Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1795

 

Л.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/01837 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Ариунжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 643 957 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Д.Халзан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Л.Ариунжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт 2003 оноос нягтлан бодогчоор ажилд орж, 13 жил ажилласан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар төмөр замын даргын Б-П-36 тоот тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, дотоод аудит хяналтын албаны шалгалтын дүгнэлт, Замын 1 дүгээр ангийн орлогч дарга А.В.Ушаковын удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан байдаг.

 

Би тус Баянтүмэн тасагт тасралтгүй 13 жил 4 cap ажиллахдаа ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчил гарган арга хэмжээ авагдаагүй, өөрийн хариуцсан ажлын хяналт шалгалтыг сулруулж, санхүүгийн сахилга бат алдан, тайлан баланс худал гаргаж ажил олгогчийн итгэлийг алдах үйлдэл гаргаагүй. Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн СТ-61-01-13 тоот удирдамжийн дагуу миний хариуцсан ажилд шалгалт хийгээд санхүүгийн тайланг зохих журмын дагуу гаргасан, нягтлан бодох бүртгэлийн ажиллагаа хэвийн, санхүүгийн баримтын бүрдүүлэлт, хадгалалт нь зохих журмын дагуу байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Замын 1 дүгээр орлогч даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-344 тоот тушаал, дотоод аудит хяналтын албаны даргын СТ-61-01-60 тоот удирдамжийн дагуу хийсэн шалгалтын дүнгээр миний хариуцсан ажилтай холбоотой ямар нэг дүгнэлт гараагүй.

Замын 1 дүгээр орлогч дарга А.В.Ушаковын удирдан хийсэн шуурхай хурал дээр намайг албан тушаал бууруулан ажиллуулах тухай яригдсан боловч энэ асуудлыг авч хэлэлцэлгүй шууд халах тушаал гаргасан. Би 2014 оны 11 дүгээр сарын 15-наас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд ажлын шаардлагаар 2016 оны 05 дугаар сарын 02-ноос ажилдаа орж үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Иймд намайг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 61 хоногоор тооцож 6 643 937 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б-Н-36 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Улаанбаатар төмөр замын дүрэм, журамд нийцэж гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3-т ажил хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэлийг заасан.

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22а-д Замын даргын эрхийг баталгаажуулж өгсөн. Нэхэмжлэгчийн Улаанбаатар төмөр замын даргатай 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-д “ажилтан ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан ажлаа чанартай хийж бүрэн гүйцэтгэнэ” 4.3-т  "ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүулнэ", 4.7-д "ажилтан   Л.Ариунжаргал би хариуцсан эд зүйлийг тоолох, бүртгэхэд биечлэн оролцож, бүртгэсэн   карт, баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулна" гэж талууд тохиролцсон.

Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ болох 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ерөнхий нягтлан бодогч нь баримтаар хүлээн  авсан байгууллагын үндсэн бa эргэлтийн нийт хөрөнгийг зориулалтын дагуу ариг гамтай ашиглах, тэдгээрийг тооллого бүртгэлд үнэн зөвөөр бүртгүүлэх, эд зүйлсийн орлого, зарлагыг цаг тухайд нь эд хөрөнгийн бүртгэл тооцоонд тусгаж байх үүрэгтэй гэж заасан. Л.Ариунжаргалын танилцаж, мөрдөж ажиллахыг хүлээн зөвшөөрсөн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны чиг үүрэг, гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааснаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг мөн тодорхойлж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг, ажлын байранд гүйцэтгэх ажил үүргээ бүрэн хангаж ажиллаагүй, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулж, ажлын ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн, санхүүгийн сахилга бат алдаж тайлан балансыг худал гаргаж, бүртгэлийн алдаа гаргасны улмаас байгууллагад хохирол учирсан буюу Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд 1999 оноос эхлэн бүртгэлтэй байсан Мөргөцөгийн замыг тухайн тасгийн зарим удирдах ажилтнуудтай хуйвалдан хуулж авсан болох нь манай дотоод аудит хяналтын албанаас Баянтүмэн тасгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон.

Улаанбаатар төмөр замын орлогч даргын 1998 оны 09 дүгээр сарын 01-ний А/58 тоот "Салбар зам ашиглах тухаи" тушаалаар Дорнод аймгийн Мөргөцөгийн орд газраас жонш ачих зориулалттай салбар замыг аж ахуйн аргаар барьж ашиглалтад оруулан түрээсээр ашиглуулах талаар зөвшөөрөл өгөгдсөний дагуу Баянтүмэн тасгийн 103 км нийт 606 метр салбар замыг барьж 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан. Энэ салбар зам нь 1999 оноос эхлээд Баянтүмэн тасгийн балансад нийт 606 м урттай, 404 000 төгрөгийн үнэ бүхий аж ахуйн зам гэсэн бүртгэлтэй байсан. 2015 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгөд дахин үнэлгээ хийх үед Баянтүмэн тасгийн даргын 2015 оны А-37 дугаар тушаалаар томилогдсон комисс салбар замуудын уртад хэмжилт хийж өөрчлөлт оруулсан тухай илтгэх хуудас бичжээ. Уг комиссын ажлын дүнгийн хурлын шийдвэрээр Мөргөцөгийн салаа замыг сум хүртэлх хэмжээгээр материалд оруулах гэж шийдвэрлэсний дагуу ерөнхий нягтлан бодогч Л.Ариунжаргал нь үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний материалд Мөргөцөгийн салаа замыг 120 м-ээр бүртгэсэн байдаг.

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн Д-д зааснаар нийгэмлэгийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийг данснаас хасах асуудал нь зөвхөн тус нийгэмлэгийн ерөнхий хорооны чиг үүрэгт хамаардаг юм. Гэтэл Баянтүмэн тасгийн удирдлага эрх үүргээ хэтрүүлэн байгууллагын өмч хөрөнгийг тус нийгэмлэгийн ерөнхий хорооны шийдвэргүйгээр данснаас хууль бусаар хасч, бусдын өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв Л.Ариунжаргал нь байгууллагын өмч хөрөнгө хариуцсан ерөнхий нягтлан бодогчийн хувьд удирдлагын буруу шийдвэрийг биелүүлэлгүй тайлан тэнцлийг зөв гаргаж байсан бол байгууллагын өмч хөрөнгө үрэгдэхгүй байх байсан. Нэхэмжлэгч нь ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргасан гэдгээ Замын нэгдүгээр орлогч даргын удирдан хийсэн шуурхай хурал дээр болон 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тодорхойлолтоороо хүлээн зөвшөөрсөн.                                                       

Л.Ариунжаргал нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалтыг сулруулсны улмаас ажлын ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн, мөн санхүүгийн сахилга бат алдаж, тайлан балансыг худал гаргаж, мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь шалгалтаар тогтоогдсон тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ариунжаргалыг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоон, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5 185 122 төгрөг гаргуулан Л.Ариунжаргалд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Л.Ариунжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу бичилтийг хийхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 1 458 815 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Ариунжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 97 912 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх шийдвэр гаргахдаа Л.Ариунжаргалын байгууллагын итгэлийг алдсан буруутай үйлдэл нь Дотоод аудит, хяналтын албаны шалгалтаар тогтоогдсон байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Л.Ариунжаргал нь байгууллагын нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирч улмаар Баянтүмэн тасгийн зарим удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Л.Ариунжаргал нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.3, 4.7 дугаар заалтууд, хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ болох 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ"-ний 2.1 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг, ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 2,3,4,15,20 дахь пунктад заасныг зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандсан. Иймд Л.Ариунжаргалд дахин итгэл үзүүлж байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулах боломжгүй байна. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлийг харгалзан үзэж Л.Ариунжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан  шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 643 937 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагын итгэлийг алдсан буруутай үйлдэл нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон гэж маргажээ.

 

Л.Ариунжаргал нь Улаанбаатар төмөр замын даргын 2011 оны 03 дугаар  сарын 25-ны өдрийн Б-1-35 дугаар тушаалаар Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б-II-36 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласнаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Улаанбаатар төмөр зам нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-1-36 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22а, и, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтын дүгнэлт, шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэжээ.

 

Л.Ариунжаргал нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.7 дах заалтаар хүлээсэн үүргээ зөрчиж, НЗФ-ийн 2012 оны 6 дугаар сарын УПР 49 тоот цахилгааны дагуу салбар замуудын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний материалд Мөргөцөгийн салаа замыг 126 метрээр бүртгэн явуулсан болох нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн CТ-61/04/53 тоот Баянтүмэн тасгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн шалгалтын тайлан, Замын 1 дүгээр орлогч даргын удирдан явуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, үндсэн хөрөнгийн бүртгэл, барилга, байгууламжийн 2015 оны бүртгэл зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. /хх-30-42, 66-70 дугаар хуудас/

 

Хэдийгээр Л.Ариунжаргал нь сахилгын зөрчил гаргасан боловч хариуцагч байгууллага ажилтны гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар шүүх зөв дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэжээ.

 

Ажил олгогч буюу Улаанбаатар төмөр зам нь Л.Ариунжаргалын 2012 оны 6 сард гаргасан сахилгын зөрчлийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар илрүүлж, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай хурлаар авч хэлэлцэж байсан атлаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт заасантай нийцээгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/01837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 912 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ