Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 679

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Д.С, Э.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н[1], нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М[2], хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т[3], хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.О[4], гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.М[5], гэрч А.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч Д.С, Э.Т нар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[6]:

             “...Нэхэмжлэгч Д.С нь Хан-Уул дүүргийн . дүгээр хороо, Үйлдвэрийн 3, Арцатын .. дугаар гудамж .-. тоот хаягт байрлах 32 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдан авч, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0001914.. дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч, улсын бүртгэлийн Ү-22060083.. дугаарт бүртгүүлсэн.

            Нэхэмжлэгч Э.Т нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэр 3, Арцатын .. дугаар гудамж .-. тоот хаягт байрлах 32 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдан авч, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 0001914.. дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч, улсын бүртгэлийн Ү-220600835*дугаарт бүртгүүлсэн. Бид 2012 оноос дээрх байшиндаа амьдарч, суурийн газар болон хашаалах газрын хэмжээгээр тус бүр 226,9 м.кв газрын кадастрын зураг хийлгэн гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших эрхээ баталгаажуулж авахаар 2014 оноос хөөцөлдөж, 3 удаа Хан-Уул дүүргийн Газрын албанд хандаж байсан. Өргөдлөө, холбогдох баримтын хамт бүрдүүлэн очих бүрт “...энэхүү газрыг эзэмшүүлэхтэй холбоотой ерөнхий төлөвлөгөө дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдаагүй байгаа. Олон жилийн турш нийтийн эдэлбэр газар байсан учир та бүгд ашиглаад явж байхад болно. Асуудал үүсэхгүй. Одоогоор эзэмшүүлэх боломжгүй байгаа тул өргөдлийг албан ёсоор авах боломжгүй...” гэсээр удаа дараа буцаадаг байсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сард дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Н.М тай очиж дээрх асуудлыг тодруултал өмнө нь бидний өргөдлийг хүлээн авалгүй амаар татгалзсан шийдвэр өгч буцаадаг байсан газар зохион байгуулагч Э.Мө нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77*дугаар захирамжаар өөрийн нэр дээр 500 м.кв газар өмчлөх эрхээ баталгаажуулж авсан байгааг мэдлээ. Улмаар Газрын албаны дарга Д.Г-тэй биечлэн уулзаж, гомдол, хүсэлтээ илэрхийлэхэд тэрээр “...намайг эзгүй байхад манай газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.Мө гэгч өөрийн нэр дээр та бүгдийн хүсэлт гаргаж буй газарт захирамж гаргуулсан байна. Энэхүү захирамжийг хүчингүй болгоогүй тохиолдолд та бүгдийн үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх боломжгүй байна” гэх тайлбарыг хэлсэн. Улмаар газар өмчлүүлэх шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргаж, энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан боловч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн. Дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.Мө нь биднийг хүсэлт гаргаж явж байгааг мэдсээр байж /магадгүй бидний кадастрын зургийг харж, авч болохоор сул газар байгааг мэдэж/ өөрийн нэр дээр газар эмчлөх болсон нь төрийн албан хаагчийн бүрэн эрхээ хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлынхоо төлөө ажилласан, мэдээллийн давуу байдлаа ашигласан хууль бус үйлдэл болжээ. Нөгөөтээгүүр бидний амьдарч буй байшингийн суурьтай тулгаж, газрыг өмчлүүлснээр бидний орц, гарц хаагдаж, өмчлөх эрх, амгалан тайван амьдрах эрхийг хязгаарлах болжээ. Иймд Э.Мө-т газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77* дугаар захирамжийн Э.Мө-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

            1.2. Нэхэмжлэгч Д.С, Э.Т нар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа[7]:

            Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч бид хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримттай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа сүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү.

            Бид анх нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаж, хариу авсан бөгөөд бидэнд “...Э.Мө нь ... Нийслэлийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77*дугаар захирамжаар газраа өмчилсөн байна” гэх агуулга бүхий 2018.12.05-ны өдрийн 01-08/5867 дугаар бичгийг өгсөн. Энэхүү албан бичгийн агуулгын хүрээнд нэхэмжлэгч нар зөвхөн Нийслэлийн Засаг даргын А/77* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэргээ шийдүүлэхээр явж байна.

            Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа “...иргэн Э.Мө нь ... Хан-Уул дүүргийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар газраа эзэмшсэн байна” гэж дурдаж, холбогдох баримтуудыг ирүүлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр баримтуудтай танилцахдаа дүүргийн Засаг дарга А/17* дугаар газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан гэдгийг мэдлээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаа хамтатган шийдүүлэх хүсэлт гаргаж байна.

            Хан-Уул дүүргийн Засаг дарга Э.Мө-т газар эзэмших эрх олгосноороо Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, бидний эзэмшиж, ашиглаж буй, дараа хүсэлт гаргасан газар дээр давхцуулан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн байна. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17* дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77* дугаар захирамжийн Э.Мө-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

            Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

            2.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[8]:

            “Тус шүүхэд хянагдаж буй иргэн Д.С, Э.Т нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн А/77* дугаартай захирамжийн иргэн Э М т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариуг хүргүүлж байна.

            Иргэн Э.Мө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат ..-ийн . тоот газрыг 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байжээ. Ийнхүү 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тухайн газраа өмчлөх хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны А/77*дугаар шийдвэрээр өмчилж авсан байна.

            Иргэн Д.С, Э.Т нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд тухайн маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж байсан, мөн Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагч Э М албан тушаалаа ашиглаж өөрийн нэр дээр гаргаж авсан гэж байгаа нь баримтаар нотлогдохгүй, мөн 2015 онд Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд Э.Мө гэх хүн ажиллаж байгаагүй, бөгөөд иргэн Д.С нь тухайн газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй, тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан хувийн хэргийн материал байхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            2.2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[9]:

            “Иргэн Д.С, Э.Т нарын нэхэмжлэлтэй тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

            Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу иргэн Э.Мө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж зааснаар хүсэлт гарган дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

            Иргэн Э.Мө-ыг тухайн газрыг эзэмших хүсэлт гаргахад маргаан бүхий газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, орц, гарц хаасан маргаангүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

            Мөн нэхэмжлэгч нар нь дүүргийн Засаг даргад хандаж Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй байна.

            Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар иргэн Э.Мө-т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэн Д.С, Э.Т нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Гурав.            Гуравдагч этгээд Э.Мө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа[10]:

            3.1. “...Иргэн Д.С, Э.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн Э.Мөын нэхэмжлэлийн хариу тайлбарыг дараах үндэслэлүүдээр гаргаж байна.

            Гуравдагч этгээд Э.Мө-т Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ..-. тоот хаяг бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн уг газраа өмчилж авах хүсэлт, холбогдох баримтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/77*дугаар захирамжаар хуулийн дагуу өмчилж авсан болно.

            Анх газар эзэмших хүсэлтийг гаргах үед тухайн газар дээр хэн нэгний эзэмшил, өмчлөх эрх үүсээгүй байсан ба энэ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, газрын хэмжээний хувьд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус заасантай нийцсэн ба эрх бүхий Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны газрын албаар шүүлт хийлгэхэд эзэмших боломжтой гэсэн хариуг өгч иргэн надад газар эзэмшүүлэх тухай захирамжийг гарган, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэр ба энэхүү шийдвэр, холбогдох бусад баримтыг үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд надад газар өмчлүүлэх тухай шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, тус хуулиудад нийцүүлж маргаан бүхий захиргааны актыг гаргаж газрын өмчлөх эрхийг хуульд заасны дагуу олгосон гэж үзэж байна.

            Нэхэмжлэгчийн хувьд удаа дараа хүсэлт гаргаж газар эзэмшихийг хүссэн гэх боловч энэ талаар баримт байхгүй, өмнө нь иргэн Ц.Б гэж хүн бас эзэмшил газартай давхацсан гэх шалтгаанаар иргэн Э.Мө-ын газрыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч түүнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхдээ хууль зөрчөөгүй байна гэж 3 шатны шүүхээс дүгнэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд одоо дахин дээрх иргэд газрыг нь хүчингүй болгуулахаар хандаж байгаа нь үндэслэлгүй үзэж байна.

            Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй бусдын эрхэд халдаагүй байх тул нэхэмжлэгчийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С, Э.Т нараас Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ:

1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77*дугаар захирамжийн Э.Мө-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжийн Э.Мө-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2014 оноос хойш гаргахад шийдвэрлээгүй атлаа хүсэлт гаргасан газартай давхцуулан гуравдагч этгээдэд олгосон, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт шууд залгаа байршилд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь орц, гарцыг хаасан, цонхыг таглах болсон, хээрийн судалгаа хийж бусдын орц, гарцыг хаасан эсэхийг шалгаагүй, эрх, ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй” гэж маргажээ.

Харин хариуцагч, гуравдагч этгээд талуудаас “нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхгүй, маргаан бүхий газар нь бусдын газартай давхцалгүй, орц, гарц хаасан нь газрын үзлэгээр тогтоогдоогүй, баруун талдаа орц, гарц төлөвлөгдсөн, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй” тус тус маргажээ.

Нэг.Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Д.С, Э.Т нар нь маргаан бүхий газартай зэргэлдээ хойд талд байрлалтай 1 давхар хувийн орон сууцны зориулалттай 32 м.кв 2 орон сууцны өмчлөгчөөр 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авсан гэдэг нь тогтоогдож байна.[11]

Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргад хандаж “...2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Вм” ХХК-иар үйлдүүлсэн кадастрын зураглалд дурдсан хэмжээгээр буюу Д.Ст 226,9 м.кв, Э.Тэ-д 226,9 талбай бүхий /маргаан бүхий газартай ижил байршилтай/ газрыг тус тусад нь эзэмшүүлж өгнө үү” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлтийг[12]  гаргажээ.

            Уг хүсэлтэд Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/586* дугаар албан бичгээр “... Иргэн Э.Мө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ..-. тоот 500 м.кв газрыг өмчилсөн байна. Газрын  тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгчээ.[13]

            Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын зарим хэсгийг эзэмших хүсэлт гаргах зорилгоор “Вм” ХХК-иар газрын байршлын кадастрын зургийг үйлдүүлсэн боловч газар эзэмших эрхийн дагуу нэгж талбарын дугаар мэдээллийн санд бүртгэгдээгүй гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын лавлагаагаар[14]  тогтоогдож байна.

            Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.С, Э.Т нар нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэл сонирхолтой байсан, 2014 онд кадастрын зураг хийлгэсэн[15] боловч газар эзэмших хүсэлтээ бичгээр 2014 оноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад бичгээр гаргасан, Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд өмчлүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгоогүй гэдэг нь тогтоогдож байна.

            Гуравдагч этгээд Э.Мө маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргаж[16], Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар[17] гуравдагч этгээд Э.Мөт маргаан бүхий нэгж талбарын 18******* дугаар бүхий 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Э.Мөт эзэмшүүлжээ[18].

            Уг маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын  2015 оны А/77*дугаар захирамжаар гуравдагч этгээд Э.Мө-т өмчлүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгожээ.[19]

            Гуравдагч этгээдийн өмчлөлийн 500 м.кв газартай нэхэмжлэгч нарын “Вм” ХХК-иар үйлдүүлсэн газрын байршлын кадастрын зурагт байгаа газар эзэмших хүсэлт /2018 оны 11 дүгээр сарын 15 өдөр/ гаргасан газар нь давхцалтай гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын лавлагаагаар[20] тогтоогдож байна.

            Гуравдагч этгээдийн өмчлөлийн 500 м.кв газар нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилгатай хойд хэсгээрээ шууд залгаа байршилтай гэдэг нь мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын лавлагаагаар тогтоогдож байна.

Хууль зүйн үндэслэлийн талаар:

1.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, гуравдагч этгээд Э.Мөын  маргаан бүхий газрыг эзэмших эрх 2015 оноос үүссэн, харин нэхэмжлэгч нар нь  маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг бичгээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гаргасан, 2014 оноос-2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд бичгээр хүсэлтээ гаргаагүй, мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хуульд заасны дагуу олж авсан, газар эзэмших гэрчилгээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч талаас “маргаан бүхий газрыг 2014 оноос хойш эзэмших хүсэлт гаргахад шийдвэрлээгүй атлаа хүсэлт гаргасан газартай давхцуулан гуравдагч этгээдэд олгосон” гэж маргаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1.овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; 32.2.2.эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг; 32.2.3.газар эзэмших зориулалт, хугацаа.” гэсэн хуулийн заалттай нийцээгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Учир нь дээр дурдсан Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэхэмжлэгч нараас маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2014 оноос-2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд бичгээр гаргаагүй тул “газрын байцаагч дээр очиж маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ амаар гаргасан” гэх нэхэмжлэгчийн тайлбар хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг “нэхэмжлэгч нараас газар эзэмших хүсэлтийг бичгээр гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших эрхийг гуравдагч этгээд Э.Мөт олгосон” гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалттай нийцсэн байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан “Монгол Улсын иргэнд зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан хуулийн заалтуудаас дүгнэхэд Монгол Улсын иргэн газар эзэмших, ашиглах эрх олж авахдаа Газрын тухай хуульд заасан журам, нөхцөлийн дагуу  бичгээр хүсэлт гаргаж, эрх бүхий Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр олж авах, газрыг зөвхөн  гэрчилгээг авч байж эзэмших, гэрчилгээгүй бол эзэмшиж, ашиглахыг хориглохоор зохицуулжээ.

Маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд Э.Мө-аас гаргах үед /2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр/ түрүүлж нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг дээр дурдсан Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу эрх бүхий этгээдээс олж авсан байдал тогтоогдохгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч нарыг хүсэлт гаргасан гэх үндэслэлээр “тэдний хүсэлт гаргасан газартай хуулийн дагуу газар эзэмших эрх нь үүссэн гуравдагч этгээд Э.Мөын маргаан бүхий газрыг давхцалтай гэж үзэх байсан” гэж хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжаар гуравдагч этгээд Э.Мөт маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.С, Э.Т нарын орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлах газартай давхцуулаагүй боловч газрын эзэмшлээ гуравдагч этгээдээс хэрэгжүүлэх явцад уг үл хөдлөх эд хөрөнгийн цонх, орц, гарцыг хаах боломжтой шууд залгаа байдлаар газар эзэмших эрх олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай 1 давхар орон сууц байх бөгөөд маргаан бүхий газар нь уг орон сууцны шууд залгаа урд хэсэгт байрлах бөгөөд орон сууцны оршин суугчдын ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах боломжтой зам талбай байсан бөгөөд маргаан бүхий газарт одоогийн байдлаар автомашины зогсоол байршиж байгаа гэдэг нь газрын үзлэгийн явцад тогтоогдож байна.

            Үүний учир цаг хугацааны хувьд түрүүлж буюу 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүссэн нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор үүссэн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах орц, гарцтай байх эрхийг түүний дараа буюу 2015 онд нэмэгдэж бий болсон гуравдагч этгээдийн газар эзэмших, газар өмчлөх эрхээр үгүйсгэх боломжгүй тул гуравдагч этгээдэд газар эзэмших, газар өмчлөх эрх олгосон маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн дээр дурдсан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Дээрхээс гадна, гуравдагч этгээдэд газар эзэмших, өмчлөх эрхийг  эрхийг олгосон хариуцагч байгууллагуудын шийдвэрүүд нь дор дурдсан хууль, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй:

-Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна”,

-Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Барилгын тухай хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль ... болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”

-Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”;

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 2.1.2-т Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх”, 2.1.3-т “Хээрийн судалгаа хийх,”

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт;”

            Мөн хариуцагч нараас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, тэднээс санал, хүсэлтийг асуусан нөхцөл байдлын талаар хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар гаргаж маргаагүй, үүнтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хариуцагч, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхгүй, баруун талдаа орц, гарц төлөвлөгдсөн, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй” гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчийн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах орц, гарцтай байх эрхийг үгүйсгэх үндэслэл биш гэдгийг мөн дурдах нь зүйтэй.

            Нэгтгэн дүгнэхэд, гуравдагч этгээд Э.Мөт газар эзэмших, өмчлөх эрхийг олгосон хариуцагч байгууллагуудын шийдвэрүүд нь хуульд нийцээгүй бөгөөд эдгээр шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор үүссэн орц, гарцтай байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэв.

            Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч нараас маргаан бүхий газарт очин хээрийн судалгаа хийж, хэмжилт хийн нэхэмжлэгч нарын орон сууцны оршин суугчийн хувьд орц, гарцтай байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжтой хэмжээгээр маргаан бүхий газрын буюу гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар дахин шинэ акт гаргах болохыг дурдах нь зүйтэй.

 

             3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С, Э.Т нараас Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан  “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77*дугаар захирамжийн Э.Мөт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжийн Э.Мө-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/77*дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/17*дугаар захирамжийн Э.Мөт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөс 35.200 төгрөгийн хариуцагч талуудаас хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.С


[1] 128/2016/0238/3 индекстэй /цаашид “Хэргийн “гэх/ хэргийн 1-р хавтас 20 дахь тал.

[2] Хэргийн 2-р хавтас 84 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 189 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтас 106 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 156 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 1-2 дахь тал.

[7] Хэргийн 2-р хавтас 82-83 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 52 дахь тал.

[9] Хэргийн 2-р хавтас 157 дахь тал

[10] Хэргийн 2-р хавтас 161-162 дахь тал.

[11] Хэргийн 1-р хавтас 16, 18 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 4-5 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[14] Хэргийн 2-р хавтас 230-234 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 7-9, 11 дэх тал

[16] Хэргийн 1-р хавтас 37 дахь тал

[17] Хэргийн 2-р хавтас 112-113 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 43 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 13-15, 38 дахь тал

[20] Хэргийн 2-р хавтас 230-234 дэх тал