Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 520

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүгч Н.Д, Ц.М нарын бүрэлдэхүүнтэй, “Дсн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, БОАЖС-д  холбогдох захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д[1], Н.Ч[2], Н.Б[3], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б[4], гуравдагч этгээд “Ут” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н[5] өмгөөлөгч Н.Э[6], гэрч Д.Б[7], иргэдийн төлөөлөгч Ө.А[8], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч “Дсн” НҮТББ 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[9]:

             “...Манай “ Дсн” НҮТББ нь 2015 оны 05 дугаар сарын 19- ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Хан-Уул дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан хорооны ард иргэдтэй хамтран Цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын аманд 10 га газар олгох хүсэлт гаргасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус газрыг бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийг манайд ирүүлсэн атлаа бидний цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар хүсэлт гаргасан 10 га газрыг “Ут” ХХК-ийн 30 га газрын кадастрын зургийг өөрчлөн тус компанид олгосон байсан.

            Иймд бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга асан н.Эийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Ут” ХХК-ийн 797 дугаар газар ашиглах гэрчилгээг сунгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй солбицлыг өөрчилснийг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Ч.Б нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 797 дугаар газар ашиглах гэрчилгээний хавсралтан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр өөрчлөлт оруулж солбицлыг өөрчилснийг хууль бус гэж үзэн удаа дараа маргаж энэ талаар тус сайд Н.Б-т гомдол гаргаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан боловч өөрийн яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нарын хууль бус шийдвэрийг өөрчлөхгүй байсаар байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нарын энэ хууль бус шийдвэрээс болж Монгол Улсын иргэн, Аж ахуй нэгж зөвшөөрөгдсөн нөхцөл журмын дагуу тусгай хамгаалалт бүхий газарт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар ашиглах болно гэсэн хуулийн дагуу бид тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхтэй. Гэтэл бидний гаргасан хүсэлт, улмаар цаашид газар ашиглаж болох эрх дээрх шийдвэрээс болж зөрчигдөж өөрсдийн хөрөнгө оруулсан газрыг ашиглах боломжгүйд хүрч бидний хуулиар олгосон эрх зөрчигдөж байна.

            Мөн Богд Уулын Богинын аманд Хан-Уул дүүргийн 50 жилийн ойн баярт зориулан 10.000 мод тарьж өөрийн нийгэмлэгийн нэрэмжит “Гэгээн хайрын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ашиг сонирхол зөрчигдөж байна.

            Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар нь өөрийн яамны сайдын тушаал шийдвэргүйгээр бие даан дур мэдэн тус компанийн солбицлыг өөрчилсөн шийдвэр нь бидэнд сөргөөр нөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн газрын тохижилт тус газарт баригдсан 6 ширхэг 2 давхар ажилчдын байр, Сагсан бөмбөгийн талбай газрын теннисийн талбай, үерийн ус зайлуулах 400 метр инженерийн байгууламж зэрэг олон арван сая {төгрөгөөр барьж байгуулсан бидний өмч хөрөнгө “Ут” ХХК-ийн газар дээр баригдсан болж, үүнээс шалтгаалан бид 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгөөр хохирч эд хөрөнгөө хамгаалах, өмчлөх эрх зөрчигдөж байна.

            Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Э-ийн /тухайн үеийн нэрээр/ Байгаль орчны яамнаас “Ут” ХХК-д олгогдсон 30 га газрын 797 дугаар гэрчилгээний хугацааг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сунгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шиидвэргүй тус компаний газрын 1 солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 7 Ч.Б “Ут” ХХК-д олгогдсон 30 га газрын 797 дугаар I гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгохыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар сайдын тушаалаар олгосон 797 дугаар гэрчилгээтэй 30 га газрыг 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хавсралтаар батлагдсан анхны солбицлын дагуу “Ут” ХХК-д газар ашиглуулахыг даалгах, “Дсн” НҮТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгээр тохиролцсоны дагуу 10 га газрыг ашиглуулахаар гэрээ байгуулж газар олгохыг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэжээ.

            1.2. Нэхэмжлэгч “Дсн” НҮТББ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ[10]:

            “Дсн” НҮТББ-аас тус шүүхэд хандаж “Дсн” НҮТББ-ын  гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Богины амны нутаг дэвсгэрт орших 7 га газрын ертөнцийн зүгээр урд хэсэгтэй нь давхцуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр А/32*тоот тушаал гаргаж “ЭНА” ХХК-д 4 га газар олгосон болох нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлд тусгагджээ. Дээрхи байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байх тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/32*тоот тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” гэж ихэсгэж байна.” гэжээ.

            1.3. Нэхэмжлэгч “Дсн” НҮТББ 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шүүхэд ирүүлэхдээ[11]:

             “1. Манай байгууллага 2016 оны 03 дугаар сарын 01 -ний өдөр тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан н.Э-ийн /тухайн үеийн нэрээр/ Байгаль орчны яамнаас “Ут” ХХК-нд олгогдсон 30 га газрын 797 тоот гэрчилгээний хугацааг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сунгахдаа Байгаль орчны сайдын тушаал, шийдвэргүй тус компанийн газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгохыг;

            2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлаллын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б “Ут” ХХК-нд олгогдсон 30 га газрын 797 тоот гэрчилгээний хавсралтанд Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаал, шийдвэргүй 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгохыг,

            3.  Байгаль орчны яамнаас 2008 оны 8 сарын 22-ны өдрийн 283 тоот Сайдын  тушаалаар олгосон 797 тоот гэрчилгээтэй 30 га газрыг 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хавсралтаар батлагдсан анхны солбицлын дагуу “Ут” ХХК-нд газар ашиглуулахыг;

             4. “Дсн” НҮТББ-Д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 06 дутаар сарын 24-ний өдрийн 396 тоот албан бичгийн дагуу 10 га газрыг ашиглуулахаар гэрээ байгуулж газар олгохыг тус тус Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Бт даалгаж өгнө үу гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсныгаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32* дүгээр тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж ихэсгэж байсан юм.

            Нэхэмжлэгч би урьд гаргаж байсан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн тодруулж байгааг хүлээн авна уу. Үүнд:

            1. Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Ут” ХХК-нд олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өорчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох,

            2. Байгаль-Орчин ногоон хөгжил Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*-р тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,

            3. Нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/1* тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дутаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 39* дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах” гэжээ.

            Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

            2.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд  бичгээр гаргасан тайлбартаа[12]:

            “Дсн” НҮТББ-д хандан Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичиг баримтын бүрдүүлбэр дутуу, MNS 6426:2013 стандарт баримтлаагүй учир танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн, мөн Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц “Дсн” НҮТББ-д хандан “Ут” ХХК-ийн 797 дугаар гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн тайлбарыг тус тус хүргүүлж байсан.

            Тус төрийн бус байгууллага зөвхөн газар ашиглах хүсэлт гаргаж байсан гэдэг үндэслэлээр бусдын газар ашиглах эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлын эсрэг шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Гурав.            Гуравдагч этгээд “ЭНА” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарын агуулга[13]:

            3.1. “...Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан Уулын Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун Богинын ам нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар 4.01 га талбайг ашигладаг билээ.

            Бид “Байгаль хүрээлэн” төслийг хэрэгжүүлэхээр анх 2015 оны 04 дүгээр сард дээрх газар дээр хүсэлт гаргасан байдаг. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 24-нд компаниа үүсгэн байгуулж 2015 оны 06 дугаар сарын 26-нд Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлтээ шинэчлэн гаргаж холбогдох материалуудыг хавсарган өгсөн. Энэ үед тус газар дээр бусад этгээдийн аливаа эрх бүртгэгдээгүй байсан ба төрийн байгууллагаас хуулийн дагуу манай хүсэлт болон материалыг хянан үзээд газар ашиглах эрх олгосон гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь баталгаажаагүй байх тул нэхэмжлэгчийн хүссэн 7 га газартай давхцуулан манай компанид газар олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна.

Бид дээрх газар дээр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг үйлдэн баталгаажуулж, газрын анхны төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн болно.

Манай компани нь өнөөдрийн байдлаар дээрх газар дээр амралт, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдаж мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох ёстой.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харвал газар ашиглах эрх олж авах эрх ашиг зөрчигдсөн гэхээс өөр үндэслэл, нотолгоо авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн манай компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3.2. Гуравдагч этгээд “ЭНА” ХХК 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа[14]:

“Манай компани нь тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/321 тоот тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн баруун богины ам нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар 4.01 га талбайг ашиглахаар болсон.

Манай компанийн анхны үүсгэн байгуулагчид “Байгаль хүрээлэн” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж 2015 оны 4 дүгээр сард дээрх газар дээр хувь иргэнээрээ хүсэлт гаргасан байдаг. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 26-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлтээ шинэчилэн гаргаж холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн. Тухайн үед бидний хүсэлт гаргасан газар дээр бусад этгээдийн аливаа эрх бүртгэлгүй байсан ба төрийн байгууллагаас хуулийн дагуу манай компанийн гаргасан хүсэлт болон холбогдох материалыг хянаж үзээд газар ашиглах эрх олгосон гэж ойлгодог.

Бид анхнаасаа нэхэмжлэгч талын газар ашиглах эрх нь баталгаажаагүй байхад хүсэлт гаргасан газартай нь давхцуулж манайд газар олгосон. мөн түүнчлэн үүний улмаас ямар эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд байгааг нотлохгүй хэрнээ манай газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгааг ойлгохгүй байгаа.

            Бид дээрх газар дээр нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг үйлдэж баталгаажуулан, газрын анхны төлбөрт нийт 20,000,000 төгрөг төлсөн боловч энэхүү маргаанаас шалтгаалан газар ашиглах эрхээ эдэлж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна. Ийм маргаан бүхий газар дээр хөрөнгө оруулалт хийх, бусадтай хамтран ажиллах ямар ч боломжгүй болоод байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурьдаж мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох ёстой.

Хэрэв Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны манай компанид газар ашиглах эрх олгосон шийдвэр нь буруу байсан гэж үзсэн тохиолдолд ч зарчмын хувьд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй буюу бидэнд багадаа газрын анхны төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан олгох талаар Шүүхээс шийдэж өгөх ёстой. Энэ нь захиргааны эрх зүйн суурь зарчим болон дэлхий нийтээр дагдаг “Төрийн байгууллагын алдаатай шийдвэрийг залруулсан нь иргэд байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хохирох үндэслэл болохгүй" гэсэн зарчмын дагуу юм.” гэжээ.

Дөрөв.Нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгав.

Тав.Иргэдийн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ[15]: “Хариуцагч тал хуульд заасан журмын дагуу заасан хугацаанд хариу хүргүүлээгүйн улмаас иргэд, аж ахуй нэгж нь үл ойлголцол үүсч, маргаан үүсжээ. Иргэний зүгээс тодорхой  бүлэг хүмүүс үйл ажиллагаагаа явуулж чадалгүй цаг хугацаа, эд материалаар хохирч байна. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд “Дсн” НҮТББ нь нэхэмжлэл гаргах нь зөв гэж дүгнэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг хэрэгт  цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий акт, татгалзлын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад  холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ:

1.Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Ут” ХХК-нд олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*-р тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,

3.Нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах” гэжээ.

   Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас “1.Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 28* дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Ут” ХХК-нд олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох,” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Шүүхийн тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 66, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгчээс “тусгай хамгаалалттай газар нутагт 7.01 га газар ашиглах хүсэлт 2015 онд гаргасныг Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичгээр уг газар ямар нэг давхцалгүй гэж дэмжсэн байхад хариуцагч газар ашиглуулах шийдвэр гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газарт давхцуулан гуравдагч этгээд “ЭНА” ХХК-д газар ашиглуулсан нь хууль бус гэж, харин хариуцагч бичиг баримтын бүрдүүлбэр дутуу, MNS 6426:2013 стандарт баримтлаагүй, хүсэлт гаргаснаар газар ашиглах эрх үүсдэггүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүсээгүй, эрх ашиг нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж” тус тус маргажээ.

            2.1.Нэхэмжлэгчийн хүсэлтийн тухайд:

            Нэхэмжлэгч нь анх Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аман дахь 7,01 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэхээр” газар ашиглах хүсэлтээ 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 05/14 албан бичгээр  хэрэгжүүлэх төсөл, бусад баримтын хамт хүргүүлжээ. Үүний дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад газар ашиглах хүсэлтээ 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 05/1* албан бичгээр, хүргүүлжээ. Харин нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05/1* дугаартай албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргажээ.[16]

            Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/696* дүгээр албан бичгээр[17] “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй..., байр, сууц үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартыг баримтлан ажиллаж байна...” гэсэн хариуг өгчээ.

Хариуцагчаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09/73* албан бичгээр[18] “....Танай нийгэмлэгээс газар ашиглалттай холбоотой ирүүлсэн албан хүсэлтэд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/696* тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно... “Ут” ХХК-ийн газар ашиглалттай холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулах тухай асуудлын хувьд холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй... ” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Үүний дараа хариуцагчаас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/1377 дугаар албан бичгээр[19] нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05/16 албан бичигт “...Ут” ХХК-ийн 797 дугаар газар ашиглах гэрчилгээний хавсралт буюу кадастрт өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08/1* тоот давхцалгүйг тодорхойлсон албан бичиг нь тухайн газар нутагт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үндэслэл болохгүй бөгөөд холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү”  гэсэн хариуг хүргүүлжээ.

Мөн хариуцагчаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/229* дугаар гомдлын хариу гэсэн албан бичгээр[20] “...Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас таны хүсэлтэд хариу өгөхдөө “Монгол улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3-р зүйлийн 7-д заасны дагуу “Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхцсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэсэн заалтыг баримталсан” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

2.2.Гуравдагч этгээдийн хүсэлт, газар ашиглах эрхийн тухайд:

Гуравдагч этгээд “ЭНА” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Хан-Уул дүүрэг Богины аманд 4 га газар ашиглах хүсэлт[21]-ийг хэрэгжүүлэх төсөл, бусад баримтын хамт гаргасан байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 608 тоот албан бичгээр[22] “ЭНА” ХХК-ийн хүсэлт гаргасан 4 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй болохыг тодорхойлжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/32* дүгээр тушаал[23]-аар гуравдагч этгээд “ЭНА” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар Баруун Богины аманд 4.01 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгож, газар ашиглах гэрчилгээг[24] 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээд компанид олгож, газар ашиглах тухай гэрээг[25] 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулжээ.

            2.3.Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар болон гуравдагч этгээдийн ашиглалтын газартай давхцаж байгаа тухайд:

Нэхэмжлэгчийн газар ашиглахаар хүсэлт гаргасан 7.01 га газар гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон 4.01 га газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/23* дугаар албан бичиг, түүний хавсралт зураг[26]-аар тогтоогдож байна.

2.4.Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төслийн тухайд:

Нэхэмжлэгчээс “Гэгээн хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслийг гаргаж, ард иргэдрүүгээ чиглэсэн, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй хамгаалж, хайрлах, байгальтайгаа зөв харьцах, эко орчинг бүрдүүлсэн орчин үеийн шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгох, аялагч, жуулчид, иргэдийн танин мэдэхүйг хөгжүүлэх төлөвшүүлэх, танин мэдэхүйн гэрэлт самбар, номын сан, номын киоск, амьтны ертөнц, чөлөөт натур, манумент арт урлаг, ногоон спорт худалдааны киоск, түргэн хоолны цэг, сити 00, хогийн сав, сандал, хашаа, ногоон төгөл, бут мод, зүлэг, цэцэрлэгжүүлэлт хийхээр төлөвлөжээ.[27] Мөн төсөлд цогцолбор байгуулж гадаад, дотоодын жуулчдад зориулсан орчин үеийн шийдэлтэй явган зам талбайг гэрэлтүүлгийн хамт хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлыг хийхийн зэрэгцээ 2 га орчим уулын жалга, гууны хогийг цэвэрлэж хогт ургамал шарилжийг түүж зүлэгжүүлэх, мод бут тарьж байгалийн нөхөн сэргээлтийг зураг төслийн дагуу “Гэгээн хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр заажээ.

            Гуравдагч этгээдийн “Байгаль хүрээлэн” нэртэй төслийг гаргаж өгсөн, уг төсөлд нийт 5 га талбай бүхий иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэн болон аялал жуулчлалын зориулалт бүхий төсөл, төслийн ерөнхий төлөвлөлтөд гэр буудал, спорт талбай, иргэдийн сууж амрах хэсэг, унадаг дугуйн зам, унадаг дугуйн 25 ширхэг зогсоол, явган хүний зам, талбай, орчны байгалийн тогтоцтой уялдсан мод бут, сөөг зэргийг тарьсан ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.[28]

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заажээ.

Уг заалтын дагуу нэхэмжлэгч “Дс” нийгэмлэгээс анх 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын аманд дахь 7.1 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах хүсэлт гаргасан байна.

Мөн гуравдагч этгээд “ЭНА” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Хан-Уул дүүрэг Богины аманд 4 га газар ашиглах хүсэлт[29]-ийг хэрэгжүүлэх төсөл, бусад баримтын хамт гаргасан байна.

3.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа ... нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.” гэж заасан.

 Хуулийн энэ заалтын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 албан бичгээр[30] нэхэмжлэгчийн хүсэлт, хавсарган өгсөн төслийг судлан хүсэлтэд дурдсан 7.01 га газар нь бусад газар ашиглагч зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлсон бичгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яаманд хүргүүлжээ.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 608 тоот албан бичгээр[31] гуравдагч этгээд “ЭНА” ХХК-ийн хүсэлт гаргасан 4 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй болохыг мөн тодорхойлжээ.

3.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэжээ.

 Энэ хуулийн заалтын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас хүсэлт гаргасан газарт нь гуравдагч этгээд “ЭНА” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах зөвшөөрөл, гэрчилгээг олгож, газар ашиглах тухай гэрээг байгуулжээ.

            Гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын зарим хэсэгтэй давхцсан, гуравдагч этгээд нэхэмжлэгч хүсэлт гаргаснаас хойш сар гаруйн дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах хүсэлт гаргасныг хариуцагч байгууллагаас хүлээн авч газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргажээ.

Харин дээрхи хуулийн заалтын дагуу хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн “нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан газар нь бусдын газартай давхцалгүй талаарх тодорхойлолт”-ыг үндэслэн нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй байна.

3.4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана.”, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна.” гэжээ.  

Хариуцагчаас  “...газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй..., байр, сууц үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартыг баримтлан ажиллаж байна...” гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна.

Энэхүү татгалзсан шийдвэрээс үзэхэд хууль, журамд заасан ямар шаардлагыг хангаагүй, ямар баримт дутуу гаргасан учир баримтын бүрдэл дутуу гэж үзсэн, нэхэмжлэгчийн хүргүүлсэн баримтууд нь MNS 6426:2013 стандартын ямар шаардлагыг ямар байдлаар хангаагүй талаар тодорхой дурдаагүй байгаагаас гадна энэ талаар хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой тайлбарыг гаргаж өгөөгүй, шүүхээс энэ талаар лавласан албан бичигт[32] хариуцагчаас хариу ирүүлээгүй, шүүх хуралдааны явцад үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй байна.

            Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана.” гэсэн шаардлагын дагуу нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзсан шийдвэртэй үндэслэл, шалтгаанаа заагаагүй, ямар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь тодорхойгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн З-т “Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ.”, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.7-д “Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заажээ.

 Хариуцагчаас маргаан бүхий газарт нэхэмжлэгчид бус гуравдагч этгээд “ЭНА” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон үндэслэлээ хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ирүүлсэн төслүүдээс сонголт хийсэн гэж тайлбарласан. Гэвч төслүүдийг ямар байдлаар хэрхэн үнэлж, дүгнэсэн, гуравдагч этгээд ямар шаардлагыг хангасан гэж үзэж газар ашиглуулахаар шийдвэрлэсэн, яагаад гуравдагч этгээдийн төслийг нэхэмжлэгчийн төслөөс илүү хуулийн шаардлагыг хангана гэж үзсэн, нэхэмжлэгч ямар шаардлага хангаагүй учир түүний төслийг хууль, журмын шаардлага хангаагүй гэж үзсэн, ямар байдлаар сонголтын ажиллагааг явуулсан талаар нэхэмжлэгчид хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичигт тодорхой дурдаагүй, мөн тодорхой тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гаргаагүй, шүүхээс энэ талаар лавлаж асуусан албан бичгийг[33] хүргүүлэхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Хариуцагчаас зөвхөн “Ямар ч төрийн байгууллага нь эхлээд бичиг баримтын бүрдлийг шалгадаг. Үүний дараа тухайн төсөл хэрэгжих боломжтой юу? байгаль орчинд хэр нөлөөлөлтэй мөн хэрэгжих боломжтой юу? газрын төлбөрөө төлж чадах уу? төрийн бус байгууллага нь зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байна уу? Мөн хуульд нийцсэн байна уу? гэх зэрэг дараагийн ажлаа шалгаад явдаг. Эхний бичиг баримтын шалгалтын тухайд нийцээгүй. Төрийн бус байгууллагын зорилгыг шүүхийн шатанд шалгаад үзэхэд эрүүл мэнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, аялал жуучлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаггүй, бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, хөрөнгө байхгүй, татвар төлөгчөөр бүртгэгдээгүй, Хан-Уул дүүргийн 2018 онд шинжилж баталсан газрын төлбөр нь 1400-1900 м.кв үнэтэй байгаа. 1 га газартай компани жилд 20-иад сая төгрөг төлөх ёстой. Гэтэл төрийн бус байгууллагад тийм боломж байхгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан боловч энэхүү тайлбар нь хариуцагчаас хуульд заасны дагуу сонголтын ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Маргааны үйл баримтаас төслүүдийг харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төслүүд нь хоорондоо төстэй буюу цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, цэцэгжүүлэлт хийх, байгаль орчныг хамгаалахтай холбоотой байгаа бөгөөд 2 төсөлд хоёуланд нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, зардлын талаар дурдаагүй байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, хариуцагчаас давхцалтай газарт 2 хуулийн этгээдээс аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргахад төслүүдийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, мөн журамд заасны дагуу аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг хооронд харьцуулан сонголт хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэгтгэн дүгнэхэд, 1.хоёр хуулийн этгээдээс байршлын хувьд давхцалтай газарт газар ашиглах хүсэлтийг хоорондоо нэг сарын зайтайгаар гаргасан байтал сүүлд гаргасан гуравдагч этгээд хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч нэг сарын дараа газар ашиглах эрх олгосон, харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтэд гуравдагч этгээдэд газар ашиглах шийдвэр гаргаснаас 3 сарын дараа татгалзсан шийдвэр гаргаж хүргүүлсэн, 2. нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзсан шийдвэртэй үндэслэл, шалтгаанаа заагаагүй, ямар баримтын бүрдэл дутуу гэдгээ дурдаагүй, ямар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь тодорхойгүй, 3.нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төслүүдийг хуульд заасны дагуу харьцуулан сонголт хийгээгүй зэрэг хариуцагчийн үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.2, 3.7 дахь хэсгийн заалтыг тус зөрчсөн байна.

            Энэхүү хариуцагчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх олж авах, хүсэлтээ шударгаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заажээ.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт давхцалтай газарт газар ашиглах эрх авахаар хүсэлт гаргасан 2 хуулийн этгээдийг хүсэлт, материалд үнэлэлт өгч шийдвэрлэх, сонголт хийх эрхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад олгосон байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг олгохоор даалган шийдвэрлэх нь захиргаанд хуулиар олгогдсон сонгох боломжоо хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлахаар үр бий болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Иймд маргаан бүхий захиргааны актыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар ашиглах хүсэлтийг дахин хянан үзэж, хуульд заасны дагуу сонголт хийж, дахин шинэ акт гаргах хүртэл гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон маргаан бүхий захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

                       3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321-р тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат гаэрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Дсн” НҮТББ, гуравдагч этгээд “ЭНА” ХХК-ийн газар ашиглах хүсэлт, холбогдох материалыг хуульд заасны дагуу дахин хянан үзэж, сонголт хийн дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*-р тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгөөс 35.200 төгрөгийн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

                                                ШҮҮГЧ                                   А.С

                                                ШҮҮГЧ                                   Н.Д

                                                ШҮҮГЧ                                      Ц.М

 


[1] 128/2016/0238/3 индекстэй /цаашид “Хэргийн “гэх/ хэргийн 2-р хавтас 44 дэх тал.

[2] Хэргийн 8-р хавтас 5 дахь тал.

[3] Хэргийн 8-р хавтас 4 дэх тал.

[4] Хэргийн 9-р хавтас 75 дахь тал.

[5] Хэргийн 7-р хавас 161 дэх тал.

[6] Хэргийн 7-р хавтас171 дэх тал.

[7] Хэргийн 9-р хавтас 127-129 дэх  тал.

[8] Хэргийн 9-р хавтас 119-121 дэх тал.

[9] Хэргийн 1-р хавтас 1-3 дахь тал.

[10] Хэргийн 2-р хавтас 122 дахь тал.

[11] Хэргийн 7-р хавтас 125 дахь тал.

[12] Хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал.

[13] Хэргийн 2-ыр хавтас 164-165 дахь тал.

[14] Хэргийн 7-р хавтас 183-184 дэх тал.

[15] Хэргийн 9-р хавтас .... тал.

[16] Хэргийн 1-р хавтас 6, 7, 11-21, 77, 80, 84-125 дахь тал

 

[17] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[18] Хэргийн 1-р хавтас 8 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 58 дахь тал

[20] Хэргийн 1-р хавтас 83 дахь тал

[21] Хэргийн 2-р хавтас 137-142, 145-148 дахь тал

[22] Хэргийн 2-р хавтас 139 дэх тал

[23] Хэргийн 2-р хавтас 106-107 дахь тал

[24] Хэргийн 2-р хавтас 108 дахь тал

[25] Хэргийн 8-р хавтас 231-233 дахь тал

[26] Хэргийн 5-р хавтас 212-213,  дахь тал

[27] Хэргийн 3-р хавтас 89-99 дэх тал

[28] Хэргийн 5-р хавтас 115-118 дахь тал

[29] Хэргийн 2-р хавтас 137-142, 145-148 дахь тал

[30] Хэргийн 1-р хавтас 10 дахь тал

[31] Хэргийн 2-р хавтас 139 дэх тал

[32] Хэргийн 9-р хавтас 43-44 дэх тал

[33] Хэргийн 9-р хавтас 43-44 дэх тал