Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 734

 

Ц.Т, Б.Н нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ю.Батсүх,

Шүүгдэгч Ц.Т түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,  

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Т, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1706010000898 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Галданбошигт овгийн Ц.Т, 1971 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм их цуурай гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЦЕ71020303/;

 

2. Өрлүүд овгийн Б.Н, 1972 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЙ72060407/;

Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Н-тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Т-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Т, Б.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Галданбошигт овогт Ц.Т, Өрлүүд овогт Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Т-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд, шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Т Б.Н нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-аас 206.700 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 8 дугаар сарын 9-ний үед Б.Н манай гэрт орж ирээд “Хоёулаа цуг Ганбаа ахынд очъё” гэхээр нь хамт яваад очиход тэднийд хүмүүс архи уугаад сууж байсан. Би тэдний гэрт ороод цай уугаад сууж байхад Б.Н намайг “хот орж яах юм бэ. 2-лаа хамт архинд явъя” гэхээр нь цуг явсан боловч дэлгүүр хаалттай байсан. Тэгээд Б.Н “би чамд архи зардаг газар зааж өгъе” гээд Шарын ам руу яваад айлаас 5 литр нэрмэл архи аваад Ганбаатар гэх айлдаа эргэж очоод 3 литр орчмыг нь ууж байсан. Хоорондоо маргаад байхаар нь би явъя гэж бодоод гэрээс нь гараад явтал үүдэн дээр Б.Н-гийн нөхөр нь таарсан. Миний араас Б.Н явж байтал нөхөр нь “янхан минь ямар их архи уудаг юм бэ” гэж хэлээд нүүр лүү нь цохисон. Би цаашаагаа явж байтал Б.Н миний араас гүйж ирээд үсдэхээр нь хариу үсдэлцээд байж байтал нөхөр нь хүрч ирээд “янханууд минь үсээ тавилцаач” гэхээр нь би үсийг нь тавьж байхад Б.Н улам чангалаад байсан. Би өвдөөд байхаар нь уйлсан чинь нөхөр нь нүүр хавьцаа нь цохиод байсан. Н, Эрдэнэбаяр, Т хоёр намайг нийлээд зодчихлоо гээд гараад явахаар нь би гэртээ хариад унтсан. 18 цагийн үед Б.Н согтуу урд талын айл руу орж байсан. 18 цаг өнгөрөөд үхэр саахаар явсан хойгуур Б.Н-гийн охин Мөнгөншагай “ээж, аав хоёр зодолдоод, манай ээжийг харсан уу” гээд явж байсан. Манай охидууд Мөнгөншагайд ээжийнх нь байгаа газрыг зааж өгсөн байдаг. Манай хоёр охин болон хажууд нь байсан Ганбаатараас мэдүүлэг аваагүй. Эрдэнэбаяр болон Мөнгөншагайг гэрчээр оруулсанд маш их гомдолтой байна. Би өмнө нь ийм аймаар хэрэгт орооцолдож үзээгүй. Би хүн зодохоор хүн биш” гэв.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ганбаатар гэх айлд ороод гарах үед Ц.Т-тай тааралдсан. Тэр үед өглөөний 10 цаг болж байсан. Хамт дэлгүүр орчихоод эргэж ирээд 2, 3 цаг л болж байсан байх. Бид нар согттолоо их архи уугаагүй. Гэрт ороход 0,33 литрийн архи байсан. Авчирсан 5 литр нэрмэл архинаасаа 2 литр гаруйг нь уусан. Ц.Т нь байнга хүний голд яс хаяж, худлаа хэлж, хэрүүл хийж явдаг хүн. Чи яах гэж хэрүүл хийсэн юм бэ гэж Ц.Т-д хэлсэн чинь Ганбаатарынд намайг үсдэж аваад гэрт нь зууралдаж байгаад гарсан. Тухайн үед манай нөхөр байхгүй байж байгаад намайг Ц.Тд зодуулсны дараа ирсэн. Дахиад Ц.Т-тай барилцаж аваад гарах гэхэд гадаа үүдэнд нөхөртэйгөө таараад намайг салгах гэсэн. Би нөхөртөө “2 эмэгтэй хүн зодолдож байхад чиний хэрэг байхгүй” гэж хэлээд явуулсан. Би Ц.Т-тай хамт Ганбаатарын хашаанаас гарчихаад “чи миний нүүр амыг ийм болгосон шүү. Би чамд гар хүрээгүй. Одоо чи юу гэж бодож байна” гэж хэлэхэд Ц.Т босоод явсан. Би араас нь босоод найз эмэгтэйгийндээ очиж хоносон. Ц.Т бид хоёр зэрэг явсан. Дандаа худал мэдүүлэг өгөөд байх юм. Үүнээс гадна Ц.Т шүүх эмнэлэгт ажилладаг танил талаараа ямар ч тогтоолгүй худал гэмтэл тогтоолгосон. Тэр өдөр Энхтайван гэдэг хүнтэй маргаад бичлэг хийсэн байсан. Би Баасанхүү байцаагч дээр байцаагдаж байхдаа тэр бичлэгтэй сиди-г нь өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр Сиди байгаа гэж хэлсэн боловч гарч ирээгүй. Дахиад шүүх хурал дээр тэр бичлэгийг хуулбарлаад өгсөн. Бичлэг дээр Ц.Тын бугалга дээр ямар ч цус хурсан зүйл байгаагүй. Тухайн үед Энхтайвантай оройн 8 цагийн үед маргаж байхад Соронзонболд, Ядамсүрэн гэдэг 2 байцаагч ирсэн. Би Ц.Т-ын биед ямар ч гэмтэл учруулаагүй. Намайг үсдэхээр нь адилхан биеэ хамгаалж үсдэлцсэн. 450.000 төгрөгийн торгох ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ц.Т-ын шинжээч томилох тогтоол хэрэгт байхгүй гэдгийг миний зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Тухайн үед шүүгч “одоо ийм зүйл ярихгүй” гэж хэлээд миний хэлсэн зүйлийг хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгч тогтоолоо үзүүлээд, шүүх эмнэлэгт үзүүлсэн, төлбөр төлсөн баримт нь хэрэг дотор авагдсан байгаа. Харин яагаад тогтоол нь хэрэг дотор байхгүй байгаа талаар бид мэдэхгүй байгаа. Ц.Т-ын зүгээс тогтоолгүй шүүх эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй. Мөн одоог хүртэл үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Харин шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг байнга өөрчлөгддөг. 2 нүд нь хөхөрсөн байхад танд энэ гэмтэл юугаар, яаж учирсан бэ гэж асуухад мөрдөн байцаалтын шатанд гараараа цохисон гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх хуралдаан дээр цохисон биш өшиглөсөн гэж мэдүүлдэг. Хууль сануулж байгаа учраас 2 шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх байх гэж бодоод 1 асуулт асуухад 2 өөр зүйл яриад байдаг учраас аль нэг нь худлаа ярьж байгаа нь тодорхой болж байна. Миний үйлчлүүлэгчийн үнэн зөв гэдэг нь одоог хүртэл тогтвортой өгч байгаа мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Яг үсдэлцэж байх үед гэрийн эзэн Ганбаатар хажууд нь хараад зогсож байсан боловч түүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Хэрвээ энэ хүнийг гэрчээр асуусан бол өнөөдрийн нөхцөл байдал, хэн нь худал хэлээд байгааг тогтоох боломжтой байсан. Ц.Т үнэн зөв мэдүүлэг өгөөд байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гээд 800.000 төгрөгөөр торгоод харин шүүгдэгч Б.Н-гийн өгсөн мэдүүлгүүд өөрчлөгдөөд байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэтээр 450.000 төгрөгөөр торгож, ялыг ялгамжтай оногдуулж байгаад Ц.Т гомдолтой байгаа. Шүүгдэгч Б.Н-гийн охин “Манай ээжийг харсан уу. Аав зодчихлоо” гээд Ц.Т-ын хоёр охиноос асуусан байдаг. Үсдэлцсэний дараа нөхөр нь Б.Н-г зодсон үйлдэл байсан байна гэдгийг Ц.Т-ын хоёр охины гэрчийн мэдүүлгээр нотлох байтал огт гэрчээр асуугаагүй. Гэрчээр асууж өгнө үү гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ тал дээр миний үйлчлүүлэгч гомдолтой байдаг тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт шүүхийн шатнаас эхэлж оролцсон. Тусгайлан ямар нэгэн санал, гомдол гаргаагүй. Энэ хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Одоогоор бодит хохирол буюу 207.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ю.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шүүгдэгч Ц.Т Б.Н нар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтын дагуу хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ц.Т Б.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч Ц.Тын хохирогчоор өгсөн /хх-31-32/, шүүгдэгч Б.Нгийн хохирогчоор өгсөн /хх-34/, Н.Цээзэдмаагийн гэрчээр өгсөн /хх-43-44/ мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10240, 10412 дугаартай дүгнэлтүүд /хх-47, 48/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Т нь “...Бид хоёрыг үснээсээ зулгаацалдаж байхад тухайн үед Ганбаатар ах, түүний эхнэр Цээзэдмаа, Эрдэнэбаяр нар байсан. Гэрчээр Ганбаатарыг огт асуугаагүй. ...Хэрэг болох үед Эрдэнэбаяр Н-г “тавь” гээд цохиод байсан ба хаашаа цохисныг нь хараагүй ч нүүр хавьцаа нь хүчтэй цохиод байсан. Энэ үед Н-д гэмтэл учирсан байх бололцоотой. Иймд хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгаж, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна...” гэж,

шүүгдэгч Б.Н нь “...Т нь намайг болон миний гэр бүлийг хэл амаар доромжилж, 2018 оны 4 дүгээр сарын 24-нд олон нийтийн дунд намайг хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжилсон. Би байнга сэтгэл санааны дарамтанд байна. Энэ хүнээр эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол төлүүлмээр байна. Миний 450 нэгжийн торгуулийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, хоорондоо маргалдах болсон шалтгаан, биед учирсан гэмтэл нь Ц.Т-ын хохирогчоор өгсөн “...Намайг гудамжинд гараад булан тойрч байтал Б.Н араас ирээд миний үснээс зулгаагаад хойшоо татахаар нь би зөрүүлээд Б.Нгийн үснээс зулгаагаад байж байтал Д.Эрдэнэбаяр ирээд бид хоёрыг боль, тавьцгаа гэхээр нь Б.Н-гийн үсийг тавьсан чинь Б.Н миний үснээс улам зулгаагаад чи наад Ц.Тыг өмөөрдөг хэн бэ гээд байсан. Тэгэхээр нь би орилоод уйлсан чинь Д.Эрдэнэбаяр тавь гээд дахиад Б.Н-г цохиод байсан. Хаашаа цохисныг нь би мэдээгүй. Тэгээд Б.Н миний үснээс тавиад хойшоо явсан...” /хх-31-32/ гэсэн,

Б.Н-гийн хохирогчоор өгсөн “...тухайн хэрэг гардаг өдөр Ц.Т согтуу, над руу дайрч, намайг зодсон. Тэр үед би биеэ хамгаалж Ц.Т-тай барилцаж аваад баруун гараараа Ц.Тын үснээс зулгааж, бид хоёр барилцсан чигээрээ газар хүчтэй унасан. Тэгээд бид ноцолдсон. Манай нөхөр Д.Эрдэнэбаяр ирээд салгах гэхээр нь би уурлаад хоёр эмэгтэй хүн зодолдож байхад чи хэрэггүй. Бид хоёр өөрсдөө учраа олно гээд хөөж явуулсан. Энэ үед Ц.Тын зүүн бугалганд цус хуралт үүссэн байх, харин зулайн хуйханд үүссэн зөөлөн эдийн гэмтэл нь би Ц.Тын үснээс баруун гараараа зулгаасан үед үүссэн байх гэж бодож байна...” /хх-34/ гэсэн тус тус мэдүүлгүүдээр тодорхойлогдож байх ба тэдгээрийн дээрх мэдүүлэг нь гэрч Н.Оюун-Эрдэнийн “...хашааны гадаа Б.Н согтуу, нүүр нь хөхөрч хавдсан зогсож байхаар нь би шууд гэр лүү авч ороод нүүрийг нь угаагаад өвчин намдаах эм өгөөд юу болсон талаар асуухад Ц.Т намайг зодсон гэж хэлсэн...” /хх-42-43/ гэх, гэрч Н.Цээзэдмаагийн “...Б.Н, Ц.Т хоёр гэнэт маргалдаад гэрээс гарахаар нь би араас нь гартал хоорондоо зодолдоод үснээсээ зулгаалдаад манай хашаанд зогсож байсан. Би боль гэж хэлсэн боловч салахгүй байсан. Гаднаас Б.Нгийн нөхөр Д.Эрдэнэбаяр орж ирээд тэр хоёрыг бас боль гэж хэлсэн чинь салахгүй байхаар нь эхнэр Б.Нг хоёр алгадаж байгаа харагдсан...” /хх-43-44/ гэх тус тус мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10240, 10412 дугаартай дүгнэлтүүд /хх-47, 48/ зэргээр давхар нотлогдсон байна.

Дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Т шүүгдэгч Б.Н нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хэн хэнийхээ биед хөнгөн хохирол учруулсан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т шүүгдэгч Б.Н нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т Б.Н нарын адилхан үйлдсэн гэмт хэрэгт зөв дүгнэлт хийж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүгдэгч нарт ялгавартай ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулахдаа нэг шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оноосон атлаа нөгөө шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тодорхой үндэслэлгүйгээр ялгамжтай хандсан шинжтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Тд оногдуулсан торгох ялын хэмжээг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Ц.Т Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Тыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ