Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00472

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01782 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2216 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ЭМХТ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 770 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ЭМХТ-д 2016 оны 12 дугаар сард захиргааны мэргэжилтний албан тушаалд анх томилогдож, улмаар 2017 оны 01 дүгээр сард тус төвийн хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албанд дотоод аудитын мэргэжилтнээр томилогдсон. Дараа нь тус байгууллагад бүтцийн өөрчлөлт орж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн ажилд шилжүүлсэн. Ийнхүү тушаал гарч шилжүүлэх үед би гадаад улсад сургалтад явсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эргэж ирэхэд өөр ажилд шилжүүлсэн байсан боловч би гомдол гаргаагүй. Гэтэл хэдхэн хоногийн дараа 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1, 55.1, 55.2 дахь заалтыг үндэслэн Б/83 дугаар тушаалаар намайг Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний албан үүргээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлахдаа надад тэтгэмж гэж 1 619 822 төгрөг олгосон. Би ажлаас чөлөөлөгдсөнөө зөвшөөрч тэтгэмжийг аваагүй, харин өөрсдөө өгсөн.

Иймд ЭМХТ-ийн ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 390 018 төгрөгөөс бэлнээр авсан 1 619 822 төгрөгийг хасч тооцон 1 770 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, ЭМХТ-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагааны хүрээнд ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил тушаалын жагсаалтыг баталж, мөн өдрийн Албан тушаалд томилох тухай Б/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албанд Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтнээр Б.Б-г томилсон. ...Ерөнхий захирал Б.Ганцэцэг хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүрэг, ажил, албан тушаалын жагсаалт, тухайн ажлын байранд ажиллаж байгаа албан хаагч төрийн чиг үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзсэн. Б.Б-г Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмжийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон 1 619 822 төгрөгийг бэлэн мөнгөний баримтаар олгосон. Уг ажлын байранд эрүүл мэндийн чиглэлээр төгссөн мэргэжлийн хүн ажиллах ёстой байтал нэхэмжлэгч огт холбоогүй мэргэжлээр төгссөн байдаг. Энэ талаар Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл нэхэмжлэгчийг хүлээн авч, танилцуулахад энэ тухайгаа ойлгож, Америкийн Нэгдсэн Улсад суралцах гэж байгаа тухайгаа хэлж 6 сарын тэтгэмж хүссэн байдаг. Байгууллагаас хуулийн дагуу 3 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Түүнчлэн Б.Б-тай Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01782 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-г ЭМХТ-ийн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт ЭМХТ-өөс 829 924 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 940 276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 24 468 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2216 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... ЭМХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Одончимэг би Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгуудад үндсэн мэргэшлийн чиглэлээр төрийн сангаар суралцагч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хооронд хийсэн гэрээний хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийх ажлаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд томилолтоор ажиллах болж Б.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтээ ЭМХТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 1317 дугаар албан тоот бичгээр хүргүүлсэн билээ.

Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэн Б.Б-гийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан байгааг үл харгалзан хариуцагчийн оролцоог хангахгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэн хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг баримтлан хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь ЭМХТ-ийн ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн хөгжлийн газрын Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч ЭМХТ-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч ЭМХТ- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Б-г Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангаагүй тул ажлаас нь чөлөөлж, 3 сарын тэтгэмж олгосон гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Б-г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.-т заасан зохицуулалтад үндэслэсэн байна.

Ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг ажилтныг ажлаас халах үндэслэл болгох нь буруу юм. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгасан байна.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй болно. Гагцхүү энэхүү “тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэгт хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй ажил олгогчийн өөрийн зөрчил дутагдал хамаарахгүйгээс гадна ажилтны мэргэжил, ур чадварын талаар эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан байх учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Б-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг ЭМХТ-ийн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зөв тооцоолон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй бөгөөд дээрх этгээд нь шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд оролцох талаар гомдолдоо заагаагүй, бичгээр хүсэлт гаргаагүй боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг зохигч талуудад мэдэгдсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэх байдлыг баримтаар нотлоогүй тул давж заалдах шатны шүүх шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхих талаар тогтоол гаргаж, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01782 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН