Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00537

 

Ж.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02023 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2329 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.С-од холбогдох,

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв хувийн сууц, нэгж талбарын 18644321412165 дугаартай 500 м.кв талбайтай газрыг Ж.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх \нүүлгэх\ тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.С-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, М.Баатарсүх, хариуцагч Ж.С-, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Б нь Ж.С-од 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг 6%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв хувийн сууцыг, 500 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан. Ж.С- нь хугацаандаа зээлээ төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 4116 дугаартай шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэж ажиллагаа явагдаж, хариуцагч Ж.С-ын хүсэлтээр төлбөр авагч болох нэхэмжлэгчийн нэр дээр хөрөнгө шилжсэн. Ж.С- 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөө төлнө гэсэн боловч өгөөгүй тул өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Ж.С- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй, санал болгох дуудлага худалдаанд өөрөө оролцсон, шийдвэр гүйцэтгэгч шууд албадан нүүлгэх байсан ч төлбөрөө төлчихнө гэсэн учир хүлээлгэсэн. Төлбөрөө өгөөгүй тул шүүхэд хандсан. Газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан. Өөрийн өмчийг иргэн Баатарсүхэд худалдан борлуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах хувийн сууц, 500 м.кв талбайтай газраас Ж.С-ыг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Бгаас 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах хувийн сууцыг 500 м.кв талбайтай газрын хамт худалдах-худалдан авах гэрээгээр авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах үед бичиг баримтын болоод бусад ямар нэгэн маргаан байгаагүй. Тухайн хашаанд очиход хариуцагч Ж.С- өөрөө худалдан авах байшинг үзүүлж удахгүй суллаж өгнө гэсэн боловч суллаж өгөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаас хойш 2 сар гаруй хугацаанд өмчид халдаж, өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Ж.Бгаас 2014 онд 15 000 000 төгрөгийг зээлж, төлж чадаагүй. Шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн дэргэд энэ байшингаас гарахгүй, гараад орох оронгүй, бага насны сургуулийн хүүхэдтэйгээ хамт амьдардаг, энэ зун мөнгийг чинь олоод өгчихнө гэж Ж.Бд олон удаа хэлсэн. Гэтэл Ж.Б өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад М.Баатарсүхэд зарсан. Мөнгийг чинь 5 сард олж өгөөд байшингаа буцааж авна гэснийг зөвшөөрөөгүй маргасан. Ж.Б нь итгэл алдаж хашаа байшинг М.Баатарсүхэд зарсан. М.Б нь байнга дарамталж, доромжилдог. М.Баатарсүхийг албан ёсны шүүхийн шийдвэрээ үзүүл гэхэд өөдөөс маргаж байшинг өөр хүнд зарсан ч болно, миний байшин гэдэг. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан ч үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож зөрүү авмаар байна. Ж.Бд олон сар хүү төлсөн. Надад эндээс өөр орох газар байхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02023 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.С-ын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029793 дугаарт бүртгэгдэж 000627889 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлж нэхэмжлэгч М.Баатарсүхэд мөн хаягт буй нэгж талбарын 1864432141265 дугаартай, 000737147 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 500 м.кв талбайтай газрыг чөлөөлж нэхэмжлэгч Ж.Бд тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.С-оос 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2329 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан гэснийг 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... миний бие нэхэмжлэгч Ж.Бд ХААН банкны 5064129865 тоот данс руу нь нийт 4 800 000 төгрөг хийсэн. Үлдсэн 4 800 000 төгрөгийг бэлнээр заримдаа АТМ-ээс шилжүүлж байсан. 2014-2017 онд нийт 9 600 000 төгрөг дансаар болон бэлнээр өгч байсан.

Энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөрөөс хасч тооцох талаар хүсэлт гаргаж байсан боловч барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон, төлбөр авагч Ж.Бгийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг бичүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосонд гомдолтой байна. Бидний хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр хувийн сууц 25 000 000 төгрөг, газар 10 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад, мөн зээлийн төлбөрийг хасч тооцоогүй үнийн дүнгийн хэмжээ болох 16 500 000 төгрөгөөр тооцон, төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн нь шударга бус, миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал боллоо.

...Миний төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид хасаж тооцоогүй атлаа миний барьцаа хөрөнгийг бүхэлд нь төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлснийг шүүгч анхаарч үзээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Барьцаа хөрөнгө, төлбөрийн зөрүүний асуудал зүй ёсоор тавигдсанаар шударга ёсонд нийцсэн шийдвэр гарах үндэслэл болох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг зөрчсөн.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хууль зөрчсөн шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ж.Б, М.Б нар нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн 11 дүгээр хэсэг, 1128 тоотод байрлах хувийн сууц, 500 м.кв газрыг хариуцагч Ж.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.С- шаардлагыг эс зөвшөөрч, Ж.Бгаас 2014 онд зээлсэн 15 000 000 төгрөгийг төлж чадаагүй боловч байшингаас гараад орох оронгүй, бага насны сургуулийн хүүхэдтэйгээ хамт амьдардаг, мөнгийг нь төлнө гээд байхад Ж.Б газар байшинг өөрийн нэр дээр аваад М.Баатарсүхэд зарсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ж.С-од 2014 онд 15 000 000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэй зээлүүлсэн ба зээлийн гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг нэхэмжлэхэд хариуцагч тухайн шаардлагыг зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 01-ний дотор 5 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны дотор үлдэх 11 500 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101\Ш32016\04116 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.

Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж, хариуцагч Ж.С- үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн 11 дүгээр хэсгийн 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууц, 500 м.кв талбай бүхий газар 29 400 000 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн анхны дуудлага худалдаагаар, 21 000 000 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдаагаар тус тус борлогдоогүй, санал ирээгүй тул төлбөр төлөгчид төлбөрт тооцон шилжүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.С- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаагүйгээс гадна 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг “Ж.Бгийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч, харилцан тохиролцсон тул дээрх барьцааны эд хөрөнгийг төлбөр авагч Ж.Бгийн өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байна.

Энэ хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Ж.Б Нийслэлийн шүүхийн шийдвэрлэх газарт дээрх эд хөрөнгийг өөрийн нэр дээр “шилжүүлэн авч байгаа тул холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү” гэж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргажээ. Мөн хүсэлтэд “төлбөр төлөгч Ж.С- нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны дотор мөнгөө бүрэн төлж барьцааны хөрөнгөө буцаан шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон тул албадан чөлөөлөхгүйгээр ажиллагааг дуусгаж өгнө үү” гэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн газрын албанд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1\5204 дугаартай албан бичиг хүргүүлж, газар, хувийн сууцын эзэмших эрхийг Ж.Бгийн нэр дээр шилжүүлэхийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн 18\80 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Маргааны зүйл болох газрын эзэмших эрх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А\179 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Бгийн  нэр дээр шилжиж, Ж.Б газар эзэмших гэрээг дүүргийн газрын албатай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Б маргааны зүйл болж буй хувийн сууцыг М.Баатарсүхэд 13 000 000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч М.Б 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ж.С-ыг 2017 онд 2 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласнаас өөрөөр Ж.С- зээлийн гэрээний үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.С- нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын тус бүрийн шаардлагыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтаар хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс  шаардах эрхтэй. Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан эзэмшигч нь уг эд  хөрөнгийг эрх бүхий этгээдэд өгөх үүрэгтэй.

Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа  боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2329 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН