Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 731

 

М.Ж-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр М.Ж-д холбогдох эрүүгийн 1807002520104 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ботогара овгийн М.Ж, 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 15-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: УД91052016/;

М.Ж нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Энхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: М.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.17 дахь хэсэгт заасан асуудлуудыг яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр талуудыг оролцуулан хэлэлцүүлэхэд:

Яллагдагчийн өмгөөлөгчийн “Шинжээчийн дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлттэй байна. Үндэслэлийг дахин тайлбарлавал, баруун доод шүд гэмтсэн гэсэн шинжээчийн дүгнэлт байсан. Энэ гэмтэл нь тухайн үед үүссэн эсвэл өмнө нь үүссэн эсэхийг нэмэлт дүгнэлтээр гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Н.Жанболотыг дахин байцааж өгнө үү. Учир нь тухайн хэрэг болсон үед Н.Жанболот болон М.Ж нар ижилхэн хувцастай байсан. Тухайн үед хохирогч Г.Энхзул согтуу байсан. Мөн Н.Жанболотын хилээр орсон, гарсан тухай лавлагаа хавтас хэрэгт авагдаагүй байна. Мөрдөн байцаалтын шатанд тус хэргийг үйлдээгүй тухай удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. М.Ж-ын эхнэр Х.Жанаргүл, түүнийг шөнийн 01 цаг 30 минутын үед гэртээ орж ирсэн тухай гэрчилдэг. Гэтэл уг хэрэг шөнийн 04 цагт үйлдэгдсэн байдаг” гэв.  

Прокурор Б.Батбаярын “Гэрч Н.Жанболотыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй холбоотойгоор тайлбар гаргамаар байна. Н.Жанболотоос бусад гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулахад татгалзах зүйлгүй байна. Харин гэрч Н.Жанболотын хувьд мэдүүлгээ тогтвортой өгсөн. Н.Жанболот нь одоогийн байдлаар гадаадад зорчсон, гэхдээ энэ тухай баримт хэрэгт авагдаагүй. Н.Жанболот гадаадад байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй гэж үзэж байна. Н.Жанболотыг дуудаж, шүүх хуралдаанд оролцуулна гэвэл хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацааны хувьд удаашрах асуудал үүснэ” гэв.

Гэвч хохирогч Г.Энхзулын “...Алтайн 7 дугаар гудамжинд өөр машин машины урдуур зогссон, гар утас, 200.600 төгрөг алга болсон...” /хх-3/, “...7 дугаар гудамжинд явж байтал саарал өнгөтэй Япон машин урд зогссон, цүнхэнд байсан 200.600 төгрөг, “ЭлЖи” загварын 200.000 төгрөгийн үнэ бүхий гар утас алга болсон...”, /хх-8-9/, “...“ЭлЖи” загварын гар утас, 200.600 төгрөг алга болсон...” /хх-11/, “...Алтайн 7 дугаар гудамжны үзүүрт гэнэт зогсохоор нь яасан гэхэд урд машинд суу гэсэн...” /хх-13/, “...машинтай хоёр залуу өөдөөс ирж зогсоод таксины жолоочтой уулзсан, гар утас 200.600 төгрөг алга болсон...” /хх-15-16/ гэсэн түүний Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, 2018 оны 5 дугаар сарын 2, 5 дугаар сарын 28, 6 дугаар сарын 2-ны өдөр хохирогчоор, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон гэрч Б.Гаамаагийн 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “...би 03 цаг 15 минутад Энхзул руу залгаж “гэртээ харьсан уу” гэхэд “гудамж руугаа орж байна” гэсэн...” /хх-23/ гэж тус тус мэдүүлснийг дүгнэхэд хохирогч Г.Энхзул нь гар утастай байсан, түүний хүсэл зоригоос үл хамааран такси сольж суусан, таксины жолооч нар бие биеэ таньдаг эсэх, яагаад үйлчлүүлэгчээ өөр таксинд суулгасан, гар утас, бэлэн мөнгө алга болсон зэргийг шалгаж тогтоогоогүй, гэрч Н.Жанболотыг шүүхэд ирүүлэх боломжгүй гэсэн прокурорын тайлбар зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нотлогдоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, нотолбол зохих асуудлын талаар хүсэлт гаргасан боловч ач холбогдолтой хүсэлтүүд болох гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго зэргийг тодруулах ажиллагаа хийлгүй, зарим хүсэлтүүдийг хангахаас татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзэж, М.Жад холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, хохирлын талаар тодорхойлогдоогүй гэж заасан байдаг. Хавтас хэрэгт авагдсанаар хохирогч Г.Энхзул 3 удаа мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхдөө Г.Энхзулын болсон үйл явдал нь “бааранд найзтайгаа сууж байгаад таксинд суусан. Найз нь хохирогчийг суулгаж өгөөд цаашаа яваад гэрийнхэн нь хойд талын гудамжинд нөгөө таксины жолооч нь би явах боломжгүй болчихлоо гээд М.Жын жолоодож явсан таксинд суусан” гэдэг. Хохирогчийн бүх мэдүүлэгт “хамт архи уух уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Үгүй гэж хэлсний төлөө таксинаас шууд буулгаад зодсон. Хамт явж байсан Н.Жанболот салгасан гэдэг байдлаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Г.Алтанбилэг нь хохирогч Г.Энхзул бусдад зодуулаад гэртээ ямар байдалтай, хэдэн цагийн үед орж ирсэн талаар мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан.

М.Ж мэдүүлэг өгөхдөө “буугаарай гээд сэрээсэн чинь нөгөө хүн намайг оролдож байна гэж бодоод заамдаад хөлөөс зуураад байхаар нь 2 удаа цохисон” гэдэг. Мөн шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ гэмт хэргийн сэдэлт зорилго бол тодорхой. Архи уухгүй гэж хэлсний төлөө зодсон үйл явдал нь сэдэлт, зорилго нь болдог. Энэ үйлдлийн улмаас Г.Энхзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иймд сэдэлт, зорилго тодорхой байхад үүнийг шүүх авч үзээгүй. Энэ нотлох баримтуудыг яагаад үгүйсгэсэн бэ. Үгүйсгэх нотлох баримт байна уу гэдгийг авч үзээгүй. Өмнө мөрдөн байцаалтад өмгөөлөгч хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангаагүй оруулж ирэхэд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад хүсэлтийг нь ямар нэгэн байдлаар шийдвэрлэсний дагуу мөрдөгч буцааж хэргийг хүлээж аваад шийдвэрлэсэн.

Н.Жанболот гэрчийн мэдүүлэг тогтвортой, М.Ж-ын мэдүүлэгтэй тохирч байгаа тул үүнд давхар ажиллагаа хийх шаардлага байхгүй гээд энэ хүсэлтийг шийдвэрлэсэн. Үүнд өмгөөлөгч ямар нэгэн байдлаар хүсэлт, гомдол гаргаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд нь үндэслэлгүй гэдгийг прокуророос тайлбарлаж өгсөн. Өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулъя гэсэн. Прокурор үүнийг зөвшөөрөөд, байгаа гэрчүүдийг нь оролцуулж болно. Харин Н.Жанболотыг гэрчээр оролцуулах боломжгүй талаар яригдсан. Н.Жанболотыг гадаад улс руу явсан гэдэг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг бүрэн нотлогдсон гэж үздэг. Хохирогч 3 удаа мэдүүлэг өгөхдөө “200.000 төгрөг болон гар утас байсан” гэж хэлдэг. Гэхдээ энэ талаар шалгаад удаа дараа байцаалт авахаар хаана хаясан асуудлаа мэддэггүй. Тухайн үед автомашинд байсан, тэгээд гадаа гарсан. Гэрт очиход бүх юм байгаагүй” гэдэг. Энэ асуудлыг тогтоогоогүй байна гэж шүүх үздэг. Энэ талаар тухайн үед байсан гэрч нараас тайлбар мэдүүлэг авсан. Иймд хохирлын асуудлыг бүрэн тогтоосон гэж үзэж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Прокуророос яллагдагч М.Ж-ыг 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Энхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүгч хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нотлогдоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хохирогч Г.Энхзулын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-7-9/, дахин хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /1хх-10-12, 13-14/, Г.Энхзулын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-15-16/-ээр “...“ЭлЖи” загварын гар утас, бэлэн 200.600 төгрөг алдагдсан...” талаар удаа дараа тогтвортойгоор мэдүүлсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудад тулгуурлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийг тогтоож, дүгнэлт хийх боломжтой.

Мөн дээрх хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Н.Жанболот, гэрч Б.Гаамаа нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч М.Жын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоох боломжтой байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг үндэслэн уг хэрэгт нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ