Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01686

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01686

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-100Б тоотод оршин суух, Боржигон овогт М.Ганчимэг нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, 39 дүгээр байрны 199 тоотод оршин суух, Хулд овогт Жамцанбазарын Баатарсүхэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч М.Ганчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ж.Баатарсүх нь “Инж марал” ХХК-д ажиллаж байхдаа надаас өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж мөнгө зээлж, түүнийгээ эргүүлэн төлдөг байсан. Өмнөх зээлийн өрөө хэсэгчлэн төлж, өрийн хуримтлал үүсч, улмаар тэрээр ажлаа хаяж яван сураггүй болсон. Тэрээр надад 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөрөөс төлж, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохирч хэлцэл хийсэн боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагчаас 10,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлд хүү, алданги тохиролцоогүй болно гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад нийт 10,500,000 төгрөгийг зээлсэн мэт харагдаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Ж.Баатарсүх нь М.Ганчимэгээс мөнгө зээлсэн гэх баримт байхгүй, Н.Адъяасүрэн гэх хүнээс Ж.Баатарсүхэд 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэх банкны баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар өмнө нь хамтарч ажиллаж байх үедээ М.Ганчимэг нь тендерийн бичиг баримт хөөцөлдөж өгөхөөр тохирсон. Ашигтай ажиллавал 15,000,000 төгрөгийг өгөхөөр тохирсон. М.Ганчимэг нь Ж.Баатарсүхээс 20,000,000 төгрөгийн машин аваад мөнгөө өгөөгүй байдаг. Гэтэл Ж.Баатарсүх нь М.Ганчимэгээс мөнгө зээлэх ямарч хэрэгцээ шаардлага байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Ж.Баатарсүхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч “зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө аваагүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Ганчимэгт шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, Баримт 9-д гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг “нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, ...” гэж заасантай харшлахгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Ж.Баатарсүхтэй зээлийн гэрээг амаар байгуулж, 15,500,000 төгрөгийг зээлдүүлж, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг буцаан авч, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг хариуцагч 2014 оны 4 дүгээр сарын 20-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон болох нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэл, Хаан банкны 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Орлогын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.  

 

Талуудын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хэлцэлд хүү, алданги авахаар тохиролцоогүй, мөн нэхэмжлэгч хүү, алданги нэхэмжлээгүй. Ийм хариуцагчаас 10,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө хүлээж аваагүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн орлогын мэдүүлэг, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийг баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Баатарсүхээс 10,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ганчимэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                                            М.МӨНХТӨР