Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0648

 


 “БАММ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч:“БАММ” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: ТЗҮЭГ

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0157/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч "БАММ” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр:“Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 35.1.6, 35.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг тус тус баримтлан гаргасан “БАММ” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэжмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Тодруулбал,

3.1.1.Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

3.1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа "Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага гаргасан.

3.1.3. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь нэхэмжлэгч компанийн газар зэмших эрхийг дуусгавар болгосон үйл баримт юм. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн цар хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.7 дахь хэсэгт "Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/446 дугаар захирамжид холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргасан талаар шүүхэд мэдүүлээгүй" буюу маргаагүй гэж тусгасан нь ойлгомжгүй юм.

3.1.4.Зүй нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хууль бусаар, үндэслэлгүй цуцалж, дуусгавар болгосон нь тогтоогдвол түүнээс улбаалан гарсан дараагийн эрх зүйн акт буюу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/446 дугаар захирамж дагаад хүчингүй болно. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн дараа гарсан дээрх актыг нэхэмжлэгч компани мэдэх боломжгүй бөгөөд тус акт нь нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэх эсэх тодорхойгүй.

3.1.5 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй этгээдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулах үүрэгтэй бөгөөд тус үүргээ хэрэгжүүлсэн атлаа ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

3.1.6.Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 3.4-т "Иймд Нийслэлийн Засаг дарга нь 2010 оны 100 дугаар захирамжаараа Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газартай давхцуулан 434 м.кв газрыг "АТ" ХХК-д эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна" гэж дүгнэхдээ мөн л хэргийн цар хүрээ, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн байна.

3.1.7.Уг 100 дугаар захирамжийн талаар маргаагүй бөгөөд тус 100 дугаар захирамжийг цуцалсан Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.2. Шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талийг барьж шийдвэр гаргасан.

3.2.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.3-т “...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал нь Э төвийн дэргэд зочид буудлыг бариулахыг зөвшөөрсөн болохоос бус төрийн байгууллага эзэмшил газраасаа "АТ" ХХК-д эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр биш байна" гэжээ.

3.2.2.Дээрх үйл баримт нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 79 дүгээр тушаалыг үндэслэн Төр, засгийн үйлчилгээний "Э" төвийн их засвар, шинэчлэл, тохижилтын тендерт "АТ" ХХК шалгарч 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар болон "АТ" ХХК нарын хооронд "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан үйл баримт юм.

3.2.3.Харин уг Хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа "АТ" ХХК нь Э төвийн хойно байрлах хувь хүмүүсийн гараашийн эзэдтэй нь тохирч гараашийг буулгах ажлыг давхар явуулж, тус гараашны доор байрлах газрыг өөрийн эзэмшилдээ авах зорилгоор нийт 20 гаруй грашаас 16-17 гараашийг нүүлгэсэн.

3.2.4.Улмаар 2009 онд тус гараашны доорх газрыг эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаж, уг хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, хянаад 434 м.кв газрыг "АТ" ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийг гаргасан.[1] /2-р хх, 105-р талд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч шүүх анхаарч үзээгүй./

3.2.5.Нөгөөтэйгүүр, уг хэргийн хөдөлшгүй нотлох баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...хамгийн гол нь Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмшил (хашааны) газрын хойно, уг газартай давхцалгүй байршилтай байж байгаад чөлөөлөгдсөн гэх гараашуудын доорх газар нь нийтдээ ямар хэмжээтэй байсан, түүнээс яг хэдэн м.кв газар дээр 100 дугаар захирамжаар нэхэмжлэгч "АТ" ХХК-д олгогдсон 434 м.кв газарт хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

3.2.6.Мөн гуравдагч этгээд 2003 оны 248 дугаар захирамжаар 3397 м.кв газар эзэмшиж байсан атлаа 2009 оны 216 дугаар захирамжаар 3486 м.кв болохдоо газрын аль хэсэгт өөрчлөгдсөн (нэмэгдсэн) болох нь тодорхойгүй. ...нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2010 оны 100 дугаар захирамжаар 434 м.кв газар олгогдсоноор "тэр хэмжээгээр гуравдагч этгээдийн эзэмшил газраас хасагдсан" гэдэг нь тодорхойгүй байгаа болон уг 434 м.кв газарт нь "гуравдагч этгээдийн эзэмшил газарт хамааралгүй бусдын гараашийг чөлөөлсөн газарт хамаарч байгаа" зэрэг нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ зөрчил байвал залруулж, давхцалгүй хэсгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан захирамж гартал А/508 дугаар захирамжийг түдгэлзүүлэх нь зөв байна" гэсэн байдаг.

3.2.7.Харин анхан шатны шүүхээс дээрх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлалыг буруу биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 дугаартай "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" захирамж гаргаж "АТ" ХХК-д дахин 434 м.кв газрыг эзэмшүүлсэн нь тогтоогдсон бөгөөд түүнийг 2018 оны "БАММ" ХХК-д шилжүүлсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч "БАММ" ХХК-д хуулийн дагуу олж авсан эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж үзсэн.

3.2.8.Ингэхдээ өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй дээрх үйл баримт шийдвэрийг биелүүлэх явцад ч тогтоогдоогүй дээрх үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогүй атлаа "БАММ" ХХК-д хуулийн дагуу олж авсан эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талийг барьж шийдвэр гаргажээ.

3.3.Шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

3.3.1.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.13 дахь хэсэгт “...газрын кадастрын сангийн түүхчилсэн мэдээллээр тодорхой байсан байхад энэ тодорхой үйл баримтыг урьд өмнө шүүхэд мэдүүлээгүй хэргийг шийдвэрлүүлж, шүүхэд нотлох баримтыг үнэн, зөв гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус ажиллагаа явуулсан байжээ" гэжээ.

3.3.2.Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрт “...АТ ХХК нь 2003 онд Э төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсанаас хойш Нийслэлийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар 434 м.кв газрыг эзэмших эрхтэй болох хүртлээ Э төвийн хашааны гадна талд байсан гражуудын газрыг шилжүүлэн авч зочид буудлын барилгын суурь ухсан бодит нөхцөл байдлыг судалж, харгалзан үзэлгүйгээр Нийслэлийн засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар захирамжаар Амралт үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-т 3486 м.кв болгон өөрчлөхдөө баталгаажуулсан 18643311037198 нэгж талбарын кадастрын зураг, АТ ХХК-ийн эзэмшлийн 18643311038232 нэгж талбарын кадастрын зургаар Амралт үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-ын эзэмшлийн газраас АТ ХХК газар газар шилжүүлэн авсан цэг солбилцлоороо тохирч байгаа гэж дүгнэсэн нь буруу байна" гэж дүгнэсэн байхад шүүх нь өмнөх шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн дүгнэлт хийж Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй байх зарчмыг зөрчсөн байна.

3.3.3.Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлал хүчин төгөлдөр бөгөөд тус шийдвэр, магадлалыг дээд шатны шүүх буюу Улсын Дээд шүүх хуулийн хугацаанд гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрлэх ёстой. Түүнээс хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуульд заагаагүй үндэслэлээр хянаж хууль зөрчсөн мэтээр үгүйсгэж дүгнэх эрх шүүгчид байхгүй болно. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

3.3.4.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.

3.3.5.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр  сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр магадлалыг биелүүлэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 дугаартай "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" захирамжаар "АТ" ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээснийг нэхэмжлэгч "БАММ" ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн засаг даргын А/422 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах 434 м2 газрыг эрх шилжүүлэн авсан.

3.4.Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3.4.1.Маргаан бүхий акт болох "Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/4** дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

3.4.2.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2. 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан.

3.4.3.Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар, шийдвэрийг биелүүлэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 дугаартай "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" захирамжийг хууль бус гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа буюу хүчингүй болгох хугацаа дууссан байна.

3.4.4. Цаашлаад Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдсөн хугацаанаас тооцвол мөн хууль бус захиргааны актыг хүчингүй болгох таван жилийн хугацаа дууссан хуулийн шаардлагыг анхан шатны шүүх анзаарч үзэлгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна.

3.4.5.Мөн захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг шүүхээс зөвтгөх эрх байхгүй ба энэ нь өөрөө тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна.

3.5. Нэхэмжлэгч "БАММ" ХХК-ийн зөрчигдөж буй хууль ёсны эрх, ашиг сонирхлын талаар.

3.5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх гэж байхгүй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдсон гэж үзэв. ... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн зарчим, Захиргааны еренхий хуулийн зарчимд болон холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв" гэжээ.

3.5.2.Бодит байдал дээр захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрлах нэгж талбарын 1500400001/18643311038232 дугаар бүхий 434 м.кв газрыг зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн газраа нэг үндэслэлээр хоёр удаа акт гаргаж эзэмших эрхийг хүчингүй болгоод байгааг шүүх анхаарч үзээгүй шийдвэрээ гаргаж нэхэмжлэгчид шүүхээр хамгаалуулах эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

3.5.3.Хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад Захиргааны хэргийн анхан шат 20 дугаар шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн мэтээр үгүйсгэж, няцаалтаар дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасны зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийг зөвтгөж байна.

3.5.4.Цаашлаад шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 сарын 08-ны өдрийн А/1015 дугаартай "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" захиргааны актыг хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг буруу биелүүлсэн гэж дүгнэх эрх шүүхэд байхгүй билээ.

3.5.5.Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан этгээдэд шилжүүлэн өгсөн этгээдийн эрх, үүрэг нэгэн адил шилждэг зарчимтай. Гэтэл нэг үндэслэлээр хоёр удаа тухайн эрхийг цуцалсан нь хууль бус юм. Хэдийгээр Захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох эрх байгаа ч уул эрх нь хязгааргүй үргэлжлэх эрх биш юм.

3.5.6.Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлага нь тухайн шийдвэр гаргаснаас хойш таван жилийн дотор хүчингүй болгох хязгаарлалттай. Шүүх үүнийг мөн л анхаарч үзсэнгүй.

3.5.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж зааснаар нэхэмжлэгч нь бусдын өмнөөс бус, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг нийтийн захиргаа "тодорхой тохиолдолд зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол нэхэмжлэлд захиргааны процессын эрх зүйн хүрээнд хамгаалал үзүүлэх боломжтой бөгөөд уул хамгаалалтаа эдлэхээр нэхэмжлэл гаргасныг шүүхээс сэргээх эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

3.5.8.Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

        1.Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

  2.Нэхэмжлэгч “БАММ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/4** дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

  4.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх  хэсгийн тус тус баримтлан “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 434 м.кв газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай “БАММ” ХХК-д газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр  тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/4** дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.Тодруулбал нийслэлийн Засаг дарга нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 184 дүгээр магадлалыг биелүүлж шинэ акт буюу 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/1015 дугаар захирамжаар “АТ” ХХК-д  434 м.кв газрыг зочид буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших  эрхийг олгосноор уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогджээ.

6.Гэтэл “АТ” ХХК нь анх газар эзэмших эрх үүсэх үндэслэл болсон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны  6 дугаар сарын 20-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 79,  2003 оны 6 дугаар сарын 16, 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 6 дугаар сарын 25-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” гэрээгээр  хүлээсэн өөрийн хөрөнгөөр  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Төр, засгийн үйлчилгээний “Э” төвийн хашааг оролцуулан уг төвийн барилгын ар талд /25х14/ нийт 1720 м.кв, 5 давхар 48 ортой зочид буудал  барих  үүргээ биелүүлээгүй,

-газрыг зориулалтын  дагуу эзэмшиж, ашиглаагүй,

-төрийн байгууллагын хэрэгцээний зочид буудал барих зориулалтаар эзэмшиж буй газрыг бусдад шилжүүлэхдээ  ТЗҮЭГт мэдэгдэж зохих зөвшөөрөл аваагүй,

-уг  асуудлыг  тухайн байгууллагаар шийдвэрлүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг  нягтлан үзэлгүйгээр  нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай”   2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/422 захирамжаар  “АТ” ХХК-ийн   газар эзэмших эрхийг “БАММ” ХХК-д  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”,  35.2-д “Энэ хуулийн 35.1.4,35.1.6-д заасан эрх   төрийн байгууллагад хамаарахгүй”, 35.3.2-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” гэж  заасантай нийцээгүй байна.

7.Мөн анх маргаан бүхий газар дээр  төрийн үйлчилгээг өргөтгөх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  барилга барих зорилгоор  төрийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр  “АТ” ХХК-д хариуцагч нийслэлийн Засаг дарга 2010 оны 100 дугаар захирамжаар 434 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн энэ тохиолдолд уг байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар шилжүүлэхээр шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй бөгөөд Монгол улсын Засгийн газрын “Төрийн өмчит болон  төрийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай”  2013 оны  2 дугаар сарын 2-ны  өдрийн 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж  заасны дагуу шийдвэр гаргаагүй байна.

8.Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч нийслэлийн Засаг даргаас “АТ” ХХК-ийн газар эзэмших эрхийг “БАММ” ХХК-д   эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2018 оны  А/422  захирамжийг  хууль бус гэж үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжаа хүчингүй болгосон байх бөгөөд  Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өрийн ХЭГ/1662, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ХЭГ/2219, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/1400 дүгээр албан бичгүүдээр гаргасан мэдэгдлүүдийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/4** дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл ...тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай нийцжээ.

9. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

10.“АТ” ХХК-иас 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандаж “...Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 79 дүгээр тушаал, уг тушаалыг үндэслэн хийсэн “Хамтран ажиллах тухай” гэрээ болон хотын Ерөнхий менежерийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1051 тоот албан бичгийн дагуу “Э” төвийн хашааг оролцуулан уг төвийн барилгын ард нийт 1042 м.кв талбайд зочид буудлын барилга барих зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөхийг хүсье” гэсэн албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 79 дүгээр тушаал, “Хамтран ажиллах тухай” гэрээ зэрэг бусад  газрын хувийн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн “АТ” ХХК-д  1042 м.кв газрыг биш харин 434 м.кв газрыг зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр  нийслэлийн Засаг дарга  2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 100 дугаар захирамжаар шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулагдан 434 м.кв газрын хэмжээ байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын 18643311038232 дугаартай, эрх бүхий этгээдийн гарын үсэгтэй, тэмдэг дарж баталгаажсан байна.

11.Харин “АТ” ХХК-ийн хүсэлт гаргаж байсан 1042 м.кв газрын хэмжээгээр газар эзэмших шийдвэр гараагүй, гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгоогүй, газрын баталгаажсан кадастрын зураг үйлдээгүй байна. 

12. Хэрэгт “АТ” ХХК-ийн 2009 оны газрын талаар бичгээр гаргасан  хүсэлтээс  өөр  газар хүссэн талаар баримт байхгүй,  434 м.кв газарт иргэд гараашны зориулалтаар  хууль ёсоор газар эзэмшиж байсан эсэх,  болон  “Э” төвийн барилгын хойно байрлах газрыг  20 гаруй иргэд  гараашны зориулалтаар Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан зохих шатны Засаг даргын  газар эзэмшүүлэх шийдвэртэй,  газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй  хууль ёсоор эзэмшиж байсан эсэх,  Газрын  тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх  зохицуулалтын дагуу   газрыг шилжүүлэх  хүсэлтийг  гарааш эзэмшигч иргэд  болон “АТ” ХХК-аас  хүсэлт гаргаж байсан эсэх нь  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “...харин уг хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа “АТ” ХХК нь “Э” төвийн хойно байрлах хувь хүмүүсийн гараашны эзэдтэй тохирч, гараашийг буулгах ажлыг давхар явуулж, тус гараашны доор байрлах газрыг өөрийн эзэмшилдээ авах зорилгоор нийт 20 гаруй гараашнаас 16-17 гараашийг нүүлгэсэн. Улмаар 2009 онд тус гараашны доорх газрыг эзэмших хүсэлтээ нийслэлийн Засаг даргад гаргаж,  уг хүсэлтийг ...хүлээн авч хянаад 434 м.кв газрыг “АТ” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 100 дугаар захирамжийг гаргасан”  гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 13.Нийслэлийн Засаг даргын  2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 100 дугаар захирамжаар 434 м.кв газрыг “АТ” ХХК-д эзэмшүүлэхээр  шийдвэрлэхээс өмнө  нийслэлийн   Засаг дарга  2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 216 дугаар   захирамжаар Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт 3486 м.кв газрыг эзэмшүүлсэн, 434 м.кв газрыг хасаж шийдвэрлээгүй, уг газар нь гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхардуулан олгосон болох нь шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл,  газрын кадастрын зураглал, Газрын кадастрын сангийн 2006, 2008, 2010, 2023 оны түүхчилсэн мэдээллээр тогтоогдож байна.

14.Дээрхээс дүгнэн үзвэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 128/ШШ2023/0583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

            ШҮҮГЧ                                                      Ц.САЙХАНТУЯА

            ШҮҮГЧ                                                      Т.ЭНХМАА

 

 

[1] Уг үйл баримтыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 08-ны өдрийн 184 дүгээр магадлалаар шийдсэн.