Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 413

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 535 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2016/0610 дугаар магадлалтай, Б.Батболдын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 535 дугаар шийдвэрээр: 1.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг баримтлан дахин шинэ акт гарах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож,

3.Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж иргэн Б.Солонгод олгосон 216 м.кв газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдсэний үндсэн дээр Б.Солонгын эзэмшлийн 216 м.кв газрын байршлыг тодорхойлон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн Б.Солонгод холбогдох хэсгийн улмаас Б.Батболдын өмчлөлийн газартай давхцаж байгаа эсэх, орц гарцыг хааж байгаа эсэхийг тогтоон нэхэмжлэгч, гуравдагч этгээд иргэдийн давхцал, орц, гарцны асуудлыг шийдвэрлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2016/0610 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 535 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 гэснийг 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 гэж, 3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судалж нотлох баримтыг бүрэн үнэлгээгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Солонгын эзэмшиж буй газрын тухайд дүгнэлт хийхдээ "... Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 216 мкв газрыг олгосон.” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн энэ дүгнэлтээс үзвэл Б.Солонгын эзэмшиж буй газрын тухайд эзэмших эрх 2013 онд буюу нэхэмжлэгч нарт газар эмэмшүүлж өмчлүүлснээс хойш үүссэн мэтээр ташаа тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Солонгын эзэмшиж буй 216 мкв газар нь анх 2002 онд дүүргийн засаг даргын 2002 оны Б\54 дугаар захирамжаар иргэн Ж.Батсайханд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар юм. Ингээд Ж.Батсайханы хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг Б.Солонго нь 2013 онд Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх шилжүүлж авсан. Ийнхүү нэхэмжлэгч Б.Батболд, Н.Дуламсүрэн нар нь Б.Солонгын газар дээр эзэмших эрх үүссэнээс хойш газар эзэмшиж авсан мөртлөө өмнө эзэмших эрх үүссэн газрыг орц гарц хаасан, давхацсан гэсэн асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд, шүүх уг асуудалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хуупь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, улмаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүхээс Засаг даргын захирамжийн Б.Солонгод холбогдох хэсгийг түдгэлзүүлж, давж заалдах шатны шүүхээс хэрэв түдгэлзүүлсэн хугацаанд шинээр акт гаргахгүй бол уг захиргааны актын холбогдох хэсэг буюу Б.Солонгод холбогдох хэсэг хүчингүй болохоор заасан нь иргэн хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Улмаар шүүх маргагч талуудын \нэхэмжлэгч болон гуравдагч этгээд/ хэнийх нь газар дээр эзэмших эрх түрүүлж үүссэн гэдэг асуудалд дүгнэлт хийж авч үзэлгүй шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх зарчим алдагдсан байна.

Мөн Б.Солонгын ээзмшиж буй 216 мкв газрын тухайд байршил болон солбилцлын цэгүүд тодорхойгүй байгаа учир шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байна гэж шүүх үзсэн. Хэрвээ үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байгаа бол иргэн хүнд хууль ёсны дагуу газар эзэмшүүлсэн захиргааны актыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн уг газар дээр шүүхээс хоёр удаа очиж үзлэг хийсэн. Ингээд үзлэг хийхэд Б.Солонгын газар нь нэхэмжлэгч нарын газэртай давхцаагүй, орц гарцыг хаасан зүйл байхгүй болох нь үзлэгээр тогтоогдсон. Гэтэл шүүхээс “...гуравдагч этгээд Б.Солонгын одоо амьдарч, дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хашаа байшин нэхэмжлэгчийн газрын зарим хэсгээр давхцалтай, орц гарцыг хаасан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээр нотлогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн газрын мэдээллийн санд оруулаагүй, солбилцол цэгүүд тодорхой гэсэн үндэслэлээр иргэн хүний хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоор баталгаажсан иргэн хүний эрхийг зөрчиж байна. Газрын мэдээллийн санд оруулах асуудал бол газрын алба буюу төрийн байгууллагын хийх ажил юм. Мөн газар эзэмших эрх үүсэх үндэслэл бол Засаг даргын захирамж гарч, гэрчилгээ олгогдсоноор үүсдэг. Иймд зохих журмын дагуу эзэмших эрх үүссэн газрыг мэдээллийн санд ороогүй байна гэсэн иргэн хүнээс үл хамаарах шалтгаанаар газар эзэмшүүлсэн захиргааны актыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэсэн нь зөв байна.   

Нэхэмжлэгч Б.Батболдоос “...өөрийнх нь өмчлөлийн 700 мкв газартай давхцуулсан” гэсэн үндэслэлэээр Б.Солонгод 216 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 213 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Тэрээр дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар 500 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 1 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 358 дугаар захирамжаар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн, харин гуравдагч этгээд Б.Солонгын маргаан бүхий захирамжаар шилжүүлэн авсан гэх 216 м.кв газрыг анх Ж.Батсайханд дүүргийн Засаг даргын 2002 оны 64 дүгээр захирамжаар 0,004 га газрыг павилоны зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн түүнд 216 м.кв газрыг эзэмших эрхийн 0067727 тоот гэрчилгээг 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Ж.Батсайханд эзэмшүүлсэн газрыг кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгээгүйн улмаас уг маргаан гарах үндэслэл болж, шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн “газар давхцсан” эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, цаашид тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.   

Тодруулбал, Гуравдагч этгээд Б.Солонго нь 216 мкв газрыг Ж.Батсайханаас шилжүүлэн авсан гэх боловч уг газрын хувийн хэрэгт авагдсан “Далай гурван өндөр” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн 584 м.кв хэмжээ бүхий газрын зургаас өөр түүний газрын байршлыг тогтоосон баримт байхгүйг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2016 оны 1/614 албан бичгээр ирүүлсэн баримтад дээрх 584 м.кв хэмжээтэй газрын байршил нь нэхэмжлэгч Б.Батболдын 700 м.кв газартай 210 м.кв-аар, Н.Дуламсүрэнгийн газартай 152 м.кв-аар давхцаж, үлдэх 222 м.кв газар нь давхцаагүйгээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцсан эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байна.  

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж зааснаар захиргааны байгууллага нь гуравдагч этгээдийн 216 м.кв газрын байршлыг өөрөө тодорхойлж, хэргийн нөхцөл байдлыг тодруулан, хэргийн оролцогчдын газрын давхцалтай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, захиргааны актыг хуульд нийцүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд газрын байршлыг тогтоох зайлшгүй шаардлагатай, хариуцагч газар эзэмшүүлэхдээ хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс шүүх нотлох баримт бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдлыг дүгнэсэн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцнэ.

Иймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газар давхцаагүй, орц гарц хаагаагүй..., ... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх маргаанд зөв дүгнэлт хийсэн атлаа холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцэж байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2016/0610 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ