Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00190/и |
Дугаар | 234 |
Огноо | 2017-06-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 234
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хороо 10-04 тоотод оршин суух, Номч овогт Нинаагийн Хатантөмөрийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-05 тоот, Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Хатантөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Г.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Хатантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нинаагийн Хатантөмөр нь Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нярав, жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ариунболд нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гарсан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хянан үзэж Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар томилогдсон. Тухайн үед Н.Хатантөмөрт няравын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу удирдлагын зүгээс энгийн үүрэг даалгаврыг өгдөг байсан. Жишээ нь: байгууллагын самбарыг хад гэхэд 1 сар хадалгүй явсан, тэгээд яагаад хадахгүй байгаа юм бэ? гээд хэвлэдэг газар нь Т.Мөнхнасантай очиход танай хүмүүс чинь алга болсон, холбогдож чадаагүй гэсэн хариуг өгсөн. Бас миний өрөөний үүдний хаягийг хад гэхэд хадаагүй, тэр нь унасан байхад дээгүүр нь Н.Хатантөмөр алхаад явж байсан, тогтоочихоорой гэж хэлсэн, мөн хэлэлгүйгээр ажил тасалдаг, хаана байна гэхээр ажил тарсан хойно яриад Цээл сумд байна гэдэг. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг дарга Б.Жаргалсайханд зос байгаа хашаа зосдоорой ажил үүргийн хуваарь дээр чинь байгаа шүү гэж 14 хоног сануулж хэлсэн. Нийтийн цэвэрлэгээг байгууллага хамт олноос ганцаараа тасалдаг, албаны машиныг хувьдаа ашигладаг. Шинээр орсон жолооч орсноосоо хойш зөндөө засвар хийж байгаа, манай байгууллагынхан ийм байгаагүй гэж хэлж байгаа, кропноос нь тос гоождог, кроп нь гацдаг, гаднах өнгө үзэмж нь муудсан, дугуй нь муудсан, сая 2 дугуйг нь сольсон зэрэг асуудлууд байгаа. Хамт олны хурал болон өрөөндөө дуудаж оруулж ирээд байнга сануулдаг байсан. Өмнө нь цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрний маргааш нь өрөөндөө дуудаад үүрэг даалгавар өгөхөд таны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй гэж хэлээд гарч явж байсан. Би ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан өдрөө хамт олныг бүгдийг нь байлцуулаад Н.Хатантөмөрийг ажлаас чөлөөлж байгаа талаар хэлээд саналтай хүн байна уу гэхэд санал байхгүй гэсэн тэгээд тушаалаа гаргасан. Иймд Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нинаа овогтой Хатантөмөрийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Н.Хатантөмөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч Н.Хатантөмөрийг ажлаас чөлөөлсөн байна /хх-6/.
Нэхэмжлэгч Н.Хатантөмөр нь Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст нярав, жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаартай Нинагийн Хатантөмөрийг ажилд томилох тухай тушаал, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай Н.Хатантөмөрийг бүр ажилтнаар томилох тухай тушаал, Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай Нинагийн Хатантөмөрийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, байгууллагын дотоод журмын 7.4, 11.1, 11.5 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.4, 4.4 дүгээр заалт, мөн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, байгууллагын нийт албан хаагчдын хурлын тэмдэглэлийг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан, албаны машиныг хувьдаа ашиглаж, ажил олгогчийн итгэлийг алдсан, удаа дараа үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд нь Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын “....2.4.3.3. хуралдааны тэмдэглэл нь хэлэлцсэн нь, сонссон нь, шийдвэрлэсэн нь гэсэн дарааллаар, хэлэлцсэн асуудал тус бүрээр бичигдэнэ, 2.4.3.4. хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэж заасан байна. Гэвч дээрх хурлын тэмдэглэлүүд уг шаардлагыг хангаагүй, хурлын тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан дангаараа гарын үсэг зурсан, мөн уг хурлын тэмдэглэлд хэлэлцсэн, оролцсон, үг хэлсэн зэрэг байдлын талаарх тэмдэглэлд тусгасан зүйлүүдийн талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч өөрөөр мэдүүлж байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Мөн сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд мөн тухайн зөрчил тус бүрдээ тогтоогдсон байх ёстой. Нэхэмжлэгч сахилгын ямар зөрчлийг хэрхэн, хэзээ гаргасан болох нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй, албаны машиныг хувьдаа ашигласан гэсэн үндэслэл нь мөн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, албаны машиныг өөрийн гэрийн гадаа байлгадаг гээд зураг, бичлэгийг баримтаар гаргаж ирүүлсэн боловч энэ байдал нь ямар хэм хэмжээ, тогтоосон журмыг зөрчсөн болох нь тодорхойгүй /хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэгт энэ талаар тусгаагүй/ байна.
Иймд нэхэмжлэгч Н.Хатантөмөрийг Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Хатантөмөрийн 2017 оны 01, 02, 03 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 614.981 + 497.705 + 614.981 = 575.889 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 575.889 : 21.5 = 26.785 төгрөг байна. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 1 сар, 22 хоногийн цалинг тооцож 1.111.589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Хатантөмөрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.111.589 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 31.228 төгрөг нийт 101.428 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Номч овогт Нинаагийн Хатантөмөрийг Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн жолооч, няравын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.111.589 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Хатантөмөрт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Хатантөмөрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.111.589 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 31.228 төгрөг нийт 101.428 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН