Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1774

 

Ч.Энх-Одын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/01702 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Энх-Од,

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох,

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” Б/81, мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тухай” А/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Энх-Од, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 9 дүгээр сард анх Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа байгууллагаас холбогдох зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн өр барагдуулалтын ажлыг сайн гүйцэтгэж өндөр бүтээлтэй ажиллаж ирсэн. Миний хийсэн ажлыг байгууллагаас өндрөөр үнэлж, 2011-2014 онуудын байгууллагын аварга ажилтан, 2016 онд ХХААЯ-ны жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан. Мөн 2012 онд байгууллагад өртэй иргэн, аж ахуйн нэгжийн өр барагдуулалтыг онц гүйцэтгэсэн тул намайг урамшуулж, байгууллагын зардлаар ХБНГУ-д 14 хоногийн сургалтад хамруулсан. Түүнчлэн, 2014 онд хийсэн ажлын үр дүнгээр өндөр үнэлэгдэж байгууллагын төлөөлөгчөөр сонгогдож БНХАУ руу байгууллагын зардлаар тракторын үйлдвэртэй танилцах, гэрээ байгуулах ажилд томилогдон ажиллаж байсан.

Гэвч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат нь тус албан тушаалд 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнгээр томилогдсон бөгөөд томилогдсон цагаасаа эхлэн байгууллагын хуучин ажилтнуудыг ямар нэгэн байдлаар шахаж, ажлаа өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд тус шаардлагыг хүлээн авсан ажилтнууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шаардлагыг хүлээн аваагүй ажилтнуудыг мэргэжлийн түвшин тогтоох шалгалт гэх нэрийн дор шалгалт авч түүнийгээ үндэслэн ажилд нь авч үлдэхийг хүссэн ажилтнууддаа урьдчилан хариултыг нь өгч, ажлаас шахан гаргахыг хүссэн ажилтнуудаа зориудаар унагааж, үүрэгт ажлаас нь чөлөөлж иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргалаа.

Тус хууль бус үйлдлийг нь эс зөвшөөрч гүйцэтгэх захирал В.Үнэнбат болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /цаашид ХХААХҮЯ гэх/-ны сайд П.Сэргэлэн нарт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Гэвч Тариалан эрхлэлтийг дэмжих сан /цаашид ТЭДС гэх/-гийн гүйцэтгэх захирлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/814 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт миний гомдлыг хүлээн авах боломжгүй талаар дурдсан байсан. Харин ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэнгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлэхгүй байна.

Намайг ажлаас чөлөөлөгдөх үед ТЭДС-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/61 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам мөрдөгдөж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай” А/83 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш шинээр дотоод журам батлагдаагүй байсан бөгөөд надад ямар нэгэн байдлаар шинээр хөдөлмөрийн дотоод журам батлагдсан гэж танилцуулаагүй. Гэвч Хөдөлмөрийн дотоод журмаас баримталсан дээрх заалтууд нь намайг ажиллаж байх үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтууд байна.

Миний бие ТЭДС-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг буюу хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халахтай холбоотой заалтуудыг тушаалд баримталсан байх бөгөөд миний бие яг ямар ноцтой зөрчил гаргаж, тэр нь ажлаас халагдах үндэслэл болсон талаар тухайн тушаалд байхгүй, тодорхой бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан намайг мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад амжилтгүй дүн үзүүлж, гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь шалгалтын комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч тухайн шалгалт нь өөрөө хууль бус, шударга бус явагдсан. Дээр дурдсанчлан шинээр ажилд орсон болон гүйцэтгэх захирлаас авч үлдэхийг хүссэн ажилтнууд нь шалгалтын хариутай урьдчилан танилцсан, шалгалт өгсөн дүр үзүүлж, бэлэн урьдчилан хэвлэсэн материалаас хуулбарлан өгсөн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан.

Тус шалгалтыг анх авах талаар мэдэгдэхдээ “зүгээр түвшин тогтоох шалгалт, ямар нэгэн ажлаас халах асуудал үүсэхгүй, хэрэв амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд сургалтад хамруулна” гэж хэлж байсан. Түүнээс гадна нэгэнт шалгалтад тэнцээгүй тул та шүүхээр яваад амжилтанд хүрэхгүй гэж шахалт үзүүлж, Хөдөлмөрийн тухай хуульд өөрөө хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тэтгэмж өгөх талаар зохицуулалт байхгүй байхад өөрийн хүсэлтээр ажлаа өгвөл 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж өгнө гэж амлалт өгсөн тул зарим ажилтнууд аргагүйн эрхэнд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнээс харахад хууль бус үйлдлээ хууль ёсны мэт харагдуулах арга хэрэглэж байгаа нь харагдаж байна.

Миний бие дээрх хууль бус үйл ажиллагаатай санал нийлэхгүй байсан тул намайг мэргэжил ур чадварын шалгалтад тэнцээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. ТЭДС-д олон жил, тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байсан ажилтнуудын 70 гаруй хувийг гүйцэтгэх захирал В.Үнэнбат томилогдмогцоо ямар нэгэн байдлаар чөлөөлж ТЭДС-гийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан ажилчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт нь мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй комисс томилогдож, шалгалт авсан бөгөөд шалгалтын процесс хуулийн дагуу явагдаагүй болно.

Мэргэжлийн бус, хууль бус комисс шалгалт авсан тухайд: ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар тушаалаар, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авахаар тогтоосон. ТЭДС-гийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журамд ажилчдаас мэргэжил, ур чадварын шалгалт авах, түүнчлэн ТЭДС-гийн гүйцэтгэх захиралд мэргэжил, ур чадварын шалгалт авах комисс томилох эрх олгогдоогүй байна.ТЭДС-гийн дүрмийн 5.21 дэх заалтад “...Сангийн ажлын алба болон салбаруудын бүтэц, орон тоог Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, сайд батална” гэж заасны дагуу дээрх комиссыг ТЭДС-гийн гүйцэтгэх захирал томилох эрх олгогдоогүй байна.

Мөн дүрмийн 5.25 дахь заалтад “...Сангийн гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн сайдад танилцуулсны дагуу сангийн албан хаагч болон салбарын захирлыг томилж, чөлөөлнө...” гэж тус тус заасан байна. Гэтэл гүйцэтгэх захирал нь ТЭДС-гийн дүрмийн дээрх заалтын дагуу намайг ажлаас чөлөөлөхөд Удирдах зөвлөлийн саналыг үндэслэсэн, сайдад танилцуулсан нэг ч баримт хэрэгт байхгүй байгаа. Түүнчлэн Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс нь тухайн байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилалын комисс гэж 2 янз байдаг. Харин ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс нь тухайн байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс мөн үү ТЭДС-гийн дүрмийн 5.21 дэх заалтад заасны дагуу Удирдах зөвлөлөөс хэлэлцүүлэн сайд баталсан комисс мөн үү гэхэд бас л үгүй энэ нь зөвхөн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан, мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй комисс юм.

Мэргэжлийн бус комисс гэх үндэслэлийн тухайд: ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс нь Л.Энхмаа нь Санхүү, хууль эрх зүйн албаны дарга, Б.Отгонбаяр захиргаа хүний нөөцийн албаны дарга Ц.Мөнхцоож, ЗХН-н дарга, Х.Отгонзул Санхүүгийн ахлах мэргэжилтэн, Р.Очирбал гэх гадны хүн ТЭДС-д огт ажиллаж байгаагүй. Дээрх комиссийн бүрэлдэхүүнд орсон бүх гишүүд нь 2016 оны 8 дугаар сарын дундуур гүйцэтгэх захирал гаднаас авч ирж ажилд томилсон хүмүүс бөгөөд урьд өмнө ТЭДС-д огт ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүмүүс төдий ТЭДС-д ажилд ороод 2-3 сар л ажилласан хүмүүс байгаа юм. Ийм байхад дээрх хүмүүс нь ТЭДС-д 8 жил ажиллаж байсан бид хэдийн ажлыг дүгнэж байгаад харамсалтай байна.

Шалгалтын процесс хууль бус тухайд: Ажил ологчийн зүгээс ажилчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, сургалт зохион байгуулах, суралцах нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, ажилчдаас мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт шууд авч байгаа нь ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилчдаас авсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжид маш олон шинээр батлагдсан хуулиуд байгаа.

Гэтэл ТЭДС-гаас уг хуулиудын талаар нэг ч удаа ажилчидтай сургалт хийгээгүй байж шалгалт авч байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр бөгөөд шалгалт хуулийн дагуу авагдаагүй гэдгийг нотолж байгаа юм. Мөн миний тестийн шалгалтын материалд, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамжинд дурдаагүй, түүнчлэн хүчингүй болсон хуулиас 4-5 тест орж ирсэн байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас хархад ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон комисс нь өөрсдөө мэргэжлийн бус комисс гэдгээ үүгээр харуулж байгаа юм. Иймд ХХААХҮЯ-ны ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/81 дүгээр тушаалыг хүчингүйд болгуулах, урьд эрхэлж байсан өр барагдуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” тушаалыг хүчингүй болгож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар тушаалыг хүчингүй болгон, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоож өгнө үү.

ТЭДС-гийн гүйцэтгэх захирал тушаал гаргаад уг тушаалын дагуу удирдамж гаргасан, удирдамжтай танилцуулаад “та нарын зөвхөн мэргэжил ур чадварын түвшинг тогтоож, мэргэжлийн ур чадварт тэнцэхгүй бол дахин сургалтад суулгана, Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т зааснаар та нарын мэргэжлийг л дээшлүүлэх зорилготой шалгалт авч байгаа гэдэг үндэслэлээр түвшин тогтоох шалгалтын удирдамж журмыг батлуулж, танилцуулаад шалгалтыг 3 үндэслэлээр авсан байдаг. Үүнд: Мэргэжил, түвшин тогтоох, ур чадвар ажлын үзүүлэлт үр дүн гэсэн шалгуураар шалгалт авсан. Шалгалт авах явцад мэргэжлийн комисс томилсон үйлдэл нь хууль бус байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ТЭДС-гийн гүйцэтгэх захирал 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А28 тоот тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай шаардлага нэмэгдүүлсэн. Шалгалт авахдаа мэргэжлийн шалгалт авах зохион байгуулах эрхтэй эсэх, ТЭДС-гийн дүрмийн 4.5-д зааснаар сангийн бүтэц, орон тоог удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлах, сайдаар батална гэж заасны дагуу мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалт авах нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш бөгөөд сайдад танилцуулснаар шалгалт авах эрхтэй болох нь харагдаж байна.

Зөвхөн Б.Үнэнбат захирал өөрийн үзэмжээр шалгалтыг зохион байгуулсан, мөн дүрмийн 4.25-д ТУЗ-ийн саналыг үндэслэн сайдад танилцуулсны дагуу сангийн албан хаагчийг томилож чөлөөлнө гэсэн. Ч.Энх-Од нь сангийн албан хаагчид багтах бөгөөд гүйцэтгэх захиралд ийм эрх олгогдоогүй байна. Мэргэжлийн бус комисс гэдэгтэй холбогдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын Дээд шүүхийн 33 дугаар тайлбарт дурдсан 2 үндэслэлээр гарсан байдаг.

Ажилтны мэргэжил, ур чадвар эрүүл мэнд гүйцэтгэж байгаа ажил мэргэжилд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадвар тогтоох комисс тогтоож, дүгнэлт гаргахыг ойлгож байгаа. Гэтэл салбарын гэдэг нь Ч.Энх-Од эрх зүйч мэргэжилтэй ур чадвар тогтоох комисс нь эрх зүйн салбарын комисс тогтоох ёстой. Иймд ТЭДС-аас 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилсон байдаг. н.Энхмаа санхүү хууль эрх зүйн албаны дарга, Б.Отгонбаяр нь захиргаа хүний нөөцийн дарга, н.Мөнхцоож нь хүний нөөцийн дарга, н.Отгонсүрэн санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн. Р.Очирбал гэх өмгөөлөгч нь хариуцагч байгууллагад ажилдаггүй атлаа яагаад комисст оров гэдэг асуудал байгаа.

Комисс бол мэргэжлийн байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар шаардаж байгаа. Тухайн салбарын мэргэжлийн комисс гэж заасан байхад өөр өөр мэргэжилтэй хүмүүс байгаа нь хууль зүйн шаардлага хангахгүй байна. Ч.Энх-Од нь ажлын үзүүлэлт унагаагүй, он дараалан тухайн байгууллагын аварга ажилтан болж байсан. Шалгалтыг ур чадварын ажлын үзүүлэлтээр тестийн шалгалт гэж авсан үзүүлэлтийг 20 оноогоор дүгнэж байгаа нь Ч.Энх-Од ажлын үзүүлэлт 100 хувь, тест, бодлогын шалгалтад тэнцээгүй байна. Шалгалтын зөв хариулт байхгүй, материал нь нэгийгээ үгүйсгээд байгаа.

Мөн хүчингүй болсон захиргааны хуулийг оруулсан байсан, шалгалт удирдамжийн дагуу явагдаагүй, энэ шалгалтаар 6 хүн халагдсан байдаг ажлаас бөөнөөр нь халах үед ажил олгогч 45 хоногийн дотор мэдэгдэх ёстой. Гэтэл ажил олгогч 33 хоногийн дараа мэдэгдсэн ажлаас халагдсан 6 хүн 3 удаа өргөдөл гаргасан байдаг. Ч.Энх-Од нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мэдлэг ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэж хэлж байгаа нь хууль бус. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, нэгэнт эрх хэмжээ олгогдоогүй тушаалыг хүчингүй болгож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, өмгөөлөгч Р.Очирбал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Энх-Од нь ТЭДС-гийн ажилтны мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтад амжилтгүй дүн үзүүлж мэдлэг, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь шалгалтын комиссын дүгнэлтээр тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. Мөн тэрээр хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учир мөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг хэрэглэсэн асуудалд уг тушаалыг төлөвлөсөн хянасан хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаа энд байгаа. Цаашид бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 дэх заалт болон хөдөлмөрийн дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээний заалт дээр маргахгүй. Учир нь техникийн алдаа гарсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэсний тухайд тушаах хэсгийн 1 дээр байгаа өр барагдуулах албаны ажилтан Ч.Энх-Од нь шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн, ажлын мэдлэг ур чадвартаа тэнцэхгүй болсон, шалгалтын комиссын дүнгээр тогтоогдсон учраас мөн өдрөөс ажил хүлээлцэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн байдаг. Тушаалын тушаах хэсэг, үндэслэл хэсгийн агуулыг харах юм бол техникийн алдаа гарсан гэдэг нь харагдаж байгаа. Түвшин тогтоох шалгалтанд амжилтгүй дүн үзүүлэн тогтоогдсон гэдэг нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ТЭДС-гийн захирлын тушаал гарсан. 4 хавсаралттай уг шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр ТЭДС-ийн төв офисст зохион байгуулсан.

Шалгалт хэд хэдэн үе шаттай явагдсан ба шалгалтыг ТЭДС-гийн гүйцэтгэх захиралын А/28 тоот тушаалын дагуу авсан. Эхний тестийн шалгалтад Ч.Энх-Од нийт 13, ур чадварын шалгалтад 13, ажлын үзүүлэлтэд албаны дарга 20 хүртэл оноо өгсөн бөгөөд нийт 100 оноо авахаас 46 оноо авсан. Комиссоос түүнийг мэргэжил, ур чадвар ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шалгалтанд орсон хүмүүстэй харьцуулахад Ч.Энх-Од нь албандаа хамгийн бага оноо авсан. Тестийн оноог хангалтгүй гэж үзсэн. Тестийн оноонд Шалгалтын комисс нь субьектив санаа гаргасан үйлдэл байхгүй. Ч.Энх-Од нь шалгалтын дараа шалгалтын материалтай танилцан нэг асуудал дээр оноо дутуу гэсэн. Бид тэр асуудал дээр оноог нь нөхөн өгч асуудлыг шийдсэн байдаг.

Ч.Энх-Одын өмгөөлөгчийн ярьж байгаа шиг ажлаас халах албаар тэнцүүлэхгүй гэсэн асуудал байхгүй. Нийт 1 сарын хугацаанд шалгалтанд бэлдэх хугацаа байсан. Ч.Энх-Од нь өөрөө шалгалтандаа бэлдээгүй гэсэн тайлбарыг шалгалтын дараа хэлж байсан. Гүйцэтгэх захирал нь Тариалан эрхлэх санг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам, мөн Тариалан эрхлэх санг дэмжих журмын 4.22-т заасныг тус тус үндэслэн тушаалыг гаргасан. Гүйцэтгэх захирал нь эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах эрхтэй. Комисс нь мэргэжлийн байсан бөгөөд комисыг хуулиар зохицуулсан зүйл байхгүй, шалгалтанд бэлдэх хангалттай хугацаа, удирдамж, чиглэл тодорхой байсан. Уг шалгалтын комисст удирдах ажилтан 2 хүн, захиргааны ажилтан, хуулийн мэргэжлийн 1 хүн байсан. Шалгалтыг нийт ажилтнаас авсан бөгөөд өр барагдуулах албанаас аваагүй бусад албанаас авсан шалгалтыг 13 хуулийн хүрээнд авсан. А/28 тушаалыг хүчингүй болгох асуудал нь нэг ажилтаны санаачилгаар шийдэхгүй, ажлаа өг гэх мэт шахаж шаардсан зүйл байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ч.Энх-Одыг урьд эрхэлж байсан Санхүү бүртгэл төлөвлөлт, хууль эрх зүйн албаны Өр барагдуулалтын мэргэжилтний албан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 632 592 төгрөгийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Энх-Одод олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энх-Од нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89 071 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.6.3, 10.1.6.4, 10.1.9, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3 гэх заалтууд нь нэхэмжлэгч Ч.Энх-Одын тушаалын агуулгад хамаагүй, техникийн алдаа гаргасан бөгөөд уг техник алдааг хариуцагч зөвшөөрч маргаагүй. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсгүүдээс үзэхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар маргааны гол үндэслэл болох мэргэжлийн түвшин тогтоох шалгалт, түүнд Ч.Энх-Од нь шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн, тухайн албан тушаалтныг цаашид ажиллах ур чадвартаа тэнцээгүй тухай сонгон шалгаруулалт, шалгалтын материал болон шалгалтын комиссын дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар мэтгэлцсэн байна.

Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний тухай заалтын талаар маргаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт тушаалын гол хууль зүйн үндэслэл болох мэргэжлийн ур чадварын сонгон шалгаруулалт түүнд тэнцээгүйн улмаас халагдсан тушаал, түүнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй, хариуцагч талын тайлбар, гаргасан баримтыг буруугаар тайлбарлан, мэтгэлцэж маргаагүй зүйлд дүгнэлт хийж, хуулыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл ТЭДС-гийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/28 тоот “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” тушаалаар явагдсан сонгон шалгалт нь хүчинтэй хэвээр бөгөөд комиссын дүн, шийдвэр нь хүчинтэй байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан дээрх хуулийн 40.1.2-т заасан үндэслэл, нөхцөл байдлыг дүгнээгүйгээр шийдвэр гаргасан байна. Йймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг зөвтгөх шаардлагатай, талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

            Нэхэмжлэгч Ч.Энх-Од нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 тоот “Мэргэжил ур чадварын түвшин тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.6.3, 10.1.6.4, 10.1.9, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т заасныг үндэслэсэн ч хариуцагч нь хуулийн 40.1.4 дэх заалт болон түүнтэй холбоотой дотоод журам, гэрээний заалтыг барихдаа техникийн алдаа гаргаснаа зөвшөөрчээ.

            Харин хариуцагч татгалзлаа Ч.Энх-Од нь мэргэжил ур чадварын түвшин тогтоох  шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан, хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр гаргасан байна.

            Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Албан хаагчдаас мэргэжил, ур чадварын шалгалт авах тухай” А/28 дугаар тушаалаар мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалтын журам, удирдамж, шалгалт авах хугацаа, хамрагдах ажилтнуудын нэрсийг баталж, ажилтнуудад танилцуулсан баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч Ч.Энх-Од танилцаж гарын үсэг зуржээ. /хх-71-84/

            Дурдсан журам, удирдамжид шалгалт авах зорилго, шалгуур үзүүлэлт, түүнийг боловсруулах, дүгнэх журам, шалгалтын үнэлгээ, үнэлгээний дагуу авах арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийн агуулга зэргийг тогтоосон байх бөгөөд ажилтнууд уг журамтай  танилцаж, гарын үсэг зурсны дотор Ч.Энх-Од хамрагдсан баримт хэрэгт авагдсан, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг өгсөн байх тул ажил олгогчийн шалгалт авах шийдвэрийг хүлээн зөвшөөрч шалгалтад орсон гэж үзнэ.

Иймд шүүх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 тоот “Мэргэжил ур чадварын түвшин тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Уг шалгалтын дүнгээр нэхэмжлэгч Ч.Энх-Од 46 оноо авсан талаарх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шалгалтын комиссоос гаргасан нэгдсэн дүгнэлт, шалгалтын нэгдсэн дүн /хх-100-102/ хэрэгт авагдсан ба шалгалт авах журмын “тав” дахь хэсгийн 5.3-т 69-өөс доош оноо авсан тохиолдолд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж хууль, гэрээнд зааснаар ажлаас чөлөөлнө гэж заажээ.

Ажил олгогч нь шалгалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдсэнийг зохигчид тайлбарлаж байна.

Хэргийн дээрх баримтуудаар ажилтан мэргэжил, ур чадварын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Энх-Одыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхээс үзвэл маргаж буй Б/81 дүгээр тушаалыг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т нийцүүлэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тушаалд хуулийн 40.1.4 дэх заалтыг баримталсныг ажил олгогчийн шийдвэрийг бүхэлдээ буруу гарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох шалгалтын журам тогтоосон ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа түүний дагуу явуулсан шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ үзүүлсэнтэй холбоотой маргааны үйл баримтыг тогтоож, тушаалын холбогдох үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлдээ хууль бус гэж үзсэн нь буруу болно.

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/01702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,   Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Энх-Одын “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 тоот “Мэргэжил ур чадварын түвшин тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, мэргэжлийн бус комиссоор шалгалт авсныг тогтоолгох тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

                                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ