Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1778

 

 

Ч.Цэрэнхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01324 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цалингийн шатлалын зөрүү 725 760 төгрөг, үр дүнгийн урамшуулал 4 238 300 төгрөг, нийт 4 964 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Цэрэнханд 2001 оноос УБЦТС ТӨХК-д оператор болон бэлэн мөнгөний няраваар ажиллаж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сард УБЦТС ТӨХК-ийн хүний нөөцийн хэлтсээс утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан Т.Мөнгөнчимэг жирэмсний амралтаа авах гэж байгаа тул оронд нь ажиллаарай гэсэн бөгөөд “Т.Мөнгөнчимэгийн жирэмсний амралтын хугацаа дуусаад буцаад ороход яах вэ” гэхэд “туршлагатай хүнийг бид халахгүй, дахин шилжүүлээд ажиллуулна, манай компанид өөр хүний оронд 10 гаран жил ажиллаж байгаа хүн зөндөө байдаг” гэж н.Батцэцэг дарга хэлсэн. Удалгүй Т.Мөнгөнчимэг нь ажилдаа ороход А.Номинчимэгийг жирэмсний амралттай үед оронд нь ажиллах санал тавьж ажиллах болсон. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А.Номинчимэг ажилдаа орох үндэслэлээр Б/54 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, хуучин эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж шимтгэл төлүүлэх, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын цалингийн дундаж болох нэг өдрийн 50 846 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүү 425 760 төгрөг, мөн 13 дахь сарын цалин буюу урамшуулал 4 238 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Цэрэнханд Чингэлтэй дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд оператор, бэлэн мөнгөний няраваар ажиллаж байсан. Тухайн үед удирдлагаас өөр ажилд шилжүүлэх болоход өөрөө зөвшөөрсөн байдаг бөгөөд ийнхүү шилжүүлэн ажиллах нь нэхэмжлэгчийн хувьд ажлын ачаалал буурч байсан. Шилжүүлэх болсон шалтгаан нь Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргасан байсан тул бид ажлаас нь халалгүй өөр ажилд шилжүүлсэн. Нөгөө талаас шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг дахин шинээр байгуулсан. Гэтэл Т.Мөнгөнчимэг нь жирэмсний амралтаа дуусаад ажилдаа буцаад орсон. Ажилчныг шилжүүлэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Ч.Цэрэнхандыг ажлаас халахгүйн тулд А.Номинчимэгийн оронд мөн түр шилжүүлэн ажиллуулсан. А.Номинчимэг удалгүй ирж нэхэмжлэгчийг чөлөөлөх шаардлагатай болсон. Ажлаас халаагүй чөлөөлсөн гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Сүүлийн 4 сарын цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Манай компани алдагдалтай болон ашигтай ажилласнаас хамаарч цалингийн шатлалыг нэмэгдүүлдэг. Шууд тогтмол тодорхойлдоггүй. Тухайн үед Ч.Цэрэнханд бэлэн мөнгөний нярваар нэг жил л ажилласан бөгөөд шууд 1 дүгээр шатлалаас 3 юмуу 5 дугаар шатлал руу үсэрч шатлал өгсөнө гэдэг зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ажлыг нь дүгнээд 1 047 060 төгрөгийн урамшуулал олгоход татгалзах зүйлгүй. Учир нь урамшууллыг олгохдоо ажилласан цаг, тухайн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цахилгааны төлбөрийн өр төлбөр хуримтлагдсан байдал зэргийг харгалзахаас гадна тайлан хамгаасны дараа хариу тайлбарт ирүүлсэн урамшуулал бодох аргачлалаар урамшуулал боддог. Нэхэмжлэгч хэдийгээр тайлангаа хамгаалаагүй хэдий ч байгууллагаас урамшууллыг хариу тайлбарт дурдсанчлан тооцож, 1 047 060 төгрөгийг олгох боломжтой гэж үзэж байна. Харин 4 238 300 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УБТЦС” ТӨХК-иас үр дүнгийн урамшуулал 2 331 770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цалингийн шатлалын зөрүү 725 760 төгрөг гаргуулах шаардлагыг, үр дүнгийн урамшууллын үлдэх хэсэг 1 906 530 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 94 500 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 52 258 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.Цэрэнхандыг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалуудыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, Компанийн ХДЖ-ын 4.1-дэх заалт, Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.10 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байдаг. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйл заалтыг үндэслэл болгоогүй байх тул Ч.Цэрэнхандын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ч.Цэрэнханд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар өргөдөл гаргаж байгаагүй. Энэ талын баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Мөн ажил олгогчийн зүгээс өөр ажилд шилжүүлэх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заалтыг баримтлаагүй байх тул мөнгөний няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй.

Ч.Цэрэнхандыг өөр ажилд удаа дараалан шилжүүлэхдээ Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмыг баримталсан. Энэ журмын 3.2-т "Ажлын байрыг өөрчлөх гэдэгт ажлын байрны тодорхойлолтын шаардлагад тохирсон ажлын байранд шилжин ажиллуулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ажлын ачааллыг тэнцвэржүүлэх нэгж, хэсэг дотор нь захиргааны болон ажилтны санаачилгаар шилжилт хөдөлгөөн хийх үйл явцыг ойлгоно" гэж тодорхойлсон байна. Энэ журмын дагуу Ч.Цэрэнхандын ажлын байрыг "байгууллагын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх" зоригоор өөрчилсөн бөгөөд энэ бол байгууллагын санаачилгаар хийгдсэн ажиллагаа юм. Үүнийг ажилтантай тохиролцсон гэж үзэх боломжгүй. Ч.Цэрэнхадтай 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу цуцлагдаагүй. Ч.Цэрэнхандыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн эрх ашиг зөрчигдөж байх тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхлэн тоолох ёстой. Тэрээр тушаалыг гардан авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаандаа нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...шаардлагыг ...хэрэгсэхгүй болгосугай" гэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгож, Ч.Цэрэнхандыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Цэрэнханд нь хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж цалингийн шатлалаас доогуур тогтоосон 4 сарын цалнингийн зөрүү 725 760 төгрөг, үр дүнгийн урамшуулал 4 238 300 төгрөг, нийт 4 964 060 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Цэрэнханд нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд хйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэлтэст мөнгөний няраваар ажиллаж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Тус компанийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/374 тоот тушаалаар Ч.Цэрэнхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Т.Мөнгөнчимэгийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хэрэглэгчдийг хүлээн авах танхимын үйлчилгээний ажилтнаар томилон ажиллуулжээ.

 

Т.Мөнгөнчимэгийн чөлөөний хугацаа дуусч ажилд орох болсон тул 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/468 тоот тушаалаар Ч.Цэрэнхандыг ажлаас чөлөөлж, А.Номинчимэгийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хэрэглэгчдийг хүлээн авах танхимын үйлчилгээний ажилтнаар шилжүүлэн ажиллуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан Т.Мөнгөнчимэг, А.Номинчимэг нарын оронд нэхэмжлэгч Ч.Цэрэнхандыг түр ажиллуулах тушаал гаргаж, тухай бүрт нь хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж байжээ.

 

Нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын дотор гомдол гаргаагүй тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

 

А.Номинчимэгийн чөлөөний хугацаа дууссанаар ажил олгогч нэхэмжлэгч Ч.Цэрэнхандыг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5/54 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу А.Номинчимэгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул түр ажиллаж байгаа Ч.Цэрэнхандтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх үндэслэл заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүй байгуулахаар заасан ажилтны ажиллаж байсан ажлын байр байнгын орон тоо боловч тэрээр ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд ажиллаж байсан болох нь хэргийн 47-51 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогджээ.

 

            Нэгэнт хүүхэд асрах чөлөөтэй ажилтан ажилдаа эргэн орж байгаа тохиолдолд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хэрэглэгчдийг хүлээн авах танхимын үйлчилгээний ажилтнаар түр ажиллаж байгаа Ч.Цэрэнхандыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн түр гэрээг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Нэхэмжлэгч нь Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн няравын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхдөө байнгын ажлын байрнаас чөлөөлөгдөхгүй, хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр түр шилжин ажиллахгүй байх боломжтой байсан.

 

Гэвч нэхэмжлэгч нь тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд өөрөө зөвшөөрч хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан атлаа Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

            Нэхэмжлэлийн шаардлага болох үр дүнгийн урамшууллын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж 3 сар 15 хоногийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 2 331 770 төгрөгийн урамшууллыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллага Б/54 тоот тушаалаар нэхэмжлэгч Ч.Цэрэнхандыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.9, ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.11, 6 дугаар зүйлийн 6.3, компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2015-2016 онд мөрдөх Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.17 дахь заалтыг тус тус баримталсан нь үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл заалтыг үндэслэл болгоогүй тул Ч.Цэрэнхандын хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэхгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэгч нь тушаалыг гардан авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ