Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0688/З |
Дугаар | 393 |
Огноо | 2019-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 393
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Ц.А, Н.Э, С.П, өмгөөлөгч З.С, хариуцагч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “Э.Ү” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, З.Ж нарыг оролцуулан “А.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү.А.Г, Гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н нарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: “А.И” ХХК
Хариуцагч: Ү.А.Г
Хариуцагч: Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э.Ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн Бүлэг 2 буюу “Э.Ү ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А.И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.И” ХХК нь үндэсний үйлдвэрлэгч бөгөөд “Э.Ү” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг 2010 оны 09 дүгээр сард хийж, 2011-2014 онуудад бүтээн байгуулалтаа хийж, 2014 оны 07 дугаар сараас эхлэн Э.Үийн технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хэлбэрээр хуримтлагдсан, холимог хүдрийн нөөцийг ашиглан катодын зэс ялгах үйлдвэрлэлийн төслийг амжилттай туршиж, үйлдвэрлэлээ 2014 оны 10 дугаар сард ашиглалтад өгч, өнөөг хүртэл орон нутагт 200 орчим хүнийг ажлын байраар ханган 4 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод ашигт малтмалын нөөцийг сорчлон ашиглахыг хязгаарлан, дэвшилтэд техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын боловсруулалтын өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ гэж тодорхойлсны дагуу манай компани төрийн бодлогыг үйл ажиллагаандаа удирдлага болгож Э.Үийн хөрвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус үүсмэл ордыг дэлхийн олон улсад түгээмэл хэрэглэдэг технологийг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ажиллуулж байна.
Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор гадаад, дотоодын болон олон улсын экспертүүдийн хийсэн судалгаа шинжилгээгээр эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж татгалзаж ирсэн балансын бус 2 дугаар овоолгын үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн улс орны эдийн засагт 2014 оны 07 дугаар сараас 2018 оны эхний хагас жилийн байдлаар 118 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна.
Манай компани нь 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулснаар өмнөх гэрээгээ дүгнэн, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс Хамтын ажиллагааны гэрээ байгуулан өнөөг хүртэл мөрдөн ажиллаж байна.
“А.И” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 онд ИМ-000... дугаартай Ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч хуулийн дагуу эзэмшиж байгаа болно. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/96 дугаар тушаалаар 6 жилийн хугацаатайгаар 14 дугаартай Тогтворжуулах гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтворжуулсан болно.
Хоёр. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан:
“Э-ү” ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 111/199 тоот албан бичгээр манай компаниас 408,826,000.54 төгрөгийг овоолго ашиглалтын төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү хэмээн нэхэмжилсэн. Тус албан бичгийн үндэслэл нь Үндэсний Аудитын газрын акт болох талаар дурдсан.
Манай компаниас энэхүү нөхцөл байдлыг тодруулж, тайлбар авахаар Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудиторт хандан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1/316 дугаартай Тайлбар ба хүсэлт гаргах тухай албан бичгийг хүргүүлсэн болно. Уг албан бичгийн хариуд Монгол Улсын Ерөнхий Аудитороос 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1604 дугаартай албан бичгээр “Э.Ү” ХХК болон манай компанийн хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүн тооцдоггүйгээс борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчил илэрсэн тул төлбөрийн акт тогтоосон" гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэн.
Энэхүү хариу албан бичигтээ тухайн төлбөр тогтоосон актыг ирүүлээгүй ба ямар үндэслэлээр төлбөр тогтоосон нь тодорхойгүй байсан тул бид 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/396 дугаартай албан бичгээр Ү.А.Гт хандан тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу бидэнд хуулийн дагуу ирүүлнэ үү гэсэн албан хүсэлтийг хүргүүлсэн. Уг албан хүсэлтэд өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй, албан ёсны ямар шийдвэр, актыг үндэслэж, бидэнд үүрэг ногдуулах болсон талаар тодорхой хариу байхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргаж байгаа болно.
Гурав. Захиргааны акт нь хууль тогтоомжийг зөрчсөн тухайд:
Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус захиргааны акт байна.
1/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар Захиргааны аливаа үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцэж байхаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, захиргааны актыг гаргахдаа тухайн актыг гаргах журамласан хэм хэмжээг хэрэглэхээс гадна шийдвэр гаргах болсон эрх зүйн үндэслэл /нарийвчилсан хууль/-ийг заавал хэрэглэх учиртай. Гэтэл төлбөр барагдуулах тухай захиргааны актыг бүхэлд нь авч үзвэл материаллаг хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй байна.
Манай компаниас гаргуулж “Э.Ү” ХХК-ийн орлого болгохоор тогтоосон төлбөр нь овоолго ашиглалтын төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү гэх боловч тус актад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн зохицуулалтыг огт үндэслээгүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг баримтлалгүй, хуулийн үндэслэлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
2/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар Захиргааны үйл ажиллагаанд “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан.
Дээр дурдсанчлан “Э.Ү” ХХК болоод манай компани нь Хувийн эрх зүйн гэрээний үндсэн дээр харилцан итгэлцлийн зарчмаар өнөөдрийг хүртэл талууд хэн нэгэндээ тус гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор шаардлага гаргаж байгаагүй бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн талаар хэн нь ч ямар нэгэн байгууллагад хандсан зүйлгүй ба бидний хооронд байгуулагдсан гэрээ одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Гэтэл Ү.А.Г хоёр компанийн хооронд байгуулагдсан хувийн эрх зүйн гэрээ нь зөрчилтэй мэтээр тайлбарлаж, хяналт шалгалтад хамрагдаагүй этгээдээс төлбөр гаргуулахаар акт тогтоосон нь дээрх зарчмыг зөрчсөн байна.
3/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар Захиргааны үйл ажиллагаанд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан.
Ү.А.Г Э.Үийг шалгах явцад манай компаниас төлбөр барагдуулах акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогч болох боломжтой байна.
Хариуцагчаас дээрх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүйгээс өнөөдрийн энэхүү нөхцөл байдал бий болж, бид шүүхэд хандах нэг шалтгаан болж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Ү.А.Г тухайн актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Тодруулбал, уг нөхцөл байдал хэрхэн, яаж үүсэв гэдгийг тогтоохдоо дан ганц Э.Үээс бус, гэрээний нөгөө тал болох манай компанийг оролцуулан нөхцөл байдлыг тогтоох ёстой.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргийг хуулиар бий болгосон ба сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар зохицуулсан.
Энэхүү зохицуулалтаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, саналыг гаргуулснаар тухайн актын алдаатай болох нь тогтоогдох нөхцөл байдал ч илэрч болзошгүй тул тухайн актыг гаргахдаа манай компанид зайлшгүй мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулах ёстой байсан. Ийм үйл ажиллагаа огт явуулаагүй болно.
Мөн төлбөр барагдуулах тухай захиргааны акт гарсан талаар өнөөдрийг хүртэл албан ёсоор манай компанид мэдэгдээгүй болно.
Дөрөв. Актаар тогтоосон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:
“Э.Ү” ХХК болон “А.И” ХХК-тай байгуулсан гэрээ нь хоёр байгууллага харилцан тохиролцож, хуулийн дагуу баталгаажуулсан гэрээ бөгөөд манай компаниас өнгөрсөн хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно.
Гэрээ байгуулагдсан 2015 оноос 2017 оныг дуустал Э.Ү нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу НӨАТ-ын баримтаа ирүүлэн, улирал тутам тооцоо нийлж ирсэн бөгөөд жилийн эцэст манай компани санхүүгийн тайлангаа Сангийн яам, Татварын ерөнхий газар болон Олон улсын Аудитын байгууллагаар баталгаажуулан гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар орлого хүлээн авагч нь суутган авсан татвараа төсөвт төлөх үүрэгтэй.
“Э-ү” ХХК-ийн нэгэнт төлж, баталгаажуулсан НӨАТ-ыг манай компаниар дахин төлүүлэхээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “А.И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн аудитын байгууллагын хийх аудитыг санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн төрөлтэй байхаар хуульчилсан байх бөгөөд тус аудит хийгдсэний үр дүнд дүгнэлт, зөвлөмж гаргахаар байна. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд аудит хийж, тайлан гаргах талаар зохицуулжээ.
Хариуцагчаас “Э.Ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-г ирүүлсэн байх бөгөөд уг тайланд “А.И” ХХК-тай холбоотой асуудлууд тусгагдсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн захиргааны акт гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:
1. Үндэсний аудитын газрын аудиторуудын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:
1. “Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э.Ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн Бүлэг 2 буюу “Э.Ү ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Ү.А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А.И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
“Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний аудитын газрын аудитын ажлын төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.
“Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар өгсөн зөвлөмж, аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, түүний үр дүнг шалгаж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад давтан аудитын зорилт чиглэгдсэн.
Оросын холбооны улсын Тооцооны танхим, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2014 онд “Э.Ү ХХК-д оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн удирдлага”-д хийсэн хамтарсан шалгалтаар гэрээ, хэлэлцээр, хууль, дүрэм, журмын заалтыг зөрчсөн 11, ногдол ашигтай холбоотой 2, дотоод хяналттай холбоотой 4, худалдан авалттай холбоотой 5, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой 7, нийт 29 зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад захидал хүргүүлж, Үндэсний аудитын газраас 2013 онд "Э.Ү ХХК-ийн санхүүгийн зарим үйл ажиллагаа”-нд хийсэн эрсдэлийн аудитаар гэрээ, хэлэлцээр, хууль, дүрэм, журмын заалтыг зөрчсөн 1, худалдан авалттай холбоотой 4, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой 7, дотоод хяналттай холбоотой 3, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 7, нийт 22, мөн 2013, 2014 онд Үндэсний аудитын газраас “Э.Ү ХХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн аудит”-аар гэрээ, хэлэлцээр, хууль, дүрэм, журмын заалтыг зөрчсөн 5, худалдан авалттай холбоотой 6, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой 8, дотоод хяналттай холбоотой 6, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 24, нийт 49 заалт бүхий зөвлөмжийг тус тус өгч байсан.
Дээр дурдсан хамтарсан шалгалт болон аудитаас өгсөн зөвлөмж, илэрсэн асуудлуудад дүн шинжилгээ хийсний дүнд материаллаг шинжтэй, удаа дараа давтагдаж байсан, ач холбогдол ихтэй гэж үзсэн 4 асуудлыг сонгон авч, энэ удаагийн давтан аудитад хамруулсны нэг нь “бүтээгдэхүүн борлуулах, экспортод гаргах үнийг зохистой тогтоож, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлсэн эсэх” тухай асуудал байсан.
Энэхүү зорилтын хүрээнд холбогдох асуудлуудыг нягтлан шалгахад “Э.Ү” ХХК болон “А.И” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 5/199-15 дугаартай гэрээний зарим заалтууд хэрэгжээгүй, талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үр дүнг тооцоогүй байсан. Аудитын явцад “Орхон аймгийн Гаалийн газраас “А.И” ХХК-ийн 2014-2017 оны гаалийн бүрдүүлэлт, экспортод гаргасан барааны тоо хэмжээ, статистик дүнг авч, тооцоолж үзэхэд нийт 408,826.0 мянган төгрөгийн валютын ханшийн зөрүү гарсан нь “Э.Ү” ХХК ашиглалтын төлбөрийн тооцооллыг тухай бүрд нь хянаж, баталгаажуулаагүйгээс дээрх дүнгээр орлого олох боломжийг алдсан тул “А.И” ХХК-тай байгуулсан гэрээний 2.6, 3.5 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн.
“А.И” ХХК 2015 оны 5/199-15 дугаар гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэн 2015 онд 449,964.6 мянган төгрөг, 2016 онд 998,731.6 мянган төгрөг, 2017 онд 2,708,327.2 мянган төгрөг, нийт 4,157,023.3 мянган төгрөгийн ашиглалтын төлбөрт төлсөн боловч гэрээний 2.5, 2.6 дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу 2015 онд борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, 2017 оны 1-6 сарын ашиглалтын төлбөрийн тооцооллыг "Э.Ү” ХХК-д ирүүлээгүй байсан.
Аудитын явцад “А.И” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын хүртэлх гаалийн статистик мэдээ дэх экспортод гаргасан 36,350.5 тн катодын зэс, 408,785,042.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогын дүнд тулгуурлан ашиглалтын төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход нийт 4,657,252.5 мянган төгрөгийг “А.И” XXК “Э.Ү” ХХК-д төлөх тооцоо гарсан. “А.И” ХХК-ийн төлсөн ашиглалтын төлбөрийн дүнг аудитаар тооцоолсон дүнтэй харьцуулахад гэрээнд 2014 онд төлөх хувь хэмжээг тусгаагүйгээс 91.4 сая төгрөгийн ашиглалтын төлбөрийг огт тооцоогүй, 2015-2017 онд 408.8 сая төгрөгийг дутуу тооцсон зэрэг зөрчил илэрсэн тул дутуу тооцсон борлуулалтын орлого 408.8 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.
Төлбөрийн актын тухайд:
1. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг тогтоохдоо Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “Аудитын явцад илэрсэн төлбөр зөрчлийг барагдуулах акт тавих...”. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 3.1-т заасныг тус тус үндэслэсэн.
Нэхэмжлэлд “Манай компаниас гаргуулж “Э.Ү” ХХК-ийн орлого болгохоор тогтоосон төлбөр нь овоолго ашиглалтын төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү... ” гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай бөгөөд төлбөрийн актын тогтоох хэсэгт ч, Монгол Улсын Ерөнхий аудитын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дугаартай албан бичигт ч “дутуу тооцсон борлуулалтын орлого”-ыг нөхөн төлүүлэх талаар тодорхой дурдсан.
2. Мөн “...”Э.Ү” ХХК болоод манай компани нь Хувийн эрх зүйн гэрээний үндсэн дээр харилцан итгэлцлийн зарчмаар өнөөдрийг хүртэл талууд хэн нэгэндээ тус гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор шаардлага гаргаж байгаагүй ...” гэсэн нь 5/199-15 дугаартай гэрээний зарим заалтууд хэрэгжээгүй, талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үр дүнг тооцдоггүй, гэрээний 2.5, 2.6 дахь заалтад заасан үүргээ “А.И” ХХК хэрэгжүүлээгүй буюу борлуулалтын орлогын мэдээг ирүүлдэггүй, “Э.Ү” ХХК ч гэрээний биелэлт, үндсэн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийхийг шаардах талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй байсан гэдгийг харуулж байна.
3. Түүнчлэн Үндэсний аудитын газраас “Төлбөр барагдуулах тухай” дээрх актын төслийг “Э.Ү” ХХК-ийн удирдлагад танилцуулж, санал авсан бөгөөд энэхүү актыг “Э.Ү” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б, Ерөнхий нягтлан бодогч С.С нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд тус актад нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн төлүүлэх талаар огт дурдаагүй болно.” гэжээ.
Хариуцагч Ү.А.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А.И ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний ауйдитын газрын Э.Ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Ү.А.Г давтан аудит хийх бүрэн эрхийг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”, мөн хуулийн 15.1.12 дахь хэсэгт “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж хуулиар олгосон байна.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого. зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргахдаа дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Ү.А.Г нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар “Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийсэн.
Дээрх давтан аудитын тайлан нь бодитой тооцоо, судалгаа, нотлох баримтад үндэслэгдсэн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Хариуцагч Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй “А.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар, тайлбар, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжиж оролцоно.
Иймд “А.И” ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “.........” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А.И” ХХК нь “Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ““Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э.Ү” ХХК-ийн эзэмшилийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүүг нэхэмжлэхдээ хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, материаллаг хуулийг хэрэглээгүй, урьдчилж мэдэгдэх, оролцоог нь хангаагүй, “Э-ү” ХХК-ийн нэгэнт төлж, баталгаажуулсан НӨАТ-ыг дахин төлүүлэхээр акт тавьсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
“Э-ү” ХХК болон “А.И” ХХК-ууд нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №5/199-15 дугаар гэрээгээр Э.Үийн үйл ажиллагааны явцад бий болж хуримтлагдсан балансын бус хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэхтэй холбоотойгоор дэд бүтцийг бий болгох, түүнчлэн байгаль орчныг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хуримтлагдсан, технологид таарахгүй, бага агуулгатай балансын бус хүдрийн овоолгыг ашиглан жилд 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэхээр зорих бөгөөд “А.И” ХХК-аас “Э-ү” ХХК-д төлөх ашиглалтын төлбөрийн хэмжээг гэрээний 2.2-т зааж, борлуулалтын орлогоос 2015 онд 0.5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1.5 хувиар тус тус төлөхөөр талууд тохиролцжээ.
Үндэсний Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын аудитор М.Д, М.Н нар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан ажлын төлөвлөгөө, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Давтан аудитын төлөвлөгөөний дагуу “Э-ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд энэхүү шалгалтаар “А.И” ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хэрэгжилттэй холбоотой зөрчил илэрсэн гэж үзээд, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА “Төлбөр барагдуулах тухай” актаар гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу төлөгдсөн 408,826,000 төгрөгийн төлбөрийг “А.И” ХХК-аас нөхөн гаргуулж, биелэлтийг ирүүлэхийг “Э-ү” ХХК-ийн Ерөнхий захирал, ерөнхий нягтлан бодогч нарт даалгажээ.
Энэхүү төлбөрийн дүнг актын хавсралтад үзүүлсэнчлэн “А.И” ХХК-ийн 2015-2017 оны 3 дугаар улирлыг дуустал хугацааны экспортод гаргасан катодын зэсийн тоо, хэмжээг үндэслэн гэрээгээр тогтоосон хувь, хэмжээгээр тооцон гаргасан байна. Ингэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1-д тус тус заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж тооцжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Э-ү” ХХК-ийн дүрмийн 1.2-т зааснаар Компанийн хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газраас эрх олгогдсон Төрийн өмчийн хороогоор төлөөлүүлсэн Монгол Улс бөгөөд Э.Ү нь өөрийн үйл ажиллагааг хувь нийлүүлэгчид /Монгол Улс/-ийн эрх ашгийн үүднээс явуулах үүргийг хүлээсэн байна. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар “Э.Ү” ХХК болон “А.И” ХХК-уудын хоорондын хувийн эрх зүйн гэрээнд хөндлөнгөөс хутгалдан орсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс хуулиар өөрт нь харьяалуулсан асуудлаар, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ү.А.Г дараах бүрэн эрхийг эдэлнэ”, 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Э.Ү” ХХК-д шалгалт хийжээ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дахин манай компаниар төлүүлэхээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дурдсан боловч Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 дугаар актаар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №5/199-15 дугаар гэрээний дагуу ашиглалтын төлбөрийг бүрэн төлөөгүйтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэжээ. Хариуцагчийн зүгээс тухайн хяналт шалгалтад “Э.Ү” ХХК-ийг оролцуулж, тайлбар, саналыг авсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт чиглэн гарч буй субъектын оролцооны эрхийг бүрэн хангажээ гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, төрийн аудитаар хувийн компани /“А.И” ХХК/-ийн үйл ажиллагааг хянах, зөрчилд тооцох боломжгүй бөгөөд хуулиар тогтоосон хүрээн дотор “Э.Ү” ХХК-ийн хувьд зөрчлийг тогтоож, арилгуулах арга хэмжээ авсан байна. Цаашлаад маргаан бүхий актаар нэхэмжлэгч “А.И” ХХК-ийг үүрэгжүүлэхгүй бөгөөд ашиглалтын төлбөрийг нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцаа нь хувийн эрх зүйгээр зохицуулагдах тул энэхүү зааг ялгааг харгалзан үзсэний үндсэн дээр “А.И” ХХК-ийг хяналт шалгалтад оролцуулаагүй нь актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь товчхондоо маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг баримтлаагүй гэж маргадаг бөгөөд “А.И” ХХК-аас 2015-2017 оны 3 дугаар улиралд экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээг буруу тодорхойлсон, гэрээний 2.2-т заасны дагуу ашиглалтын төлбөрөө бүрэн, үнэн зөв тооцож төлсөн, манай компаниас үндэслэлгүйгээр 408,826,000 төгрөгийг нэхэмжилж байна гэдэг үндэслэлийг бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дурдаагүй байдаг.
“А.И” ХХК нь 2015 онд 10,530.20 тн катодын зэс борлуулж, 102,522,600,000 төгрөгийн орлого олсон, 2016 онд 10,810.30 тн катодын зэс борлуулж, 141,299,200,000 төгрөгийн орлого олсон, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 10,607.80 тн катодын зэс борлуулж, 148,344,500,000 төгрөгийн орлогыг тус тус олсон байна. “Э.Ү” ХХК болон “А.И” ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т заасан хувь хэмжээгээр тооцон үзэхэд ашиглалтын төлбөрийг 408,826,000 төгрөгөөр дутуу төлсөн болох нь тогтоогдож байна. Борлуулсан зэсийн катодын хэмжээг зөвхөн экспортолсон, гаалийн байгууллагад мэдүүлсэн хэмжээгээр тогтоосон бөгөөд энэ нь Орхон аймгийн Гаалийн газрын мэдээлэлтэй таарч байна.
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...нэхэмжлэгч компанийн тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан үндэслэлээр бид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй” гэж маргадаг бөгөөд маргаан бүхий Үндэсний аудитын газрын акт болон “Э.Ү” ХХК, “А.И” ХХК-уудын хоорондын гэрээг нэгтгэн дүгнэвэл экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний орлогод тооцсон НӨАТ биш байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “Э.Ү” ХХК-ийн балансын бус хүдрийн овоолгыг ашигласны төлбөрт ногдуулсан НӨАТ байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 дугаар актын хавсралт 2-т тодорхойлсон хувь хэмжээгээр НӨАТ тооцсон дүнгээр төлбөрийг авч, суутган төлөх үүргийг “Э.Ү” ХХК хүлээх ёстой.
Маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 дугаар актын удиртгал хэсэгт “Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд” гэж хариуцагч өөрийн бүрэн эрхийг тодорхойлсон нь алдаатай байх бөгөөд “Э.Ү” ХХК нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан байгууллагуудад хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Хэдий ийм боловч Үндэсний аудитын газрыг “Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит хийх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар бүрэн эрх нь тодорхойлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй...” гэж заасны хүрээнд актыг засварлах боломжтой бөгөөд энэхүү үндэслэлээр захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох боломжгүй.
Нэхэмжлэгчийн “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э.Ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгчийн холбогдох хэсгийг нь хүчингүй болгохоор маргаж энэхүү тайлан нь бичиг баримтын нэршлийн хувьд тайлан гэсэн нэртэйг анхаарах нь зүйтэй. Тодруулбал, тус тайлан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан акт биш бөгөөд өөрөөр хэлбэл, “Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэсэн тайлан байна.
Түүнчлэн энэ нь “А.И” ХХК-д биш “Э.Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан биш тул энэхүү тайлангийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-д заасныг тус тус үндэслэн “А.И” ХХК-ийн “Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ““Э.Ү” ХХКийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э.Ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А.И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН