Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 478

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч З.А нарыг оролцуулан Д.Д.Ц.С ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д.З.Дд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

            Нэхэмжлэгч: Д.Д.Ц.С ТӨХК

            Хариуцагч: Б.Д.З.Д

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д 3,5 га газар олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д.Ц.С ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын цахилгаан, дулааны 70 хувийг дангаараа хангадаг, улсын онц чухал объект юм. Бидний ажил үйлчилгээ нь улс орныг эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангаж байдаг. Тиймээс манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажил нь улсын эрх ашиг, нийтийн эрх ашиг, улсын үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг.

Манай байгууллагын үндсэн хөрөнгө буюу эрчим хүчний аюулгүйн бүсэд орших Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн эзэмшлийн газраас 34000 м.кв газрыг “Э” ХХК-д 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын 121 дүгээр захирамжаар шилжүүлэн олгосон байна. Б.Д.З.Д уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан байгаа тул уг захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээг газар шилжүүлэх хүсэлтэд хавсаргана”, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.” гэсний дагуу нотариатчаар гэрээг батлуулсан бол шалгаж шаардах байсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө нь төрийн өмч мөн.”, 16 дугаар зүйлийн 16.1.2-т “үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах эрхтэй.”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хасах буюу борлуулах, устгах эрхтэй.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур зөвхөн дуудлага худалдаагаар худалдаж болно.” гэсэн хууль, тогтоомжийг зөрчиж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэргүй, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй, нотариатаар гэрчлүүлсэн гэрээгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн байгаа нь “ДЦС-4” ТӨХК-ийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халджээ.

Ийнхүү “ДЦС-4” ТӨХК-ийн газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах, өмчлөх эрхийг хөндөж их хэмжээний газрыг буюу төрийн өмчийг илт хууль бус замаар бусдад шилжүүлэн манай байгууллагыг хохироосон захирамж гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, 47.4-д заасныг үндэслэн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын 121 дүгээр захирамжийн “ДЦС-4” ТӨХК-ийн эзэмшлийн газраас 3,4 га газрыг шилжүүлэн “Э” ХХК-д олгосон хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

“Э” ХХК-ийн 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06/69 дугаартай албан бичиг болон Д.Д.Ц.С ТӨХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/126 дугаартай албан бичгийн үндэслэн тус дүүргийн 20 дугаар хороо, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зүүн талд 3,4 га газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатайгаар “Э” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамж, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/356 дугаар захирамжаар тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан байна.

Дээрх дүүргийн Засаг даргын захирамж нь газар эзэмшигч болон эрх хүлээн авагчийн хүсэлтийн дагуу гарсан шийдвэр байх тул захиргааны илт хууль бус актад хамаарах үндэслэл байхгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... захиргааны актыг илт бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх зохицуулалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр тушаал нь цаг хугацааны хувьд хамаарахгүй ...” гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Д.Д.Ц.С ТӨХК-иас Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д 3,5 га газар олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлээр хууль зүйд нийцэхгүй байна үзэж байна. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн гэх тухайд Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 37,38 дугаар зүйлийг үндэслэн гаргасан байдаг.

Эдгээр заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх заалт юм. Өөрөөр хэлбэл, Д.Д.Ц.С ТӨХК-д эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрх 5 жилийн хугацаатай байсан тул 2007 оны 04 дүгээр сарын 24-ний дуусгавар болсон. Түүнчлэн “Э” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхэд Д.Д.Ц.С ТӨХК-иас Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт “... тус компанийн эзэмшлийн талбайд түрээсийн гэрээгээр ажиллаж буй “Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,46 га газрыг тусгаарлан шилжүүлэн өгөхөд өгөхөд татгалзах зүйлгүй тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг өгсөн байдаг.

Үүнийг Б.Д.З.Д 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 121 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 37,38 дугаар зүйлийг үндэслэн гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна,

2. Захиргааны ерөнхий зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор хандсан гэх тухайд:

“Э” ХХК нь газар эзэмших хүсэлтийг станцад болон эрх бүхий байгууллагад шат дараалан хандаж шийдвэрлүүлсэн. Үүнд:

а. Д.Д.Ц.С ТӨХК-д 2006 оны 23/05 тоот албан бичиг,

б. Д.Д.Ц.С ТӨХК-ийн 2006 оны 1/126 тоот албан бичиг,

в. Б.Д.З.Д П.Цогтбаатарт хандсан 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06/69 тоот албан бичиг болно.

Дээрх хүсэлтийг Баянгол дүүргийн Газрын албаны дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцүүлэн манай компанид газар эзэмших эрхийг шийдвэрлэн улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай дараа нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301, 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн А/356 дугаар захирамжаар тус тус газар эзэмших эрхийг сунгаж өгсөн.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн манай компанид холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д.Ц.С ТӨХК-иас “Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д 3,5 га газар олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон. Тухайлбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээг газар шилжүүлэх хүсэлтэд хавсаргана”, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө нь төрийн өмч мөн.”, 16 дугаар зүйлийн 16.1.2-т “үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах эрхтэй.”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хасах буюу борлуулах, устгах эрхтэй.”,  29 дүгээр зүйлийн 29.1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур зөвхөн дуудлага худалдаагаар худалдаж болно.” гэснийг зөрчиж, газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Д.Д.Ц.С ТӨХК-ийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан гэх нэмэлт тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн нь үндэслэлтэй боловч шүүх тухайн хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газрын маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

Д.Д.Ц.С ТӨХК нь 2001 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 26883.. регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тус компанийн 2001 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03 тогтоолоор “... Гүйцэтгэх захирлаар Ц.Б ыг томилж,  ... шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллахыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргад үүрэг болгосугай” гэжээ. Үүнээс дүгнэхэд тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Б нь гэрээний үндсэн дээр хөлсөөр ажиллаж байхдаа Д.Д.Ц.С ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад байсан газраас “.. 3.4 га талбай бүхий газрыг олгоход дэмжлэг үзүүлж байна” гэх 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/126 тоот албан бичгийг “Э” ХХК-ийн захирал Б.Д д, “...тус компанийн эзэмшлийн талбайд түрээсийн гэрээгээр ажиллаж буй “Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3.46 га газрыг тусгаарлан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болно...” гэх 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1031 тоот албан бичгийг Нийслэлийн хот байгуулалтын газрын харилцааны газарт тус тус гаргасан нь тогтоогдож байх бөгөөд эдгээр албан бичгүүдийг үндэслэж нэхэмжлэгчийн эзэмшил газраас гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.     

Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар Д.Д.Ц.С ТӨХК-д дулааны үйлдвэрийн зориулалтаар 75.2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар болжээ.

Баянгол дүүргийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр  захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд Д.Д.Ц.С ТӨХК-ийн зүүн талд түүний эзэмшлийн газраас 34000 м.кв газрыг “Э” ХХК-д шилжүүлэн 5 жилийн хугацаатай олгосон байна. Ийнхүү нэхэмжлэгчийн   эзэмшил ашиглалтад байсан газраас гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ “Э” ХХК-ийн 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06/69 тоот албан бичиг, Д.Д.Ц.С ТӨХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/126 тоот  албан бичгийг үндэслэж, улмаар тус дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамж, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/356 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн тус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус сунгасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хийсэн “... захиргааны актыг илт бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх зохицуулалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр тушаал нь цаг хугацааны хувьд хамаарахгүй ...” гэх тайлбар болон гуравдагч этгээдийн “ ... “Э” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхэд Д.Д.Ц.С ТӨХК-иас Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт тус компанийн эзэмшлийн талбайд түрээсийн гэрээгээр ажиллаж буй “Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,46 га газрыг тусгаарлан шилжүүлэн өгөхөд өгөхөд татгалзах зүйлгүй тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн ...”  гэх тайлбарын тухайд.

Нэхэмжлэгчийн илт хууль болохыг тогтоолгохоор маргаж буй 121 тоот Засаг даргын захирамж 2007 онд гарсан боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар “... захиргааны акт ... илт хууль бус болох, нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно. Харин маргаан бүхий 2007 оны 121 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон илт хууль бус болохыг тогтоох хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг тогтооход тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг /2002 оны / хуулийг дагаж мөрдөх ёстой.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны / 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зааж өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 121 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 37, 38 дугаар заалтуудыг үндэслэж, өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүйгээр Д.Д.Ц.С ТӨХК-ийн зүүн талд түүний эзэмшил газраас 34000 м.кв газрыг “Э” ХХК-д шилжүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны / 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан бүрэн эрхээ хэтрүүлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэж, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчжээ. Илт хууль бус захиргааны акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул түүнийг үндэслэж гарсан дараа дараагийн актууд нь мөн хүчин төгөлдөр бус болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт 2007 оны 121 дүгээр захирамж нь газар эзэмшигч болон эрх хүлээн авагчийн хүсэлтийн дагуу гарсан гэх боловч  энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч Б.Д.З.Д өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн байна.    

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд маргаан  бүхий тус захиргааны актаар Д.Д.Ц.С ТӨХК-ийн эзэмшил газрын хэмжээг багасгаж гуравдагч этгээд “Э” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсний улмаас нэхэмжлэгч хууль ёсны дагуу олгогдсон эзэмшил газраа бүрэн хэмжээгээр нь эзэмших, ашиглах эрх нь зөрчигджээ гэж шүүх дүгнэлээ.

Гуравдагч этгээдэд шилжүүлсэн газар дээр нэхэмжлэгч компанийн эзэмшлийн объект болон төмөр зам байрлаж байгаа нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд “... тус төмөр зам нь 1983 онд анх Дөрөвдүгээр цахилгаан станци ашиглалтад ороход байсан, одоо ч тус компанийн эзэмшилд байдаг...”  гэх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс, “... Дөрөвдүгээр цахилгаан станцийн объектыг түрээсэлж байгаад түрээсийн гэрээ дуусгавар болсон тул тухайн объектыг чөлөөлсөн...” гэх тайлбарыг “Э” ХХК-ийн захирал Б.Д аас газрын үзлэгийн үеэр хийж байсныг дурдах нь зүйтэй.    

Гуравдагч этгээдийн тайлбарт “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2007 оны 04 дүгээр сарын 24-ний дуусгавар болсон...” гэх тухайд. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, хангах, түгээх нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит хувьцаат компанийн газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэрээр хүчингүй болгоогүй байна. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг болохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны байцаагч тогтоосныг тус албаны Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга танилцаж, баталгаажуулсан байна.

Тус газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “... Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/743 тоот захирамжийг үндэслэн байгуулсан газар эзэмших /ашиглах  Д.Д.Ц.С ТӨХК-ийн ******* тоот гэрээний газрын төлбөрийн тооцоог дараах байдлаар нийлэв” гэжээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/743 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 тоот захирамжаар Д.Д.Ц.С ТӨХК-д 679699 м.кв газрыг дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлснээс 4017 м.кв газрыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д конторын зориулалтаар 15 жилээр эзэмшүүлснээр Д.Д.Ц.С ТӨХК-ийн үлдэх 675682 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь уг захирамжаар тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “... Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамж, хувийн хэрэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн газрын төлбөрийн баримтыг хариуцагчаас тооцоо нийлсэн акт хэлбэрээр гаргуулах...” хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд мөн оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны өмнө Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамж хавсралтын хамт, нэхэмжлэгчийн газрын  төлбөрийн тооцоо нийлсэн акт нотлох баримтаар авагдсан боловч тус 180 дугаар захирамжийн хувийн хэрэг архивлагдсан гэх шалтгаанаар ирж амжаагүй тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг дахин тодруулахад 180 дугаар захирамж нь хэрэгт авагдсан, энэ талаар талууд маргаагүй учраас 180 дугаар захирамжийн хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Хэргийг шийдвэрлэсний дараа буюу мөн оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжийн хувийн хэрэг шүүхэд ирсэн тул хэрэгт хавсаргасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гарахад нотлох баримтаар судлагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.     

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн / 2002 оны / 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д.Ц.С ТӨХК-ийн Б.Д.З.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэйг дурдсугай.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН