Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/01478

 

 

 

 

 

 

 

 

   2017 оны 06 сарын 22 өдөр

 Дугаар 184/ШШ2017/01478

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байр, 49 тоот хаягт оршин суух, Хаад боржигин овогт Даваажавын Пүрэвжав /РД:УС40010353/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Алта

 

йн 3 гудамж, 340 тоот хаягт оршин суух, Цагаан овогт Зоригтын Ундармаа /РД:ЖИ66052904/-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.530.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Пүрэвжав, хариуцагч З.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 сарын 11-ний өдөр иргэн З.Ундармаатай 1 жилийн хугацаатай 0 тоот өрөө хөлслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд сарын төлбөр 180.000 төгрөг байхаар, хэрэглэх ус халаалт гэрэл, цахилгааныг сард 5000, 5000 төгрөг, кабелийн татвар хураамжийг нэгдсэн тарифыг үндэслэн сард 11.000 төгрөг төлж байхаар амаар харилцан тохиролцсон. З.Ундармаа төлбөр түрээсээ өгч байгаад, би төлбөр түрээсээ цаашид бөөнөөр нь өгнө, та эргэлзэх хэрэггүй. Би найдвартай өгнө, манай хүүхдүүд дэлгүүр ажиллуулж байгаа. Хүүхдүүдийн хичээл сургууль миний ажил ойр байна гэж амьдарч байгаад нүүсэн. Нүүсэнийх нь дараа үлдэгдэл түрээсийн төлбөр, эвдэлсэн хаалга, өдрийн гэрэл зэргээ засаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй, уулзахгүй, ярихгүй болсон. Өнгөрсөн 1 жил орчимын хугацаанд миний бие эд материал санхүүгийн хувьд хохирч өрөөгөө ашиглаж чадахгүй байна. Би гэрээр нь удаа дараа очиж уулзаж, хүүхдээр нь уулз гэж хандсан. З.Ундармаа манай түрээсийн өрөөнд нийт 7 сар амьдарсан юм байна лээ. Би 9 сар амьдарсан гэж тооцоод 1.530.000 төгрөг нэхэмжлээд байсан чинь буруу тооцсон байна. Амьдрах хугацаандаа нийт 380.000 төгрөг төлсөн. Иймд З.Ундармаагаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 880.000 төгрөг, эвдэлсэн хаалганы үнэ 190.000 төгрөг, ус болон халаалтын төлбөрт 35.000 төгрөг, цахилгаанд 35.000 төгрөг, кабелийн төлбөр 77.000 төгрөг, нийт 1.217.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.Ундармаа нь байрны эзэн Д.Пүрэвжавтай сарын 180.000 төгрөгийн төлбөртэйгээр гэрээ хийж гарын үсэг зурсан. Анх гэрээ хийхэд 180.000 төгрөгт бүх төлбөр багтсан гэж ойлгосон боловч цахилгаан, ус, кабелийн мөнгийг гэрээнд заагдсан 180.000 төгрөг дээрээ нэмж төлөхийг сүүлд нь шаардсан. Би илүү мөнгө төлж чадахгүй. Би амьдарч байх хугацаандаа түрээсийн төлбөрт 380.000 төгрөг төлсөн нь үнэн. Өгсөн мөнгө болгондоо Д.Пүрэвжав гуай бид 2 гарын үсэг зураад явдаг байсан. Одоо түрээсийн үлдэгдэл төлбөр 880.000 төгрөгийг төлнө. Бас хаалга эвдэж дахин хэрэглэх аргагүй болгож онгорхой орхиод явсан гэж намайг гүтгээд байна. Би 2016 оны 4 сарын 06-ны өдөр амьдарч байсан өрөөгөө цэвэрлээд хаалга үүдийг нь цоожлоод Д.Пүрэвжавт өөрт нь хүлээлгэж өгөөд нүүсэн. Д.Пүрэвжав дараа нь намайг нүүсэн хойно хүн оруулаад ус алдуулж хаалга үүдээ эвдлүүлсэн байсан. Өмнө нь амьдарч байсан хүмүүсийг хэд хоног суулгасан чинь хамаг юм эвдээд, ус алдуулчихлаа гэж байсан. Тэгээд намайг дуудаж би усыг нь шавхаж өгсөн. Тэр үед хаалгыг нь эвдээд аваад тавьсан байсан. 880.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээнд тусгаагүй ус, халаалт, цахилгаан, кабелийн 147.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хаалгыг би эвдээгүй тул хаалганы мөнгө 190.000 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь хариуцагч З.Ундармаад холбогдуулан 1.530.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1.217.000 төгрөг болгон багасгасан.

 

Талууд 2015 оны 9 сарын 11-ний өдөр №1 тоот “Өрөө хөлслүүлэх гэрээ”-г байгуулсан ба гэрээний хугацаа мөн өдрөөс 2016 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэл, сарын 180.000 төгрөгөөр, төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байр, 1 дүгээр орцны подволын өрөөг хөлслүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өрөө түрээслүүлэх гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр  880.000 төгрөг, эвдэлсэн хаалганы үнэ 190.000 төгрөг, ус болон халаалтын төлбөрт 35.000 төгрөг, цахилгаанд 35.000 төгрөг, кабелийн төлбөр 77.000 төгрөг, нийт 1.217.000 төгрөг гаргуулна хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч З.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлага 1.217.000 төгрөгөөс зарим хэсгийг буюу 880.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болох ус, халаалт, цахилгаан, кабелийн төлбөр 147.000 төгрөгийг гэрээгээр тохиролцоогүй гэж, өрөөг хүлээлгэн өгөхөд хаалга нь зүгээр байсан тул хаалганы төлбөр 190.000 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Зохигчид 2015 оны 9 сарын 11-ний өдөр “Өрөө хөлслөх гэрээ” байгуулсан байх ба  энэ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний шинжийг агуулсан тул  талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвжав нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.217.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байр, 1 дүгээр орцны подволын өрөөг Д.Пүрэвжав ямар эрхийн үндсэн дээр /эзэмших, өмчлөх, ашиглах/ хөлслүүлэх эрхтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүний шаардлага гаргах эрх нотлогдоогүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагад ус, халаалт, цахилгаан, кабелийн төлбөр 147.000 төгрөгийг шаардсан боловч гэрээнд ус халаалтын төлбөрийг сар бүр 5000 төгрөг, цахилгааны төлбөр сар бүр 5000 төгрөг, кабелийн төлбөр сар бүр 11.000 төгрөг байх талаар тусгаагүй, энэ талаар амаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. Мөн хаалга эвдэлсэн тул 190.000 төгрөг гаргуулна гэж шаардсан боловч хаалга нь хариуцагч З.Ундармааг амьдарч байх үед эвдэрсэн талаар нэхэмжлэгч нотлоогүй, эвдэрсэн хаалгыг засварлахад 190.000 төгрөг орсон эсэх, эсхүл шинээр хаалга авсан эсэх нь мөн баримтаар тогтоодоогүй тул 337.000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй.

 

Хариуцагч З.Ундармаа нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн талаар маргаагүй, “Өрөө хөлслүүлэх гэрээ”-ний дагуу 880.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу зохигчдод хувиарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар 302.1-д заасныг баримтлан хариуцагч З.Ундармаагаас 880.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 337.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ундармаагаас 25.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвжавт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.УРАНЗУЛ