Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн нээлттэй хуралдаанд  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант баг Халуун усны гол гэх газар оршин суух, Их тугч овогт Цогдоггаравын Батбилэг /РД65120533/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн №1103 дугаарын үнэмлэхтэй “Барчууд” овогт Баадайн Батдорж /РЮ-59062819/

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, Барнууд овогт Найдангийн Бүдрагчаа /РД85122613/-д холбогдох

  Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00527/ и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Н.Бүдрагчаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 онд эцэг Б.Цогдоггаравыг нас барснаас хойш 82 настай ээж Л.Дудиарын хамт эцгийн өв хөрөнгө, эзэмшил газрыг өвлөн авч мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа юм. Гэтэл иргэн Н.Бүдрагчаа гэгч ээж бид хоёрыг элэг барьж манай эзэмшил газарт дур мэдэн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зуслан гаргаж иргэн миний эзэмшил газарт ноцтой халдсан. Би зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд, газар болон бэлчээр зохион байгуулалтын асуудлыг  багийн ИНХ-р батласныг дагаж мөрдөх ёстойг анхааруулсан боловч хүлээж аваагүй. Харин “сүүлчээ даана “ гэж занхайсан юм.

            Ингээд сумын газрын албанд гомдол гаргасны дагуу сумын газрын албаны түшмэл Э.Авирмэд, бэлчээрийн менжемент Г.Цолмонгэрэл, багийн Байгаль орчны байцаагч Эрдэнэтөгс, багийн засаг дарга Б.Эрдэнэбаяр нар ирж бодит байдалтай газар дээр нь танилцаад иргэн Н.Бүдрагчаад Монгол улсын Газрын тухай хуулийн хоёр зүйлээр дээр шаардлага тавьж, мөн сарын 15-ны дотор уул газрыг чөлөөлөх тухай албан ёсоор мэдэгдэл өгсөн боловч үл биелүүлсэн. Иймээс долоон сард би ахин гомдол гаргаж засаг дарга Д.Эрдэнэхуягт өргөдөл өгсөн  юм.  / уул өргөдлийг тайлбарын хамт хавсаргав/

         Д.Эрдэнэхуяг дарга миний өргөдөлд цохолт хийж газрын албаны түшмэл Э.Авирмэдэд өгсөн бөгөөд Авирмэд хуучин ирж байсан  бүрэлдэхүүний хамт ахин ирж Н.Бүдрагчаад албан ёсоор хатуу шаардлага тавихад “5-6 хоноод газрыг чөлөөлж өгнө” гэж хуураад явуулсан. Д.Бүдрагчаа амласныхаа эсрэг ажиллаж өөрийн эцгийг хонь малтай нь нэмж авчиран манай өвөлжөө, хаваржааг зориуд идэж дуусгаад 9 дүгээр сарын сүүлчээр нүүхдээ зуслан гаргасан газрынхаа хашааг авч явахгүй зориуд орхисон. Энэ этгээд иргэн Б.Пүрэвсамбууд ахин ирж бууна гэж мэдэгдсэн байх тул асуудлыг шүүхээр шийдүүлэхээс өөр замгүй боллоо.

           Иргэн Н.Бүдрагчаа нь сумын албан ёсны мэдэгдлийг хоёр удаа үл хэрэгсэн хууль зөрчөөд ямарч хариуцлага хүлээгээгүйдээ улам эрэмшиж байгаа нь асуудлыг улам хурцатгах аюултайг шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсъе. Н.Бүдрагчаагийн бэлчээр сүйтгэсний балгаар би өөрийн малаа өндөр хөлс төлж оторт явуулсны дээр, нэгэнт идэх өвсгүй өвөлжөөндөө үлдсэн малаа тэжээж хүнд нөхцөлд  өвөлжсөн юм. ... Н.Бүдрагчаагийн эцэг Д.Найдансүрэн нь Хужирт багийн иргэн бөгөөд бүртгэл болон гэрчилгээт газар нь тэнд байдаг. ... Өвөлжөө, хаваржааг  зуслан, намрын цагт малд идүүлж болохгүй тул би эзний ёсоор малаа зохицуулдаг. Сумын удирдлагаас зохиц гэж хэлээгүй, газрыг нь чөлөөлж өг гэж хоёр удаа албан мэдэгдэл өгсөн. Н.Бүдрагчаа нь малаа дандаа өвөлжөө, хаваржаа руу бэлчээдэг бөгөөд шүүхэд худлаа тайлбар өгсөнийг албан ёсоор няцааж байна. 

           Иймд миний эзэмшил газар болох Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн Халуун усны гол гэдэг газрын Мухарын аманд байрлах зуслангийн газраас иргэн Н.Бүдрагчаагийн хашааг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бүдрагчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний төрсөн эцэг барнууд овогт Далхжавын Найдансүрэн нь энэ нутгийн уугуул, төрсөн газар нутаг юм. Миний эцэг Найдансүрэн нь энэ нутагт нутаглаж байгаад ээжийн нутаг Хужирт гэдэг газар өвөлждөг юм. Би эцгийнхээ төрсөн нутаг Галт сумын Рашаант багийн “Халуун ус” гэдэг газар төрсөн хүү юм. Миний аав, ээж энэ нутагт амьдарч аж төрж байх ёстой хүн. Эрхэлсэн ажилгүй, эцэг, эхийн тасалж өгсөн хэдэн малыг маллаж аж амьдралаа залгуулж яваа хүн. Өвлийн цагт /4-р бригад гэдэг/ Хужирт багийн нутагт өвөлждөг.

Хамтран нэхэмжлэлд дурдсан Ж.Цогт-эрдэнэ энэ нутагт амьдарч байгаагүй эцэг Жадамбаа нь Галт сумын Ар Хужиртын хүмүүс ээ. Халуун усны голоор зусдаг айл амьтдын малыг байнга ийш тийш хөөж тууж зусдаг, нутаг усныхаа хүмүүсийг хүндэлдэггүй. Энэ хоёр хүний өмч биш ээ. Сумын захиргаанаас та нар ах дүү төрөл садан хүмүүс хэн хэн ч байх ёстой хүмүүс  хоорондоо зохицоод амьдарцаа гэж амаар зөвлөсөн. Байгаль дэлхийг сүйтгээд байсан юм байхгүй. Доошоогоо Халуун усны ам Нам хөтөл, Нарангийн өтөг гэдэг газраар малаа бэлчээдэг. Өвөлжөө бууц руу мал бэлчдэггүй. Мухарын аманд байгаа хашааг нүүлгэх шаардлагагүй ээ. Би ирэх үедээ ирж амьдарч байгаа. Байнга байдаггүй. 7, 8 сард малаа түр хужир усан дээр хужирлаж зусдаг.

  Иймд Ц.Батбилэгийн энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нутгийн ах дүү хүмүүс ингэж явах хэрэггүй биз дээ. Тэнд энд хоёр хэдэн малыг зохицуулаад зусаж болох биз ээ гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч, гэрчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батбилэг нь хариуцагч Н.Бүдрагчаад холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Батбилэгийн шүүхэд гаргасан: “ ... Иймд миний эзэмшил газар болох Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн Халуун усны гол гэдэг газрын Мухарын аманд байрлах зуслангийн газраас иргэн Н.Бүдрагчаагийн хашааг албадан нүүлгэж өгнө үү гэх ...” нэхэмжлэл, хариуцагч Н.Бүдрагчаагийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан: “... Байгаль дэлхийг сүйтгээд байсан юм байхгүй. Доошоогоо Халуун усны ам Нам хөтөл, Нарангийн өтөг гэдэг газраар малаа бэлчээдэг. Өвөлжөө бууц руу мал бэлчдэггүй. Мухарын аманд байгаа хашааг нүүлгэх шаардлагагүй ээ. Би ирэх үедээ ирж амьдарч байгаа. Байнга байдаггүй. 7, 8 сард малаа түр хужир усан дээр хужирлаж зусдаг...”  гэх тайлбар,

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн:

Хөвсгөл аймгийн Галт сумын Газрын даамалаас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон “Их тугч овогт  Цогдоггаравын  Батбилэгт Хөвсгөл аймаг Галт сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 210501041 дугаар бүхий 3000 м2 / га / газрыг 20 жилийн хугацаатайгаар Галтын даваа гэх газарт өвөлжөөний зориулалттай хамтран эзэмшигчийн бүртгэл Ш.Цогт-Эрдэнэ ...”  гэх 000638422 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Галт сумын Газрын даамалаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон “Их тугч овогт  Цогдоггаравын  Батбилэгт Хөвсгөл аймаг Галт сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 210501048 дугаар бүхий 3000 м2 / га / газрыг 20 жилийн хугацаатайгаар Алтан овооны оноо гэх газарт хаваржааны зориулалтай, хамтран эзэмшигчийн бүртгэл Ш.Цогт-Эрдэнэ ...”  гэх 000638421 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээс дүгнэхэд

1-рт: Уг маргааны зүйл болсон Хөвсгөл аймгийн Галт сумын Халуун усны гол гэх газрын Мухрын ам гэх газар нь тухайн сумын малчдын зуслангийн газар байна.

2-рт: Нэхэмжлэгч Ц.Батбилэгийн өвөлжөө болон хаваржааны газар нь тухайн маргааны зүйл болсон  Хөвсгөл аймгийн Галт сумын Халуун усны голын Мухрын ам гэх газар биш байна. Хариуцагч Н.Бүдрагчаа нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хаваржаа болон өвөлжөөний газарт хашаагаа бариагүй байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “ ... Зуслан намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн  жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум дүүргийн засаг дарга тогтоож баг, хорооны засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналын үндэслэн сумын засаг дарга Малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно...” гэж,

Газрын тухай хуулийн 52 дгаар зүйлийн 52.6-д “... Өвөлжөө, хаваржааны газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно... ”гэж

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “ Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Маргааны зүйл болсон Хөвсгөл аймгийн Галт сумын Халуун усны голын Мухрын ам нь зуслангийн газар бөгөөд үүнийг нийтээр ашиглах эрхийг дээрхи хуулиар зохицуулсан байна.

Мөн нэхэмжлэгч нь дээрхи хуулийн дагуу өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа боловч уг газар эзэмшүүлэх гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрууд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Халуун усны голын Мухрын ам гэх газар биш байна.

             Иймд нэхэмжлэгч Ц.Батбилэгийн шүүхэд гаргасан “зуслангийн газраас иргэн Н.Бүдрагчаагийн хашааг албадан нүүлгэж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжинд Голомт банкны 4901000149 дугаартай дансанд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Цогдоггаравын Батбилигээс “иргэн Бүдрагчаагийн хашааг албадан нүүлгэх ” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжинд Голомт банкны 4901000149 дугаартай дансанд төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХТУЯА