Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 815

 

                                                           

 

 

 

 

 

                                                С.Мд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

хохирогч Э.З, Р.Б, Б.Ц, Э.Т, Ж.О, Ж.Б, С.Т нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Б, Ж.О, С.Т, Б.Ц, Э.Т, Ж.Б, Э.З, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Мд холбогдох эрүүгийн 1808001580124 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Навчилтай овогт Сэрээнэндоржийн М, 1972 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол оршин суух,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:/;

 

Шүүгдэгч С.М нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч З.Тэмүүжинг Австрали улсад 6 сарын тэтгэлэгтэй гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж З.Тэмүүжингийн эцэг Э.Заас 2017 оны 6 дугаар сарын 16-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-нд 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 4.200.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Агаас Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна гэж 2016 оны 01 дүгээр сарын 05-нд 1.300.000 төгрөгийг бэлнээр, 6.300.000 төгрөгийг Б.Алтантуяагийн дансаар дамжуулан, нийт 7.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Цоос тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон гэж 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-нд 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Э.Сарангоог Япон улс руу сургана гэж түүний төрсөн эх Э.Таас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч М.Пүрэвнямыг Австрали улсад гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж М.Пүрэвнямын төрсөн эх Ж.Ооос 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1.550.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Ж.Ооос оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач, мөнгийг чинь өсгөж өгнө гэж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, нийт 5.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Б.Мөнх-Эрдэнийг Герман улс руу Цэргийн их сургуульд явуулж өгнө гэж түүний төрсөн эх Р.Бгаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөг бэлнээр, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 720.000 төгрөгийг дансаар, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1.200.000 төгрөгийг дансаар, нийт 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан сургуулийн жижүүр Ж.Бийг сүлжээний бизнест оруулж өгнө гэж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, тус сургуулийн сурагч Ч.Цэнгүүнийг Япон улсад тэтгэлгээр сургуульд сургана гэж түүний төрсөн эх С.Таас 2017 оны 8 дугаар сарын 25-нд 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 19-нд 2.500.000 төгрөгийг дансаар, нийтдээ 5.500.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 41.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт-холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Навчилтай овогт Сэрээнэндоржийн Мг залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мгээс нийт 33.590.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Э.Зт 5.800.000 төгрөгийг, хохирогч Б.Ад 7.600.000 төгрөгийг, хохирогч Б.Цт 4.200.000 төгрөгийг, хохирогч Э.Тт 2.300.000 төгрөгийг, хохирогч Ж.Од 5.650.000 төгрөгийг, хохирогч Р.Бд 1.980.000 төгрөгийг, хохирогч Ж.Бид 800.000 төгрөгийг, хохирогч С.Тт 5.260.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Р.Б давж заалдах гомдолдоо: “...Миний хүү Мөнх-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуулийг 2017 онд төгссөн. Тухайн үед анги удирдсан багш нь С.М байсан. Манай хүүхэд төгсөх анги байсан тул ямар сургуульд оруулах талаар хүүтэйгээ зөвлөж байсан үе. Тухайн үед М нь манай хүүд хандаж “чамайг Герман улсын цэргийн сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцуулах боломж байна, чи гадаадад сурахыг хүсч байвал ээжийгээ уулзуулаарай” гэж хэлсэн байсан. Үүний дагуу С.Мтэй уулзсан. Тухайн үед М “манай эгчийн хүүхэд уг сургуульд явах гэж байсан юм, гэтэл эгч маань хорт хавдар тусчихаад хүүхэд нь явах боломжгүй болоод байна, ийм боломжийг алдалтай нь биш өөрийн ангийн хүүхдээ явуулъя гэж бодсон юм” гэж хэлсэн. Ингээд би Мг манай хүүхдийн анги удирдсан багш байсан учраас үнэхээр манай хүүхдэд туслаж байгаа юм байна гэж бодоод түүний үгэнд 100 хувь итгэсэн. Үүний дараа би Мд нийт 3.220.000 төгрөгийг хүүхдийнхээ бичиг баримтын хамт өгсөн.

Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш Мтэй холбогдохоор “одоо бүтэж байгаа бичиг баримтыг чинь хөөцөлдөж байна, хүлээж бай” гэж хэлдэг байсан. Сүүлдээ Герман улс руу суралцуулна гэдэг нь худлаа болж, Япон улс руу явах уу, Филиппин улс руу суралцуулах уу гэж хэлж байсан. Энэ бүгд нь худлаа гэдгийг би сүүлд мэдсэн. Манай хүү 2017 оны хавар 12 дугаар анги төгсөөд намар нь их сургуульд орох байсан боловч гадаадад сургуульд суралцуулна гэсэн Мгийн үгэнд итгэсэн байсан учир өөр сургууль хөөцөлдөөгүй. Ингээд М багшийг хүлээсэн боловч сургууль ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн.

Миний бие С.Мгээс хохиролд 1.000.000 төгрөг буцааж авсан, үлдэгдэл 2.220.000 төгрөгийг буцааж аваагүй. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд миний хохирлыг 1.980.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мгийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай хүү Мөнх-Эрдэнэ нь сурсан сургууль ч байхгүй, ирээдүйгээрээ тоглуулаад үеийнхээ хүүхдүүдээс хоцроод сэтгэл санаагаар маш их унасан. Цаашид сургуульд орж, хэвийн хүүхдүүдтэй адил суралцана гэхэд хэцүү одоо болтол хүүхдийнхээ сургууль төгссөн бичиг баримт гэрчилгээ, элсэлтийн шалгалтын онооны эрхийн бичгээ авч чадахгүй байна. Анги удирдсан багшийн хувьд шавь нарынхаа ирээдүйд анхаарч зөв үлгэр дуурайлал болох ёстой байтал өөрийн ангийн хүүхдүүдээ залилж, ирээдүйгээр нь тоглож, хар толбо үлдээж байгаад маш их харамсалтай байна.

Шүүхээс С.Мгийн дээрх үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, бодит учирсан хохирлоос 2.220.000 төгрөг үлдсэн байхад 1.980.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ямар үндэслэлээр хохирлыг минь ингэж багасгаж, Мд бага ял оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд уг шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж, хохирлыг минь 2.220.000 төгрөгөөр бүрэн тооцож, хурдан хугацаанд гаргуулах, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Ж.О давж заалдах гомдолдоо: “...Миний хүү Пүрэвням нь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуулийг 2017 онд төгссөн. Тухайн үед анги удирдсан багш нь С.М байсан. М нь надтай 10 жилд нэг ангид сурч байсан хүүхэд. Манай хүүхэд төгсөх ангийн хүүхэд байсан тул ямар сургуульд оруулах талаар хүүтэйгээ зөвлөж байсан үе. 2018 оны 6 дугаар сараас эхлэн М нь манай хүүд хандаж “чамайг гадаадад суралцуулах боломж байна, чи гадаадад сурахыг хүсч байвал ээжийгээ уулзуулаарай” гэж хэлсэн байсан.

Үүний дагуу миний бие хүүгээ гадаадад боловсрол эзэмшүүлвэл өөрт нь хэрэгтэй, хэл сурна дээр нь өндөр боловсролтой болно гэж бодож С.Мтэй уулзсан. Тухайн үед М надад хэлэхдээ “танай хүүхдийг Австрали улс руу хэлний бэлтгэлд суралцуулах боломж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь М надтай нэг ангид 10 жилд сурч байсан ангийн хүүхэд, мөн манай хүүгийн ангийн багш гэдэг утгаар нь түүний хэлсэн үгэнд итгээд 2.150.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Мөн үүний дараа М нь би хувийн бизнес эрхэлж байгаа, хувийн оёдлын үйлдвэртэй болсон, үүнд хөрөнгө оруулаач, ашигтай ажиллаж байгаа гэж хэлэхээр нь түүний үгэнд итгээд 3.500.000 төгрөгийг түүнд өгсөн.

Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш М нь холбоо барихгүй, утас нь холбогдохоо больж ямар нэгэн холбоо байхгүй алга болсон. Манай хүү 2017 оны хавар 12 дугаар анги төгсөөд намар нь их сургуульд орох байсан боловч гадаадад сургуульд суралцуулна гэсэн Мгийн үгэнд итгэсэн байсан учир өөр сургууль хөөцөлдөөгүй. Ингээд М багшийг хүлээсэн боловч сургууль ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн. Миний бие С.Мгээс хохиролд нэг ч төгрөг буцааж аваагүй. Миний хохирлыг М барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Мгийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай хүү Пүрэвням нь сурсан сургууль ч байхгүй, ирээдүйгээрээ тоглуулаад үеийнхээ хүүхдүүдээс хоцроод сэтгэл санаагаар маш их унасан. Цаашид сургуульд орж хэвийн хүүхдүүдтэй адил суралцана гэхэд хэцүү, одоо болтол хүүхдийнхээ сургууль төгссөн бичиг баримт гэрчилгээ, элсэлтийн шалгалтын онооны эрхийн бичгээ авч чадахгүй байна. Анги удирдсан багшийн хувьд шавь нарынхаа ирээдүйд анхаарч зөв үлгэр дуурайлал болох ёстой байтал өөрийн ангийн хүүхдүүдээ залилж, ирээдүйгээр нь тоглож хар толбо үлдээж байгаад маш их харамсалтай байна.

М нь надтай цуг 10 жилээ хамт төгссөн урьдын сайн харилцааг урвуулан ашиглаж хүүг чинь Австрали улс руу сургуульд суралцуулна, оёдлын үйлдвэртэй хамтарч ажиллана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, надад итгэл төрүүлэн хуурч мэхлэж залилсанд маш их гомдолтой байна.

Шүүхээс С.Мгийн дээрх үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ямар үндэслэлээр ийм олон хүн хохироочоод байхад 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж хохирлыг минь хугацаа заахгүйгээр гаргуулж, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч С.Т давж заалдах гомдолдоо: “...Манай хүү Цэнгүүн нь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуулийг 2017 онд төгссөн. Тухайн үед анги удирдсан багш нь С.М байсан. Манай хүүхэд төгсөх анги байсан тул ямар сургуульд оруулах талаар хүүтэйгээ зөвлөж байсан. 2018 оны 8 дугаар сард С.М нь “танай хүүг Япон улс руу хэлний бэлтгэлд явуулж цаашлаад их, дээд сургуульд суралцуулах боломж байна” гэж хэлсэн. Одоохондоо Цэнгүүнийг монголдоо хэлний бэлтгэлд суралцуулж бай гэж хэлсэн. С.Мг манай хүүхдийн анги удирдсан багш учраас үнэхээр хүүхдэд маань туслах гэж байгаа юм байна гэж бодоод түүнд маш их итгэсэн. Ингээд Мд нийт 5.500.000 төгрөгийг хүүхдийнхээ бичиг баримтын хамт Япон улс руу суралцуулна гэж бодоод өгсөн.

Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш М утасдахаар утсаа авахгүй алга болж, ажил дээр нь очсон боловч ажилдаа ирэхээ больсон байсан. Ингээд Мд залилуулсан гэдгээ мэдсэн. Тухайн үед нөхөр бид хоёр хүүгээ гадаадад сургуульд суралцана гэж бодоод маш их баярлаж, энэ боломжийг алдаж болохгүй гэж бодон өөрсдийн амьдралаа залгуулдаг байсан Портер машинаа худалдаж, олсон мөнгөө Мд өгсөн. Гэтэл ардын багш, сурган хүмүүжүүлэгч хүн өөрийн шавийг эцэг, эхтэй нь хамт залилж гэмт хэргийн хохирогч болгосонд маш их гомдолтой байна.

Манай хүү 2017 оны хавар 12 дугаар анги төгсөөд намар нь их сургуульд орох байсан боловч гадаадад сургуульд суралцуулна гэсэн Мгийн үгэнд итгэсэн байсан учир өөр сургууль хөөцөлдөөгүй. Ингээд М багшийг хүлээсэн боловч сургууль ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн. Миний бие С.Мгээс хохиролд нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед хүүхэд маань Япон улс руу сургуульд суралцана гэж бодоод хэлний бэлтгэлд хүртэл сурч байсан. Энэ хугацаанд хэлний бэлтгэлд сурах саналыг М гаргаж төлбөрийг өгч байсан. Ийм учраас уг хохирлыг төлбөрөөс хасуулах үндэслэл байхгүй гэж бодож байна.

Мгийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай хүү Цэнгүүн сурсан сургууль ч байхгүй, ирээдүйгээрээ тоглуулаад үеийнхээ хүүхдүүдээс хоцроод сэтгэл санаагаар маш их унасан. Цаашид сургуульд орж, хэвийн хүүхдүүдтэй адил суралцана гэхэд хэцүү, одоо болтол хүүхдийнхээ сургууль төгссөн бичиг баримт гэрчилгээ, элсэлтийн шалгалтын онооны эрхийн бичгээ хүртэл авч чадаагүй. Хохирсон дээрээ давхар хохирсоор байна. Анги удирдсан багшийн хувьд шавь нарынхаа ирээдүйд анхаарч зөв үлгэр дуурайлал болох ёстой байтал өөрийн ангийн хүүхдүүдээ залилж, ирээдүйгээр нь тоглож, хар толбо үлдээж байгаад маш их харамсалтай байна.

Миний хувьд эд материал, хүүхдийнхээ ирээдүй болон сэтгэл санаагаар маш их хохирсон. Хүүгээ гадаадад сургуульд суралцуулна гэсэн үгэнд нь маш их итгэж хамаатан садан, найз нөхөддөө хүүхдээ гадаадад суралцуулахаар болсон гэж сайрхан ярьж байсан минь худлаа болж би өөрөө худалч болчихоод байна.

Гэтэл шүүхээс С.Мгийн дээрх үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, учруулсан хохирлыг 3 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ямар үндэслэлээр ийм бага ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

Иймд уг шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж хохирлыг минь хурдан хугацаанд гаргуулж, хохирол нөхөх төлөх хугацаа заахгүйгээр гаргуулж, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 ахлах сургуульд математикийн багшаар ажилладаг бөгөөд шүүгдэгч С.М мөн тус сургуульд газар зүйн багшаар ажилладаг байсан. Намайг хувиараа гэр зуур юм оёдог байсныг М мэддэг байсан. С.М нь тухайн үед надад хэлэхдээ өөрийнх нь нэр дээр оёдлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани байдаг, манай нөхөр армийн бригадын генерал хүн, тэр шугамаараа цэргийн ангиудад нийлүүлэх ор хөнжлийн даавуу, нүүр гарын алчуур нийлүүлэх тендерт ялсан байгаа, надтай цуг хамтран ажиллах уу гэж санал тавьсан.

Тэгэхээр нь би Мгийн хэлсэн үгэнд итгээд хамтран ажиллахаар болж 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түүнд 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш миний бие нөгөө ажил чинь юу болж байна, ор хөнжлийн даавуугаа хэзээ нийлүүлж эхлэх вэ гэж асуудаг байсан. Тухайн үед М хэлэхдээ санхүүжилт орж ирээгүй байна, удахгүй хийнэ гэж хэлж шалтаг шалтгаан хэлсээр байгаад хойшлуулаад байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сард 2.000.000 төгрөгийг хүүтэй зээлнэ гэж худлаа хэлээд надад итгэл төрүүлэн нийт 5 сая төгрөгийг авсан. Үүнээс хойш Мтэй холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй.

Гэтэл С.Мгийн тендерт ялсан гэдэг нь худлаа болж, намайг залилан мэхлэж мөнгийг маань авах зорилгоор намайг төөрөгдүүлж байсныг би сүүлд мэдсэн. Энэ хүний үйлдлийн улмаас болж миний бие эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирсон. Миний бие С.Мгээс одоо болтол хохирлоо бүрэн барагдуулж аваагүй, М надад 800.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч намайг ор хөнжлийн даавуу хийх материалаа аваарай гэж шилжүүлсэн мөнгө, үүнийг хохирлоос хасч шийдсэн. Би уг хүнтэй хамтран ажиллаж байна гэж итгэсэн, хүлээсэн боловч эцэст нь М нь намайг залилж, би өөрийн эд материалаар хохироод үлдэж байна.

Шүүхээс С.Мгийн үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ямар үндэслэлээр ийм олон хүн хохироочоод байхад 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд гаргуулахаар болсныг би ойлгохгүй байна.

Иймд уг шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж хохирлыг минь хурдан хугацаанд гаргуулж, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Э.Т давж заалдах гомдолдоо: “...Манай охин Сарангоо нь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуулийг 2017 онд төгссөн. Тухайн үед анги удирдсан багш нь С.М байсан. Манай хүүхэд төгсөх ангийн хүүхэд байсан тул ямар сургуульд оруулах талаар охинтойгоо зөвлөж байсан үе. 2018 оны 4 дүгээр сараас эхлэн ангийн багш болох М нь манай охин Сарангоод хандаж “манай найз боловсролын яаманд ажилладаг, гадаадад суралцуулах боломж байна, чи гадаадад сурахыг хүсч байвал ээжийгээ уулзаарай” гэж хэлсэн.

Үүний дагуу миний бие ганц охиноо гадаадад боловсрол эзэмшүүлвэл өөрт нь хэрэгтэй, хэл сурна дээр нь өндөр боловсролтой болно гэж бодож С.Мтэй уулзсан. Тухайн үед М надад хэлэхдээ “манай найз боловсролын яаманд ажилладаг, танай охиныг гадаадад суралцуулах боломж байна” гэж хэлсэн. Би манай охин Сарангоогийн ангийн багш болохоор нь түүнд итгэсэн. Ингээд Мд хүүхдээ гадаадад суралцуулах зорилгоор өөрийн автомашиныг барьцаанд тавьж, 3.000.000 төгрөгийн зээл авч, үлдсэн мөнгийг хамаатан садан найз нөхдөөсөө зээлж, нийт 5.500.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед М хэлэхдээ “Сарангоог Япон улс руу 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болсон. Одоо хэлний бэлтгэлд явж хэлээ сайжруулж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь түүний үгэнд итгээд охиноо Япон хэлний анхан шатны сургалтанд хүртэл суулгасан.

Манай охин 2017 оны хавар 12 дугаар анги төгсөөд намар нь их сургуульд орох байсан боловч гадаадад сургуульд суралцуулна гэсэн Мгийн үгэнд итгэсэн байсан учир өөр сургууль хөөцөлдөөгүй. Ингээд М багшийг хүлээсэн боловч гадаадад 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцуулна, Боловсролын яаманд таньдаг хүнтэй гэдэг нь худлаа болж түүнд залилуулсан гэдгээ мэдсэн.

Мгийн дээрх хууль бус үйлдлийн улмаас миний охин Сарангоо нь сурсан сургууль ч байхгүй, ирээдүйгээрээ тоглуулаад үеийнхээ хүүхдүүдээс хоцроод сэтгэл санаагаар маш их унасан. Цаашид сургуульд орж, хэвийн хүүхдүүдтэй адил суралцана гэхэд хэцүү одоо болтол хүүхдийнхээ сургууль төгссөн бичиг баримт гэрчилгээ, элсэлтийн шалгалтын онооны эрхийн бичгээ авч чадахгүй байна. Анги удирдсан багшийн хувьд шавь нарынхаа ирээдүйд анхаарч зөв үлгэр дуурайлал болох ёстой байтал өөрийн ангийн хүүхдүүдээ залилж, гэмт хэргийнхээ хохирогч болгож ирээдүйгээр нь тоглож, хар толбо үлдээж байгаад маш их харамсалтай байна.

Гэтэл шүүхээс С.Мгийн дээрх үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ямар үндэслэлээр ийм олон хүн хохироочоод байхад 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд гаргуулахаар болсныг би ойлгохгүй байна.

Иймд уг шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж хохирлыг минь хурдан хугацаанд гаргуулж, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Ж.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 ахлах сургуульд жижүүрээр ажилладаг бөгөөд шүүгдэгч С.М мөн тус сургуульд газар зүйн багшаар ажилладаг байсан. Тухайн үед М надад “сүлжээний бизнес хийж байгаа, богинохон хугацаанд мөнгөө өсгөх боломжтой, та орохгүй юм уу” гэж хэлж байсан. Би Мг манай сургуулийн багш, хамт ажилладаг хүн болохоор түүний үгэнд итгээд 1 сая төгрөгийг өгсөн. Үүний дараахан М таны мөнгийг сүлжээний бизнест оруулсан. Одоо таны мөнгө 4 сая төгрөг болж өссөн байгаа хэлж байсан ба надад 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь миний бие түүнд итгэж “одоо мөнгөө авъя гэхэд ажил их байна удахгүй өгнө санаа зоволтгүй” гэж хэлдэг байсан. Үүнээс хойш Мгийн утас нь холбогдохгүй болж ажилдаа ирэхээ байсан.

Энэ хүний худал хуурмаг үйлдлээс болж миний бие эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирсон. Миний бие С.Мгээс одоо болтол хохирлоо бүрэн барагдуулж аваагүй, М надад “сүлжээний бизнес эрхэлж байгаа” гэж хэлж надад итгэл төрүүлэн урьдын харилцааны явцыг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож намайг залилж мэхэлсэнд би маш их гомдолтой байна.

Гэтэл шүүхээс С.Мгийн үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд нөхөн төлүүлэхээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ямар үндэслэлээр ийм олон хүн хохироочоод байхад 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд гаргуулахаар болсныг би ойлгохгүй байна.

Иймд уг шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж хохирлыг минь хурдан хугацаанд хугацаа заахгүйгээр гаргуулж, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Э.З давж заалдах гомдолдоо: “...Миний хүүхэд Тэмүүжин нь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуулийг 2017 онд төгссөн. Тухайн үед анги удирдсан багш нь С.М байсан. Манай хүүхэд төгсөх анги байсан тул ямар сургуульд оруулах талаар хүүтэйгээ зөвлөж байсан үе. Тухайн үед М нь манай хүүд хандаж “манай найз Боловсролын яаманд ажилладаг, чамайг Австрали улс руу 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцуулах боломж байна, чи гадаадад сурахыг хүсч байвал ээж, аавыгаа уулзуулаарай” гэж хэлсэн байсан. Манай хүүгээр дамжуулж бид нартай уулзах гэж 2-3 удаа дуудуулсан байсан.

Үүний дагуу манай эхнэр Б.Тунгалаг С.Мтэй уулзсан. Тухайн үед М “Боловсролын яаманд таньдаг хүнтэй, танай хүү хичээлдээ сайн юм чинь улсын зардлаар гадаад улсад суралцах боломж байна, бүх зардал цаанаасаа гарна, онгоцны билетийн зардал та нараас гарна. Дансанд баталгааны мөнгө байршуулах шаардлагатай” гэж хэлсэн байсан.

Тухайн үед эхнэр бид 2 энэ сайхан боломжийг алдаж болохгүй, тэгээд ч Мг манай хүүхдийн анги удирдсан багш байсан учраас үнэхээр манай хүүхдэд туслаж байгаа юм байна гэж бодоод түүний үгэнд 100 хувь итгэсэн. Ингээд хүүхдээ гадаадад сургуульд суралцуулна гэж итгээд онгоцны билет болон баталгааны мөнгө гэж Мд нийт 5.800.000 төгрөгийг хүүхдийнхээ бичиг баримтын хамт өгсөн.

Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш Мтэй холбогдохоор “одоо бүтэж байгаа, бичиг баримтыг чинь хөөцөлдөж байна, хүлээж бай” гэж хэлдэг байсан. Сүүлдээ “манай хүүхэд нас барчихаад ажил явдал гараад завгүй байна” гэх мэтээр худлаа хэлж бид нарыг төөрөгдүүлж залилан мэхэлсэн.

Манай хүүхэд 2017 оны хавар 12 дугаар анги төгсөөд намар нь их сургуульд орох байсан боловч гадаадад сургуульд суралцуулна гэсэн Мгийн үгэнд итгэсэн байсан учир өөр сургууль хөөцөлдөөгүй. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэг ч төгрөг аваагүй.

Мгийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай хүүхэд сурсан сургууль ч байхгүй, ирээдүйгээрээ тоглуулаад үеийнхээ хүүхдүүдээс хоцроод сэтгэл санаагаар маш их унасан. Цаашид сургуульд орж хэвийн хүүхдүүдтэй адил суралцана гэхэд хэцүү, одоо болтол хүүхдийнхээ сургууль төгссөн бичиг баримт гэрчилгээ, элсэлтийн шалгалтын онооны эрхийн бичгээ авч чадахгүй байна. Анги удирдсан багшийн хувьд шавь нарынхаа ирээдүйд анхаарч зөв үлгэр дуурайлал болох ёстой байтал өөрийн ангийн хүүхдүүдээ залилж, ирээдүйгээр нь тоглож хар толбо үлдээж байгаад маш их харамсалтай байна.

Гэтэл шүүхээс С.Мгийн дээрх үйлдэлд 8 сарын хорих ял оногдуулж, хохирлыг маань 3 жилийн хугацаанд хэсэгчлэн нөхөн төлүүлэхээр тогтоолд зааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 3 жил гэдэг маань их урт хугацаа, энэ хүн 8 сарын хорих ялыг биеэрээ эдэлж дуусаад хохирлыг минь төлөхгүй гэж хэлсэн.

Иймд уг шүүхийн шийдвэрийг дахин нягтлан үзэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж хохирлыг маань хурдан хугацаанд, хохирол нөхөн төлөх хугацаа заахгүйгээр гаргуулж, С.Мд тухайн зүйл, заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Б.Ц, Э.Т, Р.Б, Ж.Б, С.Т, Э.З, Ж.О нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Б.Ц, Э.Т, Р.Б, Ж.Б, С.Т, Э.З, Ж.О нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэдгээрийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Шүүхээс С.Мд 8 сар хорих ял оногдуулах болсон үндэслэлээ “...үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шийдвэрлэлээ гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл М нь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуулийн 12л анги удирдсан багшаар ажиллаж байхдаа өөрийн төгсөх ангийн хүүхдүүдийг “...боловсролын яаманд таньдаг хүнтэй, гадаадад үнэ төлбөргүй Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцуулах боломж байна, аав, ээждээ хэлж намайг уулзуулаарай...” гэх мэтээр удаа дараа ятгаж, өөрийн ангийн насанд хүрээгүй хүүхдүүдээр эцэг, эхийг нь ятгуулж гэмт хэргийн хохирогч болгосон байдаг. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн ангийн хүүхдүүдийг ашиглаж, гэмт хэргийн арга, хэрэгсэл болгож үйлдсэн. Мөн хамт ажилладаг багш, ажилчдыг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдсэн байхад гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан бага ял оногдуулсан нь өөрөө үндэслэлгүй болжээ.

Мөн гэмт хэргийн улмаас нийт 41.170.000 төгрөг учирсан, учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байна. С.Мд залилуулсан ангийн 5 сурагч нь одоо хүртэл их, дээд сургуульд сурч чадаагүй, С.Мгийн хууль бус үйлдлийн улмаас 1 жил сургуульд суралцах хугацаа алдаж, сургууль төгссөн бичиг баримтаа авч чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ял шийтгэл оногдуулах, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж, хамгаалахад оршдог.

Гэтэл шүүхээс хохирогч нарт учирсан хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолд тусгаж, түүнд 8 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр болсон байна.

Иймд С.Мгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж, хохирогч нарт учирсан хохирлыг хугацаа заахгүйгээр гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч С.М Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар ахлах сургуульд газар зүйн багшаар, мөн 12л анги удирдсан багшаар ажиллаж байхдаа бусдад нийт 8 удаагийн үйлдлээр 41.700.000 төгрөгний хохирол учруулсан байдаг.

Ингэхдээ өөрийн ангийн 5 сурагчаар дамжуулан эцэг, эхийг нь залилсан, 3 удаагийн үйлдлээр хамт ажилладаг ажилчидаа залилсан ба тухайн залилж авсан мөнгөөр өрөө дарсан, түрээсээ өгсөн, мөн идэж уух юмандаа зарцуулаад дуусгасан гэж мэдүүлдэг /1-р хх-ийн 193, 116-120/

С.Мгийн дээрх гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл, нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө өөрийн амьдралд хэрэглэж байгаа зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон..." гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

3. Хохирогч Бямбадаваад нийт 3.220.000 төгрөг учирсан ба үүнээс 1.000.000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 2.220.000 төгрөг төлөгдөөгүй байхад шүүхээс хохирогч Бямбадаваад 1.980.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхээс хохирогч Бямбадаваагийн хохирлыг ямар үндэслэлээр 1.980.000 төгрөг болгон багасгаж байгаа талаар хууль зүйн үндэслэл дүгнэлтийг бичээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирлыг хурдан төлүүлэх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээгүй гэж байна. Шүүгдэгч өөрөө группд байдаг. Шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа тархины хатуурал G35 гэдэг тархи, нугасны өвчин туссанаар саажилт үүсээд энэ байдал нь хүндэрсээр хоёр нүд нь хараагүй болсон. Шинжээч томилсон шүүгчийн захирамжид, миний хүсэлтийн асуултад хариулж өгнө үү гэж дурдсанаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэсэн шинжээчийн үүрэгтэй зөрчилдсөний улмаас шүүгдэгчийн хоёр нүд бүтэн хараагүй болчихоод байхад харах боломжтой гэснээр хүнд өвчний жагсаалтад хамаарч байгаа гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах боломжгүйд хүрээд шүүх хуралдаан явагдсан. Тухайн үед хуралд оролцож байсан хохирогч нар, улсын яллагч энэ нөхцөл байдлыг бүгдийг нь мэдэж байсан. Ийм учраас хувийн байдлыг энэ тал дээр харгалзаж үзсэн. Хохирогч Бямбадаваад 1.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Мөн 240.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төлсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Ингээд хохирлын хэмжээ 1.980.000 төгрөг болсон. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч нараас даргалагч шүүгч “та нарт гомдол, санал байна уу” гэж асуухад “гомдол, саналгүй” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Хохирогч Амарбаясгалангийн хувьд хохирол төлөгдсөн учраас гомдол гаргаагүй. Хохирол төлөгдсөн талаарх баримтыг одоогоор бүрдүүлж авч чадаагүй байна...” гэв.

 

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Мд 2 жил 6 сарын хорих ялын санал гаргасан боловч шүүгч 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм. Шүүгдэгч С.Мгийн дүү Замын цагдаагийн газарт ажилтай гэх хүнтэй удаа дараа уулзаж, хохирол төлбөрийг төлүүлэх гэж үзсэн. Эхэндээ хохирлыг төлнө гэж байсан боловч шүүгдэгч С.М нь ар гэрийнхнийхээ итгэлийг алдсан байсан учраас хохирол, төлбөр төлөх эх үүсвэр байхгүй болсон. Хохирогч Бямбадаваагийн хувьд анх мөрдөн байцаалтын шатанд 3.220.000 төгрөг нэхэмжилж байгаад 1.000.000 төгрөг буцааж төлүүлээд 2.220.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн байдалтайгаар шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 240.000 төгрөгийг буцааж авсан тул шүүхээс 1.980.000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Мд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч С.М нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ангийн нэр бүхий сурагчдыг гадаад улсад тэтгэлгээр суралцуулна,  тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон, сүлжээний бизнест оруулж өгнө гэх зэргээр нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 41.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт-холбогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоожээ.

 

Шүүгдэгч С.Мгийн дээр дурдсан 8 удаагийн үйлдлийн 6 нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хууль дагаж мөрдөж байсан цаг хугацаанд үйлдэгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчжээ.

 

Анхан шатны шүүх дээрх хуульд огт хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг нэг бүрчлэн хянасан эсэх нь эргэлзээ бүхий байна.

 

Шүүгдэгч С.Мгийн залилах гэмт хэрэг хамгийн сүүлд үйлдэгдсэн цаг хугацаагаар гэмт хэрэг төгссөн гэж үзэх тул түүнд хууль буцаан хэрэглэх асуудал яригдахгүй бөгөөд харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд дүгнэлт хийх ёстой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

Хавтас хэрэгт шүүгдэгч С.Мгийн “...Би Тэмүүжингийн ээжээс авсан 4.200.000 төгрөгийг үрээд дуусгасан...” /1-р хх-ийн 36-37/, “...Би Амарбаясгалангаас эхлээд авсан 7.600.000 төгрөгөөр ор хөнжлийн даавуу аваад ор хөнжлийн даавуу оёод зарах гэж байгаад шатчихсан...” /1-р хх-ийн 90-91/, “...би ор хөнжлийн даавуу их хэмжээгээр оёод ашиг олчихвол надад хэрэгтэй юм байна гэж бодоод худлаа хэлээд хүнээс мөнгө авсан юм. Үнэнээ хэлбэл өгөхгүй байх гэж бодсон...” /1-р хх-ийн 119-120/, “...уг 500.000 төгрөгөөр шинэ жилийн плать хийх материал аваад оёод гадуур явж зараад хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” /1-р хх-ийн 196-197/, “...Би Баасандоржоос авсан мөнгөөр бөс даавуу худалдаж аваад ширээний бүтээлэг оёод хүмүүстэй нийлээд сүлжээний маркетингаар заръя гэсэн бодолтой байсан боловч бүтээгүй...” /2-р хх-ийн 3-4/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.

 

Иймээс шүүгдэгч С.Мгийн үйлдэлд залилах гэмт хэргийн “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй шалгаж тодруулах шаардлагатай.

 

Шүүгдэгч С.Мг анхан шатны шүүх залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял нь түүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудаас үзэхэд тохироогүй бөгөөд ял шийтгэл хөнгөдсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Мд холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогч Р.Б, Ж.О, С.Т, Б.Ц, Э.Т, Ж.Б, Э.З, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: