явуулах талаар хариуцагчаас мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгчээс өмнө нь ажиллаж байсан албан тушаал дээрээ албан тушаалын шатлал, цалин, зэрэг дэв буурахгүйгээр үргэлжлэн ажиллахаар шаардан маргаж байна.

Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 11 дүгээр зүйлийн 6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. гэжээ.

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж, уг хүсэлтийг ажил олгогчоос шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй байна.

Иймээс энэ асуудлаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж тус тус заажээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө. гэжээ.

Эдгээр хуулийн заалтын дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөө дуусаагүй байсан эсэхээс үл хамааран түүний хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог цөөрүүлсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчид өмнө нь ажиллаж байсан албан тушаалын шатлал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр өөр ажил олж өгөх үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн албан тушаал цөөрсөн байхад Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгаруулалтад оролцох боломжоор хангаж түүнд мэдэгдээгүй атлаа түүний ажилдаа эргэн орох хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлээгүй, түүнийг ижил төрлийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулаагүй гэдэг нь тогтоогдож байна.

Хариуцагчийн нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй, ижил төрлийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь дээр дурдсан Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийг 27 дугаар зүйлийн 27.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай тус тус нийцээгүй байна.

Хариуцагчийн энэхүү эс үйлдэхүйн улмаас төрийн захиргааны албан хаагч нэхэмжлэгчийн ажлын байраа хэвээр хадгалуулах, өмнөх ажилдаа албан тушаалын зэрэглэл буурахгүйгээр үргэлжлэн ажиллах, цалин хөлс авах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хэсгийг төлдөг баталгааг эдлэх боломжгүй болж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заажээ.

Уг заалтын дагуу хариуцагчаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалж нэхэмжлэгч нь ажилдаа үргэжлүүлэн ажиллаж, цалин хөлсөө авч чадаагүй байх тул хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж олж авч чадаагүй нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох нь зүйтэй байна.

Энэхүү нөхөн олговрыг тооцохдоо нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж байгаа 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон олгохыг дурдах нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчээс түүнийг байгууллага нийлэх замаар өөрчлөгдөн байгуулагдсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/82 дугаар тушаал[22], мөн хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын гуравдагч этгээд Л.Ц-ийг маргаан бүхий албан тушаалд томилсон 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/9* дүгээр тушаал[23]-ыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргаагүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаснаар гуравдагч этгээдийг томилсон шийдвэрийг хүчингүйд тооцох үр дагаврыг шууд үүсгэх шийдвэрийг шүүхээс гаргах үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж заасан.

Хариуцагчаас доод шатны байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, улмаар уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдийг томилсон үйлдлийг дээр дурдсан хуульд заасан хариуцагч байгууллагаас сонгох боломжийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байгаа бөгөөд хариуцагчаас уг сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах гэсэн шаардлагын бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн маргаж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө. гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид өмнө ажиллаж байсан ТЗ-7 албан тушаалын зэрэглэл, ахлах түшмэлийн ангиллын дагуу өмнөх цалин хөлсийг бууруулахгүйгээр ажил, албан тушаалд томилохыг даалган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан биелүүлэх жинхэнэ хариуцагч нь манай байгууллага биш, асуудал хариуцсан сайд юм гэж тайлбарлан маргаж байгаа үндэслэлийг тодруулах зорилгоор хэд хэдэн удаа тайлбар, нотлох баримтыг цуглуулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/315* албан бичгээр Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх асуудал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын бүрэн эрхийн асуудалд хамаарах тул... өгсөн гэсэн хариу[24], Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/8* дүгээр тушаал[25], Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг томилсон тушаал[26] зэрэг баримтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн даргын тушаалд томилох бүрэн эрхтэй байх тул хариуцагчийн маргаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл, Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Ү-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагын Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах гэсэн хэсгийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар олгож, мөн хугацаанд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нэхэмжлэгч З.Ү-ыг ахлах түшмэлийн ангилал, албан тушаалын ТЗ-7 зэрэглэл, өмнө нь авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.200 (гучин таван мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                       А.С

 


[1] 128/2016/0238/3 индекстэй /цаашид “Хэргийн “гэх/ хэргийн 66 дахь тал

[2] Хэргийн 1-3 дахь тал

[3] Хэргийн 18 дахь тал

[4] Хэргийн 63 дахь тал

[5] Хэргийн 102 дахь тал

[6] Хэргийн 26 дахь тал

[7] Хэргийн 135-136 дахь тал

[8] Хэргийн 131-132 дахь тал