Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1787

 

М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01686 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ганчимэг,

Хариуцагч Ж.Баатарсүхэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ж.Баатарсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Баатарсүх нь Инж марал ХХК-д ажиллаж байхдаа надаас өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж мөнгө зээлж, түүнийгээ эргүүлэн төлдөг байсан. Өмнөх зээлийн өрөө хэсэгчлэн төлж, өрийн хуримтлал үүсч, улмаар ажлаа хаяж, сураггүй алаг болсон. Тэрээр надад 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөрөөс төлж, үлдэгдэл 10 500 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч хэлцэл хийсэн боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагчаас 10 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлд хүү, алданги тохиролцоогүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад нийт 10 500 000 төгрөгийг зээлсэн мэт харагдаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Ж.Баатарсүх нь М.Ганчимэгээс мөнгө зээлсэн гэх баримт байхгүй, Н.Адъяасүрэн гэх хүнээс Ж.Баатарсүхэд 10 000 000 төгрөг шилжүүлсэн гэх банкны баримт хэрэгт авагдсан.

Зохигчид өмнө нь хамтарч ажиллаж байх үедээ М.Ганчимэг нь тендерийн бичиг баримт хөөцөлдөж өгөн, ашигтай ажиллавал 15 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. М.Ганчимэг нь Ж.Баатарсүхээс 20 000 000 төгрөгийн автомашин аваад мөнгөө өгөөгүй байдаг. Гэтэл Ж.Баатарсүх нь М.Ганчимэгээс мөнгө зээлэх ямарч хэрэгцээ шаардлага байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Баатарсүхээс 10 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ганчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Баатарсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаа нь ямар эрх зүйн харилцаа болох тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Ж.Баатарсүхтэй зээлийн гэрээг амаар байгуулж, 15 500 000 төгрөгийг зээлдүүлж...” гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хэрэгт болон хаана ч тийм гэрээ байхгүй. Нэхэмжлэгч хэзээ, хаана, хэнд, хэдэн төгрөгийг ямар хугацаагаар зээлсэн тухай баримт байхгүй байхад шүүх үндэслэлгүйгээр ингэж дүгнэсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө хүлээж аваагүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн орлогын мэдүүлэг, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийг баримтаар үгүйсгэж чадаагүй болно” гэж дүгнэснээс харахад энэ 2 баримтаас үүдэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүхээс үзэж байна.

Миний бие өмнө нь Н.Адьяасүрэн гэдэг хүнд автомашин зарсан байсан. Тэр хүн миний дансанд мөнгө төлсөн орлогын баримтыг олж аваад хэрэгт хавсаргасан баримтыг шүүхээс М.Ганчимэг Ж.Баатарсүхэд зээлсэн мэтээр дүгнэж байгаа нь огт хуульд нийцэхгүй. Уг баримт дээр Н.Ганчимэгтэй холбоотой ямар ч үг байхгүй. Мөн уг орлогын баримт дээр Г.Адьяасүрэн гэх нэрнээс өөр мөнгө зээлсэн гэх ямар ч утга байдаггүй. Үнэхээр хүнд мөнгө зээлж байгаа бол 100 000 төгрөг биш 10 000 000 төгрөг зээлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр нь зээл эсвэл М.Ганчимэг гэдэг хүн мөнгө өгч байгаа, зээлж байгаа талаараа бичих ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсанаар Инж марал ХХК-д би огт ажиллаж байгаагүй, түүнчлэн нэхэмжлэлд дурдсан бүх үйл баримтууд худал бөгөөд нэхэмжлэгчээс үүнийгээ нотлох ямар ч баримт хавсаргаж өгөөгүй, намайг мөнгөгүй хүнээс байнга мөнгө зээлээд явж байдаг хүн мэтээр бичсэн нь үндэслэлгүй, гүтгэсэн зүйл юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт энэ талаар заасан байдаг. М.Ганчимэг нь Ж.Баатарсүхэд мөнгө болон өөр ямар нэгэн эд хөрөнгө шилжүүлэн өгөөгүй, мөн уг хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хуулийн уг шаардлагыг хангахгүй, зөрчилдөж байна гэж үзэж байна. Хоёр иргэн хамтарч ажиллах, ажил гүйцэтгүүлэх, ашигтай ажиллавал төлбөр тооцоогоо хэрхэн өгөх талаар амаар тохиролцсон тохиролцоогоо баталгаажуулах талаар цаасан дээр хэлцэл гэж бичсэний төлөө зээлийн гэрээний үүрэг хүлээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлүүдийг заасан байх бөгөөд 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх ёстой. Үнэхээр мөнгө зээлсэн гэж үзэхэд хэдэн төгрөгийг, ямар хугацаагаар зээлэх талаараа тохирсон байх ёстой. Ийм тохиролцоо, хэлцэл байхгүй байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж энэ хэрэгт ямар ч хамааралгүй баримт болох 10 000 000 төгрөгийг хэн нэгэн хүн Ж.Баатарсүхийн дансанд хийсэн баримтад тулгуурлан М.Ганчимэг мөнгө зээлсэн байна гэж дүгнэж байгаа нь илт хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч М.Ганчимэг нь Ж.Баатарсүхээс 10 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, М.Ганчимэгээс мөнгө зээлж байгаагүй, харин автомашин худалдан авсны төлбөрт 10 000 000 төгрөг шилжүүлж байсан гэж тайлбарлажээ.

             Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргасан “хэлцэл” гэх баримтад “15 500 000 төгрөгийг М.Ганчимэгт төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх 10 500 000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусгах” талаар бичсэн, уг баримтыг харилцан тохиролцож үйлдэн, гарын үсэг зурснаа хариуцагч үгүйсгээгүй. /хх-3/

            Хариуцагч Ж.Баатарсүхийн хэлцэлд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийг хүлээн зөвшөөрснөө бичгээр мэдэгдсэн гэж үзэх бөгөөд зохигчдын хооронд зээлийн харилцаа байгаагүй гэх тайлбар уг баримтаар няцаагдсан гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч зээлийн үүрэг шаардах эрхтэй.

Харин хариуцагч Ж.Баатарсүх нь 10 000 000 төгрөгийг машины үнэнд шилжүүлэн авсан гэх татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлж татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбар, шүүхэд гаргасан баримтыг харьцуулан үнэлбэл зээлийн үүрэг шаардсан нэхэмжлэл үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасэн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх ба шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАРМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ