Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0127/З |
Дугаар | 526 |
Огноо | 2019-08-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 526
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, НЗД, УБ хотын ЗАА, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад тус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн агуулга.
1.1. Нэхэмжлэгч Ч.Б 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга[5]:
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр тушаалын дагуу Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох шийдвэр гаргахыг даалгах тухай,
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ч.Б нь 1977 оноос эхлэн Хөдөө аж ахуйн Барилгын зургийн институтэд /хуучин нэрээр/ төсөвчнөөр 12 жил тууштай, үр бүтээлтэй, улс эх орондоо үнэнчээр ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Үүнийг минь төр засгаас үнэлэн 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллага болон нам, захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн анхан шатны хороо, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн товчооны гишүүдийн зэрэг олон нийтийн дөрвөн байгууллагын хамтарсан хурлаар болон 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүх ажилчдын хурлаар хэлэлцэж 1 дүгээр хорооллын ... дугаар байрны 2 өрөөтэй, нэг айлын орон сууцыг Ч.Б надад өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Хөдөө аж ахуйн Барилгын зургийн институтээс Ч.Б надад хурлаар шийдвэрлэсэн байрыг олгуулахаар албан тоот явуулсан бөгөөд энэ албан бичгийн дагуу Улсын Барилгын Хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичгийг явуулахдаа надад олгосон Нэг айлын 2 өрөө орон сууц-ыг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ... дугаар байрны 3 дугаар орцны ... тоот 4 өрөө болгож ар талд нь гараар С гэж бичин будлиантуулан явуулж,
Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь А, Б гэсэн ордерийг үндэслэлгүй бий болгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх болсон.
Ингэж Миний бие төрийн байгууллагуудын будлиантай шийдвэрийн улмаас буюу Улсын Барилгын Хорооноос санаатайгаар будлиантуулсан асуудлаас болж Д.С бид хоёрт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, .. дугаар байрны ... тоот нэг айлын 4 өрөөг А, Б гэж хуваан олгосноор Д.С гэгчтэй 1988 оноос эхлэн өнөөг хүртэл нэг гал тогоотой, нэг ариун цэврийн өрөө, нэг коридортой нэг айлын орон сууцанд Айлын хажуу өрөө хөлсөлж байгаа мэт маш хүндрэлтэй нөхцөл байдалд, олон жилийн хугацаанд сэтгэл санааны их хэмжээний хохирол амсаад байна. Төрийн байгууллагуудын энэхүү будлиантай шийдвэр нь иргэнээ доромжилсон, хүний эрхийг ноцтой зөрчсөн, иргэнээрээ тохуурхан даажигнасан явдал болсон.
Миний бие Улсын Барилгын Хороо, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны энэ будлиантай шийдвэрийг нэг мөр болгон шийдвэрлүүлж ноцтой зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалүулахаар 1988 оноос хойш холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд хандахад төрийн байгууллага албан тушаалтнууд нь хууль бус эс үйлдэхүй-гээрээ миний нөхцөл байдлыг улам хүнд байдалд оруулж. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг маань уландаа гишгэж, шийдвэрлэж өгөхгүй байсаар ирсэн ба эцэстээ Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 437 дугаартай шийдвэр гаргаж Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр нь Улсын Барилгын Хорооноос 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичгийг явуулахдаа надад олгосон Нэг айлын 2 өрөө орон сууц-ыг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ... дугаар байрны 3 дугаар орцны ... тоот 4 өрөө болгож ар талд нь гараар С гэж бичиж будлиантуулсан явдлыг засаж, Иргэн Ч.Б-д Нэг айлын 2 өрөө орон сууц болгон өөрчлөхийг даалгасан шударга шийдвэр болсон.
Нийслэлийн захиргааны хэргийн энэ шийдвэрийг Барилга хот байгуулалтын яам сайн дураараа биелүүлэхгүй байсан тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1237 дугаар Албадан гүйцэтгэх захирамж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3704 бүхий Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 60 дугаар бүхий гүйцэтгэх хуудас тус тус гарч, миний бие Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, түүний сайд Х.Б хандан 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Барилга хот байгуулалтын яам нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг болон иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар гомдол гаргасан ба Харин Барилга, хот байгуулалтын яамны сайд нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаар бүхий тушаал гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр болох Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг бодит байдал дээр биелүүлж, Улсын Барилгын Хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичигт өөрчлөлтийг оруулсан.
Ингээд Барилга, хот байгуулалтын яамнаас надад Шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн, түүний хувийг хаана, хэрхэн хүргүүлж байгаа талаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/3379 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд миний бие НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д хандан иргэн Ч.Б надад 2 өрөөтэй нэг айлын орон сууцыг олгох асуудлыг нэг мөр эцэслэн яаралтай шийдвэрлэж өгнө үү хэмээн өргөдөл гаргахад уг асуудлыг УБ хотын ЗААнд шилжүүлсэн.
Харин Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/3085 дугаар бүхий Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлэхдээ Иргэн Ч.Б-ийн өргөдөлд дурдсан Д.С-д Улсын барилгын хороо /хуучин нэрээр/ -ны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоот албан бичгийн дагуу уг орон сууцыг хуваарилж Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хувьчилж 32946 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд түүний орон сууц эзэмших эрхийн бичиг, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүний орон сууц эзэмших, өмчлөх эрх хэвээр хадгалагдаж байна гэж үндэслэлгүй тайлбар хийжээ. Д.С-ийн нэг айлын орон сууцны хоёр өрөөг хувьчлан авсан нь надад ямар ч хамаагүй бөгөөд, сүүлд шүүхийн шийдвэрийг биелүүлж өөрчлөлт оруулсан Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаалын дагуу байр олгож шийдвэрлэхээс зориудаар зайлсхийсэн хариу өгсөн.
Мөн хариу албан бичигт Барилга, хот байгуулалтын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох албан бичигт өөрчлөлт оруулсан хэдий ч түүнээс үүдэн гарсан маргаан, хохирлыг УБ хотын ЗАА хариуцах үндэслэлгүй гэж өөрөөсөө холдуулах гэсэн тайлбар хийж ирүүлсэн.
1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын барилгын хорооны 4/2939 дугаар тоот нь гарсан даруйдаа амьдрал дээр биелэгдэж тэнд надтай хамт тусгагдсан байсан бүх иргэд өөрийн гэсэн орон байртай болсон, харин ганцхан миний хувьд л гараар бичсэн будлианаас болж эрхийн бичиг гэх хоосон цааснаас өөр зүйлгүй өнөөдрийг хүртэл нийтдээ 30 гаруй жил төрийн байгууллагуудын хооронд чирэгдэж, сэтгэл санааны хүнд стресстэй нөхцөл байдалд орж, эрүүл мэнд, сэтгэл санаа, зардал чирэгдлээр давхар давхар хохироод байна.
Иймд хариуцагч нарт Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр тушаалын дагуу Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох шийдвэр гаргахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч Ч.Б 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд ирүүлэхдээ[6]: ... Нэхэмжлэл гаргасан иргэн миний бие нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шийдвэрийн дотроос 106.3.4-д заасан Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэсэн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах буюу Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох тухай захиргааны акт гаргахыг даалгах гэж тодорхойлж байгаа болно.
Харин энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсан байдлаар тодруулж байна.
Нэхэмжлэл гаргагч Ч.Б миний бие өмнө нь: Улсын Барилгын Хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичгийг явуулахдаа надад олгосон Нэг айлын 2 өрөө орон сууц-ыг ... тоот 4 өрөө болгож ар талд нь гараар С гэж бичиж будлиантуулсан хууль бус үйлдлийн талаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэрээр Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулсан юм. Харин энэ Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яам нь биелүүлэхгүй байсныг уйгагүй шахаж, шаардсаны үр дүнд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус яамны сайдын 151 дүгээр тушаал гарч, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр бодит байдал дээр биелэгдэж Улсын Барилгын Хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичигт Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох болгон өөрчлөлтийг оруулсан.
Энэ өөрчлөлтийн дагуу НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б од хандан иргэн Ч.Б надад 2 өрөөтэй нэг айлын орон сууцыг олгох асуудлыг нэг мөр эцэслэн яаралтай шийдвэрлэж өгнө үү хэмээн өргөдөл гаргахад уг асуудлыг УБ хотын ЗААнд шилжүүлсэн бөгөөд уг албанаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/3085 дугаар бүхий Өргөдлийн хариу хүргүүлэх тухай гэх миний өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэхээс санаатайгаар зайлсхийсэн, Барилга, хот байгуулалтын яам руу буруугаа өгсөн, н.С-д холбогдох хэсгийг барьж миний асуудлыг үндэслэлгүйгээр тайлбарласан албан бичгийг ирүүлсэн хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч миний Улсын Барилгын Хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичиг, энэ албан бичигт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсны дагуу 2 өрөө байрыг өмчлөлдөө авах эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөхөд хүрсэн.
Тухайн үед буюу Улсын Барилгын Хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Ордер гэрээ хийлгүүлэх тухай албан бичигт дурдагдсан байсан бүх иргэд нь өөрийн гэсэн орон сууцыг өмчлөлдөө авсан. Учир нь Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь зохих шийдвэрээ гаргаж иргэдийн өмчлөлд байрыг нь шилжүүлсэн. Яг үүнтэй адил иргэн миний бие ч 2 өрөө байраа өмчлөлдөө авах нь хууль ёсны бөгөөд төрийн байгууллагын өөрийнх нь гаргасан алдаанаас болж миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирч үлдэх ёсгүй. Хариуцагч нар нь иргэн надад ялгаварлан гадуурхан хандаж байгаа нь, мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, харьяалах төрийн захиргааны төв байгууллагынхаа хууль ёсны шийдвэрийг үл тоож, үндэслэлгүй хариу өгч миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон уг шийдвэрийг биелүүлсэн Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаал гарахаас өмнө уг асуудлын талаар хариуцагч нар нь Хөрөнгө мөнгө, орон сууцны нөөц бололцоо одоогоор байхгүй байна, хөрөнгө оруулалтаар баригдах орон сууцны барилгууд ашиглалтад орох үед уг асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах болно гэх мэтээр хариу өгч шийдвэрлэхээс зайлсхийж ирсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/3085 дугаар өргөдлийн хариу нь өөр байдлаар үндэслэлгүйгээр тайлбарлаж шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг мөн тодорхой харуулж байгаа болно /1999, 2001, 2008, 2011 онуудад ирүүлж байсан хариунуудыг хавсаргав/. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй атал хариуцагч нар нь энэ үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхгүй байгаагаас Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг минь ноцтой зөрчиж байна.
Иймд Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохыг даалгасан захиргааны акт гаргахыг хариуцагч нарт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
2.1 Хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[7]: ... Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа Ч.Б-д 8824.. тоот 2 өрөө орон сууц эзэмших эрхийн бичгийг олгохдоо түүний ажиллаж байсан байгууллага буюу Улсын барилгын хорооны /Хуучин нэрээр/ 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоот албан бичиг, түүний хавсралтыг үндэслэн олгосон.
Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан мөрдөгдөж орон сууцыг иргэдэд өмчлүүлж эхлэхээс өмнө нийтийн зориулалттай орон сууцыг хуваарилан олгох асуудлыг тухайн байгууллага хамт олноор хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг байсан.
Уг орон сууцыг Ч.Б-д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн байгууллагын санал бүхий албан бичиг түүний хавсралтыг үндэслэж шийдвэрлэснийг буруутган орон сууц олгуулах шийдвэр гаргахыг даалган хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Ч.Б нь 2012 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, 2014 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд тус тус нэхэмжлэл гаргахдаа: Ч.Б миний бие 1977 оноос эхлэн Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтэд 12 жил үр бүтээлтэй ажилласныг минь үнэлэн 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллага болон нам, олон нийтийн дөрвөн байгууллагын хамтарсан хурлаар хэлэлцэж 1 дүгээр хорооллын ... дугаар байрны 2 өрөөтэй, нэг айлын орон сууцыг Ч.Б надад өгөхөөр шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтээс Ч.Б надад хурлаар шийдвэрлэсэн байрыг олгуулахаар албан тоот явуулсан.
Уг албан бичгийн дагуу Улсын барилгын хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд ордер гэрээ хийлгүүлэх албан бичгийг явуулахдаа надад олгосон 1 айлын 2 өрөө орон сууцыг өөрчлөн Ч.Б, Д.С нарт 1 айлын 4 өрөө орон сууцыг олгохоор өөрчилж явуулсан байсан гэжээ.
Харин Ч.Б-ийн өмгөөлөгч Х.Э нь шүүх хуралдааны явц дахь өмгөөлөлдөө: Улсын барилгын хорооны буруутай үйл ажиллагааны улмаас эзэмших эрхийн гэрчилгээ гарсан гэж тус тус тайлбарлаж мэдүүлж байсан байна. Иймд Төрийн албаны тухай хууль, Иргэний хуулийн дагуу буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх, шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх нь зүйтэй юм гэжээ.
Гурав. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд[8] тусгав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б-аас НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулсан Барилга, хот байгуулалтын яамны шийдвэрийн дагуу 2 өрөө нэг айлын орон сууц олгож өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдлийг[9] гаргажээ.
Харин УБ хотын ЗААнаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/3085 албан бичгээр[10] ...Барилга, хот байгуулалтын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох албан бичигт өөрчлөлт оруулсан хэдий ч түүнээс үүдэн гарсан маргаан, хохирлыг УБ хотын ЗАА хариуцах үндэслэлгүй. Иймд энэхүү маргааныг үүсгэсэн буруутай байгууллага, албан тушаалтанд хандаж эрх ашгаа хамгаалуулах нь зүйтэй юм. гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Уг хариуг хүлээн авч нэхэмжлэгчээс тус шүүхэд УБ хотын ЗААны өргөдлийн хариу буюу байр олгох асуудлыг шийдвэрлэхээс зориудаар зайлсхийсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр тушаалын дагуу Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох шийдвэр гаргахыг даалгах тухай гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийн дагуу Улсын барилгын хорооны 1988 оны 4/2939 Ордер гэрээ хийлгэх тухай албан бичигт өөрчлөлт оруулсан Барилга, хот байгуулалтын яамны шийдвэрийн дагуу 2 өрөө нэг айлын орон сууц олгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байтал зориудаар зайлсхийсэн хариу өгсөн, иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, 2 өрөө байрыг өмчлөлдөө авах эрх, хууль ёсны ашиг сонирхол 1988 оноос өнөөдрийг хүртэл зөрчигдөж ирсэн гэж, харин хариуцагчаас НЗД, УБ хотын ЗАА, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга нь орон сууц олгох асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн маргаж байгаа социалист улсын өмчийн орон сууцыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхтэй холбоотой харилцаа нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтийн нам захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн товчооны гишүүд, тэргүүлэгчдийн хамтарсан 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурал-аар[11] хэлэлцэж шийдвэрлэснээр анх үүссэн байна.
Уг хурлын шийдвэрийн дагуу Улсын барилгын хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4/2939 Ордер гэрээ хийлгэх тухай албан бичгийг[12] Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хүргүүлжээ.
Энэ албан бичигт 1 дүгээр хорооллын 8 дугаар байранд орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлэхдээ /хавсралтын зургаа дахь хэсэгт/ Ч.Бд 4 өрөө орон сууц олгохоор оруулж, жагсаалтад Д.С-ийн нэрийг нэмж оруулжээ.
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1 дүгээр хорооллын .. дугаар байрны ... тоот 4 өрөө орон сууцыг ...а тоотод орон сууц эзэмших 8824.. дугаартай эрхийн бичиг /ордер/-ийг Ч.Б-д, ...б тоотод мөн 8824.. дугаартай эрхийн бичиг /ордер/-ийг Д.С-д олгож, ОСНАА-н контортой орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна[13].
Дээр дурдсан Улсын барилгын хорооны шийдвэр нь алдаатай гарсан гэж нэхэмжлэгч Ч.Б-аас үзэж, уг шийдвэрт өөрчлөлт оруулах нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр ...4/2939 дугаар албан бичгээс үзвэл Улсын барилгын хорооноос 2 айлыг 1 айлын 4 өрөө орон сууцанд хуваарилан шийдвэрлэж ирүүлсэн жагсаалтын дагуу АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ордер бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй байна... гэж дүгнээд Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар ордер хийлгэх тухай албан бичгийн хавсралтын Зургаа-д Ч.Б-д 2 өрөө 1 айлын орон сууц олгохоор өөрчлөхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаар шийдвэрээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 437 дугаартай шийдвэрийг үндэслэн Улсын барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 4/2939 дугаар Ордер гэрээ хийлгэх тухай албан бичгийн хавсралтын Зургаад Чгийн Б, ХААБЗИ-д техник, 2, 4 гэснийг Ч.Б-д2 өрөө нэг айлын орон сууц олгох гэж өөрчилжээ.[14]
Нэхэмжлэгчээс өмнөх орон сууц хуваарилах шийдвэрийг өөрчилсөн шүүхийн шийдвэр, энэхүү шийдвэрийг биелүүлж гарсан Барилга, хот байгуулалтын сайдын шийдвэрийн дагуу өөрт нь 2 өрөө нэг айлын орон сууцыг олж авах, эзэмших эрх үүссэн учир шинээр орон сууц олгох, ордер бичиж өгөх үүрэгтэй гэж хариуцагч захиргааны байгууллагаас шаардан өргөдөл гаргасан байна.
Нэхэмжлэгчийн энэ өргөдлийг үндэслэн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 152 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид 2 өрөө нэг айлын орон сууц олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: 1. Улсын барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 4/2939 дугаар Ордер гэрээ хийлгэх тухай шийдвэрээр Тус хороонд хуваарилагдсан 1 дүгээр хорооллын . дугаар байшинд хуваарийн дагуу гэрээ ордерийг олгох-той холбоотой гарсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу Улсын Барилгын хорооны 1 дүгээр хорооллын . дугаар байшинд 2 өрөө нэг айлын орон сууцны ордер бичиж олгоогүй буруутай үйлдлийг хууль бус гэж шүүхээс үзэж, нэхэмжлэгчийн энэхүү эрхийг буюу 1 дүгээр хорооллын . дугаар байшинд байрлах 2 өрөө нэг айлын улсын өмчийн орон сууцыг эзэмших эрхийг шүүхээс сэргээн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл нэхэмжлэгчээс уг шийдвэрт заасан 1 дүгээр хорооллын . дугаар байшинд бус дахин шинээр 2 айлын нэг өрөө орон сууц олгохыг хариуцагчаас шаардсан агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгчид улсын өмчийн орон сууцыг эзэмших эрх олгосон шийдвэрүүд нь 1988 онд гарсан байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн зохицуулалтаар улс, хоршооллын өмчийн орон сууцыг байгууллагуудад хуваарилж, тухайн байгууллагууд нь ажилтнууддаа хуваарилж, тухайн байгууллагаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ордер бичиж, гэрээ хийдэг байжээ.[15]
Нэхэмжлэгчийн маргаж байгаа социалист улсын өмчийг байгууллагуудад хуваарилах, байгууллагуудаас ажилтнууддаа хуваарилан эзэмшүүлэх шийдвэр гаргах, байгууллагаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас ордер гэрээ хийхтэй холбоотой харилцаа нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдаж Монгол Улсын өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор болон Орон сууц хувьчлах тухай хууль гарч улсын өмчийн орон сууцыг эзэмшиж байсан иргэдийн хувийн өмчлөлд нэг удаа үнэгүй өмчилснөөр дуусгавар болжээ.[16]
Иймээс нэхэмжлэгчийн шаардсаны дагуу хариуцагчаас 2 өрөө нэг айлын орон сууцыг олгох, ордер гэрээ хийх талаарх өмнөх эрх зүйн зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй бөгөөд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна.
3. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтална гэжээ. Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцсэн байх агуулга нь захиргаанд хуулиар эрх олгогдож, үүрэг хүлээлгэсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулна, захиргаа нь аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ зөвхөн хуулиар зөвшөөрсөн, бүрэн эрх олгосон тохиолдолд эрх эдэлж, үүрэг хүлээдэг байна.
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа тухайн үед буюу 1988 онд хүлээж байсан үүргийг /эрх залгамжлан/ хүлээх үүрэгтэй гэж нэхэмжлэгчийн үзэж байгаа хариуцагч НЗД, УБ хотын ЗАА, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор улсын өмчийн орон сууцыг иргэдэд эзэмшүүлэх, олгох, ордер бичиж, гэрээ байгуулах-тай холбоотой бүрэн эрх олгогдоогүй, ийм эрх хэмжээг хуулиар зөвшөөрөөгүй байна.
Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн, эрхийг зохицуулсан 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйл, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан Нийслэлийн Засаг даргын орон сууцны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлээр заасан орон сууц нийтийн аж ахуй ба худалдаа үйлчилгээний талаарх хот, тосгоны захирагчийн бүрэн эрх, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан хот, тосгоны захирагчийн бусад бүрэн эрх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/28 дугаар тушаалаар баталсан Нийслэлийн захирагчийн ажлын албаны дүрмийн заалтууд тус тус хамаарна.
Хэрэв хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн шаардлагын дагуу 2 өрөө нэг айлын орон сууцыг олгох-той холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тохиолдолд энэхүү үйл ажиллагаа нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй, өөрт хуулиар эрх олгогдоогүй, хүлээн зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэх эрх зүйн үр дагаврыг бий болгохоор байна.
Мөн хариуцагч захиргааны байгууллагад өнөөдрийн хууль тогтоомжоор 1988 оны улсын өмчийн орон сууцыг хуваарилах хуулиар олгогдсон бүрэн эрх байхгүй, ордер бичих үүргийг хүлээгээгүй, өнөөдрийн үйлчилж байгаа Төсвийн тухай хуульд заасны дагуу хариуцагч байгууллагаас төсвийг захиран зарцуулах чиг үүрэгт төрийн өмчийн орон сууцыг иргэнд олгох үүрэггүй учир нэхэмжлэгчийн шаардлагыг бодит байдалд биелүүлэх боломжгүй, цаашлаад хариуцагчаас хуулиар хүлээлгээгүй үүргийг биелүүлэхийг шаардах үр дагаварт хүргэхээр байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасан шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх заалттай холбоотойгоор шүүхийн шийдвэр нь бодит байдалд биелэгдэх боломжтой байх шаардлагатай нийцэхгүй юм.
4. Үүнээс гадна маргаан бүхий өргөдөлд дурдсан шийдвэрийг гаргахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-д Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй., Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. гэсэн хуулийн заалтад нийцээгүй хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үүний учир нэхэмжлэгч Ч.Б-ийн холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, НЗД, УБ хотын ЗАА, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дүгээр тушаалын дагуу Ч.Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгох шийдвэр гаргахыг даалгах тухай гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.С