Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00603

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03281 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00078 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.Б-

          Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

          Ажил олгогчийн 2018-8-13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Д.Довзодмаа, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-8-13-ны өдөр УБТЗ-ын даргын Б-I-254 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 43.1, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭХ-ны 2018-2019 оны хамтын гэрээний 3.11.2 гэсэн заалтуудыг үндэслэн 2018-09-03-ны өдрөөс намайг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би тэтгэвэр авах насанд хүрсэн боловч цаашид нэг жил ажиллах хүсэл зориг надад байсан. Энэ талаар удирдлагад хэлсэн ч хүлээж аваагүй. Ажлаас чөлөөлөгдсөн тулаашаа 2018-09-14-ний өдөр хүлээж авсан.Иймд             Улаанбаатар төмөр замын даргын 2018-8-13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.  

        Хариуцагч тайлбартаа: А.Б- 2017-12-10-ны өдөр 60 нас хүрсэн. Ажил олгогч ар гэрийн амьдралыг нь харгалзаж үзээд 2018-9-03-ны өдөр хүртэл 9 сар илүү ажиллуулсан. ИХ-ийн 71.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар тэтгэвэрт тогтоолгох хугацаа болсон. УБТЗ-ын даргын 2018-8-13-ны өдрийн Б-I-254 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.3, 40.1.3, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22-р зүйлийн а, з, МОХННУТЗ, МТЗ-чдын ҮЭХ-ны 2018-2019 оны хамтын гэрээний 3.11.2-р хөдөлмөрийн гэрээг 2018-9-03-ны өдөр цуцалж, 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 1957 онд төрсөн бол 60 настайд нь тэтгэвэрт гаргана. Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он 1962 он ба түүнээс өмнө төрсөн 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгоно, 2002 он ба түүнээс хойш төрсөн тохиолдолд 65 нас хүртэл ажиллуулна гэж заасан. 1962 оноос өмнө төрсөн бол 55 настайд тэтгэвэр тогтоолгоно. Иймд ажил олгогч талаас Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т заасны дагуу А.Б-ыг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 102/ШШ2018/03281 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00078 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

     Нэхэмжлэгч төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хөдөлмөрийн хуулийн 40.1.3 “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч нь НДСангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 65 нас хүртлээ ажиллах боломжтой бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно гэж хуульчилсан байтал байгууллагаас нь 60 нас хүрсэн гэдэг шалтгаанаар тэтгэвэртээ гарахыг шаардсан учраас 1 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгох хүсэлт өргөдлөө гаргасан. Гэтэл өргөдлийг нь хүлээж аваагүй, Хөдөлмөрийн хуулиар 60 нас хүрсэн гэдэг үндэслэлээр Б-1-254 тоот тушаалыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тэтгэвэр тогтоолгох асуудлыг Хөдөлмөрийн хуулиар...60 нас... НДсангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар ... 65 нас. ... гэж хоёр янзаар зохицуулсан байгаа НДсангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн тус заалтад 2018-2-02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж тэтгэврийн насыг 65 байхаар хуульчилсан бөгөөд 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулинд энэ талаар өөрчлөлт оруулаагүй нь хууль хоорондоо зөрчилдөх нөхцөл шалтгаан болсон. ИХ-ийн 3.3-д “Монгол улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж зааснаар НДсангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байсан болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   А.Б- 2018-09-17-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2018-8-13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

    Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   А.Б- нь 2002-04-09-ний өдрөөс 2018-09-03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга 2018-08-13-ны өдрийн №Б-I-254 дугаар тушаал гаргаж тэтгэвэр тогтоолгох 60 нас хүрсэн гэж ажлаас нь халсан, А.Б- 2017-12-10-ны өдөр 60 нас хүрсэн нь тус тус тогтоогджээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас, ...2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 65 нас гэж заажээ. 

А.Б- 1957-12-10-ны өдөр буюу 1962 оноос өмнө төрсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн зохицуулалтын талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг харьцуулан зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч нь А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж, ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэл байна. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03281 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00078 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ