Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1804

 

 Ч.Одмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01497 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Одмаа,

Хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох,

 

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ч.Одмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Одмаа, түүний өмгөөлөгч Л.Баасан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Т.Цэрэнминжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Л.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотын банк ХХК-ийн Улаанбаатар салбар дахь харилцагчийн менежерийн албан тушаалд 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр миний ажлыг албадан хүлээлцэж авсан. Салбарын захирал тушаал танилцуулаагүй учраас ажлаа хүлээлцэхгүй гэсэн тайлбар өгсөн боловч хүний нөөцийн газрын захирал н.Отгонтуул нь салбарын захирал руу утасдан шийдвэр гарсан тул ажлаа хүлээлцэж өг гэж амаар хэлсний дагуу албадан хүлээлэгэж өгсөн.

Үүнээс хойш ажлаас халсан тушаалыг авах хүсэлт өгсөн боловч өгөөгүй, 30 хоногийн дараа аваарай гэсэн хариу өгсөн. Тушаал өгөхгүй бол хуруугаа уншуулаад ажлаа хийнэ гэсэн тайлбар хүргүүлсэн. Ингээд 7 хоногийн дараа ажлаас халах тушаалыг хуулбарлан өгсөн. Уг тушаалд ямар зөрчил гаргасан тухай дурдалгүй ажлаас чөлөөлсөн байсан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 11.2.21, 11.2.27-т заасныг тус тус үндэслэн тушаал гаргасан байсан. Надад харилцагчаас мөнгө авсан асуудал байхгүй. н.Саранчимэг бид 2 бол 10 жилийн нэг сургуулийн хүүхдүүд. Би өөрийнхөө орон сууцыг зарсан төлбөрөө Голомт банк ХХК-ийн дансаар авсан. Урьдчилгаа 70 хувь буюу 52 600 000 төгрөгөөс н.Саранчимэгийг мөнгө зээлээч гэхээр нь зарлага гаргаж зээлсэн төлбөр шилжүүлэв гэсэн утгатай шилжүүлсэн байгаа.

Үүнийг банк харилцагчаас мөнгө авсан гэж буруугаар ойлгосон байсан. Мөн хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн зээл олгосон асуудал огт байхгүй. Би зээлийн шийдвэр гаргадаг түвшний хүн биш, материалыг журмын дагуу бүрдүүлээд Эрсдлийн удирдлагын газарт хүргүүлээд Эрсдлийн удирдлагын газраас эерэг дүгнэлт гараад иргэдийн маргааны газар, салбар зээлийн хорооны хурлаар шийдвэрлэдэг, тусдаа гишүүд шийдвэрлэдэг.

Миний бие зөвхөн танилцуулах түвшний хүн юм. Уг зээл одоо хэвийн төлөлттэй, хугацаа хэтрэлтгүй төлөгдөж байгаа. Би ямар ч материалыг хуурамчаар үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Т.Цэрэнминжин нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Одмааг гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар харилцагчийн менежер албан тушаалд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үндсэн ажилтнаар томилсон байдаг. Ч.Одмаа нь Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/181 тоот тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлыг нь хүлээлцүүлсэн.

Ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээний 11.2-т заасан 2 үйлдлийг хийсэн нь тогтоогдсон байдаг бөгөөд уг тогтоосон он, сарыг үзвэл 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Улаанбаатар салбарт хийсэн дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Хөдөлмөрийн гэрээний 11.2.21-т заасны дагуу ажил олгогчийн дотоод журмаар хориглосон мөнгийг харилцагчаас авсан байдаг. Энэ нь зээлдэгч Х.Саранчимэгийн данснаас Ч.Одмаагийн дансанд гүйлгээ хийсэн буюу 400 000 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь дансны хуулгаар харагддаг.

Мөн хөдөлмөрийн гэрээний 11.2.27-д заасан ноцтой зөрчил гаргасан. Үүнтэй холбоотой өөрийн 10 жилийн найз Х.Саранчимэгийн зээлийн материалыг бүрдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл харилцагчийн менежер гэдэг нь зээлийн материалыг бүрдүүлэх, бусад салбар зээлийн хороодод танилцуулах нь үндсэн үүрэгтэй байдаг. Ийм учраас ашиг сонирхлын зөрчил гарах, авилга хээл хахууль гарч болзошгүй байдаг тул банкны ёс зүйн дүрмээр тодорхойлсон байдаг. Хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, хоорондоо холбоотой хүмүүсийн зээлийн материалыг судлахаас татгалзах, судлах тохиолдолд заавал захиргаа, хүний нөөцийн газарт мэдэгдэх талаар заасан байдаг. Энэ талаар Ч.Одмаагийн зүгээс мэдэгдсэн зүйл байхгүй, мэдэгдэлгүй салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлсэн үйлдэл гаргасан байдаг.

Мөн зээлдэгч Х.Саранчимэг нь байнгын тогтвортой ажил хийдэггүй учраас нийгмийн даатгалын шимтгэлээр орлогын бүрдүүлэлтийг тодорхойлох боломжгүй. Бизнесийн орлого буюу бизнесийн орлого төвлөрдөг данснаас нь судалсан байдаг. Бизнесийн орлого бүрдүүлсэн гэх дансанд харилцагчийн менежерээс 4 удаагийн орлогын гүйлгээ хийсэн тохиолдол гарсан байдаг. Энэ нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг буюу н.Оюунгэрэлийн орлого гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 240 000 төгрөг Ч.Одмаа шилжүүлэг гэсэн утгатай, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 160 000 төгрөг 88093315 гэсэн дугаараас орлого гэсэн утгатай, энэ нь Ч.Одмаагийн утасны дугаар байгаа. 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөг буюу зээлсэн төлбөр шилжүүлэв гэсэн утгатай тус тус мөнгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь банкны ёс зүйн дүрэмд харшилсан байгаа юм.

Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7-д зааснаар өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн хувийн холбоотой этгээдэд ашигтай давуу байдлыг бий болгосон үйлдэл гарсан. Энэ нь ажлын байрны түрээсийн гэрээгээр нотлогддог. Хувийн шууд холбоотой бизнесийн орлого бүрдүүлсэн дансанд харилцагчийн менежерээс орлого төвлөрсөн. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн гэдгээ нотолсон 2 түрээсийн гэрээ авагдсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 сарын хугацаатай байгуулсан түрээсийн гэрээ байгаа. Энэ гэрээг нотариатаар баталгаажуулж хавсаргасан байдаг. Дараа нь уг гэрээний он, сарыг өөрчлөөд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болгон 2 удаа гаргасан байгаа юм.

Энэ нь харилцагчийн менежерийн зүгээс анх бизнесийн орлогыг бүрдүүлж буй баримт, үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг газартай холбоотой түрээсийн гэрээ, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээг шалгаж, хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Уг үүргээ огт биелүүлээгүй, шууд ашиг сонирхлын зөрчил гаргаж, уг гэрээг санаатай болон санамсаргүй байдлаар шалгаагүй байдаг. Харилцагчийн менежерээс өөрийн зээлийн материалаа бүрдүүлээд дараа нь эрсдэлийн хэлтсээр хянуулдаг, би зээл олгодоггүй, буруугүй гэж байна гэтэл харилцагчийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан байгаа.

Зээлийн материалыг хамгийн анхан шатанд бүрдүүлж материалтай холбоотой үнэн зөвийг хариуцдаг албан тушаалтан байгаа. Зээлийн эрсдэлийн хэлтэс нь бүрдүүлсэн материалаас санхүүгийн тооцоо хэр байна, харилцагчийн менежер санхүүгийн тооцоогоо зөв хийсэн эсэх, материалууд нь журамд заасан шаардлагыг хангасан эсэх талаар шалгаж үздэг юм. Мөн харилцагчийн менежерээс өгч буй баримтыг хуурамч эсэхийг шалгах эрх байхгүй. Хамгийн гол ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, давуу байдал бий болгох зорилгоор өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан байна гэж үзсэн. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн дотоод журам, банкны ёс зүйн дүрмийг зөрчсөн учраас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ч.Одмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Одмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Одмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие удаа дараа ажлаас чөлөлөх тушаалыг шаардсаны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хүний нөөцийн газрын захирал н.Отгонтуулаас хуулбар үнэн болно гэсэн тамтгатай хуулбар тушаалыг гардан авсан үеэс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан юм. Намайг ажлаас халсан тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай Улаанбаатар хотын банк ХХК-ийн хүний нөөцөөс ирүүлсэн баримт байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч үүнийг үгүйсгээгүй болно.

Бодит байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоор байхад шүүх шийдвэртээ “эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн үеэс шаардах эрхийг тоолох үндэслэлтэй тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчин, зөвхөн өөрийн бодлоор үнэлсэн. Хавтаст хэрэгт намайг ажлаас халсан тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан, миний бие шүүхэд мөн сарын 25-ны өдөр огноолон нэхэмжлэл гаргасан, шүүх мөн өдөр хүлээн авсан баримтуудыг үнэлээгүй атлаа шүүх хуралдааны болон нэхэмжлэлд буй миний ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн” гэдэгт үнэлгээ өгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн дүгнэсэн.

Энэ нь шүүх хариуцагч талд зайлшгүй үйлчлэх өөрийнх нь хандлагатай холбоотой байж болох юм. Хэрэв ийм хандлага байгаагүй бол шүүхийн шийдвэрт хуульд байхгүй үндэслэлийг дурдсан асуудлыг шийдвэрлэхгүй нь тодорхой байна. Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирал намайг ажлаас халсан тушаалдаа дурдаагүй банкны дотоод аудитын тайлан хэмээх албажаагүй баримтыг үндэслэн тушаал гаргасан. Миний ажлыг өгч, авалцаагүй байж, урьдчилан тушаал гаргасан, 2016, 2017 оны ээлжийн амралт, ажилласан үеийн урамшуулал олгоогүй гэх мэтээр Монгол Улсын хуулиудыг зөрчсөн үйл ажиллагаанд ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр асуудалд нэг талаас хандаж зөвхөн банкинд үнэнчээр үйлчилсэнд гомдолтой байна. Өмнө дурдсан үндэслэлээр хэргийг хянан миний нэхэмжлэлийг хангаж, хууль зөрчин гаргасан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь алдаатай байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Ч.Одмаа нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/81 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Ч.Одмааг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.21, 11.2.27-т заасныг үндэслэсэн байна.

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад Хөдөлмөрийн гэрээ, байгууллагад мөрдөх дүрэм журамд ноцтойд тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор урьдчилан заасан зөрчлийг гаргасан, энэ нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно.

Нэхэмжлэгч Ч.Одмаа нь банкны харилцагчийн менежерийн ажлын байрны үндсэн үүрэгт хамаарах зээлийн материалыг судлах, бүрдүүлэх, зээл олгох шийдвэр гаргахад бэлтгэх ажлыг хийх үедээ 2016 оны 5 дугаар сард харилцагч Х.Саранчимэгийн данс руу гүйлгээ хийсэн, мөн зээлийн орлоготойг нотлох үндэслэл болох түрээсийн гэрээний огноог засварлан материал бүрдүүлсэн зөрчил гаргасан болох нь 2017 оны 4 дүгээр сард Улаанбаатар салбарын үйл ажиллагаанд хийсэн Дотоод аудиторын газрын шалгалтаар тогтоогдсон тухай тайлан, газар хоорондын албан бичиг, холбогдох баримт хэрэгт авагджээ. /хх-85-106/ 

Ч.Одмаагийн дээрх үйлдэл нь Зээлийн үйл ажиллагааны журмын 18.4-д “гадны нөлөөнд автаж, зээлдэгчээс ямар ч нөхцөл байдалд бэлэг, бэлгийн зүйлийг мөнгөн болон биет байдлаар авахыг хориглох”, 18.5-д “зээлдэгчтэй хувийн харилцаа тогтоох, зээлдэгчтэй хуйвалдан буруу мэдээлэл хийхийг хориглоно” гэж заасныг, Банкны дотоод журмын 6.3.3-т “албан үүргээ биелүүлсний төлөө бусад байгууллага, ...иргэдээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, авилгал авах”-ыг, 6.3.7-т “өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд ажил төрлийн болон хувийн холбоотой этгээдэд давуу байдал бий болгох, нутгархах, намчирхах”-ыг тус тус хориглосныг зөрчсөн байх бөгөөд дотоод аудитын шалгалтаар уг зөрчлийг тогтоосон байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 6.4-т уг журмын 6.3-т заасан хориглолтыг зөрчсөн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг банкны захиргааны санаачилгаар шууд цуцлахаар, мөн уг нэрлэсэн зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 11.2.21, 11.2.27-т заасан шууд цуцлах үндэслэлд хамаарч байх тул ажил олгогч Ч.Одмаатай байгуулсан хөлөмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцлахдаа хууль зөрчөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

            Харин тушаалыг нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүхэд хандсан гэжээ.

            Хариуцагч нь тушаал гарсан өдөр түүнд энэ тухай мэдэгдэж, ажлыг хүлээлцүүлсэн тул энэ өдөр буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш хуульд заасан 30 хоногт шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэйгээс гадна нэхэмжлэгч уг өдөр шийдвэрийг гардуулан өгөөгүй гэж маргасан тул хариуцагч тушаалыг гардуулан өгөх үүргээ биелүүлснээ нотлох үүрэгтэй.

            Гэвч ажил хүлээлцүүлэх үед тушаалыг гарсан өдөр нь ажилтанд гардуулж өгснийг нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна. 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш гаргасан гэж хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд нотлох баримтыг эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, харин шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг баримтлах шаардлагагүй.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “129 дүгээр зүйлийн 129.2” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Ч.Одмаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ