Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01261

                  Улаанбаатар хот

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 өөрийн байранд байрлах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40,000-ын гудамж, 12 дугаар байрны 06 тоотод оршин суух, Хэрмэн дэнж овогт Юмзүвийн Эрхэмбаатар /РД:ЧБ60021511/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40,000-ын гудамж, 12 дугаар байрны 06 тоотод оршин суух, Улаан шовх овогт Цэдээгийн Рэнцэнханд /РД:УС64070124/ нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,979,743.99 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Рэнцэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн захирал С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар нь 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус банктай № 271 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, № 271/01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 32,900,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,3 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан.

Иргэн Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар нь № 271 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн 000158080 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 6 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь №271 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул №271 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцалж байгаа болно.

Зээлдэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,547,798.21 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3,403,727.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15,718.27 төгрөгийн зөрчилтэй байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор 12,500 төгрөгийн зардал гараад байна.

Иймд зээлдэгч иргэн Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нартай байгуулсан №271 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилэхтэй холбогдон гарсан зардалд нийт 32,979,743.99 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нөхөр бид хоёр 30 жил төрд ажилласан бөгөөд төрийн албанд ажиллаж байхдаа цалингийн эх үүсвэрээр төлөхөөр орон сууцны зээл авч энэ байраа авсан.

Манай нөхөр бид хоёр улс төрийн удаа дараагийн сонгуулийн улмаас 2012 онд ажлаасаа чөлөөлөгдөж, ажилгүй болсны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Намайг ажил орох гэхээр нас заагаад ажилд авдаггүй. Нөхөр маань 2016 онд нэг ажилд орсон боловч 450,000 төгрөгийн цалингаас нь хувийн хэрэглээндээ зарцуулаад зээлээ төлөхөд хүндрэл учирсан.

Бидний зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ипотекийн 8 хувийн зээлд энэ зээлийг маань хамруулж өгөөч гэж удаа дараа банкинд хандаж байсан. Банкны зүгээс зээл чинь хэвийн төлөлттэй байж шилждэг гээд хамруулаагүй мөртлөө цалингийн орлого багассан гээд гэрээг цуцлах үндэслэлгүй.

Энэ зээл бол харьцангуй өндөр хүүтэй, бид зээлийн хугацаа хожимдуулдаг ч гэсэн хүү, алдангийг нь банкинд төлдөг. Банкны хувьд бол ямарч хохирол байдаггүй, бүх төлбөрөө авчихдаг.

Зээлийн үлдэгдэл болон нэхэмжилж байгаа төлбөрийн хувьд ямар ч маргаан байхгүй, төлнө. Гэхдээ зээлийн гэрээ 15 жилийн хугацаатай байгуулагдсан, хугацаа нь дуусах болоогүй учраас төлбөрийн зөрчлөө арилгаад гэрээг үргэлжлүүлэх мөн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлттэй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 29,547,798.21 төгрөг, зээлийн хүү 3,403,727.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,718.27 төгрөг, бусад зардал 12,500 төгрөг нийт 32,979,743.99 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Рэнцэнханд нь зээлийн гэрээний үүрэг 32,979,743.99 төгрөгийн төлбөрийг төлөх талаар болон тооцооллын хувьд маргаагүй. Харин зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учраас гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн.

             

Хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар нь Худалдаа хөгжлийн банкаас 2011 оны 8 дүгээр сарын 19-ний өдөр 180 сар буюу 15 жилийн хугацаатай, жилийн 15.6 хувь, сарын 1.3 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар 32,900,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд худалдан авч байгаа орон сууцаа буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн, 000158080 дугаартай гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40,000-тын 12 дугаар байрны 06 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 271/01 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлт бүртгүүлсэн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, талуудын тайлбараар тогтоогдлоо. /хх-ийн 5-6, 9-10 х/

 

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгуулагаас ирүүлсэн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээл төлүүлэх талаар зээлдэгчтэй хийсэн уулзалт, ярианы тэмдэглэл, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/2972, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/409, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5/1059 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл анх зээл авахад хийгдсэн зээлийн эргэн төлөх хуваарь болон зээл, зээлийн хүүгийн тооцоололын баримтуудыг харьцуулж үзэхэд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих хэмжээгээр биелүүлэхгүй, үүргээ байнга зөрчдөг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учраас хариуцагч нарыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан.

 

Зохигч талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол гэрээг цуцлахаар тохиролцжээ.

 

Гэтэл талууд зээлийн гэрээгээр зээлийг эргэн төлөх хугацааг 90 хоног хэтрүүлбэл гэрээг цуцлана гэж тохиролцсон атлаа зээл эргэн төлөх хугацааг хариуцагч нар нь 143 хоног хэтрүүлсэн байгаа байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол”, 222.1.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол” үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан.

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч буюу Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нарт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/409 тоот албан бичгээр зээл, зээлийн хүүгийн эргэн төлөх төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний дотор, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5/1059 тоот албан бичгээр зээл, зээлийн хүүгийн эргэн төлөх төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахыг тус тус мэдэгдсэн байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу хариуцагч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан үндэслэлд нийцжээ.

 

Мөн талуудын хооронд 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн Үл хөдөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхий барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байх бөгөөд уг гэрээнд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн 000158080 дугаартай гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40,000-тын 12 дугаар байрны 06 тоотод байрлах, 2 өрөө 30 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Хариуцагч Ц.Рэнцэнханд нь 2012 оноос, Ю.Эрхэмбаатар нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн ажилгүй болж, ажлаасаа халагдсан учраас зээлээ төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаархи баримтыг хэрэгт өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн үйл баримт, ... татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахыг шаардах эрхтэй байх тул талуудын хооронд хийгдсэн орон сууцны зээлийн гэрээг цуцалж, уг гэрээний үлдэгдэл төлбөр 29,547,798.21 төгрөг, зээлийн хүү 3,403,727.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,718.27 төгрөг, бусад зардал 12,500 төгрөг, нийт 32,979,743.99 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нараас 32,979,743.99 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ю.Эрхэмбаатар, Ц.Рэнцэнханд нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,049 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 393,049 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Х.ДАШДЭЧМАА