Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 345

 

С.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцог, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0510 дугаар магадлалтай, С.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 25 дугаар зүйлийн 25.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Лхамсүрэн болон гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг бүхэлд нь /Хавсралт “Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл”/-ийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Лхамсүрэнгийн “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг бүхэлд нь /Хавсралт “Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл”/-ийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0510 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ы өдрийн 387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцог хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий шугам сүлжээ нь хэний өмчлөлд байгаа болох хэн хөрөнгө оруулалт хийж, засвар үйлчилгээ үзүүлж байсан болох нь туйлын тодорхой нотлогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, хуулийн дагуу үнэлэлт хийсэн.

Анхан шатны шүүх хуульд заасны дагуу нотлох үүргээ зохих ёсоор хангалттай биелүүлж хэргийг шийдвэрлэсэн. Магадлалд дурдсан “нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтууд” гэх зүйлсийн талаар анхан шатны шүүхээс ямар нэг байдлаар үнэлж, дүгнээгүй, эдгээр баримтууд нь хэрэг маргаанд төдийлөн ач холбогдолгүй тул шүүхээс үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй байдаг.

Давж заалдах шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн” гэж дүгнэлт хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны гол үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй, үүнтэй хамааралтай хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцсэн байна.

Эрчим хүчний Сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгээр Увс, Ховд аймгийн төвийн хэрэглэгчид, ард, иргэдийн аюулгүй, найдвартай, тав тухтай байдлыг хангах зорилгоор дулаан хангамжийн 2 дахь эх үүсвэрийг барьж байгуулах зайлшгүй шаардлагатай болж, аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажил шийдвэрлэгдсэн, 2014-2015 оны халаалтын улиралд эдгээр аймгуудын хуучин болон шинэ станцууд нь зэрэгцээ ажиллах болсныг “Увс дулааны станц”, “Бадамлах дөл” ХХК-иудын ерөнхий захирал Д.Сурмаажавт мэдэгджээ.

Хэрэгт С.Лхамсүрэн нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Дулааны станцын үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн өмчлөгч болохыг гэрчилсэн 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 008108056 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав /”Хар тарвагатай” ХХК-ийн захирал/ нь 2003 онд уралдаант шалгаруулалтаар Улаангом сумын Дулааны станцыг хувьчилж авсан баримтууд авагджээ.

Нэхэмжлэгч С.Лхамсүрэн, гуравдагч этгээд “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав нар нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дээрх албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...миний өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, шугамыг тасалж, өөр хуулийн этгээдэд шилжүүлсэнээс орлого олох боломжийг алдагдуулсан ..., “Увс дулааны станц” ХХК-ийн нийт 7.3 км шугамаас 4 км-ыг, “Бадамлах дөл” ХХК-ийн 9.3 км шугамаас 4.1 км-ыг таслан авсан...” гэж тодорхойлсон байна. 

Харин хариуцагч нь “...салаа шугамыг 2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр шинэчилсэн, энэ нь орон нутгийн өмч ..., “Увс дулааны станц” ХХК-ийн өмчид халдаагүй, таслаагүй, салаа шугамууд нь тусдаа...” гэх байдлаар тайлбарлажээ.

Хэргийн оролцогчдын дээрх зөрүүтэй тайлбарыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлох, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Маргааны гол нь шинээр тавигдсан дулааны шугамын өмчлөлийн асуудлаар  эсвэл хариуцагч нь шинэ шугам тавих үйл явцдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн шугамыг тасалж, хохирол учруулсан, эсвэл зөвшөөрөлгүйгээр шугам салгасан гэх зэрэг асуудлын алинд байгааг тодорхой болгож, үүнтэй хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байжээ.

Маргааны үйл баримтыг тодорхой болгох нь  шинэ, хуучин 2 станц зэрэгцэн ажиллах болсоныг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж, тухайн үеийн гидравлик тооцоог хүргүүлсэн маргаан бүхий Эрчим хүчний сайдын албан бичгийн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг дүгнэх гол нөхцөл болно.

Тодруулбал, хэргийн оролцогчид нь энэ албан бичиг эсхүл албан бичгийг хэрэгжүүлэх буюу шинэ шугам тавьсан үйл ажиллагааны алийг нь ямар үндэслэлээр буруутгаж байгаа  нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий албан бичиг нь “Увс дулаан станц”, “Бадамлах дөл” ХХК-иудын ерөнхий захирал Д.Сурмаажавт гэж хаяглагдсан байх бөгөөд байгаа нотлох баримтууд ихэнх нь “Увс дулаан станц”-д хамааралтай байна.

Иймд “Бадамлах дөл” ХХК-тай холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь маргаж байгаа эсэхийг тодруулж, дүгнэлт хийх нь зөв байжээ.

Дээр дурдсаныг үндэслэн “... нотлох баримт хангалттай бүрдсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсанаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0510 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ