Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 728

 

        Д.Ө-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Үүрийнтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1664 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар эсэргүүцлээр Д.Ө-д холбогдох эрүүгийн 201625011825 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Заяахан овгийн Д.Ө, 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сум, Цагаан дөрвөлжингийн 10-3 тоотод оршин суудаг,

Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жил 2 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: СГ84091310/;

 

Д.Ө нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чингэлгийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лапатка төмрөөр хөшин нэвтэрч, америк стандартын ширэн эмээл 1 ширхэг, америк стандартын ширэн эмээл 3 ширхэг, байшингийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лапатка төмрөөр хөшин орж, барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, олсон ногт 1 ширхэг, ширэн жолоо 1 ширхэг, хутга, хутганы хуй, хоёр нүдний дуран 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, нум сум 1 ширхэг зэрэг, нийт 27.727.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Ө-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эд зүйлийн үнэлгээг хийлгэхдээ Д.Ө болон өмгөөлөгчид танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь хангаагүй байна. Д.Ө-г Ц.Болормаатай нүүрэлдүүлэн байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй. Д.Ө нь бичиг, үсэг мэдэхгүй учир өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх тул зөрчлийг арилгах, хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ О.Солонго, Ц.Болормаа нартай явсан, О.Солонго, Ц.Болормаа нар нь хамт явснаа хүлээн мэдүүлсэн байхад тэдний үйлдлийг оролцоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Ө “мөрдөгч намайг загнаж байгаад мэдүүлэг авч мэдүүлэгтэй танилцуулаагүй гарын үсэг зуруулсан”, мөн “Ц.Энхмаа, Ц.Болормаа, О.Солонго нар нь хохирлыг бүрэн төлчихнө, чи мэдүүлгээ өөрчилчих” гэж гуйсны дагуу мэдүүлэг өгсөн, гэтэл төлбөр төлөгдөөгүй. Ер нь анхнаасаа Ц.Энхмаа захиалж, Ц.Болормаа, О.Солонго нар хамт явж, хулгай хийсэн талаар асуудал яригдаж байх тул хулгайн гэмт хэргийг хэн, хэнтэй үйлдсэнийг шалгаж хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Д.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Өд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалтыг ноцтой зөрчсөн, яллагдагчийг ямар эрхээр хангаагүй, мөн хэрэгт авагдсан ямар нотлох баримтууд нь ямар хуулийн заалтыг ноцтой зөрчсөний улмаас хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, мөн тодорхойгүй байна. Тухайлбал: Яллагдагч Д.Ө, өмгөөлөгч О.Баяраа нарт 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйл “Хавтаст хэргийн материал танилцуулах” гэж зааснаар хэргийн материалыг танилцуулахад “Хэргийн материалтай танилцлаа. Санал, хүсэлт байхгүй” гэсэн бөгөөд хохирлын үнэлгээ болон гэрчтэй нүүрэлдүүлэн байцаасан асуудалд мөн хуулийн 32.1.6 дугаар зүйлд зааснаар огт гомдол, санал хүсэлт гаргаагүй байна. Түүнчлэн шүүх Ц.Болормаа, Д.Ө нарыг нүүрэлдүүдэн байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 16.1.7 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлэхгүйгээр нотлох баримтаас хасах эсхүл орхих боломжтой бөгөөд бусад нотлох баримтуудад дүгнэлт өгөх боломжтой байна.

Шүүх шүүгдэгч Д.Ө-гийн мэдүүлэгт үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй”, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал: Д.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ц.Энхмаатай нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд өмгөөлөгч О.Баяраатай хамт мэдүүлэг өгч, гарын үсэг зурсан бөгөөд уг мэдүүлэгт “...Солонгоо, Болороо эгч болон жолооч нь хулгай хийж байгаа гэдгийг мэдээгүй, ажлын газраасаа юм авахаар явсан гэж бодож байгаа. Энхмаад хулгайн юм гэж хэлээгүй, цалингийнхаа оронд авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

мөн яллагдагч Д.Ө нь 2018 оны 5 дугаар сард өмгөөлөгч О.Баяраатай өгсөн мэдүүлэгтээ “...Хулгай хийхийг би өөрөө гардаж хийсэн. Тэндээс би юм авна гэж хэлснээс хулгай хийх талаар огт хэлээгүй, мэдээгүй, ажлын хөлсөндөө юм авч байгаа талаар тэд нарт ойлгуулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Болормаагийн “...Солонго болон Заяа хоёр над руу залгаад “таньдаг машин тэрэг байна уу” гэж асуугаад “Заяа гэдэг залуу зусланд ажиллаж байгаад цалин мөнгөө аваагүй байгаа, тэндээс очиж юм авах ёстой хувцас хунар, хөнжил байгаа. Цалингийнхаа оронд юм авна” гэж хэлсэн. Бид гурав тэндээс такси бариад Шар хад руу явсан. Их л муухай замтай байсан. Сүүлдээ жолооч уурлаад байсан. Тэгсэн таксины жолооч уурлаад эндээс цааш явахгүй гэхэд Заяа нь та замаас гараад зогсчих гээд буусан. Би жирэмсэн байсан учраас таксиндаа сууж үлдсэн. Тэгээд Заяа, Солонго нар 3-4 ширхэг шуудайтай юм авч ирж багаажинд хийсэн. Тэгээд Дарь-Эхийн хуучин эцсийн буудал дээр буулгаж өгсөн. Солонго, Заяа хоёр руу залгаж, таксины 50.000 төгрөгөө авъя гэхэд Заяа мөнгө байхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Энхмаагийн “...Дарь-Эхэд манай ээжийн дүүгийнх байдаг байсан. Би Дорноговь аймгаас ирсэн байсан. Ө гэдэг хүн “манай хүү Айраг суманд амьдардаг. Би хүүхэддээ жижиг сажиг зүйл өгч явуулъя гэсэн. Тэгээд Ө эргэж орж ирээд би цалингийнхаа оронд авсан эмээл байгаа юм. Та үзэх үү гэсэн. Энэ эмээлийг манай дарга 1 сая төгрөгөөр зардаг гэсэн. Та энэ эмээлийг авчих гэхээр нь би эгчид нь тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Ө манай хүүхэд бие нь өвдөөд хөдөө эгч дээрээ орхичихсон надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд эгч нь 700.000 төгрөгтэй гэхэд та тэр мөнгөөрөө авчих гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа явахад мөнгө хэрэг болно гэхэд та 500.000 төгрөгөөр 2 эмээлийг авахаар тохиролцоод Өлзийзаяа надад эмээлийг зарсан...” гэх мэдүүлэг,

яллагдагч О.Солонгын “...Ө Ц.Болормаа эгчид таксины мөнгөний оронд нум сум өгсөн. ...Өлзийзаяа надад хэлэхдээ цалингийнхаа оронд эмээл авах гэж байгаа гээд нэг ах, эгч 2 дээр очиж байсан. ...маргааш нь Өлзийзаяа надаас эмээл авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би Болормаа эгчээс асуусан. Энхмаа эгчид Болормаа эгч хэлээд Энхмаа эгч ирж үзсэн. Тэгээд 2 хоногийн дараа Энхмаа ирж 2 эмээл авсан...” гэж тус тус мэдүүлсэн байна. Хэдийгээр О.Солонго, Ц.Болормаа нар нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч Д.Ө-гийн гуйлтаар түүнтэй хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн Бэрхитийн амны задгай гэх газарт очсон боловч хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байна гэдгийг мэдээгүй, ойлгоогүй, мөн Д.Ө нь ажлынхаа хөлсөнд эд зүйлсийг авч байна гэдгийг удаа дараа хэлж ойлгуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хулгайлах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг агуулаагүй” байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа хэрэг гарсан тухайн цаг үед ямар үйл явдал болсныг үнэлж дүгнэхгүйгээр, зөвхөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хэргийг дүгнэж мөрдөн байцаалтанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1664 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт үнэлгээ хийлгэхдээ яллагдагч Ө, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй гэсэн. Хэргийн материалтай 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Өлзийзаяа болон түүний өмгөөлөгч Баяраа нар хэргийн материалтай танилцахдаа ямар нэгэн байдлаар үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг тухайн үед гаргаагүй. Өлзийзаяаг Болормаатай нүүрэлдүүлэн байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, эрхээр нь хангаагүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Хэрвээ дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт дээрх нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй, үнэлэхгүйгээр орхиж бусад нотлох баримтыг үнэлж, дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжтой. Болормаа, Солонго, Энхмаа нарыг хэрэгт холбогдуулан шалгаад хэрэгсэхгүй болгосон нь буруу байна гэсэн. Үүнд яллагдагч Өлзийзаяагийн эхний мэдүүлэгт “тэдгээр хүмүүс нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэдэг. Сүүлд мэдүүлэг нь өөрчлөгдөөд тэдгээр хүмүүстэй хамтран гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлэг өгдөг. Гэвч Ө-гийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас дээрх хүмүүст холбогдох хэргийг шалгаад, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

                                                       

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Ө-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Прокуророос яллагдагч Д.Ө-г 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чингэлгийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лапатка төмрөөр хөшин нэвтэрч, америк стандартын ширэн эмээл 4 ширхэг, байшингийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лапатка төмрөөр хөшин орж, барууны загвартай ширэн хазаар 2 ширхэг, бугуйл 2 ширхэг, олсон ногт 1 ширхэг, ширэн жолоо 1 ширхэг, хутга, хутганы хуй, хоёр нүдний дуран 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, нум сум 1 ширхэг зэрэг, нийт 27.727.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүгч хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар “...эд зүйлийн үнэлгээг яллагдагч Д.Ө болон өмгөөлөгч нарт танилцуулаагүй, тэдний гомдол гаргах эрхийг хангаагүй, ...яллагдагч Д.Өг гэрч Ц.Болормаатай нүүрэлдүүлэн байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ...Д.Ө нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ О.Солонго, Ц.Болормаа нартай хамт явсан, тэд ч хамт явсан гэдгээ хүлээн мэдүүлсээр байхад тэдний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Д.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хулгайд алдагдсан гэх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ /1хх-69-73, 2хх-166-193/-нүүдийг яллагдагч Д.Ө болон түүний өмгөөлөгч нарт тухайн үед нь танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулах үед яллагдагч, түүний өмгөөлөгч нараас эд зүйлийн үнэлгээтэй холбоотой гомдол, хүсэлт гаргаагүй, “...санал, хүсэлт байхгүй...” гэжээ.

 

Шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх үед эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан оролцогч нараас гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж зааснаар шүүхээс шийдвэрлэх боломжтой талаар хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж, Д.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.   

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Д.Ө-тай О.Солонго, Ц.Болормаа нар хамт явсан байх боловч Д.Ө-г хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг тэд мэдээгүй, энэхүү нөхцөл байдлыг ухамсарлаж ойлгоогүй байдал тогтоогдсон байна.

 

Иймд Д.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1664 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Өд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Д.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ