Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00495

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, замын зардал, итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний дагуу төлсөн хөлс, нотариатын зардал зэргийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Б- миний бие 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Товцог багийн ИНХ-д оролцсон 324 иргэний 221 санал авч багийн Засаг даргаар сонгогдон улмаар 09 дүгээр сарын 19-ний өдөр Улиастай сумын Засаг даргаас батламжлагдан багийн Засаг даргаар сонгогдсон билээ.

Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улиастай сумын ИТХ-н дарга Б.Мэндбилэг, Засаг дарга Б.Эрдэнэбаатар нараас Монгол Улсын Үндсэн Хуулийн жаран хоёр дугаар зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.....гэсэн заалт, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэг: Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.... гэсэн заалт, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг: Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна..... гэсэн заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт... багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно...гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Товцог багийн ИНХ-ыг хууль бусаар далд зарлан хуралдуулсан, мөн багийн Засаг дарга Н.Б- миний биеийг үүрэгт ажлаас хугацаанаас өмнө хууль бусаар чөлөөлсөн болох нь:

...Захигааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 470 тоот тогтоол зэрэг 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож Товцог багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01, 02, 03 дугаар тоот тогтоолуудыг хүчингүй болгож, мөн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн б/141, б/144 тоот захирамжуудыг хүчингүй болгож, Н.Б-гийн бүрэн эрхийн хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан байгаа болно.

Шүүхийн явцад Н.Б- надаас болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатараас гарсан бусад зардал, итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн ажлын хөлс, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи цалин зэргийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бусад зардлыг шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /Нийт: 99 хоног 33 319=3 298 581 төгрөг/-г хариуцагчаас гаргуулах

1. Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт очиж хойшлуулсан, биеэр оролцсон замын зардал /195 200 төгрөг/-ыг хариуцагчаас гаргуулах

2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний дагуу төлсөн хөлс /2 100 000 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулах

3. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд /107 хоног 33 319=3 565 133 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулах

4. Захиргааны хэргийн шүүхэд материал нотариатаар баталгаажуулж өгөхөд нотариатчид төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулах /24 800 төгрөг/ гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр Н.Б-г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон боловч, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , Н.Б-г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртлэх хугацааны цалинтай тэнцэх олговор болох 6863714 төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол Улсын Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Хяналтын шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт очиж оролцсон замын зардал 195,200 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний дагуу төлсөн хөлс 2,100,000 төгрөг гаргуулах, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн зардал 24800 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт олгох 6863714 төгрөгнөөс түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 3.854.070 төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгохоор тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.009.644 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 4 дэх заалтын улсын тэмдэгтийн хураамжид 124.769 төгрөг гэснийг 76.615 төгрөг гэж тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...хууль болон хяналтын шатны шүүхийн тогтоолд зааснаар Н.Б-гийн засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байхад Н.Б-г 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллах боломжтой байсан гэж үзэж, түүний ажилгүй байсан хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тооцож, нөхөх олговор олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн "...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар түүний засаг даргаар ажиллах бүрэн эрх дуусгавар болсон байна” гэж хуулийг буруу тайлбарласан байна.

Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд багийн даргын бүрэн эрх 4 жилийн хугацаатай байх бөгөөд түүнийг чөлөөлөх асуудлыг Багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэн тогтоол гарч сумын Засаг дарга чөлөөлж дараагийн багийн Засаг дарга томилогдсоноор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор зохицуулсан байдаг. Дээрх байдлаас дүгнэхэд Н.Б-гийн бүрэн эрх 2017 оны 09 дүгээр сард дуусгавар болох байсан боловч түүнийг чөлөөлсөн багийн Иргэдийн Нийтийн хурлын тогтоол болон Улиастай сумын Засаг даргын захирамж нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болон гарсан тул түүний бүрэн эрхийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, хохирол нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор Н.Б-г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Улиастай сумын Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б\144 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгч Н.Б-г Улиастай сумын Товцог багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар шийдвэрээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Н.Б-г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоожээ.

Улсын Дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор Н.Б-г ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон боловч Н.Б-гийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Н.Б- ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд авах байсан цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх ба давж заалдах шатны шүүх Н.Б-г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль бус байсан нь тогтоогдсон учир Н.Б-гийн багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрх дуусгавар болсон үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоогоогүй явдал нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор төлөх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн хохирол гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар нэхэмжлэгч тал гомдол гараагүй байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН