Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

  Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

  Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Ж.Чимэг, Т.Урангоо,
Б.Зулбаяр, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаяр нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганга овогт Нямзавын Тогтохбал, Жамаа овогт Батбилэгийн Эрдэнэбаяр, Балжинням овогт Дашын Төгсжаргал, Дугар овогт Цэнд-Аюушын Ууганбаяр, Самдан овогт Догмидын Мэндбаяр, Аюуш овогт Содномпилын Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2016 1000 0097 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                 Монгол Улсын харьяат, 1982 оны 8 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт  Дорноговь аймгийн Дэлгэрэх сум,  4 дүгээр баг, Хонгор цагаан хошуу гудамж 3-3 тоотод оршин суух,  урьд ял шийтгүүлж байгаагүй, Ганга овогт Нямзавын Тогтохбал   /РД:ЕГ82080611/

                 Монгол Улсын харьяат, 1977 оны 12 сарын 08 -ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Дэлгэрэх сум,  1-р баг, “Цагаан хад” гэх газарт оршин суух,  урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн , гэм буруутайд тооцож 2 жил 1 сар хорих ял шийтгэснийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Жамаа овогт Батбилэгийн Эрдэнэбаяр /РД:ЕГ77120811/

              Монгол Улсын харьяат, 1986 оны 4 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эцэг, эх, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт  Дорноговь аймгийн Дэлгэрэх сум,  1 дүгээр баг, Цагаанхад гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Балжинням овогт Дашын Төгсжаргал   /РД:ЕГ86041213/

                 Монгол Улсын харьяат, 1985 оны 9 сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд сум,  3 дугаар баг, Шагын овоо  “Хүйтэн” гэх газарт оршин суух,  урьд ял шийтгүүлж байгаагүй, Дугар овогт Цэнд-Аюушын Ууганбаяр  /РД:ЕК85092477/

 

              Монгол Улсын харьяат, 1980 оны 11сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин , ам бүл 3, эцэг, дүү нарын хамт  Дорноговь аймгийн Сайншанд сум,  3 дугаар баг, Мааньзав гудамж 1-73/а тоотод оршин суух хаягтай боловч одоогоор тус аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр баг Өргөний уул гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Самдан овогт Догмидын Мэндбаяр   /РД:ЕГ80110810/

                 Монгол Улсын харьяат, 1982 оны 12 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, 2 хүүхэд, 2 дүүгийн  нарын хамт  Дорноговь аймгийн Дэлгэрэх сум,  2 дугаар баг, Аман шанд гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 19ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугцаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр суллагдсан,  Аюуш овогт Содномпилын Бат-Эрдэнэ   /РД:ЕГ82120118/

 

             Шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр нар нь  2015 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ сум, 2 дугаар баг, Нүхэн гэх газарт 64-76 ДГО улсын дугаартай Соната 2 маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн  хохирогч Л.Чинбатын эзэшлийн 1 тооны 2 настай эр бяруу хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан

 

     Шүүгдэгч Н.Тогтохбал, Б.Эрдэнэбаяр нар 2016 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Дорноговь  аймгийн Дэлгэрэх сум, 4 дүгээр баг, Дэрсэнэ ус гэх газарт  31-25 ДГО улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн хохирогч М.Дашдондогийн 1 тооны эр үхэрийг хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Н.Тогтохбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Отгонбаяр хөдөө хаваржааны цас арилгана гэж байсан. Үхрээ өвөл цугтаа өргөний нутагт харж байсан чинь суман дээр 50 гаруй үхэр аваачсан чинь өвс нь  дийлдэхгүй байна хөдөө гаръя хаваржаанд аваачъя хоёулаа Дэлгэрэх явъя гэж хэлж байсан. Тэгээд явах гэж байхад Эрдэнэбаяр ирээд хамт явъя гэсэн. Үхэр алдсан цуг явъя дээр харсан гээд хамт явсан. Бид гурав явж байгаад  4 адууны шир хуулж аваад адууны шир өссөн байсан. Тэгээд замд үхэр байна гэсэн. Энэ миний үхэр байна гэхээр нь барьж авч хийсэн. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Төгсжаргал, Мэндбаяр хоёр машин эвдэрчихлээ, жижиг тэрэгний, портерны сэлбэг авчирч янзалъя, аймаг явъя гэсэн. Мэндбаяр, Төгсжаргалтай хамт явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

   Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 1 сарын 23-нд Отгонбаярын гэрт очсон. Тогтохбал Отгонбаяр 2 хөдөө явах гэж байхаар нь хамт явсан юм. Отгонбаяр хаваржааныхаа цасыг арилгана гээд явах гэж байсан юм. Би тэгэхээр нь хамт явъя гээд замаараа үхсэн адууны шир хуулна гэж бодож байсан. Замын хажууд хэдэн үхэр байсан. Би алдсан үхрээ хайж байгаа гэж хэлж байсан болохоор зогсож харах уу гэсэн чинь Тогтохбал хүрэн үхэр дажгүй үхэр байна сар шинэ болох гээд байна гэхэд нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тогтохбал бид хоёр тэр хүрэн үхрийг хийгээд аймагт авчирч махалж зарсан. Гэмшиж байна дахиж хэрэгт холбогдохгүй гэсэн мэдүүлэг,

   Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Мэндбаярын хар зүсмийн бярууг нь хийгээд Дэлгэрэх суманд ирсэн. Ууганбаяр машиндаа үлдээд Мэндбаяр бид хоёр Тогтохбалын гэрт орсон. Дэлгэрэх сумын таньдаг хүмүүс болон Төгсжаргал, Тогтохбал нар бөөндөө сууж байсан. Тэгээд таньдаг хүмүүстэй юм яриад бас нэг архи задалчихсан байсан. Тэрнээс нь хамт уугаад сууж байтал. Төгсжаргал, Мэндбаяр хоёр гараад явсан. Ууганбаяртай тэр чигээрээ машинтайгаа яваад нилээн удаж байж ирэхдээ бичиг баримт бүх юмаа авчихлаа, бензинээ хийчихлээ одоо гарцгаая гээд Төгсжаргалын гэр рүү яваад, Төгсжаргал унаж очсон морио тавиад эмээлээ аваад машинд суугаад гэртээ очоод гэрээсээ мал авна гэж ярьсан. Мал өгч явуулахгүй гэж гэр бүлийн маргаан тухайн үед гарсан. Тэгээд бид нар цай уучихаад гадаа машинд сууж байхад бүгд явахаар болоод гарч ирэнгүүтээ өвөлжөөгөөр дамжаад энэ хавиар манай үхэр байгаа. Дамжаад хийгээд явъя, хар бяруу хийж авч явна гэж хэлээд явсан. Мотоцикль зарсан хөлсөндөө авсан бяруу байгаа. Тэрийг очиж авна гээд наашаа явж байх замдаа өвөлжөөгөөрөө дамжуулаад Зараа бригадын их замд наашаа явж байхдаа мал хараад л яваад байсан. Зараа бригадын баруун урд дээр байсан үхэр дээр очоод тэнд үзэж байгаад эндээс хар бяруугаа аваад явна гэсэн. Өмнө нь үзсэн харсныг би мэдэхгүй, ер нь бол гэрээсээ авна гэж анх бичгээ авсан, бүх юм бэлэн болсон гэж байсан. Тэгээд хүний үхрийг хийж аваад багажиндаа хийгээд шөнө аймаг дээр ирж хоночихоод маргааш өглөө нь зах дээр авчирч өгсөн. гэсэн мэдүүлэг,

      Шүүгдэгч Д.Төгсжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 10 сарын сүүлээр Мэндбаяр, Ууганбаяр, Тогтохбал нартай явсан. Анхнаасаа хулгай хийх бодолгүй байсан. Хамт ирж байхдаа үхэр мал авна, бичиг ав гээд байсан. Анхнааса гэрээсээ мал авна гэж яриагүй. Бичиг авсан юм  чинь үхэр авъя гэсэн санал гараад авсан. Би тухайн үед тэр хэрэгт хамрагдсан болохоор буруутай гэдгээ мэдэж байна. Дахиж хулгай хийхгүй, хулгай хийх санаачлагыг би гаргаагүй. бүгдээрээ гаргасан гэсэн мэдүүлэг,

      Шүүгдэгч Ц.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 11 сарын эхээр Сайншандад Замын-Үүдээс ирсэн байсан. Мэндбаяртай таараад хөдөө явахуу гэхээр нь зүгээр байхаас явъя гэсэн. Хашааг нь янзалчихаад эргээд Бат-Эрдэнэ, Мэндбаяр бид 3 явсан. Наашаа Дэлгэрэх сумаас Сайншандруу явсан. Тэгэхэд Тогтохбал, Төгсжаргал хоёр хамт явъя гэсэн. Бүгдээрээ наашаа явсан . үхэр хулгайлсан хэрэгт орсон доо харамсаж байна гэсэн мэдүүлэг,

   Шүүгдэгч Д.Мэндбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ноднин хавар 5 сард банкны зээл хийсэн. Төгсжаргалд 1 000 000 төгрөг зээлүүлсэн байсан. Тэрийгээ авах гэж  10 сарын 20-ны үед очсон. Төгсжаргал Хэнтий аймаг явж 6 адуу зарж надад 650 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө би гэрээсээ 10-д хонь авчирч Сайншандад зараад зээлдээ өгсөн. Маргааш нь буцах гэсэн чинь айлдаа байж бай би хүнтэй уулзчихаад буцаад ирье гээд алга болсон. 7-8 хоног явж явж байгаад ирсэн. Ирэхдээ машинаа эвдчихээд ирсэн. Тэгээд буцаж ирээд Дэлгэрэх сум явъя машин тэргээ янзалмаар байна. Үхэр авчиръя гэж хэлсэн. Тэгээд явахдаа 5-уулаа Сайншандаас явсан. Төгсжаргал гэртээ үлдээд Тогтохбалд машинаа өгсөн. Зүүн тиймшээ яваад Мэндбаярын үхрийн ачаад ирээ ирэхээр чинь би баруун тийшээ хамт явнаа суман дээр ирээд яриарай гэж хэлсэн. Би гэртээ очиж нэг хоночихоод малаа хийгээд замаараа Төгсжаргалыг аваад ирсэн. Би хулгай хийнэ гэж бодоогүй Төгсжаргал гэрээсээ үхэр авна гэж тэр бичгийг авахуулсан. Зүс нь зөрсөн байна гэхэд тэр хамаагүй гэж хэлсэн. зараа бригадын тэндээс бярууг хийсэн. Төгсжаргал өөрөө хэд хоногийн өмнө тэр бярууг үзсэн гэсэн мэдүүлэг,

 

    Хохирогч  М.Дашдондогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх энэ жил Өргөн сумын 2 дугаар баг, буурал гэх газарт өвөлжсөн юм манайх өвөлжөөнөөс зүүн тийш 10 орчим км-т Дэлгэрэх Өргөн сумын зааг Дэрсэнэ усанд бэлчээдэг байсан 2016 оны 1 сарын 24-ны өглөө би Дэрсэнэ ус орж үхрээ үзэхэд манай 9 тооны үхэр бэлчээр дээр байсан ба 2 хоногийн дараа буюу 2016 оны 1 сарын 26-ны өдөр үхрээ очиж үзэхэд манай 9 тооны үхэр байхгүй байсан ба нас гүйцсэн буруу чих цуулбар, зөв чих дээрээсээ ганзага халтар нас гүйцсэн эр үхрийг бэлчээр дээр нь нядалж гэдэс дотрыг нь хаяад машинд ачин авч явсан байсан. Тухайн үхрийн гэдэс хаясан газарт зөв талдаа арзгар хээтэй буруу талдаа усан хээтэй авто машины мөр үлдсэн байсан. Хаясан гэдэс дотрыг үзэхэд тарган бүдүүн үхрийн гэдэс дотор байсан ба манай бэлчээрт байсан үхэрнээс нас гүйцсэн халтар үхэр л тарган үхэр байсан юм. Тийм болохоор халтар үхрийг нядалсан байна гэж мэдсэн...бэлчээр дээр нядалсан халтар үхэрийн хохирол мөнгийг нэхэмжилнэ бусад үхэр айлын үхэртэй нийлж уруудаад явсан байх гэж бодож байсан...одоогийн байдлаар 7 настай 1 эр үхрийн хохирол 1.500.000 төгрөг, мөн 1 удаа аймаг орж ирэхдээ машиндаа 60.000  төгрөгөөр түлш хийж ирдэг байсан. Аймаг хөдөө гэр хоёрын хооронд 5 удаа түлш хийж ирсэн 300.000 төгрөгийг нэхэмжилнэ... нийт 1800.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ. Миний хувьд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22/,

Хохирогч Л.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 сард манайх Алтанширээ сумын 2 дугаар багийн “Нүхэн “ гэх газарт өвөлжиж  байсан. Тухайн үед яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна манай малаас 1 тооны хар зүсмийн эр буяруу хулгайд алдагдаад олдохгүй байсан. Им тэмдэг нь зөв чих цуулбар имтэй, буруу чих зүрх имтэй байсан өөр им байгаагүй. Тухайн үед нь би 2 настай эр бяруу чих зүрх имтэй байсан өөр им байгаагүй. Тухайн үед  би 2 настай эр хар зүсмийн бяруугаа хайгаад олоогүй. Тухайн үед цаг муудаж манайх урагшаа Улаанбадрах сум руу отроор нүүгээд явчихсан байсан учраас цагдаад мэдэгдэж амжаагүй....хулгайд алдсан 1 бярууны хохирол 300.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан...нийт 500.000 төгрөг  бэлнээр авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30/, 

Иргэний нэхэмжлэгч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:“...2015 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна...Миний эзэмшлийн 64-76 ДГА улсын дугаартай Соната-2 маркийн суудлын автомашины багажид үхрийн махаа хийгээд аймаг луу явах гэсэн юм машинаа өгөөч гэж надаас хадам ах Мэндбаяр гуйхаар нь би үгүй гэж хэлж чадахгүй машинаа өгчихсөн юм...Мэндбаяр, Бат-Эрдэнэ, Ууганбаяр нараас хүн тус бүрээс нь 500.000 төгрөг бэлнээр авсан. Нийт 1.500.000  төгрөгийг бэлнээр авсан учир Мэндбаяр, Бат-Эрдэнэ, Ууганбаяр нарт миний зүгээс гомдол санал байхгүй одоо үлдсэн 1.000.000 төгрөгийг Төгсжаргал, Тогтохбал хоёроос нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 24-25, 27/,  

Иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 1 сарын 21-ний өдөр машинтайгаа явах гэсэн чинь хөдөө цас ихтэй бас өөрийнхөө 31-25 ДГО улсын дугаартай саарал өнгийн РАВ-4  маркийн машинаа сайн жолоодож чаддаггүй учраас төрсөн хүү Б.Отгонбаатараар бариулаад хоёулаа аймгийн төвд ирсэн. Би тэр өдрөө замын унаагаар буцсан. Би Б.Отгонбаатарыг араас миний машиныг бариад ирээрэй  гэж хэлээд аймагт хашаандаа үлдээчихээд явсан Отгонбаатар хөдөө очоод хүлээгээд байсан чинь ирээгүй. Эрдэнэбаяр гэдэг хүн Отгонбаатарыг гуйж хөдөө авч яваад үхэр ачсан гэдгийг нь би 2016 оны 1 сарын сүүлээр санаж байна яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна Отгонбаатартай утсаар яриад чи яагаад ирэхгүй удаад байгаа юм бэ гэсэн чинь Эрдэнэбаяр намайг гуйж авч яваад хэрэгт би орчихлоо гэж ярьж байсан...хэрвээ миний машин улсын орлого болвол би Тогтохбал, Эрдэнэбаяр гэдэг хоёр хүнээс автомашины 8.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-33/,

7.Гэрч Т.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 11 сарын эхээр шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг би сайн санахгүй байна. Манай гэр тухайн үед Дэлгэрэх сумын 2 дугаар багийн “Баруун хундаа” гэдэг газар өвөлжиж байсан. Манай төрсөн ах Д.Мэндбаяр манай гэрт хамт өвөлжиж байсан. Мэндбаярын ахын мал манай малтай хамт байдаг болохоор  тухайн үед Мэндбаяр ах зээл төлөх хугацаа болчихоод өөрийнхөө малаас хар зүсмийн зөв чих зүрх имтэй, буруу чих цуулбар имтэй мухар эр 2 настай 1 бяруугаа Бат-Эрдэнэ, Ууганбаяр, манай нөхөр Отгонбаяр дөрөв хамт гэрийн гадаа ажилласан. Би бярууных нь гэдсийг арилгаж өгсөн. Мэндбаяр ах манай нөхөр Отгонбаярын 64-76 ДГА улсын дугаартай Соната-2 маркийн ногоон өнгийн машиныг нь гуйж аваад бярууныхаа махыг ачаад Дэлгэрэх сумын төв рүү машиныг нь жолоодож явсан. Ууганбаяр, Бат-Эрдэнэ хоёр бас хамт явсан....Мэндбаяр ах дахиж гэрээсээ мал аваагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 35-37/,

            Гэрч У.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2015 оны 11 сард шиг санаж байна...Мэндбаяр ногоон өнгийн суудлын жижиг машин барьчихсан хамт Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Тогтохбал, манай нөхөр Төгсжаргал нар ирсэн. Би тухайн үед Төгсжаргалаас чи өөрийнхөө машиныг яачихсан юм бэ гэж асуухад Мэндбаяр хажуунаас  доод аппарат нь эвдэрчихсэн би түүнийг нь авч өгнө Төгсжаргалыг аймаг руу хамт авч явчихаад буцаана гэж Мэндбаяр хэлж байсан...би тухайн үед Төгсжаргалыг сум руу явахад нь машин чинь түлшгүй болчихсон биз гэж хэлээд 10.000 төгрөгөөр түлш хий гэж өгч явуулсан. Сумын төвөөс ирэхэд нь мөнгө чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь Төгсжаргал машин эвдэрчихсэн гэхээр нь би тэгвэл мөнгө аваад ир гэсэн чинь Мэндбаяр ах мөнгөгүй гээд надаар 2 үхрийн бичиг 7000 төгрөгөөр авахуулсан үлдсэн 3000 төгрөг надад байгаа гэхээр нь би наад мөнгийг чинь авахгүй гээд аваагүй...Төгсжаргал тэр хэдтэй аймаг яваад 1 хоноод маргааш нь машины сэлбэгийг аваад хөдөө гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 38-40/,

Гэрч Ц.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 сард шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна “Буян-Шанд” худалдааны төвийн ард зогсож байхад 1 бярууны махтай ирсэн. 1 кг үрхийн махыг 2500 төгрөгөөр бодож 77 кг үхрийн махыг би Төгсжаргалаас авч 192.500 төгрөг өгсөн. Тухайн үед Төгсжаргал надад хэлэхдээ өөрийнхөө мал гэж хэлээд өгсөн би хулгайн мах гэдгийг мэдээгүй авсан. Гарал үүслийн бичигтэй байсан болохоор нь авчихсан юм. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45/,

Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 сарын эхээр шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Буянтшанд худалдааны төвийн урд талын үдийн өмнө 11 цагийн орчим зогсож байхад Дэлгэрэх сумын миний зүс таних Мэндбаяр гэдэг залуу хөдөөнөөс 1 бярууны махтай ирсэн авах уу гэхээр би авъя гэж хэлээд 1 бярууны махыг авсан. 1кг махыг 3000 төгрөгөөр бодож 100 кг бярууны махыг би Мэндбаяраас авч 300.000 төгрөгөөр бэлнээр авсан... ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 45-46/,

Гэрч Ч.Маналжавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг Дэлгэрэх сумын төвд гэртээ байж байхад 16 цагийн үед шиг санаж байна Төгсжаргал гэдэг залуу ганцаараа орж ирээд 1 дүгээр багийн Засаг дарга Д.Цэрэнчимэд байхгүй байна та 2 бярууны бичиг хийгээд өгчих гэхээр нь би юун бярууны бичиг авч хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад Төгсжаргал тухайн үед хэлэхдээ Сайншанд сум руу Мэндбаяртай хамт 64-76 ДГА улсын дугаартай “Соната-2” маркийн машинтай явнаа гэж хэлж байсан. Нэг бярууг нь сумын зүүн талаас хийж ирнэ нэг бярууг нь би хөдөө гэртээ очиж хийж авч явна гэж хэлэхээр би тухайн үед Төгсжаргалд итгээд 2 бярууны тодорхойлолт хийж өгсөн. Бас зүс хэлж бярууны бичиг авсан. Үүнд 1 улаан шүдлэн /зөв чих ухам, цуулбар имтэй/ 2 улаан бяруу 2 бярууны бичгээ авахдаа эр, эм хүйсийг нь тухайн үед надад хэлээгүй тодорхойлолт хийлгүүлж аваад явсан. Төгсжаргал дахиж надаас малын тодорхойлолт аваагүй... ” гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 56-57 /

Гэрч Г.Мөнхбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мэндбаяр гэж хүн үхрийн шир 20.000 төгрөгөөр зарсан. Би ямар үхрийн шийр авсан талаар мэдэхгүй байна. Харин миний дэвтэр дээр Д.Мэндбаяр үхрийн шир 20.000 төгрөгөөр зарсан гэж бичигдсэн байна. Би хэнтэй ирж тэр үхрийн арьс ширээ өгсөн талаар бол санахгүй байна... ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 59-60/, 

Гэрч Б.Олзбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11  сард шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би ажлаасаа ирчихсэн гэртээ амарч байхад шөнийн 2 цагийн үед Бат-Эрдэнэ намайг дуудаад нойрмог байхад үхрийн мах тампорт чинь тавьчихъя гэж хэлж байсан. Би нойрондоо тэгээ гэж хэлчихээд унтаад өгсөн. Маргааш  өглөө 8 цагт босоод ажилдаа явах гэж байхад хашаан дотор жижиг ногоон өнгийн суудлын машин байж байсан Бат-Эрдэнэ найзуудтайгаа  тэр жижиг суудлын машины ар талд үхрийн мах ачиж байсан би ч ажилдаа явах  гээд яараад байсан болохоор хичнээн үхрийн махтай хөдөөнөөс ирснийг мэдээгүй. Сүүлд сураг сонсоход нь 2 үхрийн махтай Бат-Эрдэнийг хөдөөнөөс ирсэн гэдгийг мэдсэн... ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 65-66/,

 

    Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16, 18, 20/

    Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17, 19/

    Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тогтоол /хх-ийн 67/

    Ашид билгүүн ХХК /хх-ийн 68, 74, 83, 93, 100, /

    Шинжилгээ хийх шинжээч томилох тухай /хх-ийн 73, 82, 92, 99/

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 06-11, 24 / зэрэг болно.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн,энэ хэрэгт  хамааралтай,нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд,бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр

            Шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр нар нь  бүлэглэн  2015 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ сум, 2 дугаар баг, Нүхэн гэх газарт 64-76 ДГО улсын дугаартай Соната 2 маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн хохирогч Л.Чинбатын эзэшлийн 1 тооны 2 настай эр бяруу хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан

 мөн шүүгдэгч Н.Тогтохбал, Б.Эрдэнэбаяр нар нь   бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Дорноговь  аймгийн Дэлгэрэх сум, 4 дүгээр баг, Дэрсэнэ ус гэх газарт  31-25 ДГО улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн хохирогч М.Дашдондогийн 1 тооны эр үхэрийг хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна  гэж үзлээ.

     Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр, Б.Эрдэнэбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр болон шүүгдэгч Н.Тогтохбал,Б.Эрдэнэбаяр нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх тухайгаа хоорондоо урдаас ярьж тохиролцоогүй боловч гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлж бусдын үхрийг хулгайлахдаа санаатай хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч нарын хамтран оролцсон хэлбэрийг тогтоох шаардлагатай гэсэн шүүгдэгч Н.Тогтохбалын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

              Хохирогч Л.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “хулгайд алдсан 1 бярууны хохирол 300.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан...нийт 500.000 төгрөг  бэлнээр авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр нарыг хохирогч Л.Чинбатад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Тогтохбал, Б.Эрдэнэбаяр нар нь хохирогч М.Дашдондогт учруулсан 1 үхрийн үнэ буюу 1500000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Хохирогч М.Дашдондог нь бензиний үнэ 300000 төгрөг нэмж нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 64-76 ДГО улсын дугаартай Соната 2 маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.Отгонбаярын эзэмшлийнх болох нь , шүүгдэгч Н.Тогтохбал,Б.Эрдэнэбаяр нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 31-25 ДГО улсын дугаартай саарал өнгийн РАВ-4 маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Гантөмөрийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба  дээрх тээврийн хэрэгслийн жолооч нар нь тээврийн хэрэгслээ шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болохыг мэдээгүй болох нь иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Б.Гантөмөр нарт   тээврийн хэрэгслийг буцаан олгож, шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын эд хөрөнгийн байдлыг харгалзан нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул /хавтаст хэргийн 18 тал/ 6 настай 3 эм үнээ болон тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож байгаа тул /хавтаст хэргийн 16,20 дугаар талд/ тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Тогтохбал, Ц.Ууганбаяр нар нь нийт 16 хоног, шүүгдэгч С.Бат-Эрдэнэ, Д.Мэндбаяр нар нь 11 цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч Д.Төгсжаргал, Б.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

             Шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал,эд зүйлийг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй байдал болон  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.                                    

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1.Шүүгдэгч Ганга овогт Нямзавын Тогтохбал, Жамаа овогт Батбилэгийн Эрдэнэбаяр, Балжинням овогт Дашын Төгсжаргал, Дугар овогт Цэнд-Аюушын Ууганбаяр, Самдан овогт Догмидын Мэндбаяр, Аюуш овогт Содномпилын Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн машин механизм хэрэглэж  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тогтохбалд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сар хорих ял,  шүүгдэгч С.Бат-Эрдэнэ,Д.Төгсжаргал ,Ц.Ууганбаяр , Д.Мэндбаяр , Б.Эрдэнэбаяр нарт  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жил 1 сар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тогтохбал, С.Бат-Эрдэнэ, Д.Төгсжаргал, Ц.Ууганбаяр, Д.Мэндбаяр, Б.Эрдэнэбаяр нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тогтохбал, Ц.Ууганбаяр нарын цагдан хоригдсон 16 хоног, шүүгдэгч С.Бат-Эрдэнэ, Д.Мэндбаяр нарын  цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 5.Шүүгдэгч Д.Төгсжаргал, Б.Эрдэнэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн  49.2-т зааснаар шүүгдэгч Н.Тогтохбалаас 4500000 төгрөг, Б.Эрдэнэбаяраас 4000000 төгрөг, Д.Төгсжаргал, Д.Мэндбаяр, С.Бат-Эрдэнэ, Ц.Ууганбаяр нараас тус бүр 500000 төгрөгийг тус тус гаргуулан  улсын орлогод оруулсугай.

            7. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тогтохбалаас 750000 төгрөг, шүүгдэгч Б.Эрдэнэбаяраас 750000 төгрөг тус тус гаргуулан хохирогч М.Дашдондогт олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.         

             8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар 64-76 ДГА улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ц.Отгонбаярт/Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа/, 31-25 ДГО улсын дугаартай саарал өнгийн РАВ-4 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч  Б.Гантөмөр нарт  буцаан олгосугай.

           9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 64-76 ДГА улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл, 31-25 ДГО улсын дугаартай саарал өнгийн РАВ-4 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын 2100000 төгрөгний үнэ бүхий 6 настай 3 үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Төгсжаргал, Д.Мэндбаяр, С.Бат-Эрдэнэ,Ц.Ууганбаяр нарт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг шүүгдэгч тус бүр 2 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

          11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, Н.Тогтохбал нарт цагдан хорих, шүүгдэгч Д.Төгсжаргал, Д.Мэндбаяр, С.Бат-Эрдэнэ,Ц.Ууганбаяр нарт   батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12.ЭБШ хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН