Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00032

 

Ц.Батбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хэлмэрч В.Нэргүй, хариуцагч Н.Бүдрагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Батбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Бүдрагчаад холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 онд эцэг Б.Цогдоггаравыг нас барснаас хойш 82 настай ээж Л.Дудиарын хамт эцгийн өв хөрөнгө, эзэмшил газрыг өвлөн авч мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа юм. Гэтэл иргэн Н.Бүдрагчаа гэгч ээж бид хоёрыг элэг барьж манай эзэмшил газарт дур мэдэн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зуслан гаргаж иргэн миний эзэмшил газарт ноцтой халдсан. Би зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд газар болон бэлчээр зохион байгуулалтын асуудлыг багийн ИНХ-р батласныг дагаж мөрдөх ёстойг анхааруулсан боловч хүлээж аваагүй.

Ингээд сумын газрын албанд гомдол гаргасны дагуу сумын газрын албаны түшмэл Э.Авирмэд, бэлчээрийн менежмент Г.Цолмонгэрэл, багийн Байгаль орчны байцаагч Эрдэнэтөгс, багийн засаг дарга Б.Эрдэнэбаяр нар ирж бодит байдалтай газар дээр нь танилцаад иргэн Н.Бүдрагчаад уул газрыг чөлөөлөх тухай албан ёсоор мэдэгдэл өгсөн боловч үл биелүүлсэн. Иймээс долоон сард би дахин гомдол гаргаж засаг дарга Д.Эрдэнэхуягт өргөдөл өгсөн юм.

...Иймд миний эзэмшил газар болох Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн Халуун усны гол гэдэг газрын Мухарын аманд байрлах зуслангийн газраас иргэн Н.Бүдрагчаагийн хашааг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бүдрагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Миний аав, ээж энэ нутагт амьдарч аж төрж байх ёстой хүн. Эрхэлсэн ажилгүй, эцэг, эхийн тасалж өгсөн хэдэн малыг маллаж аж амьдралаа залгуулж яваа хүн. Өвлийн цагт /4-р бригад гэдэг/ Хужирт багийн нутагт өвөлждөг.

Хамтран нэхэмжлэлд дурдсан Ж.Цогт-эрдэнэ энэ нутагт амьдарч байгаагүй эцэг Жадамбаа нь Галт сумын Ар Хужиртын хүмүүс ээ. ...Энэ хоёр хүний өмч биш ээ. Сумын захиргаанаас та нар ах дүү төрөл садан хүмүүс хэн хэн ч байх ёстой хүмүүс хоорондоо зохицоод амьдарцгаа гэж амаар зөвлөсөн. ...Мухарын аманд байгаа хашааг нүүлгэх шаардлагагүй ээ. Би ирэх үедээ ирж амьдарч байгаа. Байнга байдаггүй. 7, 8 сард малаа түр хужир усан дээр хужирлаж зусдаг.

Иймд Ц.Батбилэгийн энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нутгийн ах дүү хүмүүс ингэж явах хэрэггүй биз дээ. Тэнд энд хоёр хэдэн малыг зохицуулаад зусч болох биз ээ гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Цогдоггаравын Батбилигээс иргэн Бүдрагчаагийн хашааг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжинд Голомт банкны 4901000149 дугаартай дансанд төлсөн 70,200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Батбилэг давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Батбилэг надад эрх үүрэг тайлбарлаж өгч, гарын үсэг зуруулаагүй, мөн шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-д заасныг, мөн хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар эрх үүргийг тайлбарлан өгч, баримтанд гарын үсэг зуруулаагүй нь дээрх заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүх нэхэмжлэлд дурдсан Галт сумын Халуун усны голын Мухарын ам нь зуслангийн газар биш бөгөөд манай намаржааны газар байхад шүүх буруу дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байна. Учир нь Галт сумын Халуун усны голын Мухарын ам гэх газар буюу манай намаржааны газарт хариуцагч Н.Бүдрагчаа нь зуслангийн хашаа барьсныг албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд миний нэхэмжлэлийг шивсэн газар нь нэхэмжлэлийг буруу шивж бичсэн байх бөгөөд би шүүх хуралдаанд орж нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөх, нотлох баримт шинээр гаргаж өгөх ёстой байсан боловч намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй, эрхийг минь зөрчсөн байна. Түүнчлэн би Б.Батдоржийг өмгөөлөгчөөр авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохоос итгэмжлэлээр төлөөлүүлэн оролцуулаагүй байхад шүүх нэхэмжлэгчийг заавал оролцуулж, шүүхэд үг хэлэх, нэхэмжлэлээ дэмжих, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, Галт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоол, сумын 2017 оны бэлчээр зохион байгуулалтын журмыг тус тус нотлох баримтаар гаргаж өгөх байсан юм.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн  байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэлд нэхэмжлэгч Ц.Батбилэг, хамтран нэхэмжлэгч Ж.Цогт-Эрдэнэ  гэж дурдсан байхад шүүх Ц.Батбилэгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн атлаа хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан баримт, нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай, тайлбар танилцуулсан тухай зэрэг баримтад нэхэмжлэгч Ц.Батбилэг, Ж.Цогт-Эрдэнэ гэж дурдсан байх ба Ж.Цогт-Эрдэнэд хэргийн оролцогчийн эрх эдлүүлээгүй нь ойлгомжгүй.

Хэрэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар /2008 оны/-с холбогдох зүйл заалтуудыг уншуулав.” гэсэн утгатай ямар албан тушаалтан бичсэн нь тодорхойгүй бичвэр хавсаргасныг нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд эрх, үүргийг  хэлмэрчээр хэлмэрчлүүлэн танилцуулаагүй, өөрөөр нь хуулийн заалт уншуулж, баримтад гарын үсэг зуруулсныг эрх, үүрэг тайлбарлан өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” гэсэн заалттай нийцээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн “эрх, үүрэг тайлбарлаагүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин шүүх хуралдааны товыг түүний өмгөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэгчтэй хамт амьдардаг насанд хүрсэн иргэн Л.Дудиарт  мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ

                        ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.СОСОРБАРАМ