Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1489

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01489

                  Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Хайрхан баг 6-15 тоотод оршин суух, Боржигон овогт Жамсрангийн Гомбо /РД:СТ76051319/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны 561 тоотод оршин суух, Балданцэрэн овогт Жалчингийн Алтанбагана /РД:ДЖ80101314/-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 4,448,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хулан, хариуцагчийн өмгөөлөгч М.Түмэннаст, иргэдийн төлөөлөгч Д.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Алтанбаганын эзэмшлийн Хьюндай истана маркийн 81-37 УБЛ улсын дугаартай автомашиныг түүний дүү болох М.Бат-Оргил нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.16 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргасны улмаас Ж.Гомбын биед хүндэвтэр гэмтэл учирсан.

Ослын улмаас 2016 оны 8 дугаар сарын 29-ний хойш 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл хэвтрийн дэглэм сахиж ажлаа хийж чадаагүйн улмаас банкны зээлээ ч төлж чадахгүй эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байна.

Ж.Алтанбагана нь эрүүгийн хэрэг дээр иргэний хариуцагчаар явж байхдаа цаашид гарах бүх зардлыг хариуцна гэсэн. Ослын улмаас нуруундаа гэмтэл авч ажилгүй байсан 4 сарын цалин болох 4,448,000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

 

Хариуцагч Ж.Алтанбагана шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Гомбо нь хариуцагч Ж.Алтанбаганад холбогдуулан гэм хорын хохирол 4,448,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин (1 сар х 1,112,000 төгрөг х 4 сар) 4,448,000 төгрөг болж байгаа гэж тайлбарласан.

 

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон "Вагнер ази тоног, төхөөрөмж" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17-02/080 дугаартай Тодорхойлолт гаргах нь гэсэн албан бичигт "...Ж.Гомбыг нэг сарны үндсэн цалин 1,112,000 төгрөг..." гэсэн байх хэдий ч хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын 000037949 дугаартай дэвтрийн бичилт болон "Вагнер ази тоног, төхөөрөмж" ХХК-тай Ж.Гомбын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0016/06-11 дугаартай "Хөлсөөр ажиллах гэрээ"-г 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай байгуулсан байх ба дээрх гэрээний "Гуравдугаар зүйлд ажлын хөлсний талаар" талууд тохиролцжээ.

 

            Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д "Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Гомбын "Вагнер ази тоног, төхөөрөмж" ХХК-тай байгуулсан   2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0016/06-11 дугаартай "Хөлсөөр ажиллах гэрээ"-г тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзнэ.

 

            Энэ нь нэхэмжлэгч Ж.Гомбыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн осол болох үед "Вагнер ази тоног, төхөөрөмж" ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээтэй байсан гэж үзэх үндэслэл болж байна.

 

            Хариуцагч Ж.Алтанбаганы эзэмшлийн Хьюндай истана маркийн 81-37 УБЛ улсын дугаартай автомашиныг түүний төрсөн эгчийнх нь хүүхэд болох М.Бат-Оргил жолоодож явахдаа жолоогоо бусдад шилжүүлсний улмаас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зам, тээврийн осол гарч нэхэмжлэгч Ж.Гомбын биед бүсэлхийн нэгдүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал үүссэн болох нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол, Монгол хьюндай эмнэлгийн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай "Жамсрангийн Гомбо 41 настай эрэгтэй. /РД:СТ76051319/ DS: Бүсэлхий нурууны L1 нугалам дээр шахагдсан хугарал оноштой 2016 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 8-ны хооронд хэвтэн эмчлүүлж, эмийн болон физик эмчилгээ хийлгэсэн байна" гэсэн тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгчийн карт дээрх 2016 оны 9 дүгээр сарын 07-ны эмчийн үзлэгийн оношоор "45 хоног хэвтрийн дэглэм" гэсэн бичилт, "Вагнер ази тоног, төхөөрөмж" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17-02/080 дугаартай албан бичигт "2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн", мөн компанийн 07 nh-06/17 тоот Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай албан бичигт "...оператор ажилтай Жамсрангийн Гомбо нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон тул түүнтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй..." гэсэн бичилт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Гомбыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 45 хоног хэвтрийн дэглэм сахиж ажил хөдөлмөр хийх боломжгүй байсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байдаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т "Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй" мөн хуулийн 499.4-т "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж тус тус заасан.

 

            Хьюндай истана маркийн 81-37 УБЛ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч нь Ж.Алтанбагана мөн болох нь 00849383 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад Ж.Гомбын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Гомбо нь хариуцагч Ж.Алтанбаганаас хохирлоо шаардах эрхтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэг сарын цалинг хэрэгт авагдсан баримтаар тодорхойлох боломжгүй учраас Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгч Ж.Гомбын нийгмийн даатгалын дэвтэр дээрх сүүлийн 3 сарын цалингийн бичилтийг үндэслэн түүний 10 хоног хэвтэж эмчлүүлсэн болон 45 хоногийн хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээ хийлгэсэн нийт 53 хоногийн хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт (нэг өдрийн дундаж цалин 24,630 төгрөг х 53 хоног) 1,305,390 төгрөг болж байна.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу хариуцагч Ж.Алтанбаганаас 1,305,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Гомбод олгож шийдвэрлэх үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаас 3,142,610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ж.Алтанбаганаас 1,305,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Гомбод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,142,610 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,118 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Алтанбаганаас 35,836 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гомбод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                                           

 ДАРГАЛАГЧ                                                Х.ДАШДЭЧМАА

 

                              ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

 

                                                                                                       Ц.НАРАНЧИМЭГ