Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2017/00113

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2017/00113

Тосонцэнгэл сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багт оршин суудаг Ө овогт П.Х-н нэхэмжлэлтэй Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан цалинтай тэнцэх олговор 4330182 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл, нэхэмжлэгч П.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Нийгмийн бодлогын хөгжлийн газрын дарга А.Ш нь намайг ажлаас халах үүргийг Ц.Г-т 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нийт ажилчдын хурал дээр өгч сэтгэлийн дарамт учруулсан. Мөн Завхан аймгийн Боловсрол соёлын газрын дарга С.Г нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр захирлын албан тушаалд томилогдохоор шийдвэрлэгдсэн Ц.Ж-г сургалтын менежерээр ажиллуулах саналыг Ц.Г-т 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/386 дугаартай албан бичгээр хүргүүлж шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн буруугаар ашиглаж, иргэн миний ажил, албан тушаалыг булааж, ажлаас халж, сэтгэл санаанд хүчтэй цочрол үзүүлснээс даралт харваж, тархины мэс ажилбарт орж тархиндаа 3 хавчаар тавиулсан. Иймд Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаал нь иргэн миний хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г миний бие нь П.Х-н нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцлаа. П.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр миний өмнө нь дааж авч байсан анги болох 5б ангиас хуваарийн дагуу биш шалгалтыг авч дүнг удаа дараа олон нийтэд зарласан нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/309 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 2.3 дахь заалтыг зөрчсөн. Сурагчдын дүнгийн нууцлалыг алдагдуулж олон нийтэд зарласны улмаас сургуулийн захиргаанд эцэг эхчүүдийн зүгээс удаа дараа гомдол гаргасан. П.Х нь 12 дугаар ангийн заавал судлах ёстой технологийн хичээлийг 2015-2016 оны хичээлийн жилд 3 улирал, 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд оруулаагүй хаасан. Гэтэл огт оруулаагүй технологийн хичээлийн дүнг улирал болон жилийн эцсээр гаргаж бүрэн дунд боловсролын гэрчилгээнд дүнг бичиж боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн. Хичээл заагаагүй технологийн багш Т.Д, Л.Т нарын дээрх хугацааны цагийн тооцоог гаргахдаа ажилласнаар тооцож байсан нь Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний зүйл заалт, сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж байна. Боловсролын сайдын баталсан тушаалыг зөрчин хичээлийг хааж, багш нарын ачааллын тэнцвэргүй байдлыг бий болгож, хичээл огт ороогүй багшид цалин хөлсийг бүтэн олгож, илүү цагаар орсон багш нарт зохих нэмэгдэл цалинг олгоогүй нь 2015-2016 оны багш ажилчдын ажлын цагийн тооцоо болон хичээлийн хуваарийн зөрүүтэй байдлаас харагдаж байна. П.Х-г албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдуулан ажил хүлээлцэх комиссыг гаргаж ажил хүлээлцүүлэх гэсэн боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр П.Х-н хүү Н.Н, охин Н.Ц нар нь ирж ажлыг нь хүлээлгэж өгөхдөө 2015-2016 оны хичээлийн жилийн сургалттай холбоотой бичиг баримтууд, сургуулийн бүхий л бааз мэдээлэл байдаг хатуу диск, скайнер, подоскоп зэргийг хүлээлгэж өгөөгүй. Ажлын хатуу диск байхгүйгээс сургуулийн бүхий л судалгаа, мэдээ, тайлангууд байхгүй болсон гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4330182 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.Х нь Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасныг шүүх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар шууданд хүлээлгэн өгсөн байна. /хх-1, 128-131/

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс тоолох нь зүйтэй ба нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Х нь Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 35 дугаартай сургалтын менежерийн ажилд томилсон тушаал, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай П.Х-д арга хэмжээ авах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн менежерийн ажлаас чөлөөлсөн Б/04 дугаартай тушаал, НДД№А0372591 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-7-10,12/

Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирал 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай П.Х-д арга хэмжээ авах тухай тушаалдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Сургуулийн дотоод журмын 9.4.5 дахь заалт, эцэг эхчүүдийн гомдлыг үндэслэн сургалтын менежер П.Х нь сурагчдын дүнгийн нууцлалыг алдагдуулан олон нийтэд зарлаж, сурагчдын нэр хүндэд халдсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Сургалтын менежер П.Х нь хүүхдүүдийн дүнгийн нууцлалыг алдагдуулсан тухай эцэг эхчүүдийн гомдол 2016 оны 10 дугаар сарын 04, 2016 оны 10 дугаар сарын 21-нд тус тус сургуулийн захиргаанд ирсэн ба эхний гомдлыг 2016 оны 10 дугаар сарын 07-нд П.Х-д танилцуулсан болох нь гомдлын нотариатаар батлуулсан хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-30-31/

Гэтэл Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирал 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай тушаалаар П.Х-д сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ...Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна... гэж заасныг зөрчсөн байна.

Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирал 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.3, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.6, 48.2.8, 48.3, Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.1, 2.4.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн сургалтын менежер ажилтай П.Х-г Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/275 тоот тушаалыг зөрчсөн нь Завхан аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын үзлэг шалгалтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-8/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д ...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна..., мөн хуулийн 23.2.2-т ...талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай... байгуулж болохыг заасан бөгөөд энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээндээ зайлшгүй тусгах ёстой.

Гэтэл ажил олгогч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургууль П.Х-тай 2016 оны 01 дүгээр сард хугацаагүй хөдөлмөрийн байгуулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлээр мөн хуулийн 37.1.3-т заасныг баримтлан П.Х-г ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар тайлбарлаж байх бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан болох нь, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч нэхэмжлэгчийг сурагчдын дүнгийн нууцлал алдагдуулж сахилгын зөрчил гаргасан, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/275 тоот тушаалыг зөрчиж заавал судлах ёстой технологийн хичээлийг хааж бие даалтаар судлуулсан, сурагчдын жилийн эцсийн дүнг хуурамчаар гаргасан гэж хэрэгт нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эцэг эхийн гомдол, Завхан аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын дэргэдэх Багшийн ёс зүйн хороонд хүргүүлсэн хүсэлт, 2017 оны 1 дүгээр сарын 26-нд ажил хүлээлцсэн тэмдэглэл, 2015-2016 оны хичээлийн жилийн хичээлийн хуваариуд, багш ажилтны цагийн тооцоо, технологийн багш Л.Т-н үйл ажиллагааны төлөвлөлт, багш Т.Д-н ажлын гүйцэтгэлүүд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн,

Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн гэрч Ц.Д-н ...2016 оны сарын 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны хичээлийн жилийг дуустал тус сургуулийн захирлаар ажилласан. 12 дугаар ангийг хэрхэн элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгөх талаар багш нартай ярилцсан. Тэгээд технологийн хичээлийг бие даалтаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Манай сургуулийн багш нар болох монгол хэлний багш Н, математикийн багш Х, түүх нийгмийн багш Н, гадаад хэлний багш Ц, физикийн багш О, биеийн тамирын багш Л, технологийн багш Д, химийн багш О, биологийн багш Э, сургалтын менежер Х нартай ярилцсаны үндсэн дээр энэхүү шийдвэрт хүрсэн. Тухайн жил 2-3 дугаар улиралд технологийн хичээлийг бие даалтаар судлуулсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Ц, Т.Д, Ш,О, Л.Т, Г.Г нарын: ...Захирал Д нь нийслэлийн тэргүүний сургуулиудыг олон жил удирдаж байсны хувьд тэргүүний сургуулиудын туршлагыг нэвтрүүлж, сурагчдын сурлагыг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зорилгоор багш нартай ярилцаад технологийн хичээлийг бие даалтаар судлуулах шийдвэр гаргасан... гэх мэдүүлгүүд, багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар П.Х нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д суралцагчийн бие махбодид халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан нь баримтаар тогтоогдсон багш, ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж, 48.2.8удирдах ажилтны болон багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол багшлах эрхийг хасах хүртэл арга хэмжээг авах гэж, 48.З-т энэ хуулийн 48.2-т заасан шийтгэлийг шүүгч ногдуулна гэж тус тус заасан байна.

П.Х нь Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан захиргааны зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн, Багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирал 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/38 дугаартай албан бичгээр Завхан аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын дэргэдэх Багшийн ёс зүйн хороонд П.Х нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоолгохоор хүсэлт хүргүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна.

Иймд маргааны зүйл болох Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай П.Х-д арга хэмжээ авах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ...Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна... гэж заасныг зөрчсөн, Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дугаартай П.Х-г ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо НДД№А0372591 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2016 оны 10, 11, 12 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 977830+924600+981498=2883928 : 3 сар = 961309 төгрөг, ажлын нэг өдрийн цалин нь 961309:21=45777 төгрөг байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасныг үндэслэн ажил хүлээлцсэн өдөр болох 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс /хх-34/ шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажлын 88 өдрөөр тооцож олговорт 4028376 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 301806 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч П.Х-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79404 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулиас гаргуулан улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Хд үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Хг Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4028376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 301806 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь П.Х-д шүүхийн шийдвэрээр олгохоор заасан олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож суутган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79404 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР