Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 824

 

Н.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Х-д холбогдох эрүүгийн 1705014050653 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Н.Х, 1973 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул” олон улсын худалдааны төвд гутлын лангуун дээр ажилладаг байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6-19 тоотод оршин суух бүртгэлтэй,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,

2006 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 05 сар 24 хоногийн хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өршөөн хэлтрүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийгүүлсэн, /РД: РЭ73092567/;

 

Н.Х нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Оношлогоо” эмнэлгийн 3 тоот өрөөнөөс Ц.Гомбодоржийн түрийвчтэй 400.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд Н.Х-д 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Н.Х-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргахдаа, шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсгийн эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт хэсэгт “шүүгдэгч Н.Х-д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн мөртлөө “Тогтоох” хэсэгт “шүүгдэгч Н.Х-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж заасан нь зөрүүтэй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэлд ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-г гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж байсан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Марал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Х нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Оношлогоо” эмнэлгийн 3 тоот өрөөнөөс Ц.Гомбодоржийн түрийвчтэй 400.000 төгрөгийг хулгайлан авсан болох нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/, хохирогч Ц.Гомбодорж /хх-15/, гэрч Б.Дуламсүрэн /хх-19-20/, шүүгдэгч Н.Хгийн яллагдагчаар өгсөн /хх-47-49/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “шүүгдэгч Н.Х-д 250 цаг” гэж, “Тогтоох” хэсэгт “шүүгдэгч Н.Х-д 240 цаг” гэж оногдуулсан ялыг зөрүүтэй бичсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Шүүх эрх зүйн баримт бичгийг хуулийн дээрх зүйл, заалтад заасан шаардлагын дагуу үйлдэж байхыг дурдаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдалтай огт тохироогүй байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ