Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

яллагдагч М.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1905 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 84 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн М.Бт холбогдох 201725012180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шагдарынхан овгийн М-н Б, 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт /Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../,

М.Б нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан өрөөндөө арван найман насанд хүрээгүй Э.Өыг “үйлдсэн хэргийнхээ талаар ярь” гэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Бийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллагдагч М.Бт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг нэг бүр бүрэн бодитойгоор биелүүлж ирүүлээгүй, мөн яллагдагч М.Бийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйл, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох нь зүйтэй гэх үндэслэлээр М.Бт холбогдох 201725012180 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокуророос М.Бийг “2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан өрөөндөө насанд хүрээгүй Э.Өыг үйлдсэн хэргийнхээ талаар ярь гэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь М.Б нь дээрх хэргийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байсан ба уг хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн субъект нь “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч” гэж тодорхой зааж өгсөн байна. Гэтэл М.Б нь хэрэг үйлдэх үедээ “эрүүгийн төлөөлөгч”-өөр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект болохгүй юм.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн субьект нь “төрийн албан хаагч” гэж зааж өгсөн боловч дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед үйлдэгдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу М.Бийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжид заасан “М.Бийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйл, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулах” шаардлагагүй гэж үзлээ. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийсэн гэж үзсэн тул дээрх хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болно. Гэтэл шүүгч захирамжидаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай магадлалд заагдсан яг ямар ажиллагааг хийгээгүйг тодорхой дурдаагүй тул уг заалтыг биелүүлэх боломжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзлээ. Иймд М.Бт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Яллагдагч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Тайлбар байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүү шүүлт тулгасан гэх зүйл ангиар ял сонсгох нь зөв гэж үзэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтүвшингийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хэрэгтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1905 дугаар шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч М.Бт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1905 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ