Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч М.М,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1037 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Мд холбогдох 1806011910807 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Элжгэн овгийн М-н М, 1981 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ...................../,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн.

М.М нь 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сот 11-3-н задгайд оршин суух Л.Нийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авсан,

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сот 11-3-н задгайд оршин суух Л.Нийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлаад зугтаах үед нь барих гэж ноцолдож байсан Л.Сыг цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Элжгэн овогт М-н Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Мг 3 жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 30 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мгийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мд оногдуулсан 3 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Мгаас 680.200 төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, СОТ-ын 11-3 тоотод оршин суух Л.Нт олгож,

Хохирогч Л.Со нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд нь алдаж явсан боловч одоо эхнэртэй болсон. Эхнэр маань өнөө маргаашгүй төрөх дөхсөн. Би алдаагаа дахин давтахгүй гэж гагнуурчин хийж байсан боловч 1 удаагийн алдаанаас болж ийм байдалд орсон. Миний эхнэртэй болсон, хүүхэдтэй болох гэж байгаа зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Мд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Л.Н “...Миний цүнхэнд байсан 25000 төгрөг, ээмэг, бөгж алдагдсан.. Тэр залууд “Мөнгө аваад ир” гэхэд өмднийхөө халааснаас 20000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд “Май, энэ мөнгөө авахгүй юу” гээд өгсөн... Солонго бид хоёрыг цохиж, зодоод гарч зугтаасан” гэж, /хх-24-28/,

хохирогч Л.Со “...Тэр залуу “Яасан” гээд гэрээсээ гарч ирж байгаа юм шиг гараад ирэхээр нь би барьж аваад “Юу авсан” гэхэд худлаа жүжиглээд байсан... Миний хөл рүү 2, 3 удаа өшиглөсөн, миний нүүр рүү цохиод зугтаасан.” гэж /хх-31/ гэж тус тус мэдүүлсэн,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2347 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Л.Нийн биед баруун гуянд шарх, цус хуралт, зүүн гарын тохойн үений зөөлөн эдийн няцрал, өвчүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж,

2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2348  дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Л.Сын биед тархи доргилт, баруун сарвуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж тус тус дүгнэжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мгийн үйлдлийг зүйлчлэхдээ “...Л.Нийн гэрээс эд зүйлс хулгайлахыг завдсан, Л.Сыг цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан...” гэж дүгнэн хохирогч Л.Нийн биед гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулан яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч нь уг үйлдлийг мэдсэн, үүний дараа гэмт этгээд авсан эд зүйлсээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр довтолсон эсэхийг тогтоож хэргийг зүйлчлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгодог учир яллагдагчийн хувийн байдалтай холбоотой мэдээлэл болох урьд ял шийтгэл эдэлж байсан эсэх, Эрүүгийн хуулийн аль зүйлд заасан гэмт хэрэгт хэдэн удаа шийтгүүлж байсан талаар мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлтэд тодорхой тусгаж, холбогдох баримт хэрэгт хавсаргах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх, яллагдагчийн хувийн байдлыг үнэн зөв тодорхойлох, эдгээр байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахад чухал ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч М.Мгийн цагдан хоригдсон хоногийг “68 хоног” гэж бичсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд “...цагдан хоригдсон 49 хоног” гэж зөрүүтэй бичсэнийг цаашид онцгойлон анхаарвал зохино.

Иймд М.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1037 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1037 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч М.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ