Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1760

 

 “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01261 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32 979 743 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Ц.Рэнцэнхандын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Ю.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн захирал С.Оргодолын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогтын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар нь 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус банктай №271 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №271/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 32 900 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,3 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар нь №271 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн 000158080 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 6 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь №271 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Орон сууцны зээлийн гэрээний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар цуцалж байгаа болно. Зээлдэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29 547 798 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 403 727 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15 718 төгрөгийн зөрчилтэй байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор 12 500 төгрөгийн зардал гараад байна. Иймд зээлдэгч иргэн Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нартай байгуулсан №271 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 32 979 743 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нарын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Бид хоёр 30 жил төрд ажилласан бөгөөд төрийн албанд ажиллаж байхдаа цалингийн эх үүсвэрээр төлөхөөр орон сууцны зээл авч энэ байраа авсан. Бид улс төрийн сонгуулийн улмаас 2012 онд ажлаасаа чөлөөлөгдөж, ажилгүй болсон тул зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Намайг ажилд орох гэхээр нас заагаад авдаггүй. Нөхөр маань 2016 онд нэг ажилд орсон боловч 450 000 төгрөгийн цалингаас нь хувийн хэрэглээндээ зарцуулаад зээлээ төлөхөд хүндрэл учирсан. Бидний зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ипотекийн 8 хувийн зээлд энэ зээлийг маань хамруулж өгөөч гэж удаа дараа банкинд хандаж байсан. Банкны зүгээс зээл чинь хэвийн төлөлттэй байж шилждэг гээд хамруулаагүй атлаа цалингийн орлого багассан гээд гэрээг цуцлах үндэслэлгүй. Энэ зээл бол харьцангуй өндөр хүүтэй, бид зээлийн хугацаа хожимдуулдаг ч хүү, алдангийг нь банкинд төлдөг. Банкны хувьд ямар ч хохирол байдаггүй, бүх төлбөрөө авдаг. Зээлийн үлдэгдэл болон нэхэмжилж байгаа төлбөрийн хувьд ямар ч маргаан байхгүй, төлнө. Гэхдээ зээлийн гэрээ 15 жилийн хугацаатай байгуулагдсан, хугацаа нь дуусах болоогүй учраас төлбөрийн зөрчлөө арилгаад гэрээг үргэлжлүүлэх мөн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нараас 32 979 743 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 049 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 393 049 төгрөгийг гаргуулан "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Рэнцэнхандын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид 15 жилийн гэрээтэйгээр уг зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Тус банкны хүү 1.3 гэдэг бусад орон сууцны зээлүүдээс хамгийн өндөр хүүтэй байна. Уг зээл нь цалингийн орлогоос  санхүүждэг.  Бид өөрсдийн буруугаас ажлаас халагдаагүй, орон тооны бүтцээр халагдсан тул зээлийн төлөлтөд хүндрэл учирсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох  баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК нь хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт  32 979 743  төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж маргажээ.

 

Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар нь Худалдаа хөгжлийн банктай 2011 оны 08 дүгээр сарын 19-ний өдөр 271 дугаартай 180 cap буюу 15 жилийн хугацаатай, жилийн 15.6 хувь, сарын 1.3 хувийн хүүтэйгээр,  32 900 000 төгрөгийн "Орон сууцны зээлийн гэрээ", мөн өдөр зээлийн барьцаанд худалдан авч байгаа орон сууцаа буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн, 000158080 дугаартай гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 06 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан 271/01 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, гэрээг улсын бүртгэлт бүртгүүлсэн. /хх-ийн 5-6, 9-10х/ Зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн ба зээлдэгч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс зээл, зээлийн хүү төлөх үүргээ дахин зөрчсөн зэрэг үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн  байна. Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол гэрээг цуцлахаар тохиролцжээ. Зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зохигчид үүнээс өмнө хэд хэдэн удаа шүүхийн шийдвэрээр эвлэрч, гэрээний үүргээ хэвээр үргэлжлүүлж байсан байдлын талаар нэхэмжлэгч тайлбарладаг ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй зөрчсөн, үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой хугацаа заан үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, /хх-24-26/ үүргийг зөрчсөн нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болж нэхэмжлэгч шаардах эрхтэй болох талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ", 208 дугаар зүйлийн 208.1-д "Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ", мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т "Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно" гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нар ажилгүй байсан, ажлаасаа халагдсан учраас зээлээ төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах гомдолд дурдснаар шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах хоёр шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь алдаатай болсон /хх-27/ хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагад "худалдан борлуулах талаар хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж тайлбар гаргасан /хх-32-33/, зохигчид нэхэмжлэлийн бүх шаардлагад мэтгэлцсэн гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                     ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                        

                                                                                                          Б.НАРМАНДАХ