Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 788

 

А.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Нямсүрэн,

Шүүгдэгч А.Базарваанийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Базарваанийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б-д холбогдох эрүүгийн 1811010560456 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овгийн А.Б, 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “МСЗ интернэйшнл” ХХК-д шат угсрагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13-120/б тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: УМ90041517/;

А.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Тэнгис” кино театрын орчмоос иргэн Т.Батхүрэлийн эзэмшлийн 19-52 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шарнууд овгийн А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсарлгах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүх урьд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ тэнсэж харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг нэмж нэгтгээгүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлд заасныг зөрчиж эрх зүйн байдлыг дордуулсан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

2. Урьд нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа миний бие нь уг гэмт хэрэгт 5 сар 2 хоног хоригдсон байхад уг хоригдсон хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцоогүй нь хуулийн үндэслэлгүй болно. Учир нь, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн гэмт хэрэгт цагдан хоригдсон хугацааг оруулан тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод бүрэн нийцэх бөгөөд шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт оногдуулах ялын хэмжээний доод хязгаар 2 жил болон хөнгөрсөн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ байхад шүүх урьд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нийцүүлэн хассаны дараа үлдэх ялыг нэмж нэгтгээгүй нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “шинэ хуулиар оногдуулах ялыг багасгасан шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хуулийн зохицуулалттай нийцээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр давж заалдсан журмаар гомдол гаргаж байна...” гэжээ.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2, 3, 8 дугаар бүлгийг гэмт хэргийн бүрэлдэхүүний үйлдлүүдийг илүү харж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлүүдийг зөрчсөнийг хуульд нийцүүлэн бичсэн байгаа учраас үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд нийцүүлэн 2 сар хоригдсон хоногийг тооцуулах саналтай байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, завших зорилгогүйгээр эзэмших, зөрчих” гэдгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хохирогч нар ямар нэгэн санал гомдолгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэж Батхүлэг мэдүүлсэн байсныг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч надад “Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, ял хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтууд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 6.9, 6.10 дугаар зүйлүүдэд зааснаар зохих өөрчлөлтүүдийг оруулахад татгалзах зүйлгүй байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” дараахь үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ялын хамгийн бага буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй байна гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч А.Бд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэснээс гадна түүний өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б-ийн хулгайлсан автомашины үнэлгээг хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаар гаргуулаагүй байна.

Мөн шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайн гэмт хэрэг үйлдсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодсон талаараа мэдүүлсэн /хх-20/ байхад Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шалгаж шийдвэрлэх шаардлагатай байгааг дурьдав.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                           ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

 

                                                                                                   Д.МЯГМАРЖАВ