Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2017/00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь cум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа баг, Гэрэлт хороолол 3-2 тоотод оршин суудаг Х овогт С.Д-т /РД:ИЗ86011610/-т холбогдох Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9, 10, 11, 12, 13 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, байгууллагад учирсан хохирол 5106454 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, иргэдийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, прокурор Б.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрхлэгч эмчээр томилогдсон. С.Д нь ажлаа өгөхдөө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг чи өөрөө зохицуулаарай гэж байсан. Өмнө нь ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авсан хүний оронд хүн ажилд авахдаа болон түр гэрээт жолооч ажилд авахдаа бүр томилсугай гэж тушаал гаргасан байсан. С.Д-н гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9, 10, 11, 12, 13 тоот тушаалууд хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулж, үндэслэлгүй тушаалуудаас болж манай байгууллагад учирсан хохирол болох 5106454 төгрөгийг хариуцагч С.Д-с нэхэмжилсэн. Гэхдээ одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С.Д-с байгууллагад учирсан хохирол 1768072 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байна. С.Д Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа Г.Б-г ажлаас чөлөөлсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.Б ажилдаа эргүүлэн томилогдсон ба одоог хүртэл манай байгууллагад ажиллаж байгаа. Манай байгууллагын зүгээс Г.Б-д ажилгүй байсан хугацааны цалинд 1.768.072 төгрөг өгсөн байгаа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж С.Д-с 1.768.072 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1.768.072 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн төв нь Г.Б-д учирсан хохирлыг арилгасан гэх баримт нь хэрэгт байхгүй байна. Сая нэмэлтээр төлбөрийн хүсэлт гэх баримтыг хэрэгт хавсаргасан байна. Гэхдээ төлбөрийн хүсэлтийг аливаа байгууллагын дарга нягтлан 2 ямар ч байдлаар хуурамчаар үйлдэж болно. Төлбөрийн хүсэлт нь Эрүүл мэндийн төвийн төсвөөс мөнгө гарсан гэдгийг нотлохгүй. Баянзулын дансанд мөнгө орсон гэх баримт нь байхгүй байна. Мөн Эрүүл мэндийн төвд хохирол учирсан талаар аудитын дүгнэлт байхгүй байна. Иргэний хуульд гэм хорын хохирлыг хохирол учруулсан албан тушаалтан төлнө гэж заасан байдаг. Миний хувьд төрийн байгууллагад албан тушаал хашсан зүйлгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн учраас энэ хохирлыг төлөхгүй гэж ойлгож байна. Түүнчлэн би Г.Б-н шүүхийн шийдвэрийг 2016 оны 01 сарын 26-нд гардаж авсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 27-нд энэ хүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Ингэхдээ давж заалдах гомдол гаргах боломжтой шүү гэж хэлсэн. Гэтэл Б.А давж заалдах гомдол гаргах хугацаа байсаар байтал давж заалдаагүй байж одоо надаас мөнгө нэхэж байгаа нь санаатай үйлдэл юм. Б.А-н үндэслэлгүй тушаалуудаас болж 3 сая гаран төгрөг төлөх шийдвэр гарсан байдаг. Төрийг төлөөлж байгаа прокурор үүнийг Б.А-с нэхэмжлэх хэрэгтэй. Энэ тал дээр прокурорыг бодож үзээч ээ гэж хэлэх байна. Эрүүл мэндийн төвийн төсвийг Засаг даргын тамгын газраас батлагддаг гэж ярьж байсан. Байгууллагынх нь төсөв хаанаас батлагддагийг энэ хүн мэдэхгүй, ямар учиртай нэхэмжлэл гаргаж байгаагаа ойлгохгүй байна. Эцэст нь хэлэхэд Б.А-г хүн чанартай байгаач гэж хэлэх байна гэв.

Прокурор Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр, төрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Б-н ажилгүй байсан хугацааны цалин болох 1768072 төгрөгийг С.Д-с гаргуулах үндэслэлтэй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь С.Д-т холбогдуулан Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, хохирол болох 5.106.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09, 10, 11, 12, 13 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох, хохирол 3338382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаснаас байгууллагад учирсан хохирол 1.768.072 төгрөгийг хариуцагч С.Д-с гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт ...С.Д нь Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа нийгмийн эрүүл мэндийн арга зүйч Г.Б-г ажлаас чөлөөлсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.Б 1.768.072 төгрөг өгсөн. Иймд С.Д хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасны улмаас байгууллагад учирсан хохирол 1768072 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Харин хариуцагч С.Д нь ...Эрүүл мэндийн төв нь Г.Б-д учирсан хохирлыг арилгасан гэх баримт нь хэрэгт байхгүй, хэрэгт байгаа төлбөрийн хүсэлт гэх баримтыг байгууллагын дарга нягтлан 2 ямар ч байдлаар хуурамчаар үйлдэж болно. Мөн төлбөрийн хүсэлт нь Эрүүл мэндийн төвийн төсвөөс мөнгө гарсан гэдгийг нотлохгүй. Эрүүл мэндийн төвд хохирол учирсан талаар аудитын дүгнэлт байхгүй байна. Иргэний хуульд гэм хорын хохирлыг хохирол учруулсан албан тушаалтан төлнө гэж заасан байдаг. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн учраас энэ хохирлыг төлөхгүй. Түүнчлэн би Г.Б-н шүүхийн шийдвэрийг 2016 оны 01 сарын 26-нд гардаж авсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 27-нд энэ хүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Б.А нь давж заалдах гомдол гаргах хугацаа байсаар байтал давж заалдаагүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 27-нд ажлаас чөлөөлөгдсөн, Б.А нь 2016 оны 01 дүгээр сарын 27-нд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилогдсон болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай захирамжуудаар,

хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/84 тоот тушаалаар нийгмийн эрүүл мэндийн арга зүйч Г.Б-г ажлаас чөлөөлсөн боловч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр Г.Б-г Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1768072 төгрөг гаргуулж Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийн дагуу Г.Б-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1768072 төгрөг олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан төрийн санд гүйлгээ хийсэн мэргэжилтний гарын үсэг, тэмдэг бүхий 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №24 дугаартай төлбөрийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан байх тул Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А нь өөрийн байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа гаргасан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/84 дугаартай Г.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасны улмаас Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь Г.Б-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1768072 төгрөг олгосон болох нь нотлогдож байх тул дээрх тушаалыг гаргасан гэм буруутай этгээд болох С.Д нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийг байгууллагын дарга нягтлан 2 ямар ч байдлаар хуурамчаар үйлдэж болно. Эрүүл мэндийн төвд хохирол учирсан талаар аудитын дүгнэлт байхгүй байна. Иргэний хуульд гэм хорын хохирлыг хохирол учруулсан албан тушаалтан төлнө гэж заасан байдаг, би одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн учраас энэ хохирлыг төлөхгүй. Түүнчлэн би Г.Б-н шүүхийн шийдвэрийг 2016 оны 01 сарын 26-нд гардаж авсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 27-нд энэ хүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Б.А давж заалдах гомдол гаргах хугацаа байсаар байтал давж заалдаагүй гэж мэтгэлцэж байна.

Гэвч хариуцагч С.Д нь хэрэгт авагдсан 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №24 дугаартай төлбөрийн хүсэлтийг хуурамч нотлох баримт болохыг баримтаар нотолж ирүүлээгүй, аудитын байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байгууллага тул Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд хохирол учирсан эсэх талаар аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй, Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.А давж заалдах гомдол гаргаагүй нь хариуцагчийг хохирол төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч С.Д-с 1768072 төгрөг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч С.Д-с 1768072 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 43239 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д-с 1768072 /нэг сая долоон зуун жаран найман мянга далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Д-с улсын тэмдэгтийн хураамж 43239 /дөчин гурван мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР

ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ

Б.ӨЛЗИЙХИШИГ