Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01837

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01837

Улаанбаатар хот

                                          

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, 58 дугаар байрны 40 тоотод оршин суух, Хатгин овогт Лантуугийн Ариунжаргал /РД-ХЖ82051401/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, 3 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан,

Өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,643,937 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гомдлыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Д.Халзан /шүүхэд төлөөлөх эрх-1100/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт 2003 оноос нягтлан бодогчоор ажилд орж, 13 жил ажилласан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 16-нд Улаанбаатар төмөр замын даргын Б-II-36 тоот тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халсан.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, Дотоод аудит хяналтын албаны шалгалтын дүгнэлт, Замын 1 дүгээр ангийн орлогч дарга А.В.Ушаковын удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан байдаг.

Би тус Баянтүмэн тасагт тасралтгүй 13 жил 4 сар ажиллахдаа ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчил гарган арга хэмжээ авагдаагүй, өөрийн хариуцсан ажлын хяналт шалгалтыг сулруулж, санхүүгийн сахилга бат алдан, тайлан баланс худал гаргаж ажил олгогчийн итгэлийг алдах үйлдэл гаргаагүй.

Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн СТ-61-01-13 тоот удирдамжийн дагуу миний хариуцсан ажилд шалгалт хийгээд санхүүгийн тайланг зохих журмын дагуу гаргасан, нягтлан бодох бүртгэлийн ажиллагаа хэвийн, санхүүгийн баримтын бүрдүүлэлт, хадгалалт нь зохих журмын дагуу байна гэсэн дүгнэлт гарсан.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 13-нд Замын 1 дүгээр орлогч даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-344 тоот тушаал, дотоод аудит хяналтын албаны даргын СТ-61-01-60 тоот удирдамжийн дагуу хийсэн шалгалтын дүнгээр миний хариуцсан ажилтай холбоотой ямар нэг дүгнэлт гараагүй.

Замын 1 дүгээр орлогч дарга А.В.Ушаковын удирдан хийсэн шуурхай хурал дээр намайг албан тушаал бууруулан ажиллуулах тухай яригдсан боловч энэ асуудлыг авч хэлэлцэлгүй шууд халах тушаал гаргасан.

Би 2014 оны 11 дүгээр сарын 15-наас 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд ажлын шаардлагаар 2016 оны 5 дугаар сарын 02-ноос ажилдаа орж үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.

Иймд намайг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 61 хоногоор тооцож 6,643,937 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б-II-36 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Улаанбаатар төмөр замын дүрэм, журамд нийцэж гарсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3-т ажил хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэлийг заасан.

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22а-д Замын даргын эрхийг баталгаажуулж өгсөн.

Нэхэмжлэгчийн Улаанбаатар төмөр замын даргатай 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-д “ажилтан ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан ажлаа чанартай хийж бүрэн гүйцэтгэнэ”, 4.3-т “ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ”, 4.7-д “ажилтан Л.Ариунжаргал би хариуцсан эд зүйлийг тоолох, бүртгэхэд биечлэн оролцож, бүртгэсэн карт, баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулна” гэж талууд тохиролцсон.

Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ болох 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ерөнхий нягтлан бодогч нь баримтаар хүлээн авсан байгууллагын үндсэн ба эргэлтийн нийт  хөрөнгийг зориулалтын дагуу ариг гамтай ашиглах, тэдгээрийг тооллого бүртгэлд үнэн зөвөөр бүртгүүлэх, эд зүйлсийн орлого, зарлагыг цаг тухайд нь эд хөрөнгийн бүртгэл тооцоонд тусгаж байх үүрэгтэй гэж заасан.

Л.Ариунжаргалын танилцаж, мөрдөж ажиллахыг хүлээн зөвшөөрсөн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны чиг үүрэг, гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааснаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг мөн тодорхойлж өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг, ажлын байранд гүйцэтгэх ажил үүргээ бүрэн хангаж ажиллаагүй, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан байгууллагын ерөнхий бодогчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулж, ажлын ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн, санхүүгийн сахилга бат алдаж тайлан балансыг худал гаргаж бүртгэлийн алдаа гаргасны улмаас байгууллагад хохирол учирсан буюу Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд 1999 оноос эхлэн бүртгэлтэй байсан Мөргөцөгийн замыг тухайн тасгийн зарим удирдах ажилтнуудтай хуйвалдан хуулж авсан болох нь манай дотоод аудит хяналтын албанаас Баянтүмэн тасгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон.

Улаанбаатар төмөр замын орлогч даргын 1998 оны 9 дүгээр сарын 01-ний А/58 тоот “Салбар зам ашиглах тухай” тушаалаар Дорнод аймгийн Мөргөцөгийн орд газраас жонш ачих зориулалттай салбар замыг аж ахуйн аргаар барьж ашиглалтад оруулан түрээсээр ашиглуулах талаар зөвшөөрөл өгөгдсөний дагуу Баянтүмэн тасгийн 103 дугаар км-т нийт 606 метр салбар замыг барьж 1999 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан юм. Энэ салбар зам нь 1999 оноос эхлээд Баянтүмэн тасгийн балансад нийт 606 м урттай, 404,000 төгрөгийн үнэ бүхий аж ахуйн зам гэсэн бүртгэлтэй байсан. 2015 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгөд дахин үнэлгээ хийх үед Баянтүмэн тасгийн даргын 2015 оны А-37 дугаар тушаалаар томилогдсон комисс салбар замуудын уртад хэмжилт хийж өөрчлөлт оруулсан тухай илтгэх хуудас бичжээ. Уг комиссын ажлын дүнгийн хурлын шийдвэрээр Мөргөцөгийн салаа замыг сум хүртэлх хэмжээгээр материалд оруулах гэж шийдвэрлэсний дагуу ерөнхий нягтлан бодогч Л.Ариунжаргал нь үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний материалд Мөргөцөгийн салаа замыг 120 м-ээр бүртгэсэн байдаг.

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн д-д зааснаар нийгэмлэгийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийг данснаас хасах асуудал нь зөвхөн тус нийгэмлэгийн ерөнхий хорооны чиг үүрэгт хамаардаг юм.

Гэтэл Баянтүмэн тасгийн удирдлага эрх үүргээ хэтрүүлэн байгууллагын өмч хөрөнгийг тус нийгэмлэгийн ерөнхий хорооны шийдвэргүйгээр данснаас хууль бусаар хасч, бусдын өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв Л.Ариунжаргал нь байгууллагын өмч хөрөнгө хариуцсан ерөнхий нягтлан бодогчийн хувьд удирдлагын буруу шийдвэрийг биелүүлэлгүй тайлан тэнцлийг зөв гаргаж байсан бол байгууллагын өмч хөрөнгө үрэгдэхгүй байх байсан. Нэхэмжлэгч нь ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргасан гэдгээ Замын нэгдүгээр орлогч даргын удирдан хийсэн шуурхай хурал дээр болон 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тодорхойлолтоороо хүлээн зөвшөөрсөн.

Л.Ариунжаргал нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалтыг сулруулсны улмаас ажлын ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн, мөн санхүүгийн сахилга бат алдаж, тайлан балансыг худал гаргаж, мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь шалгалтаар тогтоогдсон тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд амвч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,643,937 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “...байгууллагын итгэлийг алдсан буруутай үйлдэл нь Дотоод аудит хяналт шалгалтын албаны шалгалтаар илэрсэн, ... санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтаа сулруулсны улмаас ажлын ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн ...” гэж тайлбарладаг. /хх-91-93 дугаар хуудас/

Шүүх, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн асуудлаар маргаагүй.

Харин хариуцагч Улаанбаатар төмөр замын дарга 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б-II-36 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22а, и, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтын дүгнэлт, шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн Л.Ариунжаргалыг, хяналт шалгалтыг сулруулж, ажлын ноцтой алдаа гарах нөхцлийг бүрдүүлсэн, санхүүгийн сахилга бат алдаж, тайлан балансыг худал  гаргаж бүртгэлийн алдаа гаргасан гэж үзэн түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдлуулсны улмаас талуудын хооронд маргаан үүсч, тэрээр шүүхэд гомдол гаргаж, үндэслэлээ “... Баянтүмэн тасгийн даргын үүргийг биелүүлсэн, ... дүгнэлтэд миний гэм буруутай талаар тусгагдаагүй ... би 2014 оны 11 дүгээр сарын 15-наас 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ...” гэж тайлбарлаж байна. /хх-24, 92 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Л.Ариунжаргал нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.7 дахь заалтаар хүлээсэн үүргээ зөрчиж, НЗФ-ийн 2012 оны 6 дугаар сарын УПР 49 тоот цахилгааны дагуу салбар замуудын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний материалд Мөргөцөгийн салаа замыг 120 метрээр бүртгэн явуулсан болох нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын албаны 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн СТ-61/04/53 тоот Баянтүмэн тасгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн шалгалтын тайлан, Замын 1 дүгээр орлогч даргын удирдан явуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, үндсэн хөрөнгийн бүртгэл, барилга, байгууламжийн 2015 оны бүртгэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ. /хх-30-42, 66-70 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь Мөргөцөгийн салаа замын хэмжээг багасгаж бүртгэсэн үндэслэлээ тайлбарлахдаа Баянтүмэн тасгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А-51 дүгээр тушаалын дагуу гүйцэтгэсэн, тус Баянтүмэн тасгийн дүрмийг дагаж мөрдсөн гэх боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй юм.

Учир нь хариуцагчтай тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн төдийгүй Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар ... хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй байхад “даргын тушаалыг биелүүлсэн” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Гэхдээ ажил олгогч буюу хариуцагч нь Л.Ариунжаргалын сахилгын зөрчлийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар илрүүлж, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай хурлаар авч хэлэлцэж байсан атлаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б-II-36 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн зүйлийн 131.3-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 Иймд Л.Ариунжаргалыг ажлаас буруу халсан гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

             Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр ажилгүй байсан хугацааг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу мөн оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал тооцон, 6,643,937 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. /хх-92 дугаар хуудас/

Шүүх нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэг үүссэн гэж үзлээ.

Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгч Л.Ариунжаргалын шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэхээр байна. /хх-7 дугаар тал/

Учир нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн 2017 оны 1-2 дугаар сард бичигдсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод 2016 оны ажлын үр дүнгийн нэмэгдэл, 3 дугаар сарын орлогод ээлжийн амралтын олговрын дүнг нэмж бичсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-6, 95 дугаар хуудас/

Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлын 61 хоногоор /61 х 85,002 төгрөг/ тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5,185,122 /таван сая нэг зуун наян таван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан Л.Ариунжаргалд олгож, үлдэх 1,458,815 /нэг сая дөрвөн зуун тавин найман мянга найман зуун арван таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Л.Ариунжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу бичилтийг хийхийг даалгаж шийдвэрлэв.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Ариунжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас 97,912 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ариунжаргалыг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоон, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5,185,122 /таван сая нэг зуун наян таван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан Л.Ариунжаргалд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Л.Ариунжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу бичилтийг хийхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 1,458,815 /нэг сая дөрвөн зуун тавин найман мянга найман зуун арван таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Ариунжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 97,912 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД