Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2017/03102/И |
Дугаар | 001/ХТ2019/00585 |
Огноо | 2019-04-25 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2019/00585
“... зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01979 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2386 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “... зам” ХХК
Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газар
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Зам, тээвэр хөгжлийн яам
Үндсэн нэхэмжлэл: 4,705,118,456 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: 2,190,059,364 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани ИНЕГ-тай 2008-01-31-ний өдөр ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулж, Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, хамгаалалтын хашаа үерийн далангийн хамт барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Өнөөдрийн байдлаар хамгаалалтын хашаа, үерийн далан, суурийн ажил 100% дууссан. Суурь асфальт бетон хучилт 1176 м тус тус хийгдсэн байна. Энэ нь нийт ажлын 78% юм. 2008-2013 оныг дуустал улсын төсөвт хуваагдаж тавигдсан мөнгөний хэмжээгээр ажил хэвийн явагдаж, жил бүр ИНЕГ гэрээгээ дүгнэн, гэрээний сунгалтыг хийж явсан. 2013-9-р сард талбай дээр уг ажлыг дуусгахад шаардагдах бүх материал болох битум, буталсан чулуу, эрдэс нунтаг мөн хүн хүч, машин механизм, мөн захиалагч болох ИНЕГ-ын хяналтаар баталгаажуулсан асфальт бетон зуурах орц норм бүгд бэлэн болсон байсан. Мөн хөндлөнгийн 3 лаборатороор хянан баталгаажуулсан орцын дагуу дээр дурдсан 1176 м суурь хучилтын ажлыг хийж ИНЕГ баталгаажуулж, санхүүжилтийг олгож байсан. Эдгээр дурдсан зүйлүүд нь 2014 онд уг ажлыг үргэлжлүүлэн дуусгахад ямар ч саадгүй байсныг нотолно. Гэвч 2013 оны өвөл ИНЕГ гэрээг дүгнэж сунгалгүй, ажил зогсонги байдалд орж өнөөдрийг хүрлээ. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013-9-13-ны өдрийн 334 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг газар дээр нь шалгаж, манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн дуусгах дүгнэлт гарч, дүгнэлтэнд ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсэг зурсан ч уг дүгнэлт алга болсон. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 233 тоот тушаалаар дахин ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг дээр нь ажиллаж мөн манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэвч 2013 оноос хойш томилогдсон ИНЕГ-ын үе үеийн удирдлагууд уг ажилд огтхон ч анхаарал тавиагүйгээс цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014-2017 онуудад уг ажлыг хийх зорилгоор Завхан аймгийн нисэх буудал дээр өнөөдрийн хүртэл байлгасаар байна. 2015 онд нэмэлт зардлыг шийдэж, гэрээг сунгасан боловч уг ажлыг захиалагч тал явуулаагүй. 2017-7-04-ний өдөр ЗТХЯ-ны сайдын тушаалаар уг ажилд зарцуулагдах нэмэлт зардлыг шийдвэрлэж үүний дагуу ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг дээр тохирсон хугацаа буюу 10-30-ны өдөр уг ажлыг дуусгах гэрээний хугацааг биелэх боломжгүй болгох ноцтой үр дагаварт хүргэсэн. Захиалагч ИНЕГ-ын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж асфальт бетоны үйлдвэрээ УБ хотод авчирч ажиллуулж олох байсан ашгаа алдаж, 4 жил сул зогсоосны хохирлыг нэхэмжилсэн болно. Үүнд: 2014 онд ажиллах боломжит хоног 88, өдөрт 10 цаг ажиллаж 1200 тн, нийт үйлдвэрлэх хэмжээ 105 600 тн, УБ хотод борлуулах НӨАТ-гүй үнэ 112,996.85 төгрөг, шууд зардал 167,096.84 төгрөг, үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 1 тн асфальт бетоноос 13.367,75 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1,411,634,138.33 төгрөг. 2015 онд ажиллах боломжит хоног 90, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт асфальт бетон 108.000 тн, УБ хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 146,349.03 төгрөг, шууд зардал 126,709.12 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10,136.73 төгрөг нийт асфальт бетоноос өгөх ашиг 1,094,766,788.36 төгрөг. 2016 онд ажиллах боломжит хоног 85, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт үйлдвэрлэх асфальт бетон 10.200 тн, УБ хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 147,439.11 төгрөг, шууд зардал 127,652.91 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10,212.23 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1,041,647,737.65 төгрөг. 2017 онд ажиллах боломжит хоног 94, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт үйлдвэрлэх асфальт бетон 112.800 тн, УБ хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 148,095.70 төгрөг, шууд зардал 128.221,39 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10,257.71 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1,157,069,792 төгрөг. 4 жилд 428.400 тн асфальт бетон үйлдвэрлэж, 67,930,147,713.83 төгрөгийн борлуулалт хийж, нийт 4,705,118,456.37 төгрөгийн ашиг олох байсан тул уг учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн худлаа. Уг мөнгө нь ИНЕГ-аас илүү олгосон биш захиалагчийн шаардлагын дагуу банкны баталгаа гаргуулж авсан урьдчилгаа бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлсэн бол аль хэдийн хаагдах байсан. 2013-02-05-ны өдрийн нэмэлт гэрээ нь 2015-07-16-ны өдөр дахин сунгасан тул сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. ИХ-ийн 350-р зүйлд зааснаар гүйцэтгэгч “... зам” ХХК нь гэрээнд заасан техникийн шаардлагыг хангасан материалаар ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэтэл захиалагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчиж, техникийн шаардлага хангаагүй битум авчирсныг захиалагчийг төлөөлж лабораторийн хяналтыг хийж буй “Ялгуусан” ХХК тогтоосон. Нэгэнт шаардлага хангаагүй битумээр ажил гүйцэтгүүлэх нь нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлнө. Мөн хяналт тавих эрх бүхий байгууллага нь шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан байхад манай газрын зүгээс ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалан ажил зогссон болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин бид сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ажил зогсоосон асуудал нь ЗТХЯ хэдий ч ИНЕГ ашиглагч байгууллагын хувьд гэрээт ажлаа хурдан хүлээж авахын тулд “... зам” ХХК-д аль болох боломжит нөхцөлийг олгож байсан. Үүний нэг жишээ нь тус компанийн ажлын гүйцэтгэл 6,055,750,203 төгрөг байхад ИНЕГ-ын зүгээс тус компанид 8,245,809,567 төгрөг шилжүүлсэн юм. Иймд ажлын гүйцэтгэл болон санхүүжилт хоёрын зөрүү 2,190,059,364 төгрөг болж байна. Гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул алданги 4,325,749,845 төгрөг, нийт 6,515,809,209 төгрөгийг тус компаниас буцааж гаргуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: ИНЕГ, “... зам” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ЗТХЯ дараах байдлаар санхүүжилтийг олгосон. 2008 онд 1 тэрбум төгрөг, 2009 онд 4,289,407,492 төгрөг зэргээр санхүүжилтийг тухай бүрт нь өгсөн. 2013-2-20-ны өдрийн ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр 2016-8-30-ны өдөр Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, хамгаалалтын хашаа үерийн далангийн хамт барьж байгуулах ажлыг хүлээлгэн өгөхөөр талуудын хүсэлтээр гэрээний хугацааг сунгасан. Ингээд нийт 7,649,415,772 төгрөг буюу 88%-ийн санхүүжилт олгосон. Талууд 2 удаа зөвшилцөж гэрээгээ сунгасан. Ажлын гүйцэтгэл нь 73%-ийн биелэлттэй байгаа. Үндсэн нэхэмжлэлийн тухайд 2013-2015 онуудад 2 тал хоёулаа харилцан тохиролцоод гэрээ сунгуулах хүсэлт ирүүлж байсан учраас сул зогсолт гэж үзэхгүй байгаа. Хариуцагч тал шаардлага хангахгүй материалаар хийсэн гэж “Ялгуусан” ХХК-иас дүгнэлт гарсан учраас ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж болохуйц байгаа учраас боломжгүй гэж үздэг. Хариуцагч талаас зохих баримтуудаа гаргасан, үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Одоогоор бодит хийгдсэн 78%, санхүүжилтийн 88% олгогдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 183/ШШ2018/01979 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газраас 425,765,839 төгрөгийг гаргуулан “... зам” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,279,352,616 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт 6,515,809,209 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 66,457 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,286,779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “... зам” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2386 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, “... зам” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,619,713 төгрөгийг буцаан олгохоор заажээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт байгаа нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, хуульд байхгүй дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосон. “... зам” ХХК нь Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг 2008 онд эхлүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2009-12-20-ны өдөр ажлыг дуусгах ёстой байсан ч дуусгаагүй. Мөн нийт ажлын гүйцэтгэл 73%-тай байгаа ч гэрээний санхүүжилтийг 88%-иар авсан. 15%-ийн илүү санхүүжилт авсан ч ажлаа хүлээлгэж өгөөгүй, 7,649,415,772 төгрөг авсан байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээт ажлыг хугацаанд нь дуусгаагүй байж “гэрээнээс учирсан хохирол 4,705,118,456 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тэмдэглэл, ажлын хэсгийн дүгнэлт, тайлан /хх 100-106,108-128/ зэрэг баримтыг нотариатаар баталгаажуулсан боловч эх баримтаас хуулбарласан эсэх нь эргэлзээтэй гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“... зам” ХХК нь Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан 2017-11-13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хохиролд нийт 4,705,118,456 төгрөг шаардаж “...2014 онд асфальт бетоны ашиг 1,411,634,138.33 төгрөг., 2015 онд нийт асфальт бетоны ашиг 1,094,766,788 төгрөг., 2016 онд 1,041,647,737 төгрөг., 2017 онд 1,157,069,792 төгрөгийн борлуулалт хийж ашиг олох байсан..” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж нийт 6,515,809,209 төгрөг шаардан “...ажлын гүйцэтгэл 6,055,750,203 төгрөг байхад 8,245,809,567 төгрөг шилжүүлсэн тул зөрүү 2,190,059,364 төгрөгийг алданги 4,325,749,845 төгрөгийн хамт авна...” гэсэн тайлбар өгсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 425,765,839 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохдоо “...талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна... гэрээг сунгаж байсан талаар зохигч маргаагүй... ажилд нийт 7,649,415,772 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна... хариуцагч гэрээнд заасан хугацаанд санхүүжилт хийх үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон тул “... зам” ХХК хохирлоо шаардах эрхтэй юм... хариуцагч тал үгүйсгэж тайлбар гаргаагүй тул 2016-08-30-ны өдөр хүртэлх хугацаанд олох байсан ашиг нийт 3,548,048,663 төгрөгийн 12 хувь 425,765,839 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол гэж тооцон гаргуулна... сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй тул хүлээн авахаас татгалзана...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь “...захиалагч ажил гүйцэтгэх боломж олгоогүй, гэрээ байгуулаагүйгээс хохирол учирсан...” гэсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлээс өөр үндэслэл зааж, хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.
Түүнчлэн, шүүх хэрэгт байгаа нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлож байгаа эсэх талаар дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.
Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай эсэх талаар дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх, нэхэмжлэл баримтаар тогтоогдсон эсэхийг тус тус тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 2,286,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ