Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 26

 

П.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: П.*******аа

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаар дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.*******аа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Нийгмийн бодлогын хөгжлийн газрын дарга А.******* нь намайг ажлаас халах үүргийг Ц.*******т 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нийт ажилчдын хурал дээр өгч сэтгэлийн дарамт учруулсан. Мөн Завхан аймгийн Боловсрол соёлын газрын дарга С.******* нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр захирлын албан тушаалд томилогдохоор шийдвэрлэгдсэн Ц.*******ыг сургалтын менежерээр ажиллуулах саналыг Ц.*******т 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/386 дугаартай албан бичгээр хүргүүлж шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн буруугаар ашиглаж, иргэн миний ажил, албан тушаалыг булааж, ажлаас халж, сэтгэл санаанд хүчтэй цочрол үзүүлснээс даралт харваж, тархины мэс ажилбарт орж тархиндаа 3 хавчаар тавиулсан. Иймд Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаал нь иргэн миний хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь П.Х-ийн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцлаа. П.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр миний өмнө нь дааж авч байсан анги болох 5б ангиас хуваарийн дагуу биш шалгалтыг авч дүнг удаа дараа олон нийтэд зарласан нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/309 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 2.3 дахь заалтыг зөрчсөн. Сурагчдын дүнгийн нууцлалыг алдагдуулж олон нийтэд зарласны улмаас сургуулийн захиргаанд эцэг эхчүүдийн зүгээс удаа дараа гомдол гаргасан. П.Х нь 12 дугаар ангийн заавал судлах ёстой технологийн хичээлийг 2015-2016 оны хичээлийн жилд 3 улирал, 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд оруулаагүй хаасан. Гэтэл огт оруулаагүй технологийн хичээлийн дүнг улирал болон жилийн эцсээр гаргаж бүрэн дунд боловсролын гэрчилгээнд дүнг бичиж боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн. Хичээл заагаагүй технологийн багш Т.*******, Л.******* нарын дээрх хугацааны цагийн тооцоог гаргахдаа ажилласнаар тооцож байсан нь Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний зүйл заалт, сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж байна. Боловсролын сайдын баталсан тушаалыг зөрчин хичээлийг хааж, багш нарын ачааллын тэнцвэргүй байдлыг бий болгож, хичээл огт ороогүй багшид цалин хөлсийг бүтэн олгож, илүү цагаар орсон багш нарт зохих нэмэгдэл цалинг олгоогүй нь 2015-2016 оны багш ажилчдын ажлын цагийн тооцоо болон хичээлийн хуваарийн зөрүүтэй байдлаас харагдаж байна. П.Х-г албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдуулан ажил хүлээлцэх комиссыг гаргаж ажил хүлээлцүүлэх гэсэн боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр П.Х-ийн хүү Н.Н, охин Н.Ц нар нь ирж ажлыг нь хүлээлгэж өгөхдөө 2015-2016 оны хичээлийн жилийн сургалттай холбоотой бичиг баримтууд, сургуулийн бүхий л бааз мэдээлэл байдаг хатуу диск, скайнер, подоскоп зэргийг хүлээлгэж өгөөгүй. Ажлын хатуу диск байхгүйгээс сургуулийн бүхий л судалгаа, мэдээ, тайлангууд байхгүй болсон гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Х-д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Х-г Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4028376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 301806 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь П.Х-д шүүхийн шийдвэрээр олгохоор заасан олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож суутган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79404 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийгэс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 113 тоот шийдвэрийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шийдвэрийг эс зөвшөөрч П-ийн Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гомдол гаргаж байна.

Иргэн П-ийн Х-ийн нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэргийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Учир нь 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай А/31 дүгээр тушаал, 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/275 тоот тушаалын дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа заавал судлах ёстой технологийн хичээлийг дур мэдэн хааж, хичээлийн хуваарийг түүнийхээ дагуу гарган оруулсан бөгөөд ороогүй тус хичээлээ орсон мэтээр журналыг хуурамчаар бөглүүлэн цагийн тооцоонд оруулан гаргасан байгаа нь онц ноцтой зөрчил гарцаагүй болж байна.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан тушаал шийдвэрийг дур мэдэн өөрчилж хэрэгжүүлэх эрх ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт огт байхгүй бөгөөд харин тэдгээр шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь үндсэн үүрэг болно.

Эцэст нь буруутай үйл ажиллагаагаа нуухыг тулд хамт ажиллаж байсан цөөн хэдэн хүнээр гэрчийн мэдүүлэг гэж өгүүлсөн нь үсгэн хуйвалдсан хуурамч мэдүүлэг байсан гэж үзэж байна. Эдгээр гэрчүүд нь салбарын сайдын тушаалыг зөрчиж технологийн хичээлийг хааж оронд нь өөр хичээл оруулсан гэдгээ хүлээгээд байхад сургалтын менежер П.Х-г гэм буруугүй гэж шийдвэр гаргасан нь шүүхийн бодитой, тэгш хандах зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хянан шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсье. Миний хувьд П.Х-ийн хавтаст хэрэгт авагдсан сахилгын зөрчлүүдийн талаар огт дурдаагүй болно. Хамгийн гол нь эрх мэдлээ хэтрүүлэн дур зоргоороо шийдвэр гаргасан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад хамрагдан шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайдын тушаалыг 2016, 2017 оны А/277 тушаалыг зөрчсөн гэж үзсэн байна. Миний хувьд тушаалыг зөрчсөн асуудал байхгүй. 2015 онд болсон асуудал энэ бол урьд нь ажиллаж байсан захиралын шийдвэрээр болсон асуудал гэтэл намайг ажлаас халахдаа 2016 оны 01 дүгээр сарын 17-нд Салбарын Сайдын А/277 тушаалыг зөрчсөн гэж үзээд энэ тушаалыг гараагүй байхад надад тулгаад шийдвэр гаргасан. Би А/277 тушаалтай огт хамааралгүй 2016, 2017 оны хичээлийн жилүүдэд ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж бодож байна. Энэ давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захиралын 2017 оны 01 дүгээр сарын Б/04 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч тал сургалтын менежерээр ажиллаж байсан П.Х нь сурагчдын дүнгийн нууцлалыг алдагдуулан олон нийтэд зарласан, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/275 тоот тушаалыг зөрчсөн, гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл:

Нэхэмжлэгч П.Х нь Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/65 дугаартай тушаалаар П.Х нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, сургуулийн дотоод журмын 9.4.5 дахь заалтыг үндэслэн П.Х нь сурагчдын дүнгийн нууцлалыг алдагдуулан олон нийтэд зарлаж, сурагчдын нэр хүндэд халдсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдолоо гаргах эрхтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна.

Нэхэмжлэгч П.Х нь Хөдөлмөрийн тухай хууль, журмын заалт зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажил олгогч түүнд сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан нь ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлийг зааж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ажилтанг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөхөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх учиртай.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар П.Х нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангахүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД   Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ