Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1794

 

Д.Пүрэвжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Ундармаад холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 530 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжавын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн З.Ундармаатай 1 жилийн хугацаатай 0 тоот өрөө хөлслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд сарын төлбөр 180 000 төгрөг байхаар, хэрэглэх ус халаалт гэрэл, цахилгааныг сард 5000, 5000 төгрөг, кабелийн татвар хураамжийг нэгдсэн тарифыг үндэслэн сард 11 000 төгрөг төлж байхаар амаар харилцан тохиролцсон. З.Ундармаа төлбөр түрээсээ өгч байгаад, “би төлбөр түрээсээ цаашид бөөнөөр нь өгнө, та эргэлзэх хэрэггүй. Би найдвартай өгнө, манай хүүхдүүд дэлгүүр ажиллуулж байгаа. Хүүхдүүдийн хичээл сургууль, миний ажил ойр байна” гэж хэлээд амьдарч байгаад нүүсэн. Нүүснийх нь дараа үлдэгдэл түрээсийн төлбөр, эвдэлсэн хаалга, өдрийн гэрэл зэргээ засаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй, уулзахгүй, ярихгүй болсон. Өнгөрсөн 1 жил орчимын хугацаанд миний бие эд материал санхүүгийн хувьд хохирч өрөөгөө ашиглаж чадахгүй байна. З.Ундармаа манай түрээсийн өрөөнд нийт 7 cap амьдарсан. Би 9 cap амьдарсан гэж тооцоод 1 530 000 төгрөг нэхэмжилсэн. Амьдрах хугацаандаа нийт 380 000 төгрөг төлсөн. Иймд З.Ундармаагаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 880 000 төгрөг, эвдэлсэн хаалганы үнэ 190 000 төгрөг, ус болон халаалтын төлбөрт 35 000 төгрөг, цахилгаан 35 000 төгрөг, кабелийн төлбөр 77 000 төгрөг, нийт 1 217 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Ундармаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие байрны эзэн Д.Пүрэвжавтай сарын 180 000 төгрөгийн төлбөртэйгөөр гэрээ хийж гарын үсэг зурсан. Анх гэрээ хийхэд 180 000 төгрөгт бүх төлбөр зардал багтсан гэж ойлгосон боловч цахилгаан, ус, кабелийн мөнгийг гэрээнд заагдсан 180 000 төгрөг дээрээ нэмж төлөхийг сүүлд нь шаардсан. Би илүү мөнгө төлж чадахгүй. Би амьдарч байх хугацаандаа түрээсийн төлбөрт 380 000 төгрөг төлсөн нь үнэн. Өгсөн мөнгө болгондоо Д.Пүрэвжав гуай бид 2 гарын үсэг зураад явдаг байсан. Одоо түрээсийн үлдэгдэл төлбөр 880 000 төгрөгийг төлнө. Бас хаалга эвдэж, дахин хэрэглэх аргагүй болгож онгорхой орхиод явсан гэж намайг гүтгэж байна. Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр амьдарч байсан өрөөгөө цэвэрлээд хаалга үүдийг нь цоожлоод Д.Пүрэвжавт өөрт нь хүлээлгэж өгөөд нүүсэн. Д.Пүрэвжав дараа нь намайг нүүсэн хойно хүн оруулаад ус алдуулж хаалга үүдээ эвдлүүлсэн байсан. Өмнө нь амьдарч байсан хүмүүсийг хэд хоног суулгасан чинь хамаг юм эвдээд, ус алдуулчихлаа гэж байсан. Тэгээд намайг дуудаж би усыг нь шавхаж өгсөн. Тэр үед хаалгыг нь эвдээд аваад тавьсан байсан. 880 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээнд тусгаагүй ус, халаалт, цахилгаан, кабелийн 147 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хаалгыг би эвдээгүй тул хаалганы мөнгө 190 000 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар 302.1-д заасныг баримтлан хариуцагч З.Ундармаагаас 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 337 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ундармаагаас 25 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвжавт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжавын давж заалдах журмаар гаргасан гомдолд: З.Ундармаа бид 2 гэрээ болон гэрээний хавсралтад аль аль нь хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож гарын үсгээ зурсан. Мөн гэрээний 3.6-д хөлслөгч тал иргэний үнэмлэхээ баталгаа болгон гэрээнд хавсаргана гэж заасан бөгөөд үүний дагуу З.Ундармаа нь иргэний үнэмлэхний хуулбараа өгч гэрээнд хавсаргасан нь хүсэл зоригоо өөрийн үйлдлээр бодитой илэрхийлсэн гэж үзнэ. Мөн шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч тайлбараа баримтаар нотлоогүй болно” гэжээ. 7 сарын турш гэр бүлээрээ ус, цахилгаан, кабел хэрэглээгүйгээ хариуцагч өөрөө нотлох ёстой. Би өөрийн байрыг 00 өрөөтэй, ус, цахилгаантай байхаар бүрэн тохижуулж хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээний 3.4-т заасан үүргийг хариуцагч хүлээх ёстой. Мөн гэрээний 1.5-д заасан заалтыг хүлээн зөвшөөрч, ус, халаалт, гэрэл цахилгааныг төлбөрийг хөнгөвчилж, түрээсийн төлбөрөөс тусд нь сард 5000 төгрөг авахаар тохиролцсон. Шүүх хуралдаанд “өрөөний хаалга эвдсэн талаар” гэрч н.Алтанцом, н.Баатархүү, н.Жаргалсайхан нарыг оролцуулахыг хүссэн, эвдэрсэн хаалганы зургийг өгсөн, одоо ч уг хаалга эвдэрсэн хэвээр байгаа. Үүнийг шүүхээр шалгуулахыг хүсч байна. Гэтэл З.Ундармаа шүүхэд манай хаалга бүрэн бүтэн байгаа талаар мэдүүлэг өгсөн. Үүнийгээ баримт болон гэрчээр нотлох ёстой. Иймд З.Ундармаагаас 1 217 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.  

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Зохигчид Давж заалдах шатны шүүхэд эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь хариуцагч З.Ундармаад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 302 дугаар 302.1-д заасныг баримтлан хариуцагч З.Ундармаагаас 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 337 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 530 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 217 000 төгрөг болгосныг хариуцагч нь З.Ундармаа хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн” байна.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Д.Пүрэвжав, хариуцагч З.Ундармаа нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 530 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 217 000 төгрөг болгосныг хариуцагч нь З.Ундармаа хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 760 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                  Б.НАРМАНДАХ