Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 730

 

           Х.Б-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Б-д холбогдох эрүүгийн 1803002100182 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бөхчүүд овгийн Х.Б, 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Багахангай дүүргийн биеийн тамир спортын хороонд багш, дасгалжуулагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтийн 5-6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: МЙ84082817/;

  

   Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчим, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Сити Шоп” дэлгүүрийн баруун талын замд Батнасангийн Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 16-05 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баатаржавын Мөнх-Эрдэнийн жолоодож явсан “Хьюндэй Верна” загварын 04-16 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тээврийн хэрэгсэлд шууд 1.923.000 төгрөгийн, нийт 2.258.000 төгрөгийг хохирол учруулж, зорчигч А.Мандахын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Х.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бөхчүүд овогт Х.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 4,491,291 /дөрвөн сая, дөрвөн зуун ерэн нэгэн мянга, хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэлд 2,233,291 /хоёр сая, хоёр зуун гучин гурван мянга, хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Баатаржавын Мөнх-Эрдэнэд 2,258,000 /хоёр сая, хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэл нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Х.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Батнасангийн Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Х.Б би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид талийгаачийн ар гэр болоод охинд нь тусалж явахаа илэрхийлж байгаа ба дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас баримтаар учирсан бодит хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ “өөрийн эд хөрөнгө болох “Хьюндэй Верна” загварын 04-16 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт, баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна.

 

Мөн шүүгдэгчийн ах Х.Бадарч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэлтэй “нэг жилийн хугацаанд газар, хашаагаа 10.000.000 төгрөгөөр зараад амь хохирогчийн охины тэжээгчээ алдсаны тэтгэмжид зориулж өгнө” гэсэн гэрээг хийсэн. Х.Б-ын хувийн байдал, хохирол төлсөн нөхцөл байдал, амь хохирогчийн ар гэр, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх Х.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчим, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Сити Шоп” дэлгүүрийн баруун талын замд, Батнасангийн Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 16-05 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баатаржавын Мөнх-Эрдэнийн жолоодож явсан “Хьюндэй Верна” загварын 04-16 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тээврийн хэрэгсэлд шууд 1.923.000 төгрөгийн, нийт 2.258.000 төгрөгийг хохирол учруулж, зорчигч А.Мандахын амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Х.Б нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж /хх-121/, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нармандах /хх-32-33/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ /хх-67, 74-75/, гэрч Б.Ууганбат /хх-82-83/, гэрч Б.Энхбат /хх-85-86/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ /хх-89-90/ нарын мэдүүлэг болон Замын цагдаагийн албаны шинжээчийн 222 дугаартай дүгнэлт /хх-105-106/, Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-95/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 665 дугаар дүгнэлт /хх-22-26/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-20/ зэргээр нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Х.Б-ын гаргасан “...Х.Б би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид талийгаачийн ар гэр болоод охинд нь тусалж явахаа илэрхийлж байгаа ба дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргалын гаргасан “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэл “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ялыг тэнсэж өгнө үү”, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ “X.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ шүүхэд гаргасан. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж, Х.Б-ын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн “...Х.Б-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд залуу хүний ирээдүйг бодоод түүний ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх, тэнсэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн, мөн иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь “...Миний бие Х.Баас Верна 04-16 УНЦ машиныхаа төлбөрийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтүүд гаргасан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэл, шүүгдэгч Х.Б-ын ах Х.Бадарч нар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсныг шүүгдэгч Х.Б нь оршуулгын зардлын үлдэгдэл төлбөр, мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж үзэж болохоор байгааг харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнчлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав. Мөн шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт 47 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Бөхчүүд овгийн Х.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Х.Б нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.” гэж,

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 4,491,291 /дөрвөн сая, дөрвөн зуун ерэн нэгэн мянга, хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэлд 2,233,291 /хоёр сая, хоёр зуун гучин гурван мянга, хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Баатаржавын Мөнх-Эрдэнэд 2,258,000 /хоёр сая, хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэл нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг “Х.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэлд 2,233,291 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг төлсөн болохыг, иргэний нэхэмжлэгч Баатаржавын Мөнх-Эрдэнэ нь 2,258,000 /хоёр сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Алтангэрэл нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр энэ хэрэгт 47 хоног цагдан хоригдсоныг дурдаж, нэн даруй сулласугай. 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ