Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 3281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк 105 дугаар байрны 191 тоотод оршин суух, Гэдгэрийнхэн овогт Аюурсэдийн Бадам /РД:МЮ57121063/-ын нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдох,

 

  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаал хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулж, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Д.Довзодмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Бадам нь Улаанбаатар төмөр замын Барилга үйлдвэрлэлийн нэгдэл, барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангид 2002 оны 4 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тасралтгүй 16 жил 5 сар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргын Б-I-254 тоот А.Бадамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч А.Бадам хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн хуульд 60 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгоно гэж заасан байдаг боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.  Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан. Энэ хууль нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн найруулагдаж батлагдсан. Энэ хуулийн дагуу А.Бадам өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно. Эсвэл цаашид ажиллах хүсэл, зориг байвал ажиллаж болно гэсэн зохицуулалт харагдаж байгаа. Үүний дагуу цаашид 1, 2 жил ажиллах сонирхолтой байсан. Энэ талаараа 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд н.Халтарт өргөдөл гаргасан. Гэтэл Зам тээвэр, хөгжлийн яамнаас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариу албан бичиг Улаанбаатар төмөр замын дарга н.Жигжиднямаа, А.Бадам нарт ирүүлэхдээ хүсэлтэд дурдсаны дагуу А.Бадамыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллуулбал хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.2 дахь заалтын дагуу 8 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломжтой байна. Иймд хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхийг хүсье гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл н.Жигжиднямаа дарга уг хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Бадам 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар төмөр замын дарга н.Жигжиднямаад өөрийн амьдрал ахуйгаа тоочиж, цаашид 1 жил үргэлжлүүлэн ажиллах хүсэл, зоригтой байгаагаа илэрхийлсэн боловч 60 нас хүрсэн. Тиймээс цаашид ажиллуулахгүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь А.Бадамын эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна. Иймд А.Бадамыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж, цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлд ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу цалинг тооцоолсон. 2018 оны 6, 7, 8 дугаар саруудын дундаж цалин 5,779,335 төгрөг, 1 сарын дундаж цалин нь 1,926,445 төгрөг, 1,926,445 төгрөгийг ажлын 22 хоногт хуваахаар 1 өдрийн цалин 87,565 төгрөг болж байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын 22 хоногоор тооцоход нийтдээ 43 хоног байгаа. 1 өдрийн цалин 87,565 төгрөгийг 43 хоногоороо тооцоход 3,765,295 төгрөг болж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалинд 3,765,295 төгрөгийн нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Улаанбаатар төмөр замын даргын 117 дугаар тушаал, Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер А.Бадам нь Улаанбаатар төмөр замын удирдах газрын эрх бүхий албан тушаалтан байгаа. Тиймээс А.Бадамыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох асуудлыг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар шийдвэрлэдэг. Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өгсөн үүрэг даалгавар, ажлынхаа үр дүнг Улаанбаатар төмөр замын удирдлагын хэлтэст тогтоосон хугацаанд тайлагнах үүрэгтэй байдаг. Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер А.Бадам нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн. Ажил олгогчийн зүгээс ар гэрийн амьдралыг нь харгалзаж үзээд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 9 сар илүү ажиллуулсан. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгүүдэд зааснаар тэтгэвэрт тогтоолгох хугацаа болсон. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн  Б-I-254 тоот тушаалаараа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.1.3 дахь заалт, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з,Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ын холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.2 гэсэн заалтуудыг үндэслэн тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр А.Бадамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр цуцалж, 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байгаа. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан 60 нас хүрч, тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хөдөлмөрийн хуульд зохицуулалт орсон. Тус хуульд заасан 60 нас нь ажилтны иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт дээр бичигдсэн он, сар, өдрөөр тоолоход 60 нас хүрсэн байхыг ойлгоно гэсэн. Тэгэхээр А.Бадам нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн. Гэхдээ амьдрал, ахуйг нь харгалзаж тодорхой хугацаагаар илүү ажиллуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан хэдий боловч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ын холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11.1,3.11.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын байгууллагын салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тохиолдолд Улаанбаатар төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг харгалзаж, 18 сар хүртэлх хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. 3.11.2 дахь хэсэгт нь нарийвчлаад эмэгтэйчүүдэд 13-16 жил ажилласан тохиолдолд 4 сарын тэтгэмж олгоно гэж заасан. Үүнийг үндэслээд А.Бадам нь Улаанбаатар төмөр замын байгууллагад 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс тасралтгүй 16 жил 5 сар ажилласан учраас 4 сарын тэтгэмж олгосон. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудад хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын 2 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг төрсөн он, оноор бичсэн. Тухайлбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 1957 онд төрсөн бол 60 настайд нь тэтгэвэр гаргана. Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он 1962 он ба түүнээс өмнө төрсөн 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгоно гэж заасан байгаа. 2002 он ба түүнээс хойш төрсөн тохиолдолд 65 нас хүртэл ажиллуулна гэж заасан байгаа. 1962 оноос өмнө төрсөн бол 55 настайд тэтгэвэр тогтоолгоно. Иймд зохих хуулийн дагуу ажил олгогч талаас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу А.Бадамыг ажлаас чөлөөлсөн учраас гомдлыг хүлээн авах боломжгүй.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Бадам нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаал хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 3,765,295 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

А.Бадам нь 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байгаад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 дугаартай тушаалаар ажлаас халагдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд /хх-ийн 5,6-8,55 тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Бадам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас халсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... гэснийг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч А.Бадам нь 1957 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн болох нь талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... гэж заасан байх боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас, ...2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 65 нас гэж заасан байна.

 

Энэхүү хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч А.Бадам нь 1962 оноос өмнө буюу 1957 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 65 нас хүрснээр тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот А.Бадамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч А.Бадамыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас халсныг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Бадамын хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан гаргасан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаал хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 3,765,295 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бадамын хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан гаргасан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №Б-I-254 тоот тушаал хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 3,765,295 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА